Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/03138

 

                              

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр, тоот хаягт оршин суух, Б овогт Б.Ж-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Баянгол  дугаар гудамж,  тоот хаягт оршин суух, Б овогт Г.Ж/-д  холбогдох

 

Үе дамжиж ирсэн гавлын яс бүхий хишиг даллаганы сав гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга, хариуцагч Г.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өвөг эцгээс 7 үе дамжиж ирсэн даллаганы сав нь миний төрсөн ах Ган-Ядамынд хадгалагдаж байсныг эхнэр Хандсүрэнгээс нь 2018 оны намар залахаар очиход хишигийн сав намайг насан эцэслэсний дараа ирж аваарай гэсэн. Тухайн үед Хандсүрэн эгчийн хамаатан Амарбатын хүү байлцсан. Эгч маань 2019 оны 4 дүгээр сарын 11-нд нас эцэслэхэд дүү Амарбат нь хариуцаад 49 хоног нь дуусахаар ирж хишигийн саваа аваарай гэсэн. 49 хоног нь дуусч нөгөө саваа явья гэтэл миний зээ дүү Сосорбарамын охин Гүндэгмаагийн хүү ЖАмарбатаас би энэ савыг Жадамба ахад аваачаад өгье гэж хэлээд авсан байсан. Ингээд Гүндэгмаа болон хүү Жнартай 4 удаа уулзахаар болсон боловч ирээгүй утсаар ярихаар өгөхгүй гэсэн болно. Иймээс түүхийн дурсгалт үнэт зүйлийг миний үе залгамжилсан даллаганы савыг үрэгдэж алга болохоос сэргийлэн өв залгамжлагч надад олгож өгнө үү.

Миний бие Ж холбогдуулан үе дамжиж ирсэн даллагын сав, түүн доторх эрдэнийн гавал аяга, 9 эрдэнийн чулуу, бусад эд зүйлийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэхүү үе дамжиж ирсэн даллагын сав дотор миний өвөг дээдсээс үе дамжин ирсэн даллагын савыг миний мэдэж байгаагаар эрдэнийн гавал аяга, 9 эрдэнийн чулуу болон бусад эд зүйлсийн хамт даллагын саваа нэхэмжилсэн. Даллагын савыг дагалдаж явсан савны бүрдэл хэсэг буюу доторх эрдэнийн гавал аяга, бусад зүйлийн хамт нэхэмжилж байгаа, түүнээс биш хоосон даллагын савыг нэхэмжлээгүй юм  шүү гэдгийг тодруулж хэлмээр байна. Бурхан шүтээнтэй хамт байх ёстой даллагын сав нь миний дээд өвөг болох Буянтогтох, Буянтогтохын хүү Мөнх-Очир, Мөнх-Очирын хүү Мөнхтогтох, Мөнхтогтохын хүү Мөнхбаясгалан, Мөнхбаясгалангийн хүү Мөнхбат хиа, Мөнхбат хиагийн хүү Очир хиа, Очир хиагийн хүү миний эцэг Базардар юм. Базардарийн том хүү Ган-Ядам, отгон хүү Жадамба юм. Иймд найм дахь үеийн ач болох надад ирэх ёстой юм. Энэ талаар өөрийн “Баянбулагийн Жадамба миний дурсамжийн товчоо” номын 100 дугаар талд бичигдсэнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, хуралдаанд нотлох баримтаар уншиж судлуулах болно. Мөн миний бэр эгч Хандсүрэн нь өөд болохоосоо өмнө надад өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн бурхан тахил, судар, бурхны эд зүйлээ ав хэмээн надад өгсөн өвөг дээдсийн бурхан, судар ном, бурхны эд зүйлээ хүлээн авч, одоог хүртэл миний гэрт тахин шүтэгдсээр байгаа. Хандсүрэн эгчийн надад өгсөн бурхан тахил, судар болон бусад эд зүйлсийн фото зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Ах маань насан өөд болохоосоо өмнө миний дүү надаас хойш бэр эгчийгээ / Хандсүрэнг/ харж хандаж, хүндэлж яваарай, битгий эгчийгээ гомдоогоорой гэж захисан учраас би ахынхаа захиасыг бодож, хүн хүнээ хүндлэх Монгол ёс заншлын дагуу өнөөдөр муу, муухай зүйл болно гэж бодохгүй эгчийгээ өгөх цагт нь даллагын саваа авна  гэж бодож ирсэн. Хоёр удаа даллагын саваа авах гэж гуйж очиход чамаас өөр авах хүн байх биш, намайг үхэхээр аваарай, намайг үхэж байна гэж хаанаас дуулав гэх мэт зүйл ярьж байсан учир би эгчийг эсэн мэнд байхад нь маргаан үүсгэж, гомдоож хэрэггүй гэж бодож байсан. Эгч тэнгэрт хальж, эгчийн хажууд байсан Я.Амарбат надад хишгийн саваа 49 хоног өнгөрөөгөөд аваарай гэж хэлсэн учир би итгэж байсан. Шүүх хуралдаан дээр Я.Амарбат гэрчийн мэдүүлэг өгөхдөө надад хишгийн сав аваарай гэж хэлээгүй гэж хэлсэн байдаг. Миний охин Ж.Амаржаргалтай утсаар ярихдаа Б.Ж гуайд аваарай гэж хэлээгүй, Г.Ж аваад явсан. Би хэлж авч өгнө гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг. Утсаар ярьсан зүйлээсээ тэс өөр зүйл худлаа хэлсэн учир Я.Амарбатын мэдүүлгийг шүүх үнэлэх учиргүй. Би Я.Амарбатыг шүүх хурал дээр зориуд худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоолгохоор Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Миний даллагын сав нь ах Б.Ган-Ядам болон Хандсүрэн нарын буюу гэрлэгчдын дундын эд хөрөнгө биш, би өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ даллагын савын хууль ёсны өмчлөгч нь мөн учир хариуцагчийн хууль бус өмчлөл, эзэмшлээс гаргуулж надад олгож өгнө үү. Миний ах Ган-Ядам манай аавын гал голомт дээр үлдсэн хүн байгаа юм. Ахыгаа эхнэр авахаас нь өмнө бид 2 тэр гэрт хамт амьдарч байгаад би цэргийн албанд яваад ах эхнэр аваад тэд тэндээ амьдрах болж би тусдаа гарсан. Бурхан тахил, шүтээн маань манай ааваас үе дамжиж ирсэн бидний хувиарт хөрөнгө бөгөөд Хандсүрэн эгчийн талаас бурхан тахил байхгүй, шашин шүтлэггүй, бурханы ном, маань ч уншдаггүй байсан. Би амьд сэрүүн байхад нь ном уншиж өгөх үү гэхэд хэрэггүй гээд эрхи ч эргүүлдэггүй хүн байсан учир манай 7 үе дамжиж ирсэн бурхан тахил, хишиг даллагын савыг өгөхгүй байх учиргүй юм гэв.

 

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Ж миний бие 2019 оны 4 сард нагац ах Ган-Ядамын гэргий Хандсүрэн эгчийг таалал барьж хорвоогийн мөн бусыг үзүүлсэний дараа, амьд ахуй цагтаа захиж гэрээслэж өөрийн хойтын буяныг даатгаж байсны дагуу эртний уламжлал болон номонд зааснаар хойтын буяныг нь ном журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Амарбат ах эгчийн минь амьд ахуй цагтаа хэлж захиж байсан аман гэрээсийн дагуу хэмээн хишигийн савыг надад өргөсөн. 2017, 2018, 2019 оны 1 дүгээр сард очиж уулзаж засал номыг нь хийж өгөх бүрт бурхан болооч Хандсүрэн эгч “хүү минь чи хишигийн саваа ав” хэмээн удаа дараа хэлж байсан. Нэхэмжлэл гаргаж буй Жадамба ахын бичиж шүүхэд хандсан шиг миний бие бусдыг залилан мэхэлсэн зүйл байхгүй.

Талийгаач Хандсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч болох Я.Амарбатын ээжийн зааварчлагаагаар Я.Амарбат гэдэг хүн надад өгсөн. Миний бие хууль ёсны дагуу хууль ёсны өв залгамжлагч Я.Амарбат болон түүний ээж нар надаас нэхэмжилж байгаа бол би өгнө. Я.Амарбатын ээж Цагаан сараар эгч Хандсүрэнтэйгээ уулзахад миний хойдохыг дааж байгаа хүнд өгөөрэй гэж хэлсэн байдаг. Тэр үеэс Я.Амарбат надад ээж өгөөрэй гэж хэлсэн гэж хэлээд надад өгсөн. Би бусдыг хуурч, залилж аваагүй. Надад Хандсүрэнгийн гэрээслэлийн дагуу өгсөн. 22 жилийн хугацаанд Б.Ж гэдэг хүн өв залгамжлагч байсан түүнийгээ тогтоолгоод даллагын саваа авахгүй яасан юм бэ. Хүмүүс нь нас барсны дараа одоо даллагын саваа нэхээд байгаа нь ямар учиртай юм бэ. Үнэхээр энэ хүний даллагын сав юм бол хавтаст хэрэгт энэ хүнийх гэсэн зүйл байхгүй. Би өгөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:   

 

Нэхэмжлэгч Б.Ж нь Г.Ж, Н.Гүндэгмаа нарт холбогдуулан үе дамжиж ирсэн гавлын яс бүхий хишиг даллагын сав гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Гүндэгмаагаас татгалзан дээрх шаардлагыг хариуцагч Г.Жд холбогдуулан гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “...уг хишиг даллагын сав нь манай 7 үе дамжиж ирсэн үнэт зүйл байгаа..., ... уг хөрөнгө нь надад өвлөгдөх ёстой..., ...хариуцагч Г.Ж надад аваачиж өгнө гээд гэрээс нь авч гарсан гэсэн...” гэж тодорхойлж байна.

 

Маргааны зүйл болох гавлын яс бүхий хишиг даллагын сав гэх зүйл нь одоо хариуцагч Г.Жын эзэмшилд байгаа, түүнээс өмнө Б.Хандсүрэнгийн өмчлөл, эзэмшилд байсан, түүний хөрөнгө болох талаар талууд маргахгүй байна. Уг хөрөнгийн өмчлөгч болох Базарын Хандсүрэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан түүний нас барсныг бүртгэсэн №0000237033 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 41-р тал/

 

Хариуцагч нь уг гавлын яс бүхий хишиг даллагын савыг талийгаач Б.Хандсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч Я.Амарбатаас авсан, Я.Амарбатын ээжид талийгаач Б.Хандсүрэн амьд сэрүүн байхдаа уг савыг миний хойдын буян номыг хийсэн хүнд өгөөрэй гэж гэрээслэн хэлсний дагуу Я.Амарбат надад өгсөн учир Б.Жд өгөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хуульд заасны дагуу өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэдэг. Хууль ёсны өвлөх эрхтэй этгээдийг  Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан үндэслэл, дарааллын дагуу тогтоодог. Харин гэрээслэлээр өвлөх тохиолдолд гэрээслэл нь  Иргэний хуулийн 522, 523 дугаар зүйлд заасан агуулга, хэлбэрийг хангасан байхыг шаарддаг бөгөөд гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлсэн байх учиртай. Энэ шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талийгаач Б.Хандсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч нь Я.Амарбат мөн болох түүнчлэн гэрээслэлийн дагуу шилжүүлсэн гэх үйл баримт аль аль нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Ж нь уг хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд гавлын яс бүхий хишиг даллагын саванд ямар ямар зүйл байсан, байгаа, байх ёстой болохыг баримтаар нотолж чаддаггүй бөгөөд уг савны доторх зүйлсийг хэн аль нь үзээгүй, хараагүй, уг хайцагт байгаа зүйлийн бүрэн бүтэн байдал дээр маргадаггүй.   Уг гавлын яс бүхий хишиг даллагын сав нь нэхэмжлэгч Б.Жтөрсөн ах Б.Ган-Ядамын эцэг, эхээс удам дамжиж ирсэн зүйл болох талаар мөн маргадаггүй. Иймээс Г.Ж нь талийгаач Б.Ган-Ядам болон түүний эхнэр талийгаач Б.Хандсүрэн нарын хөрөнгийг хууль ёсоор болон гэрээслэлээр өв залгамжлагч мөн болохоо баримтаар тогтоож чадахгүй байх тул түүнийг  үндэслэлгүйгээр  хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөрөнгийг олж авч буй этгээд энэ үйлдлийнхээ улмаас бусдын эрхэнд халдаж, ингэснээрээ ямар нэг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүснэ.

 

 Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.Жаас гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Жаас гавлын яс бүхий хишиг даллагын савыг доторх эд зүйлсийн хамт гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.НЯМСҮРЭН