Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Г.Ш/РД: /-д холбогдох,

 

12 800 000 төгрөгийг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Ш нь иргэн Ж.Гээс 14 800 000/арван дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийн бараа материал зээлээр авсан бөгөөд удаан хугацаанд эргэн төлөлт хийлгүй, нэхэмжлэгчийн шаардлагыг үл тоон өдийг хүрчээ.

Тэрбээр 2019.07.24-нд 2 000 000/хоёр сая/ төгрөгийг төлсөн бөгөөд нийт төлбөрийг 2019.08.24-нд бүрэн төлж барагдуулна гэж тохирсон. Гэвч үүнээс цааш дахин төлөлт хийгээгүй бөгөөд ийнхүү төлбөр барагдуулах сонирхолгүй нь тодорхой болсон. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Тооцоо нийлсэн акт нь дээр 14,800,000 төгрөгийн үнэтэй барааг зээлээр худалдан авсан нь үнэн гэж бичсэн байдаг. Зээлээр худалдан авсан гэдэг нь эхлээд бараагаа авчихаад, дараа нь төлбөрөө төлнө гэсэн ойлголт юм. Төлбөрийн хувьд ямар нэгэн хүү, алданги тооцоогүй. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Ш гуай Ж.Гэд 2,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Иргэн Ж.Гийн Г.Шад хүлээлгэн өгсөн бараа материалын тооцооноос төлөгдөөгүй үлдсэн 12 800 000/арван хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 219 750 төгрөгийн хамт хариуцагч Г.Шаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтууд дотор яалт ч үгүй нэхэмжлэгчийн саяын дурдсан баримтууд байсан. Тухайн баримт дээр Г.Ш нь өөрөө гарын үсэг зурсан байгаа болохоор үгүйсгэх арга алга байна. Н.Ш надад ярихдаа Англи байшин компанид инженерээр ажиллаж байх хугацаандаа өөрийн нэр дээр Ж.Гээс Англи байшин компанид бараа, материалыг аваад өгсөн гэж ярьдаг. Ийм учраас Англи байшин компани хариуцах ёстой гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч Г.Шад холбогдуулан 12 800 000/арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь Англи байшин компани хариуцах ёстой гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 онд барилгын бараа, материал Худалдах, худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн акт болон Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд барилгын бараа, материал шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн акт болон Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан барилгын бараа, материалын үнийн үлдэгдэл төлбөрт нийт 12 800 000/арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн акт болон Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. 

 

Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн акт болон Тооцоо нийлсэн актыг үйлдсэн талаар хариуцагч нь маргаагүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барилгын бараа, материалыг хариуцагчийн өмчлөлд бус “Англи байшин” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн нэрээр Гэрээг байгуулсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн акт болон Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Шаас нийт 12 800 000/арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гэд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Шаас нийт 12 800 000/арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гэд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 219 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Г.Шаас улсын тэмдэгтийн хураамжид 219 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гэд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ