Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 53

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хохирогч Я.Ш, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1043 дугаар магадлалтай, Б.С-д холбогдох 1803001160268 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Б-гийн С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугар зүйлийн 1-т зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1,100,000 төгрөгийг иргэний хариуцагч “М” ХК-иас гаргуулж хохирогч Я.Ш-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугар зүйлийн 1-т зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа шинэ Эрүүгийн хуульд Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулахдаа зөвхөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны акт болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол уг гэмт хэргийн бүрдэл хангагдахаар тодорхойлжээ. Ингэснээр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулахдаа хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг шаардаж байгаа гэж үзэж байна. Аливаа үүрэг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь заавал санаатай байх хууль зүйн шаардлага байдаг ба ямар нэгэн болгоомжгүй байдлаар үүргээ зөрчих гэсэн ойлголт байхгүй болно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас” гэсэн эс үйлдэхүй байхаар обьектив талын шинжийг тодорхой дурджээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас гэж гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсон мөртлөө энэ гэмт хэрэгт хамааруулж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй юм. Харин иргэн Я.Ш-д тухайн нөхцөлд ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд гэмтэл учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй болно. Гэтэл Б.С нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь үүргээ биелүүлээгүйн улмаас гэж эс үйлдэхүйгээр илэрч байна. Б.С-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан үйлдэл байна гэж үзэж байна. Ийм байхад давж заалдах шатны шүүхээс “…Зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч диспетчер Б.С-ийн дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Я.Ш-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан” гэж дүгнэж байгаа нь уг гэмт хэргийн обьектив талын шинжийг үгүйсгэж, гэм буруугийн хэлбэрээр нь тодорхойлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн хууль буруу тайлбарласан зүйл байхгүй. Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлснийг гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Тэргэнцэр дээр хохирогч үүргэвчтэй суусан, дотор нь памперс байсан гэж мэдүүлдэг. Тэргэнцэр дээр үүргэвчтэй сууснаас унасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар батлагдаагүй. Харин захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас үүргээ гүйцэтгээгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээнд дүрэм, журмыг чанд мөрдөх ёстой, захиргааны хэм хэмжээ тогтоосон актад тэргэнцэртэй зорчигчтой яаж харьцах, хэрхэн хүлээж авах, хэдийд очиж бэлдэх талаар тусгагдсан байна. Мөн ажлын байрны үүрэг, даалгаврыг зохих журмын дагуу биелүүлэх ёстой гэсэн өдрийн ээлжийн ахлахын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, зааврыг танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан. Шүүх Б.С нь захиргааны хэм хэмжээний актын ямар дүрэм, журмыг хэрхэн, яаж зөрчсөн гэдэг дүгнэлтийг үндэслэл муутай хийсэн байна. Харин ажил олгогч хүлээвэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал, ажилтнуудад тэргэнцэртэй зорчигчийг хэрхэн авч явах талаар сургалт зохион байгуулах, тэргэнцэртэй зорчигчийг авч явахад налуу замтай, ямар ч аюул саад учруулахааргүй байх ёстой. Гэтэл агаарын хөлгийг нисэх буудалтай холбосон хүзүүвчид төмөр байгаа, саад учруулдаг гэдгийг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг. Гэвч ажил олгогч нь налуу замаар тэргэнцэртэй зорчигчийг авч явах талаар ямар нэгэн ажил хийгээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Шүүгдэгч Б.С хохирогчийг тэргэнцэр дээр түрж явсан үйлдэл байгаа боловч гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Я.Ш нь “М” ХК-иас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хязгаарлахгүй болохыг тодотгож, дүгнэлт хийх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “М” ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч диспетчер Б.С нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж зорчигч Я.Ш-г тэргэнцэрт суулган “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлөгтэй холбогдсон хонгилоор түрж явахдаа түүнийг тэргэнцрээс унагаасны улмаас 76 настай Я.Ш-ийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны шаант ясанд бэхлэгдэх хэсэгт хэсэгчилсэн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүхээс Б.С-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж тодорхойлсон бөгөөд аливаа гэмт хэргийн шинж, ойлголтын хүрээ нь тусгай ангид заасан хэр хэмжээнээс хэтрэхгүй, хэтрүүлсэн тохиолдолд төсөөтэй хэрэглэсэн алдаанд тооцогддог болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан уг гэмт хэргийн обьектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд болгоомжгүй тодорхой үйлдэл хийсний улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хориглож зохицуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад тохиолдолд хүний биед хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд зөвхөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэт ерөнхий дүгнэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх”-ийг хориглосон хууль ёсны зарчмыг зөрчихөд хүргэнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд бүртгэгч диспетчер Б.С нь ажил үүргийн хувьд тэргэнцэртэй зорчигчийг угтан авч үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан үйлдлийг үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, зөвхөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг үндэслэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

Б.С-ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул “М” ХК-иар үйлчлүүлж байхдаа эрүүл мэндийн хувьд хохирол хүлээсэн Я.Ш-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Я.Ш нь өөрт учирсан гэм хор, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.С-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1043 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.С-ийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Ш нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН