Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/00009

 

2019 оны 12 сарын 23 өдөр Дугаар 184/ШШ2020/00009 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт байрлах ХХБ ХХК /регистрийн дугаар: 000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо,  00 дүгээр байр,00  тоот хаягт оршин суух Б овогт Ч.Ц /регистрийн дугаар:0000000/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт Ж.С /РД:0000000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 039 379.53 төгрөг, үндсэн хүү 4 940 684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957.56 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг нийт 80 005 521.48 төгрөг гаргуулах, Ч.Ц, Ж.С нарын өмчлөлиийн Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байр, 00 тоот хаягт байрлах Ү-0000000000 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Ц, Ж.С нар нь тус банктай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ-RCC2013121802-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, №БГRCC2013121802-1-1 тоот болон, №БГ-RCC2013121802-1-2 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №БГ-RCC2013121802-1-4 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-нүүдийг тус тус байгуулан 85 000 000 төгрөгийн зээлийн жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.

Зээлдэгч Ч.Ц, Ж.С нар нь ЗГ-RCC2013121802-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн, 00 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

Зээлдэгч нар нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 75 093 379 53 төгрөг, Зээлийн үндсэн хүү 4 940 684 40 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 2 957 56 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 22 500 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан нь №ЗГ-RCC2013121802-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ч.Ц, Ж.С нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 80 005 521 48 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 628 178 төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгуулна уу.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ-RCC2013121802-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан хариуцагч Ч.Ц, Ж.С нарын улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн, 00 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Цолмончимэг шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие Худалдаа хөгжлийн банкнаас 8 хувийн ипотекийн зээлээр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дүгээр байр 00 тоот 2 өрөө орон сууц худалдаж авсан, сард төлөх хураамжийг тухайн хугацаандаа барагдуулж явж байсан бөгөөд сүүлийн жилийн хураамжийг төлөөгүй нь үнэн болно. Учир нь худалдан авсан цагаас хойш тус байранд миний эгч Ч.Ч, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ч.Ч нь Өмнөговь аймгийн Ганц модны боомтод Дөрвөн бэрх ресторан ажиллуулдаг, энэхүү рестораныг Хятад улсын иргэдэд 60 000 000 төгрөгөөр худалдахаар ярьж байгаа бөгөөд худалдсан тохиолдолд байрны өрийг барагдуулах, банкнаас чөлөөлөх боломжтой болно. Мөн Ч.Ч нь Ганц мод боомтод хупалдааны төв байгуулж, нэг худалдааны цэгээс сард 1 500 000 түрээс авах юм. Энэ бүхнийг харгалзан үзэж бидэнд тодорхой хугацаа гаргаж өгнө үү. Ер нь банкны зээлийг ойлгохгүй байна, яагаад зээлийн төлөлт гэж баахан мөнгө авчихаад нэмээд байр орон сууцыг нь хураах ёстой юм, хоёрын хоёр айл орох оронгүй болох гэж байна гэв.

Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х-ны гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл алга, гэхдээ 2013 оны 12 сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл төлсөн мөнгө нь хэдэн төгрөг байгаа юм, огт төлөөгүй юм уу, сайн ойлгосонгүй. Өр төлбөрийг төлөх боломж багатай, зээлсэн мөнгөөрөө худалдаж авсан 0 хорооллын 00 байрны 00 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт авна, өөрөөр төлөх боломж муу байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 039 379.53 төгрөг, үндсэн хүү 4 940 684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957.56 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг нийт 80 005 521.48 төгрөг гаргуулах, Ч.Ц, Ж.С нарын өмчлөлиийн Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах Ү-00000000 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.С хүлээн зөвшөөрч, хариуцагч Ч.Ц хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Х, хариуцагч /зээлдэгч/ Ч.Ц, Ж.С нар 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ-RCC2013121802-1 дүгээр орон сууцны зээлийн гэрээ байгуулж /хх-7-10/, тухайн гэрээгээр банк нь 85 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууцны зээлийн зориулалтаар олгожээ. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №БГ-RCC2013121802-1-2, №БГ-RCC2013121802-1-3 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж /хх-14-17, 20-21, 24/, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах Ү-000000000 дугаартай, 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хх-18, 23/ бүртгүүлжээ.

Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ., 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. гэсэн шаардлагыг хангаж байна. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 85 000 000 төгрөг хүлээн авсан тухай маргаагүй бөгөөд Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, хариуцагч Ч.Ц татгалзлаа ... энэ байранд эгч Ч.Ч суудаг, ресторанаа зараад зээлээ төлөх тул хугацаа олгож өгнө үү ... гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 9.2.2-т зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргажээ. Гэрээг цуцлах гэдэгт хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал болох банк гэрээ цуцлах хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэрээ цуцлах хугацаа хүртэлх зээлийн гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагавар буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг талууд харилцан тооцдог. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, Х ХХК-ийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 7-499/1253, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 5/4872, 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 7-499/2082 албан бичиг /хх-27-29/, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-32-34/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ-RCC2013121802-1 дүгээр орон сууцны зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн Хоёрдугаар дэд бүлгээр /451-453/ Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг зохицуулдаг бөгөөд 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Х ХХК нь 85 000 000 төгрөгийг зээлдэгчид /хариуцагч/ шилжүүлсэн, зээлдэгч 85 000 000 төгрөгийг зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, гэрээний 6.2.1-д зааснаар барьцаалуулагч /хариуцагч/ нар зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Банкны шаардлагын дагуу барьцааны зүйл /орон сууц/ худалдан борлуулж, барьцаагаар хангагдах шаардлагыг барагдуулах үүрэг хүлээжээ. Тодруулбал хариуцагч Ч.Ц, Ж.С нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Х ХХК барьцааны зүйл буюу орон сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж зааснаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэстэй болно.

Хариуцагч Ч.Ц нь хариуцагч Ж.С ажил мэргэжлийн онцлогоос хамаарч шүүхээс дуудсан хугацаанд ирэх боломжгүй тул хариуцагчаас хасуулах агуулгатай хүсэлт гаргасан бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт, зөвшөөрлөөр хариуцагчийг өөр хариуцагчаар солих асуудлыг шийдвэрлэдэг болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628 178 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц, Ж.С нараас 628 178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар №ЗГ-RCC2013121802-1 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ч.Ц, Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 039 379.53 төгрөг, үндсэн хүү 4 940 684.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 957.56 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг нийт 80 005 521.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Ц, Ж.С нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628 178 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц, Ж.С нараас 628 178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР