Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01316

 

 

Монсуль ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02631 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар магадлалтай,

Монсуль ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Амжилтын хөтөч ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 41,964,573 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018.09.21-ний өдрийн 49/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг Монсуль ХХК-ийг төлөөлж, Т.Энхжаргал, Амжилтын хөтөч ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Энхтуул нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан. Уг гэрээний 1.5-д заасны дагуу Амжилтын хөтөч ХХК нь Монсуль ХХК-ийн харьяа Рашаант дахь Нефть хангамжийн баазаас нийт 232,640 литр дизель түлшийг нийт 462,532,500 төгрөгөөр зээлээр худалдан авсан болно. Гэрээний 2.10-т заасны дагуу Амжилтын хөтөч ХХК нь агуулахаас нефтийг ачсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор төлбөрийг барагдуулах үүрэгтэй. Амжилтын хөтөч ХХК нь 2019.01.10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2019.07.10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019.07.26-ны өдөр 80,000,000 төгрөг, 2019.08.30-ны өдөр 212,532,500 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээний дагуу бодогдсон алдангийн төлбөр болох 41,964,573 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Гэрээний 2.10-р заалт болон 7.5-д заасны дагуу худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөр, тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцно. Алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон, хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой боловч одоо болтол барагдуулаагүй сунжирч, санхүүжилт болон үйл ажиллагаа доголдсон хэмээн албан хариултыг удаа дараа өгч энэ хугацаанд манай компани нь асуудалд хүлээцтэй хандан боломжийг олгосоор ирсэн юм. Иймд гэрээний 7.5-д заасны дагуу Амжилтын хөтөч ХХК-иас хугацаа хэтэрсний алданги 41,964,573.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монсуль ХХК-тай 2018.09.21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний 2.10-т худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн агуулахаас ачсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр заасан боловч уг гэрээний 9.1-д заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн билээ. Өөрөөр хэлбэл, Амжилт хөтөч ХХК нь Олборлолт ХХК-тай 2018.01.03-ны өдөр 03-01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу Олборлолт ХХК нь гэрээний 3.1-т зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас Амжилтын хөтөч ХХК нь Монсуль ХХК-д хугацаанд нь төлбөрийг өгөх боломжгүй болсон. Олборлолт ХХК нь уул уурхайн хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Жавхлант орд ХХК-ийн нүүрсний уурхайд үйл ажиллагаагаа явуулж байсан. Орон нутгийн иргэдийн уул уурхайн эсрэг иргэний хөдөлгөөн, байгалийн гамшигт үеэр усны аюулт үзэгдэл, мөн Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь түр зогсож, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд тасалдал бий болсны улмаас Олборлолт ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх ёстой төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй. Үүний улмаас Олборлолт ХХК нь Амжилтын хөтөч ХХК-д төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж Монсуль ХХК-д төлбөрийг төлөөгүй нь энэхүү хүчин нөлөөл бий болсныг гэрчлэх юм. Бид бүхэн Монсуль ХХК-д энэхүү нөхцөл байдал байгааг тухай бүрнээ ярилцаж, хэлэлцэж хамтран ажиллаж байсан ба гэрээгээр худалдан авсан газрын тосны төлбөрийг 2018.09.21-ний өдрөөс 2019.08.30-ны өдрийн хооронд төлж бүрэн барагдуулсан. 2019 оны 02-р сараас хойш Олборлолт ХХК-иас дээрх гэрээгээр худалдан борлуулсан шатахууны төлбөрийг одоог хүртэл авч чадаагүй үүнээс хойшхи 312,532,000 төгрөгийг Монсуль ХХК-д 3 удаа гүйлгээ хийж шилжүүлсэн. Монсуль ХХК-тай 2018.09.21-ний өдрийн №49/018 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийг 213,253,500 төгрөгөөр тооцож, тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн баримтыг 2019 оны 08-р сард үйлдэж гэрээний талуудыг төлөөлж эрх бүхий алба хаагч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэгээ дарж баталгаажуулсан. Иймд Амжилтын хөтөч ХХК-ийн Монсуль ХХК-д гэрээний дагуу төлөх төлбөр дуусгавар болсон тул Монсуль ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02631 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Амжилтын хөтөч ХХК-иас 41,964,573 төгрөгийг гаргуулж Монсуль ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монсуль ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,772 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Амжилтын хөтөч ХХК-иас 367,772 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монсуль ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 41,964,573 гэснийг 30,117,973 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Амжилтын хөтөч ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,772 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 2631 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 350 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул доорх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна.

Учир нь Амжилтын хөтөч ХХК нь Монсуль ХХК-тай 2018.09.21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний 2.10- т худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн агуулахаас ачсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр заасан боловч уг гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин шинжтэй нөхцөл байдал үүсэн билээ. Өөрөөр хэлбэл, Амжилт хөтөч ХХК нь Олборлолт ХХК-тай 2018.01.03-ны өдөр 03-01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу Олборлолт ХХК нь гэрээний 3.1-т зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас Амжилтын хөтөч ХХК нь Монсуль ХХК-д хугацаанд нь төлбөрийг өгөх боломжгүй болсон юм. Олборлолт ХХК нь уул уурхайн хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Жавхлант орд ХХК-ийн нүүрсний уурхайд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд орон нутгийн иргэдийн уул уурхайн эсрэг иргэний хөдөлгөөн, мөн байгалийн гамшиг үеэр усны аюулт үзэгдэл, мөн Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь түр зогсож, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд тасалдал бий болсны улмаас Олборлолт ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх ёстой төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Үүний улмаас Олборлолт ХХК нь Амжилтын хөтөч ХХК-д төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж Монсуль ХХК-д төлбөрийг төлөөгүй нь энэхүү хүчин нөлөөл бий болсныг гэрчлэх юм. Уул уурхайн салбар их үнз өртгөөр үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаа олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж тасалдах түр зогсох зэрэг асуудал нь бараг байнга шахуу болдог, эдийн сөрөг хэлбэлзэлтэй байдаг болохыг Монсуль ХХК нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжтэй хамтран ажилладгийн хувьд сайн мэдэж байгаа. Бид бүхэн Монсуль ХХК-д энэхүү нөхцөл байдал байгааг тухай бүрнээ ярилцаж, хэлэлцэж хамтран ажиллаж байсан ба гэрээгээр худалдан авсан газрын тосны төлбөрийг 2018.09.21-ний өдрөөс 2019.08.30-ны өдрийн хооронд төлж бүрэн барагдуулсан. 2019.02-р сараас хойш Олборлолт ХХК-иас дээрх гэрээгээр худалдан борлуулсан шатахууны төлбөрийг одоог хүртэл авч чадаагүй үүнээс хойших 312,532,000 төгрөгийг Монсуль ХХК-д 3 удаа гүйлгээ хийж шилжүүлсэн. Монсуль ХХК-тай 2018.09.21-ний өдрийн №49/018 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийг 213,253,500 төгрөгөөр тооцож, тооцооны үлдэгдлийн баталгаа буюу гэрээ дүгнэсэн актыг хийсэн баталгаажуулсан. Энэхүү гэрээ дүгнэсэн актыг 2019.08-р сард үйлдэж гэрээний талуудыг төлөөлж эрх бүхий алба хаагч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээ дарж баталгаажуулснаар талууд гэрээний алдангийг тооцохгүй байхаар харилцан тохиролцсон билээ.

Иймд Амжилтын хөтөч ХХК нь Монсуль ХХК-тай гэрээний дагуу төлөх төлбөр дуусгавар болсон, үүнийг талууд гэрээний үлдэгдэл тооцоог баталгаажуулж манай компаниас төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүх магадлалыг тус тус хүчингүй болгож, Монсуль ХХК- наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Монсуль ХХК Амжилтын хөтөч ХХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 41,964,573 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 30,117,973 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигч 2018.09.21-ний өдөр 49/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Монсуль ХХК газрын тосны бүтээгдэхүүн зээлээр, бөөнөөр нийлүүлэх, худалдан авагч бүтээгдэхүүнийг хүлээн авч, тохирсон хугацаанд төлбөрийг төлөх, хугацаа хожимдуулбал алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагч 462,532,500 төгрөгийн үнэ бүхий 232,640 литр дизель түлшийг худалдан авсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр худалдагч алданги 41,964,573.25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлсөн тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Алданги нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хүлээх хариуцлага бөгөөд зохигч гэрээний 2.10-т худалдан авагч нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг ...худалдагчийн агуулахаас ачсан өдрөөс хойш хуанлийн 60 хоног дотор ...төлнө гэж, 7.5.-д худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 232.6. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүй талаар маргаагүй, харин тооцоо нийлэхдээ алдангийн талаар тохиролцоогүй тул алданги төлөхгүй гэж маргах боловч гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд зааснаар хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Худалдан авагч бүтээгдэхүүний үнийг хугацаандаа төлөөгүй үндэслэлийг өөрөөс үл шалтгаалах, хүчин зүйлээс нөлөөлсөн гэж тайлбарлах боловч хариуцагчийн тайлбар гэрээнд заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй, улмаар гуравдагч этгээд хариуцагчид төлөх төлбөрөө төлөөгүй нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж, алдангийг хариуцуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцүүлэн үнэлжээ.

Иймд ...давагдашгүй хүчний нөлөөгөөр төлбөрийн хугацаанд нь төлж чадаагүй, ...зохигч алдангийг тооцохгүй байхаар харилцан тохиролцсон, ...тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Амжилтын хөтөч ХХК-иас 2020.03.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Х.ЭРДЭНЭСУВД