Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 485

 

Ж.Г  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02683 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Г  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ш  холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Бэлгүүнзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ш  нь иргэн Ж.Г 14 800 000 төгрөгийн бараа материал зээлээр авсан бөгөөд удаан хугацаанд эргэн төлөлт хийлгүй, нэхэмжлэгчийн шаардлагыг үл тоон өдийг хүрчээ. Тэрбээр 2019 оны 07 дугаар сарын 24-нд 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 24-нд бүрэн төлж барагдуулна гэж тохирсон. Гэвч үүнээс цааш дахин төлөлт хийгээгүй бөгөөд ийнхүү төлбөр барагдуулах сонирхолгүй нь тодорхой болсон. Тооцоо нийлсэн акт нь дээр 14 800 000 төгрөгийн үнэтэй барааг зээлээр худалдан авсан нь үнэн гэж бичсэн байдаг. Зээлээр худалдан авсан гэдэг нь эхлээд бараагаа авчихаад, дараа нь төлбөрөө төлнө гэсэн ойлголт юм. Төлбөрийн хувьд ямар нэгэн хүү, алданги тооцоогүй. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Ш  гуай Ж.Г  2 000 000 төгрөгийг төлсөн байгаа. Иргэн Ж.Г  Г.Ш  хүлээлгэн өгсөн бараа материалын тооцооноос төлөгдөөгүй үлдсэн 12 800 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 219 750 төгрөгийн хамт хариуцагч Г.Ш аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтууд дотор яалт ч үгүй нэхэмжлэгчийн саяын дурдсан баримтууд байсан. Тухайн баримт дээр Г.Ш  нь өөрөө гарын үсэг зурсан байгаа болохоор үгүйсгэх арга алга байна. Г.Ш надад ярихдаа Англи байшин компанид инженерээр ажиллаж байх хугацаандаа өөрийн нэр дээр Ж.Г Англи байшин компанид бараа, материалыг аваад өгсөн гэж ярьдаг. Ийм учраас Англи байшин компани хариуцах ёстой гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ш аас нийт 12 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Г  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 219 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Г.Ш аас улсын тэмдэгтийн хураамжид 219 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г  олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Г  нь хариуцагч Г.Ш  холбогдуулан гэрээний үүрэгт 12 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 6 дугаар талд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн акт гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад Г.Ш  нь Ж.Г барилгын материал зээлээр худалдан авсан, төлөх ёстой хуримтлагдсан төлбөр 14 800 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн агуулга тусгагдсан байна.

 

Дээрх баримтаас үзвэл барилгын материал худалдан авахад заавал бичгийн хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул талуудын хооронд 2016 онд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу барилгын бараа, материал худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүх зөв дүгнэжээ.

 

Нэг тал нь нөгөө талдаа барилгын материал худалдсан, нөгөө тал нь худалдан авсан барилгын материалын үнийг төлөхөөр худалдан авсан талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Г.Ш  нь барилгын материалын үнийг “...”Англи байшин” ХХК хариуцах ёстой тул хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн өмчлөлд бус “Англи байшин” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Харин хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Ж.Г  2 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 5 дахь талд авагдсан мөнгө хүлээлцсэн актаар тогтоогдсон тул нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан барилгын бараа, материалын үнийн үлдэгдэл төлбөр 14 800 000 төгрөгөөс анхан шатны шүүх 2 000 000 төгрөгийг хасч тооцсон нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул  хариуцагч Г.Ш аас гэрээний үлдэгдэл төлбөр 12 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г  олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардан гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх боловч шүүх хуульд заасан журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 219 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ