Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01522

 

 

Ж.Гансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Л.Атарцэцэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02683 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 485 дугаар магадлалтай, 

Ж.Гансүхийн нэхэмжлэлтэй,

Г.Шаравжамцад холбогдох  

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Шаравжамц нь Ж.Гансүхээс 14,800,000 төгрөгийн бараа материал зээлээр авсан бөгөөд удаан хугацаанд эргэн төлөлт хийлгүй, нэхэмжлэгчийн шаардлагыг үл тоон өдийг хүрчээ. Тэрбээр 2019.07.24-нд 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт төлбөрийг 2019.08.24-нд бүрэн төлж барагдуулна гэж тохирсон. Гэвч үүнээс цааш дахин төлөлт хийгээгүй бөгөөд ийнхүү төлбөр барагдуулах сонирхолгүй нь тодорхой болсон. Тооцоо нийлсэн актад 14,800,000 төгрөгийн үнэтэй барааг зээлээр худалдан авсан нь үнэн гэж бичсэн байдаг. Зээлээр худалдан авсан гэдэг нь эхлээд бараагаа авчхаад, дараа нь төлбөрөө төлнө гэсэн ойлголт юм. Төлбөрийн хувьд ямар нэгэн хүү, алданги тооцоогүй. 2019.07.24-ний өдөр Г.Шаравжамц гуай Ж.Гансүхэд 2,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Иргэн Ж.Гансүхийн Г.Шаравжамцад хүлээлгэн өгсөн бараа материалын тооцооноос төлөгдөөгүй үлдсэн 12,800,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 219,750 төгрөгийн хамт Г.Шаравжамцаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтууд дотор нэхэмжлэгчийн дурдсан баримтууд байсан. Тухайн баримт дээр Г.Шаравжамц нь өөрөө гарын үсэг зурсан байгаа болохоор үгүйсгэх арга үгүй. Н.Шаравжамц надад ярихдаа Англи байшин компанид инженерээр ажиллаж байх хугацаандаа өөрийн нэр дээр Ж.Гансүхээс Англи байшин компанид бараа, материалыг аваад өгсөн гэж ярьдаг. Ийм учраас Англи байшин компани хариуцах ёстой гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02683 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Шаравжамцаас нийт 12,800,000 төгрөгийг гаргуулан Ж.Гансүхэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 219,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Шаравжамцаас улсын тэмдэгтийн хураамжид 219,750 төгрөгийг гаргуулан Ж.Гансүхэд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 485 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчийг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Ж.Гансүх нь Г.Шаравжамцад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

1. Г.Шаравжамц Ж.Гансүхээс барилгын материал хүлээн авсан нь 2019.07.24-ний өдрийн тооцоо нийлсэн болон мөнгө хүлээлцсэн актууд зэрэг баримтаар нотлогджээ. 

Нэг тал нь нөгөө талдаа барилгын материалыг шилжүүлсэн, нөгөө тал нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ. 

Барилгын материал худалдах-худалдан авах гэрээг талууд амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага, агуулгад нийцсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Хэрэгт авагдсан 2019.07.24-ний өдрийн мөнгө хүлээлцсэн актад 14,800,000 төгрөгөөс Г.Шаравжамц Ж.Гансүхэд 2,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар хэн аль нь зөвшөөрч гарын үсгээ зурсан баримтад тулгуурлаж, барилгын материалын үнэ 14,800,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг шүүхээс хасч тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

Хариуцагч Г.Шаравжамц барилгын материалын үнийг ...Англи байшин ХХК хариуцах ёстой тул хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн өмчлөлд бус Англи байшин ХХК-ийн өмчлөлд барилгын материалыг шилжүүлсэн... гэх тайлбараа бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн ...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчийг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардан гаргасан ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн... гэх гомдол үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны танхимыг зөвлөлдөх тасалгаа хэлбэрээр ашигласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй.  

Учир нь, хэн нэгэн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжтой байдлаар шүүх шийдвэр гаргасан гэх нөхцөл тогтоогдоогүй буюу шүүгч шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч талаас гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 94 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдол хангагдахгүй. 

4. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой үлдэгдэл төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасныг баримталсан нь оновчгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 485 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.АТАРЦЭЦЭГ 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                        П.ЗОЛЗАЯА 

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД