Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01299

 

 “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,” ХХК-ийн

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн

 тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00009 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 351 дүгээр магадлалтай,

 “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,039,379.53 төгрөг, үндсэн хүү 4,940,684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,957.56 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 80,005,521.48 төгрөг гаргуулах,  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 байр, 323 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22010115279 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 346 тоот хаягт байрлах Ү-2201004060 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь тус банктай 2013.12.23-ны өдөр №ЗГ-RCC2013121802-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, №БГRCC2013121802-1-1 тоот болон №БГ-RCC2013121802-1-2 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2014.09.12-ны өдөр №БГ-RCC2013121802-1-4 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулан 85,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь ЗГ-RCC2013121802-1 тоот орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, улсын бүртгэлийн Ү-2201004060 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 346 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон улсын бүртгэлийн Ү-2201015729 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 323 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй. 2019.09.27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 75,093,379.53 төгрөг, хүү 4,940,684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,957.56 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 22,500 төгрөг,  нийт 80,005,521.48 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,178 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ-RCC2013121802-1 тоот орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201015729 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байр 323 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон ,,,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004060 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 346 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,” ХХК-аас 8 хувийн ипотекийн зээлээр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 323 тоот 2 өрөө орон сууц худалдаж авсан, сард төлөх хураамжийг тухайн хугацаандаа барагдуулж явж байсан бөгөөд сүүлийн жилийн хураамжийг төлөөгүй нь үнэн болно. Учир нь худалдан авсан цагаас хойш тус орон сууцанд миний эгч ,,,,,,,,,,,,,,,,,, , нөхөр, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. ,,,,,,,,,,,,,,, нь Өмнөговь аймгийн ганц модны боомтод “Дөрвөн бэрх” ресторан ажиллуулдаг, энэхүү рестораныг Хятад Улсын иргэдэд 60,000,000 төгрөгөөр худалдахаар ярьж байгаа бөгөөд худалдсан тохиолдолд орон сууцны өрийг барагдуулах, банкнаас чөлөөлөх боломжтой. Мөн ,,,,,,,,,,,,,,,, нь ганц мод боомтод худалдааны төв байгуулж, нэг худалдааны цэгээс сард 1,500,000 төгрөгийн түрээс авах юм. Энэ бүхнийг харгалзан үзэж бидэнд тодорхой хугацаа гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын шүүхэд гаргасан хариу тайлбарт:  “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл алга, гэхдээ 2013.12.23-ны өдрөөс хойш 2018.10.30-ны өдөр хүртэл төлсөн мөнгө нь хэдэн төгрөг байгаа юм, огт төлөөгүй юм уу, сайн ойлгосонгүй. Өр төлбөрийг төлөх боломж багатай, зээлсэн мөнгөөр худалдаж авсан 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 323 тоот, 2 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт авна, өөрөөр төлөх боломж муу байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00009 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар №ЗГ-RCC2013121802-1 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,039,379.53 төгрөг, үндсэн хүү 4,940,684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,957.56 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 80,005,521.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 14 байр, 323 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201015729 дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 хороолол, 9 дүгээр байр, 346 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201004060 дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628,178 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас 628,178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 351 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 628,178 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 351 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчид ашигтайгаар буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээр хэргийг бүхэлд нь нэхэмжлэгчийн талд шийдсэнд гомдолтой байна. Магадлалын үндэслэх хэсэгт “...хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, нь шүүх хуралдаанд мэтгэлцсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна” гэжээ.  Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагч тайлбартаа: “2013.12.23-ны өдрөөс хойш 2018.10.30-ны өдөр хүртэл төлсөн мөнгө нь хэдэн төгрөг байгаа юм, огт төлөгдөөгүй юм уу сайн ойлгосонгүй” гэсэн байх бөгөөд хариуцагч нар хэрэгт авагдсан нотлох баримттай танилцаагүй, 5 жилийн турш төлсөн 40 орчим сая төгрөгийг нэхэмжлэгч яаж тодорхойлж гаргаад, шүүх яаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байхгүй байна. Учир нь хариуцагч нар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж 85 сая төгрөг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авах бололцоогоо ашиглаагүйгээс яг ямар үр дагавартай шийдвэр гарсныг ойлгоогүй байна. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй, талуудыг тооцоо нийлүүлж харилцан мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж хариуцагч нарын зүгээс үзэж байгаа. Мөн шийдвэрийн 2 дугаарт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн тухайн зээлийн гэрээний барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасанд гомдолтой. Учир нь Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1-ийг шүүхийн шийдвэр гарч албажсаны дараа шийдвэр биелэхгүй бол албадан гүйцэтгүүлж дуудлага худалдаанд оруулах нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулийн эрх хэмжээний асуудал байхад шүүх шийдвэртээ шууд тусгасныг буруу гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч  “,,,,,,,, ,,,,,,,, ,,,,,” ХХК-аас хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,039,379.53 төгрөг, үндсэн хүү 4,940,684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,957.56 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 80,005,521.48 төгрөг гаргуулах,  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 байр, 323 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22010115279 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 346 тоот хаягт байрлах Ү-2201004060 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас нийт 80,005,521.48 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох хоёр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 85,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн (хуваарийн дагуу төлөөгүй), уг зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд 2013.12.23-ны өдрийн №ЗГ-RCC2013121802-1 дүгээр орон сууцны зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдлийг гэрээг цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэгтэй, мөн нэхэмжлэгч барьцааны зүйл буюу орон сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч талаас шаардаж буй зээл, хүүгийн тооцооллыг баримтаар гаргаж өгсөн, хариуцагч нараас түүнийг үгүйсгэсэн буюу татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй тул “... зээлийн эргэн төлөлттэй холбоотой нотлох баримтыг гүйцэд үнэлээгүй, талуудыг тооцоо нийлүүлж харилцан мэтгэлцэх боломжоор хангаагүй...” гэх хариуцагч ,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэсний дагуу шүүхээс хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл (80,005,521.48 төгрөгийг төлөхгүй бол) барьцааны зүйл болох хоёр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймээс “... Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1-ийг шүүхийн шийдвэр гарч албажсаны дараа шийдвэр биелэхгүй бол албадан гүйцэтгүүлж дуудлага худалдаанд оруулах нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулийн эрх хэмжээний асуудал байхад шүүх шууд шийдвэртээ тусгасан нь буруу...” гэсэн гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн (зээлээ бүрэн төлсөн) тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдах шаардлага үүсэхгүй юм.  

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00009 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 351 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 628,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ