Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 351

 

 

Х ХХКнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00009 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Х ХХКнэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Ц , Ж.С нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 039 379.53 төгрөг, үндсэн хүү 4 940 684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957.56 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг нийт 80 005 521.48 төгрөг гаргуулах, Ч.Ц , Ж.С нарын өмчлөлиийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 байр,  тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22010115279 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 байр, 346 тоот хаягт байрлах Ү-2201004060 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Нямтулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Ц , Ж.С нар нь тус банктай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ-RCC2013121802-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, №БГRCC2013121802-1-1 тоот болон, №БГ-RCC2013121802-1- тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №БГ-RCC2013121802-1-4 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулан 85 000 000 төгрөгийн зээлийн жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч Ч.Ц , Ж.С нар нь ЗГ-RCC2013121802-1 тоот орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, улсын бүртгэлийн Ү-2201004060 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 346 тоот хаягт байрлах 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон улсын бүртгэлийн Ү-2201015729 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны  тоот хаягт байрлах, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 75 093 379 53 төгрөг, хүү 4 940 684 40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957 56 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 22 500 төгрөг нийт 80 005 521 48 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 628 178 төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгуулна уу. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ-RCC2013121802-1 тоот орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан хариуцагч Ч.Ц , Ж.С нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201015729 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байр  тоот хаягт байрлах 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Ж.Сүхгэрэл, Ч.Ц  нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004060 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 346 тоот хаягт байрлах 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-иас 8 хувийн ипотекийн зээлээр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байр 323 тоот 2 өрөө орон сууц худалдаж авсан, сард төлөх хураамжийг тухайн хугацаандаа барагдуулж явж байсан бөгөөд сүүлийн жилийн хураамжийг төлөөгүй нь үнэн болно. Учир нь худалдан авсан цагаас хойш тус орон сууцанд миний эгч Ч.Ч , нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ч.Ч  нь Өмнөговь аймгийн ганц модны боомтод Дөрвөн бэрх ресторан ажиллуулдаг, энэхүү рестораныг Хятад улсын иргэдэд 60 000 000 төгрөгөөр худалдахаар ярьж байгаа бөгөөд худалдсан тохиолдолд орон сууцны өрийг барагдуулах, банкнаас чөлөөлөх боломжтой болно. Мөн Ч.Ч  нь ганц мод боомтод хупалдааны төв байгуулж, нэг худалдааны цэгээс сард 1 500 000 түрээс авах юм. Энэ бүхнийг харгалзан үзэж бидэнд тодорхой хугацаа гаргаж өгнө үү. Ер нь банкны зээлийг ойлгохгүй байна, яагаад зээлийн төлөлт гэж баахан мөнгө авчихаад нэмээд орон сууцыг нь хураах ёстой юм, хоёрын хоёр айл орох оронгүй болох гэж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Х ХХКгаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл алга, гэхдээ 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн мөнгө нь хэдэн төгрөг байгаа юм, огт төлөөгүй юм уу, сайн ойлгосонгүй. Өр төлбөрийг төлөх боломж багатай, зээлсэн мөнгөөрөө худалдаж авсан 1 хорооллын 14 байрны 323 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт авна, өөрөөр төлөх боломж муу байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар №ЗГ-RCC2013121802-1 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ч.Ц , Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 039 379.53 төгрөг, үндсэн хүү 4 940 684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957.56 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг нийт 80 005 521.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Ц , Ж.С нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 14 байр, 323 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201015729 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 хороолол, 9 байр, 346 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201004060 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628 178 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц , Ж.С нараас 628 178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Ц  түүний Ж.Бат-Амгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжпэгчид ашигтайгаар буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээр хэргийг бүхэлд нь нэхэмжлэгчийн талд шийдсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч нар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 85 000 000 төгрөг хүлээн авснаа маргаагүй бөгөөд хариуцагч нар нь тухайн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс мэргэжпийн туслалцаа авах бололцоогоо ашиглаагүйгээс яг ямар үр дагавартай шийдвэр гарсныг ойлгоогүй байна. Шүүхийн шийдвэрт хариуцагч тайлбартаа: “2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн мөнгө нь хэдэн төгрөг байгаа юм, огт төлөгдөөгүй юм уу сайн ойлгосонгүй" гэсэн байх бөгөөд хариуцагч нар хэрэгт авагдсан нотлох баримттай танилцаагүй, 5 жилийн турш төлсөн 40 орчим сая төгрөгийг нэхэмжлэгч яаж тодорхойлж гаргаад шүүх яаж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байхгүй байна. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй, талуудыг тооцоо нийлүүлж харилцан мэтгэлцэх боломжоор хангаагүй байна гэж хариуцагч нарын зүгээс үзэж байна. Мөн шийдвэрийн 2 дахь хэсэгт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тухайн зээлийн гэрээний барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасанд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэр гарч албажсаны дараа шийдвэр биелэхгүй бол албадан гүйцэтгүүлж дуудлага худалдаанд оруулах нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулийн эрх хэмжээний асуудал байхад шууд шүүх шийдвэртээ тусгасныг буруу байна гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ч.Ц , Ж.С нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 039 379.53 төгрөг, хүү 4 940 684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957.56 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг нийт 80 005 521.48 төгрөг гаргуулах, Ч.Ц , Ж.С нарын өмчлөлиийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 байр, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22010115279 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 байр, 346 тоот хаягт байрлах Ү-2201004060 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаарджээ.

 

Талууд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 85 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, орон сууцны зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ч.Ц , Ж.С нарын өмчлөлиийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 байр, 323 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22010115279 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 байр, тоот хаягт байрлах Ү-2201004060 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №БГ-RCC2013121802-1- тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №БГ-RCC2013121802-1-4 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-14-17/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна. Нэхэмжлэгч талаас зээл, хүүгийн тооцооллыг баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч Ч.Ц , Ж.С нь үндсэн зээлд 9 960 620.47 төгрөг, зээлийн хүүд 31 699 161.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 49 540.95 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 32-34 дахь талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч.Ц , Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 039 379.53 төгрөг, үндсэн хүү 4 940 684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957.56 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг нийт 80 005 521.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 14 байр, 323 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201015729 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 хороолол, 9 байр, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201004060 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.   

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...зээлийн эргэн төлөлттэй холбоотой нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй, талуудыг тооцоо нийлүүлж харилцан мэтгэлцэх боломжоор хангааүй” гэх боловч хариуцагч Ч.Ц  шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 628 178 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ