Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 352

 

 

 А ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Г , Т.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 523 375.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагч Г.Г ын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Хэрлэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г , Т.Ц нартай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15/01-17 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийг, жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5 920 760 төгрөг 31 мөнгө, хүү 4 602 615 төгрөг 29 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 724 121 төгрөг 06 мөнгө, нийт 11 247 496 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны 73 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 72 .121 төгрөгнөөс татгалзах хүсэлтээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн болон зээлийн хүү үндсэн нэхэмжлэлээсээ их байгаа нь зээлдэгч миний эрх ашгийг зөрчиж байна. Миний бие эргэн төлөлтийг хийж байсан. Мөн бизнесийн үйл ажиллагаа доголдож хэд хэдэн удаагийн эргэн төлөлт саатсан. Энэ тухайгаа банкинд мэдэгдсэн. Банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа хэтрүүлж их хэмжээний хүү нэхэмжилж байгаад гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Намайг эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Т.Цэнгэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 5 920 760 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулсантай маргахгүй. Харин нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүний шаардлагаасаа татгалзсан тул энэ мөнгийг төлөхгүй бөгөөд үндсэн зээлээс давсан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж мөн зээлдэгч нарт санхүүгийн хувьд тогтворгүй байдал үүсэж зээлийг цаашид төлөх боломжгүй болсон тул зээлийн хүүг багасгаж, чөлөөлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Алтан шаргалдай овогт Гэзэгтийн Г, Ахсам овогт Түвшинбаярын Ц нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 396 855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК -д олгож, үлдсэн 126.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 724 121 төгрөгнөөсөө татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны  тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 181 300 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Г  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний бие шүүгчийн бодсон хүүнээс 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие хүүний төлбөрийн бодолтыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй, хэт өндөр хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд хүүний төлбөрийг багасгах бүрэн боломжтой байдлыг харгалзан үзэлгүй хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд хүүний төлбөрөөс 1 000 000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. Миний бие үндсэн зээлдэгч биш бөгөөд миний нэр дээр төлбөр гаргаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Учир нь Т.Ц нь зээлийг авч хэрэглэсэн байхад Г.Г  надад холбогдуулан төлбөр гаргаж байгаад гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч А ХХК  нь хариуцагч Г.Г , Т.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 523 375.23 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 9 000 000 төгрөгийг, жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, орон сууцны зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Г.Г , Т.Ц нарын өмчлөлиийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны 73 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна.

 

Зохигчид зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавигдах хуулийн шаардлагыг хангасан, учир дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч талаас зээл, хүүгийн тооцооллыг баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч Г.Г , Т.Ц нь үндсэн зээлд 3 079 239 төгрөг 69 мөнгө, зээлийн хүү 4 301 492 төгрөг 94 мөнгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 23-26 дахь талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Г.Г , Т.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 920 760 төгрөг 31 мөнгө, үндсэн хүү 4 602 615  төгрөг, 29 мөнгө нийт 10 523 375.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны 73 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.   

 

            Хариуцагч Г.Г  нь “...үндсэн зээлдэгч биш бөгөөд миний нэр дээр төлбөр гарган шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнэлгүйгээр зээлийн хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэх боловч хариуцагч Г.Галдбадрах нь зээлийн гэрээний хамтран зээлдэгч тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Г  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Г ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 29 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ