Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 486

 

Г.Г нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02494 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Г , Ч.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Г холбогдох,

 

Гэм хорын хохирол 12 445 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Г гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Г ,

Хариуцагч: Х.Г т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 14/2и байранд миний бие амьдардаг бөгөөд анхны СӨХ-ны даргаар нь сонгогдож ажиллаж байсан. Гэтэл Цагдаагийн байгуулагад ажиллаж байсан иргэн Х.Г  үгсэн хуйвалдаж, зохион байгуулалтайгаар бүлэглэн СӨХ-г шинээр байгуулж, СӨХ-ны эзэмшлийн байранд байсан иргэн Ч.Б , Г.Г  бид нарын хувийн өмч хөрөнгө, гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж, барилгын материал, эд зүйлсийг хулгай хийж, цагаан өнгийн портер машинаар хоёр удаа ачиж явсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүл гэж шийдвэрлэгдсэн болно. Мөн иргэн Г.Г  миний хувийн орон сууцны гэрэл цахилгааныг санаатайгаар, зохион байгуулалттайгаар таслаж, дарамтлаж, хохироох зорилгоор цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоож зүүж манай гэр бүлийг бүхэл бүтэн 6 сар гэрэл цахилгаангүй хохироож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа хийж, шалгасан боловч тэрээр цагдаагийн байгууллагын нэрийг барьж хэргээс мултарч, ял завшиж, биднийг хохирсон дээр нь улам хохироосоор байгаа болно. Бид гэр бүлээрээ эд материал, сэтгэл санааны ихээхэн хохирлыг амссан болно. Г.Г  миний бие 2018 оны 03 дугаар сарын 27, 2018 оны 09 дүгээр сарын 27, 2018 оны 10 дугаар сарын 05-нд тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хэзээ ч А СӨХ -ны өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаагүй, зөвхөн иргэн Г.Г  л гэж гаргаж, цагдаагийн байгууллагад олон удаа хандаж байсан болно. Тус байр нь маш муу баригдсан, ус гоождог, улсын комисс ашиглалтанд хүлээн аваагүй байр байсан. Би өөрийгөө бодсон бол тус байрыг хаячихаад явах боломж байсан. Оршин суугчид төлбөрөө өгөхгүй, үүнээс болж дампуурах байдалтай байсан юм. Оршин суугчид үгсэн хуйвалдаж Х.Г  гэж манай байранд байдаггүй хүнийг СӨХ-ны даргаар тавьсан цагаас санаатайгаар манай гэрэл цахилгааныг тасалж 6 сар гэрэл, цахилгаангүй байсан. Мөн миний хувийн өмчийг хүмүүсээр ачуулж, алга болгосон. Иймд бид Х.Г хулгай хийж, ачиж явсан эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг, гэрэл цахилгаангүй бүхэл бүтэн 6 сар хохироосон хохирол 6 сар х1 000 000=6 000 000 төгрөг, нийт 12 445 200 төгрөгийг хариуцагч Х.Г оос нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г  миний бие 2015 оны 04 дүгээр сарын 11-нд нийт оршин суугчдын 57.6 хувийн дэмжлэгтэйгээр Т СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу үүсгэн байгуулсан. А СӨХдарга Г.Г  нь тус хурал дээр өөрийн СӨХ-гоо өгөхгүй, та нар өөрсдөө СӨХ-гоо байгуул гэж хэлснээр оршин суугчдын хүсэлтээр Т СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг дахин шинээр үүсгэн байгуулсан. А СӨХ -ны үед үүссэн өр төлбөрийг 3 сарын дотор барагдуулна хэмээн бичгээр батлан даалт гаргасан болно. Хурлын үйл ажиллагаа тус байрны харьяа фитнесс зааланд зохион байгуулагдсан бөгөөд хурлын дараагаар сантехникийн узелийн өрөөнд ороход өрөөний хэмжээ нь 3х4.5, хаалганы цоож нь эвдэрхий, ялтсан бойлуураас ус гоожсон, өрөөнд маш их ус тогтсон, чийгтэй, том хоёр моторны нэг нь эвдэрхий, туслах жижиг мотор эвдэрхий, турбанууд нь элэгдэж ус шүүрсэн, олон жилийн хог новштой байсан. Цахилгаан шитний өрөөнд ороход өрөөний хэмжээ 2х3, маш их чийгтэй, узелийн өрөөний ус урсаж тогтсон, чийгийн хорхой үүрэлсэн, агааржуулалтгүй учир чийг ихтэй бүгчим халуун, олон жилийн хог новш ихтэй байсан. Иргэн Г.Г  нь оршин суугчдын хамт ажлаа хүлээлгэж өгөөд дахин огт ирээгүй бөгөөд 14/2и байрны тоотод амьдардаг гэх боловч тус байранд амьдардаггүй бөгөөд тус байрны урд байрлах Ж ХХК -ийн Воли апартментийн 1202 тоотод оршин суудаг болохыг өөрөө болон оршин суугчид хүлээн зөвшөөрсөн. Миний бие ажлаа хүлээж авсны дараагаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс дараах ажлуудыг хийж гүйцэтгэх ажлын чиглэл гаргасан. А СӨХ -ны дарга Г.Г  нь дулаан, ус халаалт, цахилгаан, гарааш СӨХ болон ашиглалтын болон нийт төлбөрийг бэлнээр өөрөө гардаж авдаг байсан тул үүнийг засаж, өөрчлөхийн тулд дараах ажлыг хийх шаардлагатай болсон. Т СӨХ-г байгуулж данстай болгох, халаалт, усыг нийтийн орон сууцны конторт шилжүүлэх, эрчим хүчийг цахилгаан түгээх компанид шилжүүлэх, СӨХ-ны ашиглалтын мөнгийг тус СӨХ-ны дансанд байршуулж хураалгах, А СӨХ -ны дарга Г.Г оршин суугчдад үүсгэсэн өрийг барагдуулах зэрэг ажлууд байсан. Ингээд миний бие Т СӨХ-ны даргаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Үүний үр дүнд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт оршин суугчид Сүхбаатар дүүргийн нийтийн орон сууцны ашиглалтын контор, Сүхбаатар дүүргийн Зүүн түгээх төвд эрчим хүчийг шилжүүлэн Төрийн банкны Арслантай гүүр салбарт төлбөр тооцоог хийдэг болсон. Ингээд миний бие 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шинээр үүсгэн байгуулагдсан Т СӨХ-ны захирлаар ажилласан юм. Гэтэл өмнө нь уг байрны А СӨХ -ны даргаар ажиллаж байсан Г.Г  гэгч нь миний биеийг СӨХ-ны ажлыг булааж авсан, өрөөнд оруулж зодсон, дарамталсан гэж цагдаагийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл өгч шалгуулсан ба дээрх үйлдлүүд нь тогтоогдоогүй, эрүүгийн хуульд заасан гэм хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй тул тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2092 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Г.Г  нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулан мөн дээрх үндэслэлээр эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг, гэрэл цахилгаангүй 6 сар хохироосны хохирол 6 000 000 төгрөг, нийт 12 445 200 төгрөг нэхэмжилсэн өргөдөл гаргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 181/ШЗ2018/04044 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Г.Г  нь 2018 оны 05 дугаар сард дээрх үндэслэлээр тус цагдаагийн хэлтэст хоёр дахь удаагаа өргөдөл гарган шалгуулж байна. Г.Г  нь дахин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Х.Г  нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж томордог бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар удаа дараа өргөдөл гомдол гаргаж байсан боловч хувийн ашиг сонирхол, танил талаараа нөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгуулах, түдгэлзүүлэх, татгалзуулах үйлдлийг хийсээр ирсэн. Миний өргөдлийг ахлах дэслэгч Д.Мөнхсайхан, ахлах дэслэгч Д.Э нар нь хэргийг хэрэгсэхгүй болгож хааж татгалзуулаад Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн цагдаагийн газарт тушаал дэвшицгээсэн. Энэ үйлдэлд АТГ-ын МШХ-ны дарга Э.Идэрцогтын төрсөн ах Э.Идэрболд, УИХ-ын дарга М.Э комиссар, туслах жолооч нар, тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын газрын боловсон хүчний дарга нар оролцсон гэж үзэж байна гэсэн тайлбарыг гаргасан байна. Миний бие цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж цэргийн байнгын тэтгэвэрт 2011 онд гарсан нь үнэн ба цагдаагийн дээрх нэр бүхий алба хаагчдыг танихгүй болно. Иймд Г.Г гаргаж байгаа иргэн миний нэр хүндийг унаган, удаа дараа гүтгэж байгаа, цагдаагийн алба хаагчдыг ажлаа хийснийх нь төлөө гүтгэж, нэр төрд үндэслэлгүй халдаж байгаа гэмт үйлдлийг нь, мөн Г.Г өргөдөлд дурьдагдаад байгаа 6 445 200 төгрөгийн эд зүйлс, тоног төхөөрөмж байсан гэх асуудал нь огт худлаа бөгөөд эд зүйлс хулгайлсан гэж гүтгэж байна. Мөн өөрөө цахилгаан түгээхтэй холбогдоод цахилгаанаа авах боломжтой байсан. Шитний түлхүүрийг айлуудад өгсөн байсан. Миний бие СӨХ-ны өрөөнд байсан түүний гэх эд хогшлыг ачиж аваачаад өөрийнх нь эзэмшлийн амбаарт аваачиж хийсэн. Тэнд нэхэмжлэлд дурдсан шиг олон төрлийн эд хогшил, тоног төхөөрөмж байгаагүй. Бараг л ашиглах боломжгүй цөөхөн тооны эд зүйлс л байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан тул хариуцагч Х.Г оос гэм хорын хохирол 12 445 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г , Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А СӨХ  нь 14/2и байрыг хариуцаж байсан бөгөөд Г.Г  миний бие оршин суугчдын хүсэлтээр анхны СӨХ даргаар томилогдож ажилласан боловч анх барьсан барилгын компанид залилуулж, есөн жил орон сууцны конторын үүргийг ямарч цалин хөлсгүйгээр давхар гүйцэтгэж цахилгаан, дулаан, усны борлуулалтыг хийж, дарамтанд ажиллаж ирсэн болно. Барилгын компани нь дундын өмчлөлийн подволийг хувь хүнд бэлэглэж, тэр нь хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрөө огт төлдөггүй байсан. Ингээд орон сууцны конторт хүлээлгэн өгч 14/2и байраа Т СӨХ гэгч хууль бус СӨХ-д дээрэмдүүдж, өөрөө болон “Алтад их говь”СӨХ их хэмжээнийн өртэй үлдсэн болно. Учир нь миний бие “УБЦТС” ХК-д, орон сууцны конторт яаралтай хүлээлгэн өгөх шийдвэрийг хотын захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар нь гаргуулж, орон сууцны конторт хүлээлгэн өгөх болмогц өөрсдийн болон компаний бүх булхайг нууж хохирол учруулсан ул мөрөө баллах зорилгоор санаатайгаар жүжиглэж эхэлсэн. /хх-21,89,196-200,205 хуудас/ Миний бие 2015 оны 01-06 дугаар сар хүртэл СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж байсан боловч санхүүгийн хувьд ямарч эрх мэдэлгүй, дээрэмдүүлж нэг ч төгрөг хурааж, зарцуулаагүй, цалин аваагүй болно. Мөн Х.Г  манай “Алтад их говь”СӨХ-ны гэрчилгээ тамга тэмдэгийг хүчингүй болсон мэтээр санаатайгаар, мөнгө төлж зар “МХ-Өнөөдөр “сонинд тавиулж, хууль бус үйлдэл хийлгэж байсан./хх14-15 хуудас/ Тэр үйлдлүүд нь НМХГазар болон “УБЦТС” ТӨХК-ны шалгалтаар тогтоогдож нотлогдож байсан болно./хх9-15,35,36,160-167 хуудас/ Гэрэл, цахилгаангүй, харанхуй, айл хэсч хоног төөрүүлж явсан манай гэр бүлээс эрчим хүч, ус хэрэглэж засвар үйлчилгээ авч байсан мэтээр дарамтлаж СӨХ-ны төлбөр үндэслэлгүй нэхэмжлэж байсан. Хууль бусаар байгуулагдсан Т СӨХ-ны анхны захирал Х.Г  гэгч нь миний хувийн өмчийг бидэнд мэдэгдэхгүйээр хулгай хийж цагаан өнгийн протер машинаар 2 удаа ачиж авч явж, устгасан./хх-180-184 хуудас/ Мөн тэрээр дээрэмдэн авч “Тохь тух “СӨХ-ны өмч болгосон байсан Х.Г ашиглаж байгаад дамжуулж хүлээлгэн өгсөн миний цоо шинэ Японы сундаг шатыг 3 жил 8 сарын дараа, ТУЗөвлөлийнхөө шийдвэрээр, надад ”Тохь тух” СӨХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 албан тоотоор хүлээлгэн өгсөн. /хх-193-194, 2хх-49 хуудас/ Хариуцагч Х.Г  нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ:“ Тухайн байрны оршин суугчдаас 10-аад хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс хуралдаж, Ганболд даргыг СӨХ-өөс өөрчилөөд, оронд нь оршин суугчид нь Т СӨХ-г шинээр байгуулаад, намайг ажлаач гэж тус байрны оршин суугчдаас санал тавьсан” гэжээ./хх-98 хуудас/ Мөн хариуцагч Х.Г  нь мэдүүлэгтээ “Тэгээд энэ СӨХ-д би 2 сар ажлаад тус байрны дэргэдэх СӨХ-нд хүлээлгэж өгсон юм” гэжээ. /хх-98 хуудас/ Үнэн, хариуцагч Х.Г  нь 2 сар ажиллахдаа шинэ СӨХ байгуулж, эрчим хүч, дулаан, усны болон СӨХ-нд их хэмжээний өр төлбөртэй, айл өрх, ААН-ий өр төлбөрийн тооцоо, ул мөрийг баллах, тэдний өр, төлбөрийг хуучин ”Алтад их говь” СӨХ-нд нь үүрүүлж үлдээх үүргийг сайн гүйцэтгэж,өөрсдийн хамсаатан, манай байрыг авах маш их сонирхолтой Г.З  гэгчид сэмхэн шилжүүлээд зугтсан байсан. /хх-95 хуудас/ Мөн хариуцагч Х.Г  нь тус байрны доод гараашид байсан, том сейфний цоожийг эвдэж, дотор нь байсан гагнуурын аппарат, гар, малгай, электрод, цахилгааны утас....гэх мэт эд зүйлсийг СӨХ-ны дараагийн захиралууд болох Г.З , Т.Харцага нартай хуйвалдаж, хулгай хийж авч явсан гэж үзэхэд үндэслэлтэй тул, шалгагдаж байгаа болно./ХХ-191 хуудас/ Эрчим хүчийг санаатай,зохион байгуулалттайгаар, хууль бусаар таслаж,манай гэр бүлийг хохироосон нь цахилгаан тооллуурыг шинэчлээгүй бөгөөд зөвхөн нэгдсэн журмаар баталгаажуулаад бүх айлын цахилгааныг 3 жилийн хугацаатай 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр холболтыг нэгдсэн журмаар холбож өгсөн. Манайхыг ч гэсэн холбосон бөгөөд бид гэрэл, цахилгаантай болсон. Энэ нь хариуцагч Х.Г 2019 оны 11 дүгээр сарын 19-ний шүүх хурал дээр гаргаж ирж 4 жил 6 сарын дараа надад өгсөн манай 413432 дугаартай гэрээний дэвтэр, төлбөр, тооцооны хуудснаас харагдаж байгаа./хх-12,92-93,159,2-р хавтас хэрэг-11-17,39-43 хуудас/ Мөн хариуцагч Х.Г  цахилгаан шитийг цоожтой болгосон биш 2008 онд А СӨХ  болон хохирогч Г.Г  миний бие цахилгаан тоолуурыг хулгайд алдахаас сэргийлж давхар болгоны цахилгаан шитийг цоожтой болгосон юм./2хх-19 хуудас/ Харин хариуцагч Х.Г  эрчим хүчээр хангагдах гэрээний дагуу холбогдсоны маргаашаас зөвхөн манай шитийг санаатай угаар нь таслаж, давхар төмрөөр битүүмжилж, тусгай цоожоор цоожилж, түлхүүрийг хэнд ч хэзээ ч өгөхгүй гэмт үйлдэл хийсэн./хх-11, 2-р хавтас хэрэг-43 хуудас/ Ийнхүү шүүгчид үгсэн хуйвалдаж, хохирогч Г.Г  миний хийсэн, цоожтой болгосон ажлыг хариуцагч Х.Г  хийсэн мэтээр санаатай мэдэн будилж,”УБЦТС” ТӨХК-наас нэгдсэн журмаар 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр холболт хийж эрчим хүчээр бүрэн хангагдсан, дараа нь зөвхөн манай цахилгаан шитийг санаатай угаар нь таслаж, давхар төмрөөр битүүмлэж, өөрсдөө тусгай цоожоор цоожилсон болох нь хэнд ойлгомжтой, цэцэрлэгийн хүүхэд ч ойлгохоор, газар дээр нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүгнэлт гаргаж 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02-07/2326 тоот албан бичигт “танай оршин суугч Г.Г өргөдлийг судлаж үзэхэд уг айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийг 30.1.1-д заалтыг зөрчсөн байна” гэж дурдсан нь нотолж тогтоогдож байхад баримт гэж үзэх үнэдэслэлгүй бөгөөд өргөдлийг судалж үзсэний үндсэн дээр өгсөн өргөдлийн хариу гэж үзэхээр байна гэжээ. /хх-9, 11,2-р хавтас хэрэг-43 хуудас/ НМХГазрын улсын байцаагч нь газар дээр нь ирж шалгаж фото зургийн нь аваад, хариуцагч Х.Г той уулзах гээд уулзаж чадалгүй,”УБЦТС” ТӨХК-ны холбогдох хүмүүст уулзаж, холбогдох мэдээлэл цуглуулж '‘....айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус хувийн, санаатай хохироох зорилгоор тасласан болохыг тогтоож, дүгнэлт гаргаж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заалтыг зөрчсөн болохыг хариуцагч Х.Г мэдэгдсэн байдаг./хх-9 хуудас/ Гэтэл шүүгчид өөрөөр бодож.өөрөөр сэтгэсэн нь харамсалтай. Манайх гэр бүлээрээ эрчим хүчний болон СӨХ-ны ямарч төлбөр тооцоогүй цахилгаан гоолуур стандартын дагуу сайн ажиллаж байсан бөгөөд 2015 оны 05 дугаар сард байгуулагдсан "Тохь тух” СӨХ-нд тооцоо үүсээгүй байсан. Гэтэл анх байгуулагдсан цагаасаа эхлээд хариуцагч Х.Г  манай гэрийн эрчим хүчийг санаатай балмад бүдүүлэг үйлдэлээр таслаж 2015 оны 05-11 дүгээр сар хүртэл битүүмжилж хохироосон болохыг газар дээр нь ирж шалган тогтоож, холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсээс мэдээлэл цуглуулж.дүгнэлт гаргасан. НМХГазрын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02-07/2326 тоот болон "УБЦТС” ТӨХК-ны 2018 оны 03 дугаар сарын өдрийн 21/98 тоот албан бичигт дурьдсанаар тогтоочихоод байхад шүүх нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч миний бие тогтоогдсон, нотлогдсон, харин хариуцагч талд илт үйлчилсэн хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье./хх9-18 хуудас/ “Алтад их говь"СӨХ нь тус байрны эрчим хүчний төлбөрийг ААН-ын тарифаар олон жил төлж.ихээхэн хохирч байсан тул “УБЦТС” ТӨХК хүлээлгэн өгөх бүх асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлсэн. Мөн ус, дулаан, инженерийн системүүдийг нь мэргэжлийн байгууллага ОСНААУГ-ын ХҮТ-5 өгөхөөр яриад тохирч, гэрээ байгуулсан байсан. /хх-205 хуудас/ Гэтэл “Тохь тух”СӨХ-ны захирал хариуцагч Х.Г  миний ярьсан гэрээ байгуулсан орон сууцны конторт хүлээлгэн өгөх заавал албагүй гээд “Ганбиж” ХХК-хувийн орон сууцны конторт хүлээлгэн өгч оршин суугчдаас нилээд мөнгө татаж үргүй зарж сүржигнэсэн болно. Улсын комисс болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт шаардлагуудыг нуух гэсэн "АМТ Билдинг" ХХК-ны захиалга үүрэг мөн Г.Г  миний бие оршин суугчдын нийтийн жишгээр өөрийн тоолуурыг баталгаажуулж, залгах үйлчилгээний төлбөр, гэрээний дэвтрийн үнэ 20,0мян/төгрөг хураалгасан өгсөн болно. Тэгээд нэгдсэн журмаар айл болгонтой эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаж, манайд 2015 оны 06 дугаар сарын 13-наас эрчим хүчээр хангах 413432 тоот гэрээ, 4035515 дугаартай код өгч цахилгааны асуудал бүрэн шийдвэрлэгдсэн болох нь нотлогдож байгаа./хх-12,13,92,160,161 хуудас/ 2015 оны 07 дугаар сарын 01-нд “УБЦТС” ТӨХК эрчим хүчний хязгааралт хийх ямарч үндэслэл байхгүй байгаа тул СӨХ-ны захирал Х.Г давхар дундын шитний цоожийг онгойлгож, эрчим хүчийг холбох, үүрэг болгож, хууль бус ажиллагаагаа зогсоож, хариу мэдэгдэхийг шаардсан гэсэн./хх160-167 хуудас/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол дахин гаргасан./хх-165хуудас/ Тэд газар дээр нь ирж шалгахад, хариуцагч Х.Г  уулзалгүй зугтаад алга болсон тул НМХГ-аас дүгнэлт гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 02-07/2326 тоот албан бичиг СӨХ-ны захирал Х.Г хүргүүлсэн./хх-165 хуудас/ Ийнхүү Г.З  гэгчид сэмхэн шилжүүлээд зугтсан байсан./хх-95 хуудас/ Ийнхүү манай байрны СӨХ өөр хүнд шилжсэн боловч манай гэрийн эрчим хүчийг залгаж өгөхгүй түлхүүр болон хүмүүс нь олдохгүй, балмад үйл ажиллагаа үргэлжилсээр л бид хохирсоор л байсан тул 2015 оны 10 дугаар сард "УБЦТС” ТӨХК-д дахин гомдол гаргаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн. /хх-166 хуудас/ 2015 оны 11 дүгээр сарын эхээр "УБЦТС” ТӨХК-наа хүмүүс ирж, давхар дундын шитний цоожийг эвдэж,манай гэрийн эрчим хүчийг залгаж өгсөн болно. /хх-167 хуудас / Т СӨХ-ны захирал, хариуцагч Х.Г балмад үйлдлээс болж, манай гэр бүл олон сараар хохирсон болох нь холбогдох бичиг баримтуудаар хангалттай нотлогдож иогтоогдож байхад шүүх хариуцагч талд үйлчилж нэг талыг барьж хууль бус шийдвэр зохион байгуулалттайгаар гаргаж байгаад гомдолтой байгаа тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

Бидний өмч хөрөнгийг хулгай хийж устгасан нь хариуцагч өөрт хэрэгтэй гэх эд зүйлсийг бидэнд мэдэгдэхгүй цагаан өнгийн портер машинаар 2 удаа зөөж авч явсан, хэрэггүй гэсэн эд зүйлсийг мөн бидэнд мэдэгдэхгүйгээр путкенд хийж, олон жил нууж дарсан. Хариуцагч Х.Г , гэрч Э.Идэрболд, Б.Баярцэнгэл түүний хамсаатангуудад хууль сануулаад байхад хамгаалалтандаа эрдэж хүн хэрэглэх зүйлс байгаагүй, будагийн хоосон сав, түмэн сав л байсан гэж бүгд яг ижил нэгэн дуугаар зэрэг мэдүүлсэн байгаа./хх -98,134-136 хуудас/ Гэтэл бодит байдал дээр моторыг нь салгаж авч яваад үлдсэн моторын суурь бэхэлгээ бүслүүр төмөр тооны машин өдрийн гэрэл, шат, радиатор, уртасгагч, чемодан, ноолууран цамц, өмд, ажлын хувцас, куртика, сандал гэх мэт 26 нэр төрлийн эд зүйлс дээр нь маш ховор хуучны ном, зохиолуудтай номын сан, шинэ дорожи мөн хариуцагч Х.Г  хулгай хийж, дээрэмдэн аваад ашиглаж байгаад баригдаад ирэхээрээ бантсандаа Т СӨХ-ны өмч болгож, бүртгэж авсан. Япон шатыг оролцуулвал, цагдаа дээр хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон гээд байгаа шүүгчдийн дүгнэлт, хариуцагч Х.Г  түүний хамсаатангуудын мэдүүлгээс асар их зөрүүтэй болох нь нотлогдоно. /хх-98, 134-136, 193, 194, 234-248 хуудас/ Хуучны ховор номын сан байсан бөгөөд хээтэй нүүр хэсэг, хаалгыг нь хариуцагч Х.Г  шуналтаад,салгаж авч явсан байсан. /шүүхийн шийдвэрийн 5-р хуудас/ Мөн Хариуцагч Х.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “Иргэн Г.Г  нь оршин суугчдын хамт ажлаа хүлээлгэж өгөөд дахин огт ирээгүй” гэжээ. Надаас огт хүлээж аваагүй. Би ч хүлээлгэж өгөөгүй. Тийм учраас “Тохь тух”СӨХ нь А СӨХ -ны үе залгамжлагч биш өөр байгууллага, өөр хуулийн этгээд болох нь нотлогдож байгаа. Мөн тайлбартаа: “Одоогоор иргэн Г.Г  нь 14/2и байрны 34 тоотод амьдардаггүй, хоосон байдаг”гэжээ /хх-34-37хуудас/ Шал худал, харин Т СӨХ-ны захирал Х.Г  нь манай гэр бүлийг дарамтлаж, хавчиж, гадуурах болсон, бид орж, гарахдаа байнга дарамттай тулгарах болсон тул байраа 2015 оны 10 дугаар сарын 30-наас М.Ариунцэнгэлд, үргэжлүүлэн Н.Б  нарт түрээслүүлсэн болно./хх150-154 хуудас/ Мөн хариуцагч Х.Г  нь шинээр Т СӨХ байгуулсан хирнээ ”Алтад их говь”СӨХ-г их хэмжээний өрөнд унагаж, бүх дансыг минь хаалгаж, тамга, тэмдэгийг хүчингүй болгуулахаар мөнгө төлж, зар өгч, бүхий л арга заль зохиож, хэрэглэж, гүтгэж доромжлох шалгуулах, төлбөр тооцоо, мөнгийг зохион байгуулалттайгаар өөрийн хамсаатан Б.Анхил гэгч хүүхний хувийн виза картанд төвлөрүүлэх болсон тул бид дарамт, хэрүүл маргаанаас даижин норпип эрхгүй хадам хөгшнийдөө очсон болно./хх-147 хуудас/ Т СӨХ-ны захирал, хариуцагч Х.Г  гэгч нь хүч хэрэглэн манай гэрийн цахилгаан шитийг давхар төмрөөр битүүлжилж, цоожлож олон сараар хохироож, дарамтлаад зогсохгүй намайг хөдөө ажлаар явах хойгуур өрөөнүүдийн түлхүүр. цоожийг эвдэж дайран орж, хулгай хийж, дээрэмдэн авч, дур зоргоороо, балмад үйл ажиллагаа явуулж, бидний өмч хөрөнгийг устгасан. Мөн хулгай хийж, цагаан өнгийн протер машинаар 2 удаа ачиж, зөөж, өөрийн гэр байсан Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 10-71 тоот болон 11 дүгээр хороолол дахь СӨХ-ны байранд буулгаж, устгасан болно. Цагаан өнгийн протер машинд хоёр удаа ачиж байхыг дэргэдээс нь харж 2018 оны 04 дүгээр сарын 10-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс мөрдөн байцааагчид өгсөн гэрч Г.Бумцэндийн мэдүүлэг гэрчилж нотлож байна./хх137-138 хуудас/ Хариуцагч Х.Г той хамт ажиллаж байсан, үйлчлэгч Я.Оюунаагийг мэдүүлэг тодорхойлолтоор нотлож байна./хх-136 хуудас/ Бидний гэрийн эд хогшил тоног төхөөрөмж барилгын материал эд зүйлсийг хоёр удаа портер машинд ачиж өгсөн нь гэрч Б.Ганчөдөрын мэдүүлэг, тодорхойлолтоос тодорхой нотлогдож байгаа. /хх-135 хуудас/. Мөн хариуцагч Х.Г гол хамсаатан Т СӨХ-ны ТУЗ-ийн гишүүн 30 тоот Эрхий мэргэн овгийн Б.Баярцэнгэлийн 2018 оны 05 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлэгтээ” Г.Г  нь ямар нэгэн байдлаар ажил, эд хөрөнгө хүлээлгэн өгөлгүй яваад өгсөн.Мөн хоёр өрөөнд Г.Г эзэмшлийн гэх эд зүйлс байсан" гэжээ. Энэ бол бүрэн нотлоод өгсөн. Учир нь Г.Г хувийн эзэмшлийн эд зүйлс хоёр өрөөнд байсан. Хүлээлгэж өгөөгүй, хүлээж аваагүй, одоо бүх өрөө хоосон. Хариуцагч Х.Г  эзэнд нь мэдэгдэхгүй авч явсан, устгасан болох нь бодитоор нотлогдож байна./хх134-136 хуудас/ Хариуцагч Х.Г  хүн хэрэглэхээргүй эд зүйлсийн хог дээр хаясан. мөн өөрөө хэрэглэхгүй гэсэн зарим эд зүйлсийг путкенд хийснээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн./хх-234-248 хуудас/ Мөн ямар өмч хөрөнгө байсан нь фото зургаар нотлогдож байгаа болно./хх185-191 хуудас/ Нэхэмжлэгч Г.Г  миний бие өөрийн байрандаа засвар хийх зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 02-нд зуун айлаас барилгын материал, 25кг жинтэй цагаан өнгийн будаг 2 ширхэг, 25 кг жинтэй эмульс 2 ширхэг, будаг шингэлэгчүүд, багс, өнгөрүүш, мэдрэмжтэй гэрэл өдрийн гэрэл, бусад эд зүйлсийг худалдан авч улаан өнгийн даавуун тортой нь орхисон болно. /хх 182-183 хуудас/ Цоо шинэ сундаг япон шатыг хариуцагч Х.Г  нь хулгай хийж, дээрэмдэн авч Т СӨХ-ны өмч болгож, 3 жил 8 сар ашиглаж, ашиглаж, хэрэглэж, хэрэглэж байгаад эвдэж, элэгдсэний дараа хүнийг юмыг буцааж өгөх нь зүйтэй гэсэн Т СӨХ-ны ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т СӨХ-ны 3 дахь захирал Т.Харцага нь хүлээлгэн өгсөн болно./хх193-194 хуудас/ Шүүхийн захирамжаар үнэлгээ хийсэн “Вендо”хэмээх үнэлгээний компани, уг путекинд 26 эд зүйлс байгаа нотлож үнэлсэн болно. Мөн заримыг нь цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэсэн/хх-234-248 хуудас/ Ийнхүү бүрэн нотлогдон тогтоогдсон байхад тогтоогдоогүй гэсэнд маш их гомдолтой байна./хх-134-136, 234-248 хуудас/ Шүүхийн хууль бус ажиллагаа ийнхүү хариуцагч Х.Г  нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, ишинээр "Тохь тух” СӨХ-г байгуулаад зогсохгүй, хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авч байхад л хүртэл санаатай, худал мэдүүлэг өгч, гүтгээд байгаа тул хариуцагч Х.Г “Алтад их говь”СӨХ-ноос ажил хүлээлгэн өгсөн акт, ажил хүлээн авсан акт, холбогдох бичиг баримт, хэдэн түлхүүр хүлээлгэн өгснийг тусгасан гарын үсэгтэй баримтуудыг шүүхийн журмаар, захирамжаар гаргуулан авах хүсэлт шүүхэд гаргасан боловч хэрхэн шийдвэрлэгдсэн тодорхойгүй дарагдаад өнгөрсөн. Энэ бол хууль бус гэж үзэж байна. Мөн ”УБЦТС” ТӨХК-аас холбогдох нотлох баримтуудыг шүүхийн захирамжаар гаргуулж авахаар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг, шүүх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШТ2019/00232 тоот тогтоолоороо хангаж, дээрх баримтуудыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг “УБЦТС” ТӨХК-д даалгасан. Гэтэл “УБЦТС” ТӨХК нь бүхэл бүтэн 6 сар дарж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр явуулсан мэтээр санаатай огноо бичиж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил тарах үед шууданд хийж, шүүх хурал болохын өмнөхөн, сайн танилцах боломж санаатай олохгүй, хохироосон. Үүнийг би хууль зөрчсөн гэж үзэж байна./2хх-37 хуудас/ Хариуцагч Х.Г  нь Г.Г эд зүйлсэд хүн хэрэглэхээр эд зүйлс гэх юм байгаагүй гэсэн хирнээ, миний хувийн өмч, хувийн бизнесийн ажилд өрөлдөө ашиглахаар, зориуд хүнд захиж авчруулсан хөдөлмөрийн багаж, сундаг Япон шинэ шатыг бүхэл бүтэн 3 жил 8-н сар ашиглаж, хэрэглэж ”Тохь тух” СӨХ-ны өмч болгож жүжиглэж, дамжуулж байгаад, хүний юмийг буцааж өгөх нь зүйтэй гэсэн Т СӨХ-ны ТУЗ-ийн шийдвэрээр 3 дахь захирал Т.Харцага гэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоотоор гарын үсэг зуруулж хүлээлгэн өгөхөөр жижүүр дээр үлдээсэн байсан. Миний бие тэр албан тоот шатны фото зургийг Т СӨХ-ноос шүүхийн захирамжаар гаргуулан авах, мөн нэхэмжлэгч Г.Г  миний бие өөрийн өмч хөрөнгө, эд зүйлсээ хийж байсан 2 өрөөний талбай хэмжээ шинжээчээр тогтоолгуулахаар хүсэлт шүүхэд гаргасан Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж томрох дуртай сантеникийн мэргэжилтэй иргэн Х.Г  үгсэн, хуйвалдаж, зохион байгуулалттайгаар бүлэглэн иргэн Ч.Б , Г.Г  бид нарын хувийн өмч хөрөнгө, гэрийн эд хогшил тоног төхөөрөмж, барилгын материал, эд зүйлсийг хулгай хийж цагаан өнгийн портер машинаар хоёр удаа ачиж явсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогддог боловч тэрээр танил талаараа, хамтран зохион байгуулагчид тэдний ах дүүс, найз нөхөд, бүлэглэлийн гар хөл бологчдоороо хаалгуулж, хэрэгсэхгүй бологчихдог байсан./хх19,168-171 хуудас/ Харин шударга нэг цагдаагийн ажилтан эрүү үүсгэж болохгүй шүү гээд дээрээс үүрэг даалгавар өгчихсөн тул ямарч боломжгүй, цаг хугацаа л алдахын нэмэр, харин та хохирлоо иргэний шугамаар шүүхийн шийдвэрлүүлсэн нь дээр гэж зөвлөж байсан. Мөн иргэн Г.Г  миний хувийн орон сууцны гэрэл цахилгааныг санаатайгаар зохион байгуулалттайгаар таслаж, дарамтлаж, хохироох зорилгоор цахилгааны шитийг давхар төмөрөөр битүүмжилж, цоож зүүж манай гэр бүлийг бүхэл бүтэн 6 сар гэрэл, цахилгаангүй хохироож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа хийж шалгасан боловч тэрээр цагдаагийн байгууллагын нэрийг барьж хэргээс мултарч, ял завшиж, биднийг хохирсон дээр нь улам хохироосоор байсан. Зөрчлийн тухай хуулиар ямарч арга хэмжээ аваагүй. Бид гэр бүлээрээ эд материал, сэтгэл санааны ихээхэн хохиролыг амссан болно. Ийнхүү хууль бус үйлдлээрээ ядарсан хөгшин, иргэн намайг хохироох дархан эрх хариуцагч Х.Г байхгүй байлтай. Гэтэл шүүх нь Иргэний хуулиар 2 өрөө чөлөөлөх зүйлшгүй шаардлага гарсан бол комисс томилож, хорооны байцаагч, хөндлөнгийн гэрчийг байлцуулж байгаа эд зүйлс хөрөнгийг нэг бүрчлэн бүртгэн авч өмч хөрөнгийг эзэд нь хүлээлгэн өгтөл өмч хөрөнгийг устаж үгүй болохоос урьдчлан сэргийлж хамгаалах арга хэмжээ авсан байх ёстой. Гэтэл иргэн Г.Г , Ч.Б бид нарт мэдэхгүйгээр ус бороо дуссан, салхи, шороо шуурсан, цоож цуураггүй путекинд нууцаар хийж, олон жил дарч, хэнч ашиглах боломжгүй болгож /шинжээч тогтоосон/ хохироосон байхад шүүх хариуцагч талд үйлчилж, хэргийн хэрэгсэхгүй болгож байгаа нь харамсаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд олон удаа нөлөөлж, хууль бусаар буцааж, буцааж байгаад Хан-Уул дүүргийн шүүхэд авчирч шийдвэрлүүлэх, хэргээс, хариуцлагаас мултарах гэсэн хүсэл зорилгоо хариуцагч талд ханган биелүүллээ гэж үзэж байна./хх-20,24-29 хуудас/ Мөн хариуцагч Х.Г  захиалгаар 2-хан сар ажиллахдаа бидний хувийн өмч хөрөнгийг устгаж, захиалга, даалгавараа онц биелүүлээд явсан болно. Хариуцагч Х.Г  нь хүний хувийн өмч хөрөнгийг мэдэгдэхгүйгээр хулгай хийж ачиж явсан, зарим эд хөрөнгийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр ус бороо дусдаг путекинд хийж хүн ашиглах боломжгүй болсныг шүүхийн захирамжаар томилогдсон “Вендо хөрөнгийн үнэлгээний” ХХК газар дээр нь шалгаж, тогтоож, дүгнэлт гаргаад байхад шүүхэд тэр шинэ дорожи нь нугалаасаараа урагдаж ялзарч, цоорсон, номын санд байсан дээр үеийн түүхийн болон мэргэжлийн ховор, номууд шарлаж, хулгана мэрж, цаашид ашиглагдах ямар ч боломжгүй болсон нь шүүхэд ямар ч хамаагүй, хохь нь гэсэн аястай шүүхийн хууль бус шийдвэрийг мэргэшсэн, гар хөл бологч, шүүгчид нь хуйвалдан, гаргаж байгаад харамсаж, ой гутаж тэднийг цэвэрлэх ажиллагаанд гар бие оролцож тэмцэх болно гэдгийг албан ёсоор хариуцлагатай мэдэгдэж байна. Мөн энэ хэрэгт анхнаасаа оролцож хууль бус шийдвэр гаргахад нь нөлөөлж байсан албан тушаалтнууд, албан тушаалаа урвуулан ашиглаж тушаал дэвшиж байсан мөрдөн байцаагчид, прокурорууд, өмгөөлөгч, шүүгч нар ялаа эдлэх болно гэдгийг, мөнх тэнгэр тэднийг өршөөхгүй гэдгийг сайн мэдэрч сууна. /хх-19, 168-171/ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г , Ч.Б нар нь хариуцагч Х.Г холбогдуулан гэм хорын хохирол 12 445 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч Г.Г , Ч.Б нар нь хариуцагч Х.Г холбогдуулан  2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн 183/ШЗ2018/13022 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд уг захирамжид нэхэмжлэгч Ч.Б ыг орхигдуулж, Г.Г нэхэмжлэлтэй иргэний хэргийг үүсгэсэн байна. /хх-31/

 

Иймд Ч.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг үүсгэсэн захирамж хэрэгт авагдаагүй байхад түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн түүнчлэн, хэргийн 1 дүгээр хавтасны 223 дугаар тал дахь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/05339 дүгээр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжид Г.Г нэхэмжлэлтэй Х.Г холбогдох хэрэгт холбогдох хэргийг иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжид нэхэмжлэгч Ч.Б ыг орхигдуулсан атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Г.Г , Ч.Б нарын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй хууль зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамыгн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/288 дугаар тушаалаар дэд жагсаалт батлаж, хавсралтаар тус хэрэгт оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийг батлан Ө.Цэндсүрэн сонгогдсон байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг үндэслэн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх боловч хэргийн баримтаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ө.Ц мөн өдрийн шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн гэх баримт түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрсөн гэх байдал нотлогдохгүй байх тул түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 153 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ