Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2019/02455

 

 

                     

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 98 тоотод оршин суух, Б.Ц

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж 47/1 дүгээр байр, 6 тоотод оршин суух, Ч.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, 18 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, Ш.Э

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 301-96 тоотод оршин суудаг, Дорнод аймаг, Хэрлэн сум, 9-р баг, 3-75 тоот хаягт бүртгэлтэй, Боржигон овогт Э.А нарт холбогдох  

 

35,298,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгч Ч.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Ц-ий өмгөөлөгч П.А,  хариуцагч Ш.Э, харицагч Э.А, хариуцагч Ш.Э-ын өмгөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

                                                                                                      

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Ц миний бие 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Ш.Э-д 18,500,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сар бүрийн 3,4 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 18 дугаар гудамж, 2 тоот 700 м.кв 18636317578561 нэгж талбарын дугаартай, Г-2201019843 гэрчилгээний дугаартай газрыг барьцаалахаар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл Ш.Э нь уулзах болгонд төлнө гэж явсаар өнөөдрийг болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 18,500,000 төгрөг, 1 сарын хүү 629,000 төгрөг бөгөөд 8 сарын хүү 5,032,000 төгрөг, алданги 11,766,000 төгрөг нийт 35,298,000 төгрөгийг Ш.Э-аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 18,500,000 төгрөг, зээлийн хүү 5,032,000 төгрөг, алдангийг 81 өдрөөр тооцон 9,530,460 төгрөг нийт 33,062,460 төгрөгийг хариуцагч нараас тус бүр хуваан гаргуулахаар нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа буруу тооцсон байсан учир нэхэмжлэлийн шаардагын  2,235,540 төгрөгөөс татгалзаж байна. Дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь нэхэмжлэгч Б.Ч-ий аав нь юм. Ц нь 23 настай хүүхэд  учир аав Ч.Б хүүхдээ бизнес хийхэд нь дэмжих зорилгоор шаардлагатай мөнгийг хүүхэддээ өгдөг байсан. Хариуцагч нар нь Б.Ч-ий таньдаг хүмүүс байсан. Хүү нь 2 хүн дагуулаад ирэхээр нь хийх гэж байгаа ажилд нь дэмжиж мөнгө өгсөн. Хүү Б.Ч уг мөнгийг ааваасаа авч энэ хүмүүст зээлээд ашиг олох зорилготой байсан. Ч.Б хариуцагч нартай тохиролцож хөдөө явж мах авч ирж зарах гэж байгааг нь мэдээд хүүгээ хамт явуулж ажил сургах хүсэлтэй байсан. Улмаар мөнгө зээлдүүлэх, гэрээ байгуулахад нь хүүдээ тусалж оролцсон байдаг. Хариуцагч нар газар, машинаа барьцаалж гэрээ байгуулан нотариатын үйлдэл хийсэн байдаг. Анх мөнгөө 2018 оны 7-р сарын 16-нд өгнө гэж тохиролцон төлбөр төлөх тухай баримтыг үйлдсэн байдаг. Энэ баримт дээр мөнгийг дэвсгэртээр нь хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Үүнийг талууд сайн дурын үндсэн дээр хийсэн, дарамталсан бол нотариат дээр очиж зээлийн болон барьцааны гэрээг хийхгүй байх байсан. Тухайн үедээ энэ талаараа гомдол гаргаж цагдаад хандаж байгаагүй байдаг. Мөнгөө нэхэхээр утсаа авахгүй, төлөхгүй байсан учир 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгаж энэ өдрөө төлж барагдуулахаар зөвшөөрч бичиг хийж өгсөн байдаг. Үүний дараа 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Нэхэмжилж буй мөнгө бол угтаа аавын мөнгө байсан учир хажуугаас нь хяналт тавьж, туслалцаа үзүүлэн оролцсон байдаг. Хариуцагч нар бүх зүйл бэлэн ийм тийм ашиг олно гэж итгэсэн учир боловч амжилтгүй болсон. Хариуцагч нар одоо дарамталж байж зуруулсан, сэтгэл гаргаад төлчихье гэж зөвшөөрсөн гэж байгаа боловч энэ 2 нь нэг байж болохгүй юм. Нийт 33,062,460 төгрөгийг хариуцагч нараас 50, 50 хувиар тооцон Ш.Э-аас 16,531,230 төгрөгийг, хариуцагч Э.А-аас 16,531,230 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Ш.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Ш.Э би Б.Ц-ий нэхэмжлэлд заасан мөнгийг ямар нэгэн хэлбэрээр оролцож аваагүй. Э.А намайг хань болоод дагаад яваач гэсэн удаа дараа санал тавьсаны дараа нөхцөл байдлыг харгалзан үзээд дагаад явсан. Өмнө нь хоёр нялх хүүхдээ хараад гэртээ байж байсан. Би эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Уг ажил адуу нийлүүлэх байсан. Хөдөө очоод Цэнгүүн 1 хоноод гэнэт хот орж сургуулиасаа дадлагын удирдамж авах ёстой гээд хэд хонох ажлыг зогсоох шалтгаан үүсгэсэн. Ингээд маргаан үүсч Ц мөнгө аваад үлд гэхэд А үгүй тийм тохиролцоо яриагүй гэсэн. Би ч “аавдаа хэл энэ ажлаа зогсооё” гэхэд “аавд хэлж болохгүй” гээд зүтгэсэн. Тэгээд хоосон явахаар хонь авч Улаанбаатар орохоор болсон ч 3 хоногийн өмнөх ханш талдаа ортол унасан байсан. Ингэж эрсдэл буюу шаталт үүссэн. Дараа нь эрсдлийн маргаан үүсэхэд гэнэт хот орох шалтгааныг хэлэхэд аав Б ах юун удирдамж, тэрийг аль хэдийн авсан  юу яриад байгаа юм бэ гэсэн. Миний хувьд эрсдлийг төлөх үү гэхээр нь төлөлцье гэсэн. Хожим Ц аав нь шахалт үзүүлсээр байгаад том хүүгийнхээ танилаар зээлийн гэрээ хийсэн. Иймд уг зээлийн гэрээг хүчингүй болгохыг хүсч байна.

Энэхүү маргааныг тодорхой болгох үүднээс болсон үйл явдлын талаар ярья. Хамтран малд явах буюу хамтран ажиллах тухай саналыг надад Э.А тавьсан. Бид гурав Өвөрхангай аймгаас мал худалдаж авахаар явсан. Тухайн үед авах мал мах бэлэн гэсэн учир хамт дагаж явсан. Бид тодорхой тооны адуу худалдан авахаар үнэ хөлсөө ярьж тохиролцсон. Гэтэл Б.Ц гэнэт хот руу буцлаа гэснээс энэ маргаан үүссэн. Бид малын төрөл тоогоо өөрчилж хонь авч ирэхэд ханш нь унаад мөнгөний алдагдал үүсэх болсон Бид алдагдалаа нөхөх гэж явсаар байгаад 2019 оны 7 сард Ч.Б ахад энэ талаараа хэлсэн. Б.Ц өөрөө гэртээ очихгүй дөлж зугатаад байсан. Мөнгөний алдагдалаа яаж нөхөх вэ гэхэд нь би алдагдал Б.Ц буруутай үйлдлээс болсон ч гэсэн сэтгэл гаргаад энэхүү алдагдалаас төлье гэж хэлсэн юм. Шүүхэд гаргаж өгсөн баримтуудын тухайд бол Ч.Б биднийг удаа дараа дарамталж байсан. Шүүх цагдаад танилтай, ийм баримт бүрдүүлж өг гээд шахсан. Би тухайн үед хуулийн мэдлэггүйгээсээ болоод бичиг хийж өгч, гэрээ байгуулж, барьцааны гэрээг маш хурдан хийсэн. Анхнаасаа Б.Ц бид хоёрт 18,500,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй. Өөрөө тэврээд л явж байсан. Бидэнд нэг төгрөгний ч мэдэл байгаагүй. Би нэг ч төгрөг гар дээрээ аваагүй, гэртээ хүүхдүүдээ хараад ажилгүй байдаг хүн төлөх боломж байхгүй. Бидний гарын үсэг зурсан баримт дээр мөнгөний дүн байгаагүй. Билэгсайхан өөрөө үүнийг бичсэн. Гарын үсгийг дарамталж байж зуруулсан учир зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сард Э ахыг адуунд хамт явья гээд дагуулж явсан. Энхбат ах Ц бид 3 Өвөрхангай аймагт очоод адуугаа үзээд хоёр хонож байхад Ц хот руу буцая сургуулиас бичиг баримт авахаар боллоо гээд хэлэхээр нь аавдаа хэл энд дахиад 3,4 хоногийн ажил байна гэхэд аавд хэлэхгүй шууд явья гээд буцаад явсан. Энэ гэрээг хийхийн өмнө цагдаа шүүхэд таньдаг хүн байгаа гээд дандаа дарамталдаг байсан. бид хоёрыг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Б, Ц хоёроос ямар ч мөнгө бэлэн болон бэлэн бусаар аваагүй. Энэ гэрээг цуцалж өгнө үү.

Мал авахад бид 6 сарын эхээр явсан. Б.Ц 2 хоноод хот буцлаа гэхэд нь бид татгалзсан боловч “..аавд мөнгө л олж байвал ямар мал нь хамаагүй...” гэж хэлээд хонь аваад ирсэн. Тэр хонь авсан айлд мөн 100 хонь аваагүй үлдсэн учир Б.Ц мөнгийг нь буцааж өгсөн. Б.Ц машины бензин тосны төлбөр болон бүх зардал тооцоогоо өөрөө хийж мөнгөө барьж байсан. Ч.Б Э бид 2-ыг залилангаар цагдаад өгч шалгуулна гээд байхаар нь бид хоёр гарын үсэг зурсан. Надад таньдаг шүүх, цагдаа, прокурор байгаа гэж байнга дарамталж байсан. Надад мөнгө авсан зүйл байхгүй учир мөнгө төлөхгүй. Б миний унаж байгаа машиныг барьцаалахад би хүний машин унаж байгаагаа хэлэхэд хүний нэр дээрх машин болохгүй гэж хэлээд Э гэрчилгээг барьцаалж авч болох юм байна гээд Мишээл экспогийн тэнд нотариат ороод шууд батлуулаад гаргаад ирсэн. Хүү рүүгээ яриад таньдаг хүнээр хийлгэсэн. Гэрээнд бид уншилгүй гарын үсэг зур гээд дарамтлаад байхаар нь зурчихсан юм. Бүх данс тооцоог Б.Ц хийгээд бор дэвтэр дээр тэмдэглээд явж байсан. Бид хамт мал маханд яваад ашгаа 3 тэнцүү хуваана гэж тохирсон байсан боловч шатсан. Сургалтын төлбөр энэ тэрээ төлж чадахгүй гэхээр нь л туслья гээд төлнө гээд зөвшөөрчихсөн юм. Бидний 18,500,000 төгрөг төлнө гэсэн баримт дээр мөнгө дэвсгэрт байгаагүй. Мөнгө төлөхгүй, зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Ц, Ч.Б нар нь хариуцагч Ш.Э, Э.А нарт холбогдуулан 35,298,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Ц нь амралтаараа аавынхөө мөнгийг өсгөж ашиг олох зорилготой байсан..., ...бизнес яаж хийдэг, мөнгийг яаж зарцуулж байгааг хянахаар Ш.Э, Э.А нартай хамт мах худалдаж авахаар явсан..., ...мөнгийг Ч.Б хариуцагч нартай зээлийн  гэрээ байгуулж мөнгийг бэлнээр дэвсгэртээр тоолж хүлээлгэн өгсөн..., ...гэрээ байгуулах, мөнгө төлөх талаар зөвшөөрсөн бичгийг хийж өгөхөд хариуцагч нарт дарамт шахалт үзүүлээгүй..., ...барьцааны гэрээг өөрсдөө сайн дураараа хийсэн..., ...алданги төлөхөөр тохиролцсон учир хариуцагч нараас тус бүр хувааж төлүүлнэ...” гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...мөнгийг бид гар дээрээ бэлэн аваагүй..., ...мал мах худалдаж авна гэж явахад Б.Ц мөнгийг өөрөө барьж, тооцоогоо хийж байсан..., ...өөрөөс нь шалтгаалан худалдаж авах гэсэн мал, махын төрөл тоо өөрчлөгдсөн..., ...махны ханш огцом унаснаас болж алдагдалд орсон..., ...бид сайхан сэтгэл гаргаж алдагдалыг бага ч болов төлөлцье гэсэн..., ...Ч.Б биднийг дарамталж, айлган сүрдүүлж байж гэрээ байгуулсан..., ... хүлээн зөвшөөрүүлж гарын үсэг зуруулж авсныг ийм зүйл ашиглах гэж байна гэж мэдээгүй...,...нэг ч төгрөг аваагүй учир зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ш.Э, Э.А нар нь 2018 оны 6 дугаар сард Ч.Б-аас Б.Ц-ээр дамжуулан 18,500,000 төгрөгийг авч хөдөө орон нутгаас мал мах худалдан авах зорилгоор Б.Ц-тэй хамт явсан үйл баримт тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч нартай хөдөө орон нутаг руу хамт явсан талаар маргадаггүй. Харин энэ нь хамтран ажиллах зорилготой байгаагүй, мөнгөө хэрхэн зарцуулж байгаа, бизнес хэрхэн хийж байгааг харах мэдэх зорилготой байсан гэсэн тайлбарыг, хариуцагч нар мал, мах худалдан авч ашгаа 3 тэнцүү хувааж авахаар тохиролцон хамтран ажиллахаар явсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа ч тэдний энэхүү тайлбар зөрүүтэй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Ш.Э нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18,500,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээг байгуулан, Ш.Э-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонтын 18-2 тоот 700 м.кв талбай бүхий, Ү-000112845, Г-2201019843 дугаартай, 18636317575861 нэгж талбарын дугаартай газрыг барьцаалж барьцааны гэрээг тус тус байгуулжээ. Барьцааны гэрээг талууд хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 5,6-р тал/

 Талууд энэхүү гэрээгээр бэлнээр дээрх 18,500,000 төгрөгийг хүлээн авч хүлээлгэн өгөөгүй талаар маргадаггүй, сүүлд нь нөхөж байгуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг.

Мөн хариуцагч Э.А нь “Барьцаанд тавих тухай” гэх “2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Б.Ц төлбөрөө төлөөгүй тохиолдолд шилжүүлж өгөхөд гомдолгүй болно. Уг машины эзэн буюу Ганзоригт лизингийн мөнгийг Э.А би тусд нь өөрөө төлж барагдуулах болно” гэх агуулга бүхий бичгийн баримтыг, хариуцагч Ш.Э нь “Барьцаанд тавих тухай” гэх “Э би СХД-ийн 25-р хороо, Одонтын 18 тоот хаягтай 0,07 га газар бүхий хашаа, 8х7 харьцааны байшинг тодорхой төлбөрийн барьцаанд тавьсан болно. Уг төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Б.Ц төлөгдсөн байх болно. Төлөгдөөгүй тохиолдолд шилжүүлэн өгөхөд гомдолгүй” гэх агуулгатай баримтыг үйлдэн тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 24,25-р тал/

Түүнчлэн талууд 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Төлбөр төлөх тухай” гэх бичгийн баримтыг үйлдсэн байна. Уг баримтаар Ш.Э, Э.А нар нь 18,500,000 төгрөгийг 2018.07.16-ны өдөр буцаан өгөх бөгөөд сарын хүүг 3,2 хувиар тооцох, барьцаанд төлбөр төлөгч Ш.Э СХД-ийн 25-р хороо, Одонтын 18-р гудамж, 2 тоот хаягт байрлах хашаа, 0,07 га газрын хамт, Э.А приус 20 маркийн УНҮ07-09 дугаартай саарал өнгийн 2004 оны автомашиныг барьцаалан, төлбөрөө 2018.08.16-ны дотор төлөөгүй тохиолдолд дээрх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан, нотариатаар баталгаажуулан, улсын бүртгэлд бүртгүүлэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон, 18,500,000 төгрөгийг дэвсгэртээр тооцон хүлээн авсан болохоо нотлон гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 45-р тал/ 

Дээрх “Барьцаанд тавих тухай” гэх, “Төлбөр төлөх тухай” гэх баримтууд талуудын хооронд хийгдсэн эсэх дээр маргадаггүй боловч хариуцагч нар эдгээр баримтыг нэхэмжлэгч Ч.Б хүч хэрэглэж, дарамталж байж үйлдсэн гэсэн тайлбарыг хариуцагч нар шүүхэд гаргадаг ч энэ нь баримтаар тогтоогддоггүй.

Эдгээр баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь талууд зээлийн гэрээг бичгээр байгуулан хариуцагч нар нь 18,500,000 төгрөгийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба Б.Ц, Ч.Б нар нь хариуцагч Ш.Э, Э.А нарт 18,500,000 хүлээлгэн өгсөн, хариуцагч нар төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, 1 сарын хүүг 3,2 хувиар тооцох, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талууд зээлийн гэрээг бичгээр байгуулан, хүү тооцохоор тохирсон гэж үзэн 1 сарын хүү буюу 592,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Мөн энэхүү гэрээний дагуу талууд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байгаа боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз буюу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлдэгч Ш.Э, Э.А нар нь гүйцэтгээгүй үүрэг буюу 19,092,000 төгрөгийн 50 хувь болох 9,546,000 төгрөгийн  алдангийг шаардах эрхтэй байна.

 

Талууд дээрх зээлийн гэрээг дууссаны дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлүүлсэн байгаа боловч уг гэрээгээр талууд 18,500,000 төгрөгийг өгч авалцаагүй, энэхүү гэрээгээр дээрх гэрээний хугацааг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч нар нь хамтран ажиллахаар тохиролцсон, ашиг алдагдалаа 3 тэнцүү хуваана гэсэн тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч тэдний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Ш.Э, Э.А, Б.Ц нар нь хөдөө орон нутгаас мал, мах бэлтгэн авч ирж худалдан борлуулсан бол хэдэн төгрөгний мал мах худалдан авсан, уг махыг хаана хэнд худалдан борлуулсан, нийт хэдэн төгрөгний худалдан авалт борлуулалт хийгдсэн уг бизнесээс олсон орлогыг хэн авсан болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч тал тайлбар татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

   

Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын гаргасан тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Ш.Э, Э.А нараас нийт 28,638,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй гэж үзэн тэднээс тус бүр 14,319,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц, Ч.Б нарт олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг ханган зээлдэгч нар нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ш.Э барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 18-2 тоот 700 м.кв газраас хангуулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  404,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э 185,570 төгрөгийг, хариуцагч Э.А 185,570 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ш.Э 14,319,000 төгрөгийг хариуцагч Э.А 14,319,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ц, Ч.Б нарт олгож, үлдэх 6,660,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э 185,570 төгрөгийг, хариуцагч Э.А-аас 185,570 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

           

3.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Э-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2201019843 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000112845 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Одонтын 18-р гудамжны 2 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбайтай газрыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                          

 

               

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.НЯМСҮРЭН