Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 368

 

Б.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03138 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ж холбогдох,

Үе дамжиж ирсэн гавлын яс бүхий хишиг даллаганы сав гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Жадамба,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Уянга,

Хариуцагч: Г.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өвөг эцгээс 7 үе дамжиж ирсэн даллаганы сав нь миний төрсөн ах Ган-Ядамынд хадгалагдаж байсныг эхнэр Б.Х гээс нь 2018 оны намар залахаар очиход хишигийн сав намайг насан эцэслэсний дараа ирж аваарай гэсэн. Тухайн үед Б.Х эгчийн хамаатанЯ.А хүү байлцсан. Эгч маань 2019 оны 04 дүгээр сарын 11-нд нас эцэслэхэд дүүЯ.А  нь хариуцаад 49 хоног нь дуусахаар ирж хишигийн саваа аваарай гэсэн. 49 хоног нь дуусч нөгөө саваа авья гэтэл миний зээ дүү Сосорбарамын охин Гүндэгмаагийн хүү ЖЯ.А  би энэ савыг Б.Жахад аваачаад өгье гэж хэлээд авсан байсан. Ингээд С.Г болон хүү Б.Ж нартай 4 удаа уулзахаар болсон боловч ирээгүй, утсаар ярихаар өгөхгүй гэсэн болно. Миний бие Г.Ж холбогдуулан үе дамжиж ирсэн даллагын сав, түүн доторх эрдэнийн гавал аяга, 9 эрдэнийн чулуу, бусад эд зүйлийн хамт даллагын саваа гаргуулахаар нэхэмжилсэн. Даллагын савыг дагалдаж явсан савны бүрдэл хэсэг буюу доторх эрдэнийн гавал аяга, бусад зүйлийн хамт нэхэмжилж байгаа, түүнээс биш хоосон даллагын савыг нэхэмжлээгүй юм шүү гэдгийг тодруулж хэлмээр байна. Бурхан шүтээнтэй хамт байх ёстой даллагын сав нь миний дээд өвөг болох н.Буянтогтох, н.Буянтогтохын хүү н.Мөнх-Очир, н.Мөнх-Очирын хүү н.Мөнхтогтох, н.Мөнхтогтохын хүү н.Мөнхбаясгалан, Мөнхбаясгалангийн хүү Мөнхбат хиа, Мөнхбат хиагийн хүү Очир хиа, Очир хиагийн хүү миний эцэг н.Базардар юм. Базардарийн том хүү Ган-Ядам, отгон хүү Жадамба юм. Иймд найм дахь үеийн ач болох надад ирэх ёстой юм. Энэ талаар өөрийн Баянбулагийн Жадамба миний дурсамжийн товчоо номын 100 дугаар талд бичигдсэнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, хуралдаанд нотлох баримтаар уншиж судлуулах болно. Мөн миний бэр эгч Х  нь өөд болохоосоо өмнө надад өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн бурхан тахил, судар, бурхны эд зүйлээ ав хэмээн надад өгсөн өвөг дээдсийн бурхан, судар ном, бурхны эд зүйлээ хүлээн авч, одоог хүртэл миний гэрт тахин шүтэгдсээр байгаа. Х  эгчийн надад өгсөн бурхан тахил, судар болон бусад эд зүйлсийн фото зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ах маань насан өөд болохоосоо өмнө миний дүү надаас хойш бэр эгчийгээ /Б.Х г/ харж хандаж, хүндэлж яваарай, битгий эгчийгээ гомдоогоорой гэж захисан учраас би ахынхаа захиасыг бодож, хүн хүнээ хүндлэх монгол ёс заншлын дагуу өнөөдөр муу, муухай зүйл болно гэж бодохгүй эгчийгээ өгөх цагт нь даллагын саваа авна гэж бодож ирсэн. Хоёр удаа даллагын саваа авах гэж гуйж очиход чамаас өөр авах хүн байх биш, намайг үхэхээр аваарай, намайг үхэж байна гэж хаанаас дуулав гэх мэт зүйл ярьж байсан учир би эгчийг эсэн мэнд байхад нь маргаан үүсгэж, гомдоож хэрэггүй гэж бодож байсан. Эгч тэнгэрт хальж, эгчийн хажууд байсанЯ.А  надад хишгийн саваа 49 хоног өнгөрөөгөөд аваарай гэж хэлсэн учир би итгэж байсан.Я.А  гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...надад хишгийн сав аваарай гэж хэлээгүй” гэж мэдүүлсэн. Миний охин Ж.А утсаар ярихдаа “...Б.Жгуайд аваарай гэж хэлээгүй, Г.Ж аваад явсан. Би хэлж авч өгнө” гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг. Утсаар ярьсан зүйлээсээ тэс өөр зүйл худлаа хэлсэн учирЯ.А мэдүүлгийг шүүх үнэлэх учиргүй. БиЯ.А ыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоолгохоор Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Миний даллагын сав нь ах Б.Г болон Б.Хнарын буюу гэрлэгчдын дундын эд хөрөнгө биш, би өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ даллагын савын хууль ёсны өмчлөгч нь мөн учир хариуцагчийн хууль бус өмчлөл, эзэмшлээс гаргуулж надад олгож өгнө үү. Миний ах Ган-Ядам манай аавын гал голомт дээр үлдсэн хүн байгаа юм. Ахыгаа эхнэр авахаас нь өмнө бид 2 тэр гэрт хамт амьдарч байгаад би цэргийн албанд яваад ах эхнэр аваад тэд тэндээ амьдрах болж, би тусдаа гарсан. Бурхан тахил, шүтээн маань манай ааваас үе дамжиж ирсэн бидний хуваарьт хөрөнгө бөгөөд Б.Хэгчийн талаас бурхан тахил байхгүй, шашин шүтлэггүй, бурханы ном, маань ч уншдаггүй байсан. Иймд 7 үе дамжиж ирсэн бурхан тахил, хишиг даллагын савыг өгөхгүй байх учиргүй юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сард нагац ах Г гэргий Б.Хэгч бурхан болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэний дараа, амьд ахуй цагтаа захиж гэрээслэж, өөрийн хойтын буяныг даатгаж, байсны дагуу эртний уламжлал болон номонд зааснаар хойтын буяныг нь ном журмын дагуу хийж гүйцэтгэсэн.Я.А  ах, эгчийн минь амьд ахуй цагтаа хэлж захиж байсан аман гэрээсийн дагуу хишигийн савыг надад өргөсөн. 2017, 2018, 2019 оны 01 дүгээр сард очиж уулзаж засал номыг нь хийж өгөх бүрт бурхан болооч Б.Хэгч хүү минь чи хишигийн саваа ав хэмээн удаа дараа хэлж байсан. Нэхэмжлэл гаргаж буй Б.Жахын бичиж шүүхэд хандсан шиг миний бие бусдыг залилан мэхэлсэн зүйл байхгүй. Талийгаач Б.Х хууль ёсны өв залгамжлагч болохЯ.А ээжийн зааварчлагаагаарЯ.А  гэдэг хүн надад өгсөн. Миний бие хууль ёсны дагуу хууль ёсны өв залгамжлагчЯ.А  болон түүний ээж нар надаас нэхэмжилж байгаа бол би өгнө.Я.А ээж цагаан сараар эгч Б.Х тэйгээ уулзахад миний хойдохыг дааж байгаа хүнд өгөөрэй гэж хэлсэн байдаг. Тэр үеэсЯ.А  надад ээж өгөөрэй гэж хэлсэн гэж хэлээд надад өгсөн. Би бусдыг хуурч, залилж аваагүй. Надад Б.Х гэрээслэлийн дагуу өгсөн. 22 жилийн хугацаанд Б.Жгэдэг хүн өв залгамжлагч байсан түүнийгээ тогтоолгоод даллагын саваа авахгүй яасан юм бэ, хүмүүс нь нас барсны дараа одоо даллагын саваа нэхээд байгаа нь ямар учиртай юм бэ, үнэхээр энэ хүний даллагын сав юм бол хавтаст хэрэгт энэ хүнийх гэсэн зүйл байхгүй. Би өгөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Жаас гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан нэхэмжлэгч Б.Ж олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар мэтгэлцээн хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай  ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байхаас гадна Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохиоцуулалтыг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйл болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж чадаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодорхойлж чадаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн Б.Ж гавлын яс бүхий хишиг даллагын савыг олгож шийдвэрлэхдээ түүнийг эзэмших эрхтэй этгээд мөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл талууд маргааны зүйл болох хишиг даллагын сав нь талийгаач Б.Х эзэмшилд 1992 оноос 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл буюу түүнийг нас барах хүртэл байсан, түүнчлэн талийгаачийн хууль ёсны өвлөгч байж болох түүний төрсөн дүү Б.Я гэх хүн амьд сэрүүн байгаа эсэх дээр талууд маргаагүй, мөн уг үйл баримтын талаар хэргийн 46 дугаар талд авагдсан гэрчЯ.А мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Б.Жнь маргааны зүйл болох хишиг даллагын савыг урьд огт эзэмшиж байгаагүй, эзэмших эрх нь мөн адил няцаагдаж байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй. Нөгөөтэйгүүр Б.Жнь талийгаач Б.Х эзэмшилд байсан хишиг даллагын савыг хууль ёсоор болон гэрээслэлээр өв залгамжлагч болохоо баримтаар нотлоогүй байхад Б.Ж олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжпэгч Б.Жнь шүүхэд анх нэхэмжлэл гаргах үедээ хишиг даллагын савыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “эрдэнийн гавал аяга, есөн эрдэнийн чулуу, 20 лангийн мөнгөн ембүү, эрдэнийн бумба, хонх, дамар, гань дуг, бороонд нордоггүй дээл, галд шатдаггүй орхимж, хурганы арьс зэрэг эд зүйлсээс бүрддэг бөгөөд дагалдах хэрэгслийн хамт гаргуулна /хэргийн-54/ гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, уг шаардсан зүйл нь байдаг эсэх нь тодорхой бус эргэлзээ бүхий байхад нэхэмжлэгчээс үүнийг тодруулалгүй гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан Б.Ж олгосугай гэж тодорхойгүй нэхэмжлэлийн шаардпагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй.

3. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ уг зохицуулалтын агуулга зохицуулагдах хүрээг анхаараагүйгээс буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл тухайн хишиг даллагын савыг хариуцагч Г.Ж шилжүүлсэн этгээдЯ.А  болон түүний эх Б.Я нар Г.Жаас буцаан шаардаагүй байхад маргааны зүйл хишиг даллагын савны эзэмшигч анхнаасаа байгаагүй Б.Ж Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг үндэслэн олгосон нь хуульд нийцэхгүй болсон.

4. Хэрэгт цугларсан баримтууд талуудын тайлбар мэтгэлцээнээс Б.Ж , Г.Ж хэн аль нь маргааны зүйлийг хууль ёсоор болон гэрээслэлээр өвлөх эрхтэй эсэх нь тодорхой бус гагцхүү гэрчЯ.А  нь хишиг даллагын савыг талийгаач Б.Хтүүний дүү Б.Янжмаагийн хэлсний дагуу Г.Ж өгсөн үйл баримтаас үзэхэд тухайн маргааныг шүүх шийдвэрлэхээс өмнө Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам байхад нэхэмжлэгч шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх түүнийг нь шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 65.1.10-д заасан зохицуулалтай нийцэхгүй байна. Дээрхи үндэслэл шалтгаануудын улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Жнь хариуцагч Г.Ж холбогдуулан үе дамжиж ирсэн гавлын яс бүхий хишиг даллагын сав гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “...миний дээд өвөг эцгээс 7 үе дамжиж ирсэн үнэт зүйл. Уг хишиг даллагын сав болох хөрөнгө нь хууль ёсоор надад өвлөгдөх ёстой..., Г.Ж ньЯ.А  авахдаа “...би энэ савыг Б.Жахад аваачаад өгье” гэж хэлээд авсан” гэх, хариуцагч Г.Ж нь татгалзлаа “...2017, 2018, 2019 онд очиж засал номыг хийхэд Б.Хэгч “хүү чи хишиг даллагын саваа ав” гэж хэлж байсан, 2019 оны 04 дүгээр сард Б.Хэгч нас барж түүний захиснаар хойтын буяныг хийсэн,Я.А  ах эгчийн минь амьд ахуй цагтаа захиж байсан аман гэрээслэлийн дагуу хишиг даллагын савыг өгсөн” гэх зөрүүтэй тайлбар тус тус гаргажээ. /хх-1/

 

Талууд маргааны зүйл болох гавлын яс бүхий хишиг даллагын сав одоо хариуцагчийн эзэмшилд байгаа, үүнээс өмнө нас барсан Б.Г Б.Хнарын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө байсан гэх үйл баримтын талаар талуудын хооронд маргаангүй байна.

 

Хариуцагч Г.Ж нь “...гавлын яс бүхий хишиг даллагын савыг талийгаач Б.Х хууль ёсны өв залгамжлагч нь болохЯ.А эхийн хэлснээр надад өгсөн тул нэхэмжлэгчид өгөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар аливаа эд зүйлийн өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан гэрчЯ.А , Ж.А , Ж.Ц, Ж.Б нарын мэдүүлгүүд, бурхан тахил, судар, мөнгөн цөгцний зургууд болон талуудын тайлбараас үзвэл дээрх эд хөрөнгө нь нас барсан Б.Г гэх хүний эзэмшил, өмчлөлд байсан бурхан тахилын зарим хэсгийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Харин гавлын яс бүхий хишиг даллагын сав нь Б.Х , түүнийг нас барсны дараа Б.Янжмаа,Я.А  нарын эзэмшилд ямар байдлаар ирсэн талаар дүгнэх шаардлагатай байтал анхан шатны шүүх дүгнэхгүйгээр орхигдуулсан нь буруу болжээ.

 

Шүүхэд гэрчЯ.А  “Б.Хнас барахдаа ээжид өөрийнх нь хойтохыг даасан лам залууд өгөөрэй” гэж хэлсэн тул гавлын яс бүхий хишиг даллагын савыг Г.Ж өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч уг мэдүүлэгт нэхэмжлэгчийн талаас “...уг даллагын сав ээжийн талын үе дамжиж ирсэн эд зүйл мөн үү, та мэдэх үү, хамт амьдарч байсан уу” гэж асуухад “...Би мэдэхгүй. Би хүний хөрөнгөд дур мэдэн оролцохгүй” гэж хариулсан байна. /хх49-51/ Уг мэдүүлгээс үзэхэд гэрчЯ.А хувьд уг эд хөрөнгийн өмчлөгч биш, түүнийг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдож байна.

 

Мөн түүнчлэн,Я.А  нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...гавлын яс бүхий хишиг даллагын сав нь ах Б.Г хөрөнгө бөгөөд түүнийг нас барсны дараа  дүү Б.Ж үе дамжиж очсон өмчлөлийн зүйл, тухайн үед эгч бурхан шүтээнд тавьчихаарай гэхээр нь хэлсэнийг нь гүйцэтгүүлэхээр өөрийн хамаатан болон Г.Ж гэдэг хүнд өгсөн” гэж мэдүүлсэн байгаа нь дээр дурьдсан эд хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлохтой холбоотой үйл баримтад ач холбогдолтой болно. /хх136-137/

 

Нас барсан Б.Хамьд ахуйдаа өөрийн нөхөр нэхэмжлэгч Б.Ж ах Б.Г судар, бурхан тахилын зүйлсийн зарим хэсгийг Б.Ж өгсөн байдал, мөнЯ.А иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэхдээ “...бусдын эд хөрөнгө, би мэдэхгүй” /хх-50/ гэж хариулсан нөхцөл байдлыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч Б.Жтухайн эд зүйлийн өмчлөгч болохоо нотолсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж буй этгээдийг өмчлөгч гэж үзсэнээс гадна “эзэмшил” нь “шууд” ба “шууд бус” гэсэн хоёр төрөлтэй байдаг.

 

Уг даллагын сав болон бурхан тахилын зүйл нь нас барагч Б.Г , Б.Хнарын эзэмшилд байсан тухай талуудын шүүхэд гаргасан тайлбарууд, улмаар эдгээр хүмүүс нас барснаас хойш уг даллагын савтай хамт байсан бурхан тахилын бусад эд зүйлийг нэхэмжлэгч Б.Ж эзэмшилд шилжүүлсэн гэх тайлбар, /хх-1, 16, 17, 48-50, 61, 136-137/ нэхэмжлэгч Б.Ж эзэмшилд байгаа гэх бурхан тахил, судар, мөнгөн цөгц, зураг зэрэг хэргийн баримтаас харьцуулан дүгнэхэд гавлын яс бүхий хишиг даллаганы савыг Б.Х , Б.Янжмаа.Я.А  нар нь нас барагчийн дүү Б.Ж ашиг сонирхлын үүднээс эзэмшилдээ байлгаж байсан гэж дүгнэхээр байна. Иймд Б.Жадамбыг хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжтой.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна“ гэж заасан бөгөөдЯ.А  нь уг даллагын савны эзэмшигч болсон үүнтэй холбоотойгоор түүнийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1-д зааснаар өмчлөгч гэж үзэж болохгүй.

 

Хариуцагч Г.Ж нь тухайн эд зүйлийг хууль ёсны өмчлөгч буюу өмчлөх эрхтэй этгээдээс зөвшөөрөлтэйгөөр авсан гэх үндэслэлгүй тул түүнийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч гэж үзэх, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, гэрчЯ.А  мэдүүлэгтээ “...миний эд хөрөнгө биш” гэж мэдүүлсэн байна. Иймд эд хөрөнгийг өмчлөл, эзэмшилдээ байлгах эрхгүй, эрхээ алдсан хүнээс олж авсан тул Г.Жыг гавлын яс бүхий хишиг даллагын савыг өөр дээрээ байлгах хууль ёсны эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн талууд гавлын яс бүхий хишиг даллагын савны дотор ямар, ямар эд зүйл байсныг баримтаар нотолж чадаагүй, уг савны доторх зүйлсийг хэн аль нь үзээгүй, хараагүй, түүнчлэн түүнийг онгойлгон үзэх нь талуудын ёс заншилд харш болохыг хэн аль зөвшөөрсөн байна.

 

Уг гавлын яс бүхий хишиг даллагын савыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилсэн.

 

Иймд шүүхээс битүүмжлэгдсэн байгаа байдлаар нь буюу уг савыг онгойлгохгүйгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах гавлын яс бүхий хишиг даллагын савыг нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулахдаа дотор нь ямар эд зүйлс байсан гэж нэг бүрчлэн заах боломжгүй. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт найруулгын хувьд гавлын яс бүхий хишиг даллагын сав гаргуулахаар гэж өөрчлөлт оруулна. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталж хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Жаас гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Г.Жаас гавлын яс бүхий хишиг даллагын савыг гаргуулан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ