Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 350

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02631 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний алданги 41 964 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэцэнбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 49/018 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг М ХХК-ийг төлөөлж, Т.Энхжаргал, А ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Энхтуул нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан. Уг гэрээний 1.5-д заасны дагуу А ХХК нь М ХХК-ийн харъяа Рашаант дахь Нефть хангамжийн баазаас нийт 232,640 литр дизель түлшийг нийт 462 532 500 төгрөгөөр зээлээр худалдан авсан болно. Гэрээний 2.10-т заасны дагуу А ХХК нь агуулахаас нефтийг ачсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор төлбөрийг барагдуулах үүрэгтэй. А ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 80 000 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 212 532 500 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээний дагуу бодогдсон алдангийн төлбөр болох 41 964 573 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Гэрээний 5.2.10-р заалт болон 7.5-т заасны дагуу худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөр, тээврийн хөлсийг гэрээний 2.10-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцон, алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн шатахууны үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой боловч одоо болтол барагдуулаагүй сунжирч, санхүүжилт болон үйл ажиллагаа доголдсон хэмээн албан хариултыг удаа дараа өгч энэ хугацаанд манай компани нь асуудалд хүлээцтэй хандан боломжийг олгосоор ирсэн юм. Иймд гэрээний 7.5-т заасны дагуу А ХХК-иас хугацаа хэтэрсний алданги 41 964 573.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний 2.10-т “худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн агуулахаас ачсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр” заасан боловч уг гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин шинжтэй нөхцөл байдал үүссэн билээ. Өөрөөр хэлбэл А ХХК нь О ХХК -тэй 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03-01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу О ХХК  нь гэрээний 3.1-т зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас А ХХК нь М ХХК-д хугацаанд нь төлбөрийг өгөх боломжгүй болсон. О ХХК  нь уул уурхайн хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Жавхлант орд” ХХК-ийн нүүрсний уурхайд үйл ажиллагаагаа явуулж байсан. Орон нутгийн иргэдийн уул уурхайн эсрэг иргэний хөдөлгөөн, мөн байгалийн гамшигт үеэр усны аюулт үзэгдэл, мөн Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь түр зогсож, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд тасалдал бий болсны улмаас О ХХК -д ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх ёстой төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй. Үүний улмаас О ХХК  нь А ХХК-д төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж М ХХК-д төлбөрийг төлөөгүй нь энэхүү хүчин нөлөөл бий болсныг гэрчлэх юм. Бид бүхэн М ХХК-д энэхүү нөхцөл байдал байгааг тухай бүрнээ ярилцаж, хэлэлцэж хамтран ажиллаж байсан ба гэрээгээр худалдан авсан газрын тосны төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлж бүрэн барагдуулсан. 2019 оны 02 дугаар сараас хойш О ХХК -иас дээрх гэрээгээр худалдан борлуулсан шатахууны төлбөрийг одоог хүртэл авч чадаагүй үүнээс хойшхи 312 532 000 төгрөгийг М ХХК-д 3 удаа гүйлгээ хийж шилжүүлсэн. М ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №49/018 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийг 213 253 500 төгрөгөөр тооцож, тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн баримтыг 2019 оны 08 дугаар сард үйлдэж гэрээний талуудыг төлөөлж эрх бүхий алба хаагч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэгээ дарж баталгаажуулсан. Иймд А ХХК-ийн М ХХК-д гэрээний дагуу төлөх төлбөр дуусгавар болсон тул М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар А ХХК-иас 41 964 573 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 772 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 367 772 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.1-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул доорхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Учир нь А ХХК нь М ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний 2.10-т худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн агуулахаас ачсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр заасан боловч уг гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин шинжтэй нөхцөл байдал үүссэн билээ. Өөрөөр хэлбэл А ХХК нь О ХХК -тэй 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03-01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу О ХХК  нь гэрээний 3.1-т зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас А ХХК нь М ХХК-д хугацаанд нь төлбөрийг өгөх боломжгүй болсон юм. О ХХК  нь уул уурхайн хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Жавхлант орд” ХХК-ийн нүүрсний уурхайд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд орон нутгийн иргэдийн уул уурхайн эсрэг иргэний хөдөлгеөн, мөн байгалын гамшигт үеэр усны аюулт үзэгдэл, мөн Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь түр зогсож, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд тасалдал бий болсны улмаас О ХХК -д ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх ёстой төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй. Үүний улмаас О ХХК  нь А ХХК-д төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж М ХХК-д төлбөрийг төлөөгүй нь энэхүү хүчин нөлөөл бий болсныг гэрчлэх юм. Бид бүхэн М ХХК-д энэхүү нөхцөл байдал байгааг тухай бүрнээ ярилцаж, хэлэлцэж хамтран ажиллаж байсан ба гэрээгээр худалдан авсан газрын тосны төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлж бүрэн барагдуулсан. 2019 оны 02 дугаар сараас хойш О ХХК -иас дээрх гэрээгээр худалдан борлуулсан шатахууны төлбөрийг одоо хүртэл авч чадаагүй үүнээс хойшхи 312 532 000 төгрөгийг М ХХК-д 3 удаа гүйлгээ хийж шилжүүлсэн. М ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №49/018 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийг 213 253 500 төгрөгөөр тооцож, тооцооны үлдэгдлийн баталгаа буюу гэрээ дүгнэсэн актыг хийсэн баталгаажуулсан. Энэхүү гэрээ дүгнэсэн актыг 2019 оны 08 дугаар сард үйлдэж гэрээний талуудыг төлөөлж эрх бүхий алба хаагч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэгээ дарж баталгаажуулснаар талууд гэрээний алдангийг тооцохгүй байхаар харилцан тохиролцсон билээ. Иймд А ХХК нь М ХХК-тай гэрээний дагуу төлөх төлбөр дуусгавар болсон үүнийг талууд гэрээний үлдэгдэл тооцоог баталгаажуулж манай компаниас төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХКнь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний алданги 41 964 573 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч М ХХКнь Рашаант дахь Нефть хангамжийн баазаас нийт 232 640 литр дизель түлшийг худалдан авах, хариуцагч А ХХК нь түлшний үнэ 462 532 500 төгрөгийг гэрээнд тохирсон хэмжээгээр шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-15-20/

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Хариуцагч нь гэрээний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдөр 462 532 500 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 80 000 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 212 532 500 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Хариуцагч А ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөөс болж хугацаандаа түлшний үнэ төлөөгүй, түүнчлэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар алдангийг баталгаажуулаагүй тул төлөх үүрэггүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.10-д “гэрээнд заасан хугацаанд түлшний үнэ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно” гэж тохирсон байна. Иймд хариуцагч нь гэрээний хугацаанд худалдан авсан дизель түлшний үнийг бүрэн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийг төлбөр төлөх хугацаа болсонтой холбоотойгоор  дизель түлшний мөнгийг төлсөн баримтаас алдангийг тооцож гаргуулахаар шаардахдаа хариуцагчийн хийсэн тооцоолол нь зөв боловч Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв хэрэглээгүй нь буруу болсон. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт “өрийг тодорхой хэсгээр үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзэх бөгөөд ийнхүү хэсэгчлэн төлөх өр үүссэн тохиолдолд дээрх өрийг хүлээн авсан тухай баримт бичиг үйлдсэн бол хамгийн сүүлийн өрийг төлсөн өдрөөр үүргийг дуусгавар болсон гэж үзэх”-ээр заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ өр төлбөрийн талаар тооцоо нийлсэн гэх баримтаар үгүйсгэгдэнэ гэж тайлбарласан бөгөөд хэргийн 38 дугаар талд авагдсан баримтаас үзвэл 2019 оны 07 дугаар сарын 10, 26-ны өдөр төлөгдсөн нийт 100 000 000 төгрөгний дизель түлшний төлбөрийг хасч үлдэх 212 532 500 төгрөгний өрийг тооцож, өр төлбөр хүлээн авсан тухай баримт бичиг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх алдангийг салгаж үл болох буюу хязгаарлагдмал эрхэд хамааралгүй, бие даасан хамгаалалтын аргад хамаарна гэх дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Алданги нь үндсэн үүргийн зөрчилтэй холбоотой үүсч буй нэмэгдэл үүрэг юм. 2019 оны 07 дугаар сарын 10, 26-ны өдрүүдэд төлбөл зохих 100 000 000 төгрөгийн үүргийн талаар талууд тооцоо нийлсэн өрийн дүнд алдангийг тооцохгүй. Өөрөөр хэлбэл, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөгт тооцсон алданги 2 290 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 10 457 200 төгрөгт тооцсон алданги 1 281 007 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 69 542 000 төгрөгт тооцсон алданги 8 275 593 төгрөгт алданги тооцох эрхгүй. Учир нь талуудын тооцоо нийлсэн дээрх баримтад үүссэн өрийг бүхэлд нь тооцсон агуулга тусгагдсан байх тул дээрх үндэслэлээр 11 846 600 төгрөгний алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин үүнтэй холбоотой өр төлбөрийн талаар тооцоо нийлж, эцэслэн дүгнэсэн баримт байхгүй тул энэ хэмжээгээр 30 117 973 төгрөгт холбогдох алдангийн хувьд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч А ХХК-иас алдангид 30 117 973 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 846 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “41 964 573” гэснийг “30 117 973” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 772 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ