Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2024/00047

 

Г.Г, Ч.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03395 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00024 дүгээр магадлалтай

Г.Г, Ч.Б нарын нэхэмжлэлтэй,

Х.Гт холбогдох

Гэм хорын хохиролд 12,445,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Х.Г, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нар нь хариуцагч Х.Гт холбогдуулан гэм хорын хохиролд Г.Гын 118 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 4,662,000 төгрөг, Ч.Бын 35 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 1,783,200 төгрөг, нийт 153 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 6,445,200 төгрөг болон орон сууцны цахилгааныг 6 сар тасалснаас байр түрээсэлж, түрээсийн төлбөр төлж хохирсон хохирол 6,000,000 төгрөг, нийт 12,445,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03395 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Гоос гэм хорын хохиролд 12,445,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,080 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00024 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 183/ШШ2023/03395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Х.Гоос 3,267,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарт олгож, 9,177,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 67,233 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарт олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Х.Г хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Г.Г нь СӨХ-ны даргаар ажиллаж байгаад 2015.04 сард ажлаасаа чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэн өгөхдөө СӨХ-ны шит узелийн болон сантехникийн өрөөнд бөөгнүүлээд удсан өөрийн эд хөрөнгө гэх жижиг сажиг янз бүрийн муудсан хуучин хэрэглэх боломжгүй хувцас, модон шат, паркетан шал, дрож, төмөр сунадаг шат, будгийн болон эмульсны сав зэрэг эд зүйлсээс зөвхөн төмөр шатаа авна, бусдыг нь авахгүй гэсэн. Х.Г би СӨХ-ны ажлыг хүлээн аваад үйл ажиллагаагаа явуулах, засвар үйлчилгээ хийх гэтэл түүний хуучин хэрэглэдэггүй, авахгүй гэсэн эд зүйлс нь зориуд саад болж байсан учраас СӨХ-ны удирдлагын зүгээс эд зүйлээ авахыг удаа, дараа сануулж мэдэгдээд ирэхгүй, авахгүй болохоор нь арга буюу түүний авна гэсэн сунадаг төмөр шатыг нь үлдээж бусад эд зүйлсийг нь өөрийнх нь эзэмшлийн тоосгон амбаарт зөөвөрлөсөн юм.

Тухайн үед манай СӨХ-ны нийт оршин суугчид цахилгааны төлбөрөө аж ахуй нэгжийн тарифаар төлдөг байсныг болиулж, айл өрхөөр төлдөг болгох ажлыг СӨХ зохион байгуулж, өрх бүр У-тэй гэрээ байгуулах явцад 14/2 И тоотын оршин суугч нэхэмжлэгч Г.Г цахилгааны гэрээгээ өөрчилж шинээр гэрээ байгуулаагүй, тоолуураа баталгаажуулаагүй, түүнд хэлж сануулах гэхээр гэрт нь хүнгүй, залгахад утсаа авдаггүй байсан. Хожим түүнийг өөрийнхөө байрнаасаа нүүгээд урд Woolii гэдэг байранд амьдарч байсныг нь олж мэдээд шинэ хаягаар нь уулзах гэхээр хаалгаа нээдэггүй, дотроо бол өөрөө байдаг байсан бөгөөд хэрэглэгч өөрөө цахилгаанаа холбуулах үүрэг хүлээсэн байсан. Айл өрхийн цахилгааны хэрэглээг тодорхой шалтгаанаар хязгаарлах, холбох эрх У-д байсан. Харин манай СӨХ-д цаашилбал иргэн Х.Г би цахилгаанчин биш, мэргэжлийн бус хүн өндөр хүчдэлийн шугамтай харьцаагүй. Надад Г.Гын цахилгааныг хязгаарлах, таслах эрх олгогдоогүй, бүх тоолуурыг баталгаажуулж, цахилгааны шитийг битүүмжилж тавьсны дараа оршин суугчидтай байгуулсан гэрээг шинэчилж байгуулсан. Хэрэв тасалж хязгаарласан бол тэр үед хэн нэгэн тогонд цохиулж амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл учрах байсан гэдэг үйл баримтын талаар удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарлан мэтгэлцсэн.

4.1.Маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг удаа, дараа хэрэгсэхгүй болгож байсан талаар: Хавтас хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг удаа дараагийн шүүх бүрэлдэхүүнүүд тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад 2019.11.19-ний өдөр 183/ШШ/2019/02494 тоот шүүхийн шийдвэрээр Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ дараах дүгнэлтийг хийж байсан юм.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг. Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хохирол учруулсан этгээд гэм хохирлын хооронд шалтгаант холбоо байх, хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй болон хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хариуцагч Х.Гийн нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг СӨХ-ны эзэмшлийн узелийн байрнаас нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн амбаарт шилжүүлэн зөөж хураасан үйлдлийг хууль зөрчсөн гэм буруутай, энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд зүйлс алга болж, үрэгдэж хохирол учирсан , үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хариуцагч Х.Г нь 2015.04.11-ний өдрөөс 2015.09.01-ний өдөр хүртэл *** СӨХ-ны даргаар ажиллах хугацаандаа *** дүүргийн 8 дугаар хороо, 1** байрны нийт айл өрхийн цахилгаан тоолуурыг шинэчлэн баталгаажуулж, цахилгааны шитийг цоожтой болгосон байх бөгөөд уг ажлыг гүйцэтгэхдээ тус байрны ** тоотод оршин суугч нэхэмжлэгч Г.Гын орон сууцны цахилгааныг тасалж, 6 сар цахилгаангүй хохироосон гэх байдал нотлогдохгүй байна. *** СӨХ-оос нэхэмжлэгч Г.Гын цахилгаан эрчим хүчээр айл өрхийг хангах гэрээг 2015.06.13-ны өдөр “***” ХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг хэрэглэх боломжтой бөгөөд “***” ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018.03.23-ны өдрийн 21/98 тоот албан бичгээс үзэхэд Г.Гын гаргасан өргөдлийн дагуу цахилгаан эрчим хүчийг залгах шийдвэр өгч, монтёр Э.Б залгалт хийхээр очиход тус айл эзэнгүй, хэрэглэгчийн утас холбогдох боломжгүй, давхар дундын шит цоожтой байсан шалтгаанаар залгалт хийгдээгүй байна. Харин Г.Г нь 2015.11 дүгээр сард өөрөө гэртээ байгаагаа мэдэгдсэний үндсэнд цахилгаан эрчим хүчийг залгаж өгчээ.

Дээрх баримтаас үзэхэд цахилгаан эрчим хүч хэрэглэгч Г.Г нь өөрийн хүссэн цагт цахилгаан эрчим хүчийг холбуулах боломжтой байсан байх бөгөөд сууц өмчлөгчдийн холбоонд орон суугчийн цахилгаан эрчим хүчийг салгах эрхийг хуулиар олгогдоогүй, уг эрхийг *** СӨХ-ны захирлаар ажиллаж байсан Х.Г эдэлж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж хохироосон гэж үзэх боломжгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015.07.22-ны өдрийн 02-07/2326 тоот албан бичигт “...танай оршин суугч Г.Гын өргөдлийг судалж үзэхэд уг айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийг 30.1.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэж дурдсан нь хариуцагч Х.Г *** СӨХ-ны даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн орон сууцны цахилгаан эрчим хүчийг тасалсан болохыг нотолж, тогтоосон баримт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өргөдлийг судалж үзсэний үндсэн дээр өгсөн өргөдлийн хариу гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Г.Г нь цахилгааны холболтыг өөрөө залгуулах боломжтой байхад *** СӨХ-оос цахилгааны тоолуурыг шинэчилж, баталгаажуулах ажил хийж гүйцэтгэж, цахилгааны холболтуудыг түр салгаснаас хойш орон сууцныхаа цахилгааныг холбуулаагүй, энэхүү хугацаанд орон сууцандаа амьдраагүй, эзгүй байснаас холбуулж чадаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж тус тус хууль зүйн дүгнэлтийг хийж байсан юм.

2021.03.25 өдрийн 743 дугаар Хан-Уул цүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан.

2023.10.26-ны өдрийн 3395 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан.

2020.03.02-ны өдрийн 486 дугаар болон 2021.08.06-ны өдрийн 01199 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудаар анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байсан гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж байсан юм.

4.2.Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж буй 2023.12.25-ны өдрийн 210/МА2024/00024 тоот магадлалын талаар: Хариуцагч Х.Г нь *** СӨХ-ны даргаар ажиллах хугацаандаа СӨХ-д хамаарах дундын өмчлөлийн байранд /узель/ байсан нэхэмжлэгчийн эзэмшлийн эд зүйлсийг зөөж, бусдын өмчийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч нарт узелийн өрөөг чөлөөлөх талаар албан бичгээр мэдэгдэх болон бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах байсан. Хариуцагч Х.Г нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг зөөж, шилжүүлэхдээ бүрэн бүтэн байдлыг хангаж, дутаахгүй болон гэмтээлгүй хүргэсэн үйл баримт нотлогдоогүй. Хариуцагч X.Г нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй эд хөрөнгийг нь зөөвөрлөхдөө гэм хор учруулсан гэм буруутай гээд 267,720 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаад гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ СӨХ-ны ажлыг хүлээлцэхэд нэхэмжлэгч өөрөө биечлэн байсан, узелийн өрөөнд байсан хуучирч муудсан эд зүйлсээ авахгүй, зөвхөн 3 сунадаг төмөр шатаа авна гэсэн тайлбарыг шүүх бүрэлдэхүүн нотлох баримтаар үнэлээгүй байдаг. Түүнчлэн Г.Гыг хуучин хүн хэрэглэх боломжгүй болсон эд зүйлсээ ав гэж СӨХ-ны ажилтнууд удаа дараа шаардахад аваагүй, СӨХ-д яаралтай засвар үйлчилгээг эхлүүлэхийн тулд иргэн Х.Г биш, *** СӨХ-ны удирдлагын шийдвэрээр тухайн эд зүйлсийг нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд хүргэж зөөвөрлөсөн. Харин өмчлөгч өөрөө эд зүйлээ хэрэгтэй байсан бол алга болох, элэгдэж хорогдохоос өмнө авах, хараа хяналтдаа байлгах үүрэгтэй ба удаан хугацаанд эзэнгүй өөрийнх нь эзэмшлийн амбаарт байснаас магадгүй үрэгдэж алга болсон үйлдэлд намайг шууд буруутгаж гэм буруутай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юмаа. Гэм бурууг зөвхөн шүүх тогтоодог байх. Мөн прокурорын байгууллага хулгайлах гэмт хэрэгт намайг гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж байсан.

4.3.Хариуцагч нь Г.Гын өмчлөлийн *** дүүргийн 8 дугаар хороо, ***-ын гудамж, *** байр, ** тоотод байрлах, 61.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны цахилгаан тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гээд Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2015.07.22-ны өдрийн 02/07/2326 дугаар албан бичигт “... айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дах хэсэгт заасныг зөрчсөн байна” гэсэн нотлох баримтыг нэхэмжлэгчийн эрчим хүчийг хариуцагч Х.Г намайг тасалсан буруутай болгох гэж нотлох баримтаар үнэлж байгаа нь шударга бус, энэ албан тоотод хариуцагч Х.Г Г.Гын байрны эрчим хүчийг тасалсан гэдэг үг, агуулга байдаггүй. Мэдээж эрчим хүчний хэрэглээг таслах нь хэрэглэгчийн хэвийн амьдрах нөхцөлийг алдагдуулах нэг хүчин зүйл гэдэгтэй би маргахгүй, гэхдээ би таслаагүй, СӨХ ч таслаагүй гэдгийг анхан шатны шүүх хуралдааны явцад ойлгож 3 удаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан юм. Түүнээс гадна нэхэмжлэгч Г.Г нь өөр байранд амьдарч байсан учраас эрчим хүч тасалдсан байрандаа амьдраагүй, эрчим хүчээ залгуулах оролдлого хийгээгүй байсныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүйд гомдолтой.

4.4.Хэдийгээр хэргийн оролцогчдын зүгээс шүүх хуралдааны товыг лавлаж мэдэх үүрэгтэй боловч тухайн үед давж заалдах шатны шүүхийн туслахын зүгээс шүүх хуралдааныг 2023.12.25-ны өдөр болно гэдгийг хэлсэн боловч хэдэн цагт болохыг нь хэлээгүй байсан тул 12.25-ны өдөр хурлын цагийг тодруулж асуухаар утсаар залгаж асуухад, хурал эхэлсэн байна, хурдан ир гэснээр би яаралтай явж очсон, ингээд намайг хуралд оруулсан боловч шүүх хуралдааны ажиллагаанд тайлбар, мэдүүлэг өгч оролцох боломжгүй гэснээр ямар ч үг, тайлбар хэлүүлээгүй. Дээрх шалтгааны улмаас шүүх хурлаас хоцорсон боловч нэгэнт шүүх хуралд оруулсны хувьд намайг үг хэлж, тайлбар гаргах эрхээр хангах боломжтой байсан. Гэтэл шүүхийн зүгээс энэ эрхийг хангаагүйгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний эсрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж тус тус гомдолтой байна.

4.5.Дээрх шүүхийн шийдвэрүүд, хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд цахилгаан эрчим хүч хэрэглэгч Г.Г нь өөр байранд түр амьдраагүй бол өөрийн хүссэн цагт өөрийн байрныхаа цахилгаан эрчим хүчийг холбуулах бүрэн боломжтой байсан байх бөгөөд СӨХ-д орон сууцны цахилгаан эрчим хүчийг салгах эрх хуулиар олгогдоогүй, уг эрхийг *** СӨХ-ны захирлаар ажиллаж байсан Х.Г эдэлж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж хохироосон гэж үзэх боломжгүй, мөн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний үндэслэсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015.07.22-ны өдрийн 02/07/2326 тоот албан бичигт “...танай оршин суугч Г.Гын өргөдлийг судалж үзэхэд уг айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэж дурдсан баримт нь хариуцагч Х.Г намайг *** СӨХ-ны даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн орон сууцны цахилгаан эрчим хүчийг тасалсан болохыг нотолж, тогтоосон баримт гэж үзэх үндэслэлгүй юм. Харин энэхүү албан тоот нь нэхэмжлэгч Г.Гын тус байгууллагад гаргасан өргөдлийг төрийн эрх бүхий байгууллага судалж үзсэний үндсэн дээр түүнд өгсөн өргөдлийн хариу гэж үзэхээр байгаа.

Иймд хууль хэрэглээ, үйл баримт дээр давж заалдах шатны шүүхээс 1 ширхэг бичгийн баримтыг үндэслэн зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мөн тус шүүх хуралдаанд миний бие болох хариуцагч талыг тайлбар гаргах эрхээр хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.25-ны өдрийн 24 дугаартай магадлалыг үндэслэл бүхий гарсан эсэхийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.15-ны өдрийн 001/ШХТ2024/00230 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нар хариуцагч Х.Гт холбогдуулан гэм хорын хохиролд 12,445,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг “... *** дүүргийн ** дугаар хороонд байрлах ** байрны СӨХ-ны даргаар ажиллаж байхдаа узелийн өрөөнд эд зүйлээ хадгалсан байсан, гэтэл Х.Г нь шинээр байгуулагдсан “***” СӨХ-ны даргаар ажиллах үедээ 153 нэр төрлийн эд зүйлсийг зөөж, заримыг нь гэмтээж, үрэгдүүлсэн тул Г.Гын өмчлөлийн 118 эд зүйлийн хохиролд 4,662,000 төгрөг, Ч.Бын өмчлөлийн 35 нэр төрлийн эд зүйлсийн хохиролд 1,783,200 төгрөг, мөн Г.Гын орон сууцны цахилгааныг хариуцагч хууль бусаар тасалснаас цахилгаангүй болж, 6 сар бусдын байр түрээсэлж, сард 1,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсний хохирол 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...2015.05.01-ний өдрөөс “***” СӨХ-ны даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд өмнөх “***” СӨХ-ны дарга Г.Г ажил болон эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй. СӨХ-ны эзэмшлийн байрыг цэвэрлэх, зохих байгууллагад хүлээлгэн өгөхөөр Г.Гын гэх эд зүйлсийг байрны хажуугийн түүний тоосгон амбаарт аваачиж хураасан, эд зүйлсээс юу ч аваагүй, бүх айлын тоолуурыг баталгаажуулж, цахилгааны шитийг битүүмжилсэн, гэрээгээ шинэчилсэн. Нэхэмжлэгч өөрөө гэрээгээ байгуулж цахилгаанаа холбуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдаж байгаа 153 нэр төрлийн эд зүйл бүгд узелийн өрөөнд байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин 26 нэр төрлийн эд зүйлийг тухайн өрөөнөөс зөөж нэхэмжлэгчийн тоосгон амбаарт тавьсныг хариуцагч маргаагүй боловч харин үүнд болон нэхэмжлэгчийн цахилгаан тасалсан эдгээр үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан, хариуцагч гэм буруутай гэх шалтгаант холбоо нотлогдоогүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх, хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд халдаж хууль бус үйлдэл гаргасан, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй, хохирол учрахад нэхэмжлэгчийн буруу нөлөөлсөн гэж үзэн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэж дараах дүгнэлтийг хийв.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан, эдгээр хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болжээ.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх,  үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой, тухайн этгээдийн санаатай эсхүл болгоомжгүй гэм буруу тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

11.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Г нь *** дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоот орон сууцны өмчлөгч бөгөөд тус байрны “***“ СӨХ-ны даргаар 2007 оноос эхлэн ажиллаж байсан, байрны оршин суугчдын 2015.05.01-ний өдрийн хурлаар “***” СӨХ-г өөрчилж шинээр “***” СӨХ-г байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс СӨХ-ны даргаар хариуцагч Х.Гийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.

12.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын 6,445,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар “эд хөрөнгийг зөөж хураасан үйлдлийг хууль зөрчсөн гэх, энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан, үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлд дурдсан бүх эд зүйлс узелийн өрөөнд байсан нь тогтоогдоогүй” гэж дүгнэхдээ “***” ХХК-ийн нийт 26 ширхэг хуучин эд зүйл байсан, үүнээс 6 эд зүйл буюу өмд, цамц, ажлын хувцас, дрож ашиглагдах боломжгүй норж, үжирсэн байдалтайгаас үнэлээгүй, бусад 20 эд зүйл буюу барилгын материал, багаж зэргийг үнийн итгэлцүүрээр нийтдээ 267,720 төгрөгөөр үнэлж тогтоосон гэх дүгнэлтэд суурилжээ.

13.Харин дээрх нэхэмжлэлийн талаар давж заалдах шатны шүүх, хариуцагч Х.Г нь “***” СӨХ-ны даргаар ажиллах хугацаандаа нэхэмжлэгчийн өмчийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй шилжүүлж хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргасан, узелийн өрөөг чөлөөлөх талаар албан бичгээр мэдэгдэх болон нэхэмжлэл гаргах замаар чөлөөлүүлэх хуулийн зохицуулалттай, ...бүрэн бүтэн байдлыг хангаж, дутаах болон гэмтээлгүй хүргэснээ баримтаар нотлоогүй, шинжээч нь нэхэмжлэгчийн 26 нэр төрлийн эд зүйлсийг 267,720 төгрөгийн үнэ цэнэтэй гэж тогтоож, номнуудыг нэг бүрчлэн тоолж, нэр нэршлийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Иймээс ... хохирлыг нотлогдсон хэмжээгээр буюу 267,720 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийсэн.

14.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн  “...нэхэмжлэлд дурдсан 153 эд зүйлсээс 26 нэрийн эд зүйл нэхэмжлэгчийн тоосгон амбаарт байна, иймээс эдгээр эд зүйл нь үрэгдсэн, устсан гэж үзэхгүй, бусад эд зүйл нь узелийн өрөөнд байсан нь баримтаар нотлогдоогүй” гэсэн дүгнэлтийг үгүйсгээгүй атлаа амбаарт байгаа үнэлэгдсэн эд зүйлд хохирол учирсан гээд улмаар хариуцагч хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

14.1.Учир нь, аливаа этгээдийн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хамгаалагдах зүйл мөн боловч энэ маргааны хувьд өмчлөгч буюу нэхэмжлэгч Г.Г нь эд хөрөнгөө харж хамгаалах өөрийн боломжийг хэрхэн хэрэгжүүлсэн, хариуцагчийн зарим эд зүйлийг өөр газар зөөсөн үйлдлийг хууль бус гэж үзэх эсэх, уг үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхэд давж заалдах шатны  шүүх дүгнэлт хийхдээ дараах нөхцөл байдлыг анхаараагүй байна.

14.2.Хэргийн баримтаас үзэхэд *** байранд шинээр “***” СӨХ байгуулсан шалтгаан нь нэхэмжлэгч өмнөх СӨХ-ны даргаар ажиллаж байхдаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугчдаас авсан атлаа зохих байгууллагад төлөөгүй, үүнээс оршин суугчдын зүгээс маргаан үүсгэсэн, нэхэмжлэгч Г.Г төлбөл зохих өр төлбөрийг 3 сарын дотор төлөхөөр болж цаашид ажиллахгүй болохоо илэрхийлсэн, энэ үед нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн узелийн өрөөнд хадгалсан зүйлээ өмчлөгчийн хувьд хамгаалах зөөж авах боломжтой байсан, тэр тусмаа, СӨХ-ны эзэмшлийн узелийн өрөөг цэвэрлэх, засах, зохих байгууллагад хүлээлгэн өгөх шаардлага байсныг мэдэж байсан атлаа суллаж өгөөгүйн улмаас хариуцагч нь СӨХ-ны даргын хувьд  нэхэмжлэгчийн эзэмшлийн амбаарт шилжүүлсэн энэ үйлдлийг өмчлөх эрхэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэх нь өрөөсгөл байна.

14.3.Үүнээс гадна байгаа эд зүйлийн хувьд гэм хорын хохирол учирсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй өөрөөр хэлбэл, эдгээр нь хуучин эд зүйлээс гадна цаашид  ашиглагдах боломжгүй гэж шинжээч дүгнээгүй тул мөнгөөр хохирол төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй, эдгээр байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, “...хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаж хууль бус үйлдэл гаргасан, уг үйлдлийн  улмаас нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй” гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

15.Иймд, нэхэмжлэлд дурдсан зарим эд зүйл тухайн узелийн өрөөнд байсан, эдгээрийг хариуцагч авч үрэгдүүлсэн, гэмтээсэн нөхцөл нотлогдоогүй, гагцхүү байсан эд зүйлийг хариуцагч Х.Г өөрийн буюу хувь хүний эрх ашгийн үүднээс бус, СӨХ-ны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой зөөсөн боловч энэхүү үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

16.Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн хоёр дахь 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ цахилгааныг тасалсан, цахилгаангүйгээс амьдрах боломжгүй болж бусдын байрыг хөлсөлсөн буюу эд хөрөнгийн алдагдал хүлээсэн гэсэн агуулгаар тодорхойлсон.

17.Давж заалдах шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг магадлалд “бусдын байр хөлсөлж, хөлс төлсний хохирол”,  “бусдад орон сууцаа хөлслөх боломж алдсаны хохирол“ гэж өөр өөр байдлаар тусгаж, улмаар энэхүү нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа орон сууцыг бусдад түрээслүүлэх жишиг үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг баримталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг өөрчлөөгүй байхад давж заалдах шатны шүүх  нэхэмжлэлийн үндэслэлийг өөрөөр, буруу тодорхойлж, зохигчийн мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

“Бусдын байр хөлсөлж, хөлс төлсний хохирол” нь  гаргасан эд хөрөнгийн зардал буюу алдагдалд, “бусдад орон сууцаа хөлслөх боломжоо алдсан хохирол” нь олох байсан орлогоо олж чадаагүйгээс үүссэн хохиролд тус тус хамаарах бөгөөд эдгээр нь ялгаатай, өөрөөр хэлбэл, алийг шаардаж буйгаас шалтгаалж нотлогдвол зохих байдал, нотолгооны чиг үүрэг өөр байдлаар тодорхойлогдох юм.

18.Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, “хэрэгт авагдсан баримтаар *** байрны цахилгааны асуудлыг цэгцлэх, айлуудыг тоолууртай болгож, айл нэг бүрээр эрчим хүчний байгууллагатай гэрээ байгуулахаар “***” СӨХ-ны энэ ажлын хүрээнд цахилгаан тасалсан, оршин суугч өөрсдөө дуудлага өгч, гэрээ байгуулж  холболт хийлгэсэн гэх үндэслэл тогтоогдсон. “***” СӨХ-оос нэхэмжлэгч Г.Гын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2015.06.13-ны өдөр “***” ХК-тай байгуулсан, тус компанийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018.03.23-ны өдрийн 21/98 тоот албан бичгээс үзэхэд Г.Гын 2015.06.15-ны өдөр  гаргасан өргөдлийн дагуу цахилгаан эрчим хүчийг залгах шийдвэр өгч, монтёр ...залгалт хийхээр очиход тус айл эзэнгүй, хэрэглэгчийн утас холбогдох боломжгүй, давхар дундын шит цоожтой байсан шалтгаанаар залгалт хийгдээгүй, Г.Г нь 2015 оны 11 дүгээр сард өөрөө гэртээ байгаагаа мэдэгдсэний үндсэн дээр цахилгаан эрчим хүчийг залгасан үйл баримт тогтоогдсон, ...иймээс нэхэмжлэгч цахилгаан эрчим хүчийг холбуулах боломжтой байсан ба сууц өмчлөгчдийн холбоонд оршин суугчийн цахилгаан эрчим хүчийг салгах эрхийг хуулиар олгогдоогүй, уг эрхийг “***” СӨХ-ны захирлаар ажиллаж байсан Х.Г эдэлж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж хохироосон гэж үзэх боломжгүй байна.” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г нь 34 тоотын өмчлөгч боловч энэ байрандаа  амьдардаггүй, хажуугийн *** хотхонд амьдардаг талаар СӨХ-ны гишүүдийн хурлын тэмдэглэлд туссанаас гадна тэрээр бусдын байрыг хөлсөлж, сард 1,000,000 төгрөгийн төлбөр төлж байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн цахилгааныг хууль бусаар тасалсны улмаас  аргагүйн эрхэд тэрээр өөр орон сууц хөлсөлж хохирсон гэх үндэслэлгүй, эдгээр байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атал давж заалдах шатны шүүх гагцхүү цахилгаан тасалсан нь бусдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн, үүнээс нэхэмжлэгч бусдад байр түрээслэх боломжоо алдсан гэх утгатай  буюу нэхэмжлэлийн үндэслэлээс өөр агуулгаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хуульд нийцээгүй байна.

19.Дээр дурдсан үндэслэлүүдээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх үүргээ бүрэн биелүүлсэн, маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00024 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн 2024.01.25-ны өдөр төлсөн 67,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ      

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД