Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01335

 

2021           11            04                                          001/ХТ2021/01335

............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03138 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 368 дугаар магадлалтай,

............ын нэхэмжлэлтэй

............д холбогдох

Үе дамжиж ирсэн гавлын яс бүхий хишиг даллаганы сав гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ............, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............а, түүний өмгөөлөгч Э.Уянга, хариуцагч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өвөг эцгээс 7 үе дамжиж ирсэн даллаганы сав нь миний төрсөн ах ............ынд хадгалагдаж байсныг эхнэр ............гээс нь 2018 оны намар залахаар очиход хишгийн сав намайг насан эцэслэсний дараа ирж аваарай гэсэн. Тухайн үед ............ эгчийн хамаатан ............ын хүү байлцсан. Эгч маань 2019.04.11-нд нас эцэслэхэд дүү ............ нь хариуцаад 49 хоног нь дуусахаар ирж хишгийн саваа аваарай гэсэн. 49 хоног нь дуусч нөгөө саваа авья гэтэл миний зээ дүү Сосорбарамын охин Гүндэгмаагийн хүү ........................аас би энэ савыг ............а ахад аваачаад өгье гэж хэлээд авсан байсан. Ингээд С.Гүндэгмаа болон хүү Б.............нартай 4 удаа уулзахаар болсон боловч ирээгүй, утсаар ярихаар өгөхгүй гэсэн болно. Миний бие ............д холбогдуулан үе дамжиж ирсэн даллагын сав, түүн доторх эрдэнийн гавал аяга, 9 эрдэнийн чулуу, бусад эд зүйлийн хамт даллагын саваа гаргуулахаар нэхэмжилсэн. Даллагын савыг дагалдаж явсан савны бүрдэл хэсэг буюу доторх эрдэнийн гавал аяга, бусад зүйлийн хамт нэхэмжилж байгаа, түүнээс биш хоосон даллагын савыг нэхэмжлээгүй юм шүү гэдгийг тодруулж хэлмээр байна. Бурхан шүтээнтэй хамт байх ёстой даллагын сав нь миний дээд өвөг болох н.Буянтогтох, н.Буянтогтохын хүү н.Мөнх-Очир, н.Мөнх-Очирын хүү н............., н.............ын хүү н............., ............гийн хүү Мөнхбат хиа, Мөнхбат хиагийн хүү Очир хиа, Очир хиагийн хүү миний эцэг н.Базардар юм. Базардарийн том хүү ............, отгон хүү ............ юм. Иймд найм дахь үеийн ач болох надад ирэх ёстой юм. Энэ талаар өөрийн Баянбулагийн ............ миний дурсамжийн товчоо номын 100 дугаар талд бичигдсэнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, хуралдаанд нотлох баримтаар уншиж судлуулах болно. Мөн миний бэр эгч Хандсүрэн нь өөд болохоосоо өмнө надад өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн бурхан тахил, судар, бурхны эд зүйлээ ав хэмээн надад өгсөн өвөг дээдсийн бурхан, судар ном, бурхны эд зүйлээ хүлээн авч, одоог хүртэл миний гэрт тахин шүтэгдсээр байгаа. Хандсүрэн эгчийн надад өгсөн бурхан тахил, судар болон бусад эд зүйлсийн фото зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ах маань насан өөд болохоосоо өмнө миний дүү надаас хойш бэр эгчийгээ /............г/ харж хандаж, хүндэлж яваарай, битгий эгчийгээ гомдоогоорой гэж захисан учраас би ахынхаа захиасыг бодож, хүн хүнээ хүндлэх монгол ёс заншлын дагуу өнөөдөр муу, муухай зүйл болно гэж бодохгүй эгчийгээ өгөх цагт нь даллагын саваа авна гэж бодож ирсэн. Хоёр удаа даллагын саваа авах гэж гуйж очиход чамаас өөр авах хүн байх биш, намайг үхэхээр аваарай, намайг үхэж байна гэж хаанаас дуулав гэх мэт зүйл ярьж байсан учир би эгчийг эсэн мэнд байхад нь маргаан үүсгэж, гомдоож хэрэггүй гэж бодож байсан. Эгч тэнгэрт хальж, эгчийн хажууд байсан ............ надад хишгийн саваа 49 хоног өнгөрөөгөөд аваарай гэж хэлсэн учир би итгэж байсан. ............ гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...надад хишгийн сав аваарай гэж хэлээгүй гэж мэдүүлсэн. Миний охин Ж.Амаржаргалтай утсаар ярихдаа ...............а гуайд аваарай гэж хэлээгүй, ............ аваад явсан. Би хэлж авч өгнө гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг. Утсаар ярьсан зүйлээсээ тэс өөр зүйл худлаа хэлсэн учир ............ын мэдүүлгийг шүүх үнэлэх учиргүй. Би ............ыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоолгохоор Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Миний даллагын сав нь ах Б............. болон ............ нарын буюу гэрлэгчдийн дундын эд хөрөнгө биш, би өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ даллагын савын хууль ёсны өмчлөгч нь мөн учир хариуцагчийн хууль бус өмчлөл, эзэмшлээс гаргуулж надад олгож өгнө үү. Миний ах ............ манай аавын гал голомт дээр үлдсэн хүн байгаа юм. Ахыгаа эхнэр авахаас нь өмнө бид 2 тэр гэрт хамт амьдарч байгаад би цэргийн албанд яваад ах эхнэр аваад тэд тэндээ амьдрах болж, би тусдаа гарсан. Бурхан тахил, шүтээн маань манай ааваас үе дамжиж ирсэн бидний хуваарьт хөрөнгө бөгөөд ............ эгчийн талаас бурхан тахил байхгүй, шашин шүтлэггүй, бурханы ном, маань ч уншдаггүй байсан. Иймд 7 үе дамжиж ирсэн бурхан тахил, хишиг даллагын савыг өгөхгүй байх учиргүй юм гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019.04 дүгээр сард нагац ах ............ын гэргий ............ эгч бурхан болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэний дараа, амьд ахуй цагтаа захиж гэрээслэж, өөрийн хойтын буяныг даатгаж, байсны дагуу эртний уламжлал болон номонд зааснаар хойтын буяныг нь ном журмын дагуу хийж гүйцэтгэсэн. ............ ах, эгчийн минь амьд ахуй цагтаа хэлж захиж байсан аман гэрээсийн дагуу хишгийн савыг надад өргөсөн. 2017, 2018, 2019 оны 01 дүгээр сард очиж уулзаж засал номыг нь хийж өгөх бүрт бурхан болооч ............ эгч хүү минь чи хишгийн саваа ав хэмээн удаа дараа хэлж байсан. Нэхэмжлэл гаргаж буй ............а ахын бичиж шүүхэд хандсан шиг миний бие бусдыг залилан мэхэлсэн зүйл байхгүй. Талийгаач ............гийн хууль ёсны өв залгамжлагч болох ............ын ээжийн зааварчлагаагаар ............ гэдэг хүн надад өгсөн. Миний бие хууль ёсны дагуу хууль ёсны өв залгамжлагч ............ болон түүний ээж нар надаас нэхэмжилж байгаа бол би өгнө. ............ын ээж цагаан сараар эгч ............тэйгээ уулзахад миний хойдохыг дааж байгаа хүнд өгөөрэй гэж хэлсэн байдаг. Тэр үеэс ............ надад ээж өгөөрэй гэж хэлсэн гэж хэлээд надад өгсөн. Би бусдыг хуурч, залилж аваагүй. Надад ............гийн гэрээслэлийн дагуу өгсөн. 22 жилийн хугацаанд ............а гэдэг хүн өв залгамжлагч байсан түүнийгээ тогтоолгоод даллагын саваа авахгүй яасан юм бэ, хүмүүс нь нас барсны дараа одоо даллагын саваа нэхээд байгаа нь ямар учиртай юм бэ, үнэхээр энэ хүний даллагын сав юм бол хавтаст хэрэгт энэ хүнийх гэсэн зүйл байхгүй. Би өгөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03138 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ............аас гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан нэхэмжлэгч ............ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 368 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ............аас гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ............аас гавлын яс бүхий хишиг даллагын савыг гаргуулан олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нар хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар мэтгэлцээн хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байхаас гадна ИХ-ийн 492-р зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Учир нь: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “...хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талийгаач ............гийн хууль ёсны өв залгамжлагч нь ............ мөн болон түүнчлэн гэрээслэлийн дагуу шилжүүлсэн гэх үйл баримт аль аль нь тогтоогдохгүй байх тул хариуцагч ............ нь уг хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Талууд гавлын яс бүхий хишиг даллагын саванд ямар ямар зүйл байсан, байгаа, байх ёстой болохыг баримтаар нотолж чаддаггүй бөгөөд уг савны доторх зүйлсийг хэн аль нь үзээгүй, хараагүй, уг хайрцагт байгаа зүйлийн бүрэн бүтэн байдал дээр маргадаггүй. Уг гавлын яс бүхий хишиг даллагын сав нь нэхэмжлэгч ............ын төрсөн ах Б.............ын эцэг, эхээс удам дамжиж ирсэн зүйл болох талаар мөн маргадаггүй. Иймээс ............ нь талийгаач Б............. болон түүний эхнэр талийгаач ............ нарын хөрөнгийг хууль ёсоор болон гэрээслэлээр өв залгамжлагч мөн болохоо баримтаар тогтоож чадахгүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хөрөнгийг олж авч буй этгээд энэ үйлдлийнхээ улмаас бусдын эрхэнд халдаж, ингэснээрээ ямар нэг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа нөхцөлд иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүснэ. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ............аас гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан нэхэмжлэгч ............ад олгож шийдвэрлэлээ” гэжээ. Анхан шатны шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь ИХ-ийн 492-р зүйл болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж чадаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодорхойлж чадаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: 1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн ............ад гавлын яс бүхий хишиг даллагын савыг олгож шийдвэрлэхдээ түүнийг эзэмших эрхтэй этгээд мөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл талууд маргааны зүйл болох хишиг даллагын сав нь талийгаач ............гийн эзэмшилд 1992 оноос 2019.04.11-ний өдрийг хүртэл буюу түүнийг нас барах хүртэл байсан, түүнчлэн талийгаачийн хууль ёсны өвлөгч байж болох түүний төрсөн дүү Б.Янжмаа гэх хүн амьд сэрүүн байгаа эсэх дээр талууд маргаагүй, мөн уг үйл баримтын талаар хх-ийн 46-р талд авагдсан гэрч ............ын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч ............а нь маргааны зүйл болох хишиг даллагын савыг урьд огт эзэмшиж байгаагүй, эзэмших эрх нь мөн адил няцаагдаж байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй. Нөгөөтэйгүүр ............а нь талийгаач ............гийн эзэмшилд байсан хишиг даллагын савыг хууль ёсоор болон гэрээслэлээр өв залгамжлагч болохоо баримтаар нотлоогүй, байхад ............ад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2. Нэхэмжлэгч ............а нь шүүхэд анх нэхэмжлэл гаргах үедээ хишиг даллагын савыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “эрдэнийн гавал аяга, есөн эрдэнийн чулуу, 20 лангийн мөнгөн ембүү, эрдэнийн бумба, хонх, дамар, гань дуг, бороонд нордоггүй дээл, галд шатдаггүй орхимж, хурганы арьс зэрэг эд зүйлсээс бүрддэг бөгөөд дагалдах хэрэгслийн хамт гаргуулна /хх-54/ гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж уг шаардсан зүйл нь байдаг эсэх нь тодорхой бус эргэлзээ бүхий байхад нэхэмжлэгчээс үүнийг тодруулалгүй гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан ............ад олгосугай гэж тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 62-р зүйлд заасан шаардлагад нийцээгүй. 3. Шүүх иргэний хуулийн 492-р зүйлд заасан зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ уг зохицуулалтын агуулга зохицуулагдах хүрээг анхаараагүйгээс буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл тухайн хишиг даллагын савыг хариуцагч ............д шилжүүлсэн этгээд ............ болон түүний эх Б.Янжмаа нар ............аас буцаан шаардаагүй байхад маргааны зүйл хишиг даллагын савны эзэмшигч анхнаасаа байгаагүй ............ад ИХ-ийн 492-р зүйлд заасныг үндэслэн олгосон нь хуульд нийцэхгүй болсон. 4. Хэрэгт цугларсан баримтууд талуудын тайлбар мэтгэлцээнээс ............а, ............ хэн аль нь маргааны зүйлийг хууль ёсоор болон гэрээслэлээр өвлөх эрхтэй эсэх нь тодорхой бус гагцхүү гэрч ............ нь хишиг даллагын савыг талийгаач ............ түүний дүү Б.Янжмаагийн хэлсний дагуу ............д өгсөн үйл баримтаас үзэхэд тухайн маргааныг шүүх шийдвэрлэхээс өмнө ИХ-ийн 528-р зүйлд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам байхад нэхэмжлэгч шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх түүнийг нь шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 65.1.3, мөн 65.1.10-д заасан зохицуулалтай нийцэхгүй байна. Дээрхи үндэслэл шалтгаануудын улмаас “Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 3138 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй болсон. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүх хариуцагчийн гомдлын дагуу 2020.02.14-ний өдөр хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нэхэмжлэгч ............ад маргааны зүйл болох гавлын яс бүхий хишиг даллагын савыг олгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нь өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “............ын эзэмшилд байгаа гэх бурхан, тахил, судар, мөнгөн цөгц, зураг зэрэг хэргийн баримтаас харьцуулан дүгнэхэд гавлын яс бүхий хишиг даллаганы савыг ............, Б.Янжмаа, ............ нар нь нас барагчийн дүү ............ын ашиг сонирхлын үүднээс эзэмшилдээ байлгаж байсан гэж дүгнэхээр байна. Иймд ............ыг хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталж хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрхи үндэслэл тайлбар ИХ-ийн 106-р зүйл болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж чадаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодорхойлж чадаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлийн аль нэгт хамаарахгүй байх тул хангахгүй орхив.

Нэхэмжлэгч ............а нь хариуцагч ............д холбогдуулан үе дамжиж ирсэн гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх гавал аяга, 9 эрдэнийн чулуу, бусад зүйлийн хамт гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч уг эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхтэй этгээд биш, өв залгамжлагч ч бус, хишиг даллагын саван дотор ямар эд зүйл байгааг мэдэхгүй, нэхэмжлэлд дурдсан эд зүйл хишгийн саван дотор байдаг гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй, ...уг даллагын савыг ............ эгч амьд байхдаа гэрээсэлсэн, түүнийг асран хамгаалж байсан ............ надад шилжүүлсэн...гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хишгийн саван доторх эд зүйлс тодорхойгүй тул эд хөрөнгийг биет зүйлээр нь буюу гавлын яс бүхий хишиг даллагын савыг гаргуулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө буцаан шаардах эрх хөрөнгө шилжүүлсэн этгээдэд, эсхүл түүний эрх залгамжлагчид үүсэхийн тулд тэрээр уг хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх учиртай бөгөөд нэхэмжлэгч ............а нь маргаж буй зүйлийг хариуцагчид шилжүүлсний үндсэн дээр буцаан шаардаагүй тул уг зохицуулалтаар шаардах эрхгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээг зөвтгөж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь өвөг эцгээс 7 үе дамжиж ирсэн хишиг даллагын сав ах Б.............д байсан, түүний дараа надад ирэх ёстой бөгөөд ах 2018 онд нас барсан, эхнэр ............  нь бурхан тахил, судар ном, бусад зүйлсийг өгөөд хишгийн савыг нас барсны дараа аваарай гэсэн, уг хишиг даллагын сав нь бурхан тахилын хамт байх ёстой, ............ эгч 2019 онд нас барсан, ............ нь ............д хишгийн савыг өгсөн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэлийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч ............ыг уг эд зүйлийн өмчлөгч гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна. ............гийн эгч Б.Янжмаагийн хүү ............ түүнийг асарч байсан ба ............г нас барсны дараа хойд буяны ажлыг даасан хүнд өгөөрэй гэсний дагуу уг хишгийн савыг ............д өгсөн гэсэн гэрчийн мэдүүлэг өгснөөс үзэхэд ............ нь уг эд хөрөнгийг өв залгамжлан авах, захиран зарцуулах эрхгүй болохоо зөвшөөрсөн, энэ талаар ............ маргаагүй тул өв залгамжлалын талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлт өгөөгүй гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.

Нөгөө талаар Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-т “Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.” гэж заасан байдаг тул ............ уг эд зүйлийг гэрээсэлсэн гэх хариуцагчийн тайлбар хууль ёсны эзэмшил, өмчлөлийг нотолж чадахгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан, давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 368 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАНЗРАГЧ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД