Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 554

 

Н.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 181/ШШ2019/02629 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Анхбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батбаяр, Б.Эрхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Азжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-д 2015 оны 01 дүгээр сард маркетингийн менежерийн албан тушаалд ажилд томилгдож, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд байнгын ажлын байранд тууштай ажиллаж ирсэн. Манай байгууллагын удирдлага 2019 оны 04 дүгээр сард солигдож, О.Батханд гэгч захирлын албан тушаалд томилогдон ирснээр ажиллах нөхцөл эрс өөрчлөгдөж ажлын байрны дарамт, цалин хөлс хасах асуудал, хамт олны хоорондын харилцаа үл ойлголцох зэрэг олон тэвчишгүй асуудлууд бий болж эхэлсэн. Тодруулбал, миний 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн цалингаас 120 000 төгрөг үндэслэлгүйгээр хасаж, илтээр доромжилж дарамтанд ажлуулах болсон. Гэвч миний болон бусад ажилчдын зүгээс тухай бүрт нь ямар нэгэн тайлбар тавилгүй ажил үүргээ гүйцэтгэж аль болох ойлголцож ажиллахыг хичээсэн ч үр дүнд хүрээгүй, харин ямар ч үндэслэлгүйгээр загнуулж, дарамтлууж байсан. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан буюу тэгж хэлээд хөөж, миний ажлыг хүлээн авах хоёр хүнийг дуудан ирүүлж, ажил хүлээлцүүлсэн. Үүнээс үзэхэд өнгөрсөн хугацааны дарамт шахалт нь ажлаас өөрийн хүсэлтээр гаргах зорилготой байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн хуульд заасан ажлаас халахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тэтгэмж олгох, тушаал гаргах зэрэг хуульд заасан журмыг биелүүлээгүй. Ажлаасаа хөөгдөснөөс хойш миний бие удаа дараа ажлаас халагдах тушаал болон авах ёстой санхүүгийн асуудлуудыг гаргаж өгөхийг хүссэн боловч одоохон гаргалаа, маргааш яриарай, би хэлчихсэн байгаа зэрэг шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажлаас чөлөөлсөн тушаалаа авах гээд чадаагүй бөгөөд 2019 оны 07 дугаар сард нийгмийн даатгалын дэвтэрээ хүлээж авахад “2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №034 дугаар тушаалаар чөлөөлөв” гэж бичсэн байсан. Иймд Э ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны өмнө хүлээсэн үүргээ зөрчиж албан шахалтаар үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас халсан тул миний урьд эрхэлж байсан маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А нь www.medee.mn сайтад маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хаяж явсан. Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус сайтын удирдлага солигдсон өдрөөс эхлэн ажилдаа өдөр бүр 3-4 цаг орчим ажлын байрыг эзэнгүй орхиж байсан. Энэ байдлаас шалтгаалан удирдлагын зүгээс “...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа тогтмол ирэхийг үүрэг болгоход, Н.А нь өөрийнхөө ажлын цагийг 16 цаг 30 минутад дуусгавар болдог, түүнээс хойш ажиллах боломжгүй, биднийг зайлуулах гэж байна уу” гэх мэтээр ёс зүйгүй зан авир гаргасан. Мөн 2019 оны 04 дүгээр сард сайтын өмнөх удирдлага түүний цалинг урьдчилан 135 000 төгрөгийг цалингийн урьдчилгаа хэмээн олгосон байсныг 05 сарын цалингаас суутгахад, шинээр ирсэн удирдлагууд руу цалин албаар хассан мэтээр гүтгэн, зүй бус авирласан болно. Түүний энэ үйлдлийн хариуд цалинг 135 000 төгрөгөөр суутгах үүргийг удирдлагаас өгөөгүй төдийгүй гэдгийг түүнд удаа дараа тайлбарласан хэлсэн ч хүлээн аваагүй болно. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хариуцаж байсан байгууллагын гэрээ, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ гэх мэт холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй. Ажлын байрыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр удирдлагын шаардлагыг хүлээн авалгүй ажлаа орхин явсан болно. Түүнийг ажлаас халлаа хэмээн хэлээгүй төдийгүй ийм байдалтай байвал цаашид ажиллах боломжгүй хэмээн дотоод журмын дагуу шаардлага тавьсан нь үнэн болно. Нэхэмжлэгч Н.А нэхэмжлэлийн дагуу түүнийг ажилд эгүүлэн тавих боломжгүй, түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох ямар ч үндэслэл байхгүй. Учир нь тэрээр www.medee.mn сайтын удирдлага солигдсон цагаас эхлэн хуучин удирдлагын хамтаар www.isee.mn сайтад ажиллан, өнөөдрийг хүртэл тус сайтад ажиллаж байгаа болно. Мөн www.medee.mn сайт нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Н.А ажлын байранд Д.Ууганбаатар, М.Тулга нарыг 06 сард авч, үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. Бид Н.А хүсэлтийн дагуу 16 цаг 30 минутад ажил тардаг ажлын байраар хангах ямар ч боломжгүй төдийгүй Н.А гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Тэрээр ажлаа орхин явсны дараа удирдлагууд руу удаа дараа гар утсаар болон мессенжерээр мессеж бичиж байсан бөгөөд бид хуулийн дагуу түүний амралтын мөнгийг бүрэн бодож олгосон. Н.А нь хамт ажиллаж байсан ажилтнуудын хамтаар шинээр томилогдсон удирдлагыг эсэргүүцэн, шүүхэд 5 ажилтны зүгээс 1 өмгөөлөгч авч, ажлаа хаяж явсан байгууллагынхаа эсрэг зохион байгуулалттайгаар дайрч давшлах, нэр төрийг сэвтүүлэх гэж удаа дараа оролдож байгаа билээ. Бид хүн ёсны дагуу тэдний энэ бүх үйлдэлд огт хариу өгөөгүй, мөн тэдний эсрэг ямар ч гомдол гаргаагүй. Гэтэл www.medee.mn сайтад ажиллаж байсан 5 ажилтан нийлж, ийнхүү байгууллагын эсрэг дайрч буй нь нэгдүгээрт, ёс зүйгүй, хоёрдугаарт, ямар ч үндэслэлгүй, гуравдугаарт, баримтгүй, дөрөвдүгээрт, залуу үеийн сэтгүүлчид ийнхүү хүн чанаргүй худал гүтгэлэгийг хийдэг болсныг нотлон харуулж байна. Иймд МРО ХХК энэ мэт хууль бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй төдийгүй түүний нэхэмжлэлийг бүхэлд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажлаас халагдсан гэж тайлбарлаж байгаа тул энэ өдөр ажлаас халагдсанаа мэдсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн ажил тасалсан бөгөөд ажлаа ирж хий гэсэн шаардлагыг тавьсан боловч хийгээгүй хуучин удирдлагаа дагаж явсан. Хөдөлмөрийн дотоод журамд 32 цагаас илүү хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөхөөр зохицуулсан тул Н.А Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Удирдлагаас өгсөн ажилдаа цагтаа ирэх, ажлын цагаар ажлын байранд байх зэрэг үүрэг даалгаварыг биелүүлээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Н.А Э ХХК -ийн эрхлэн гаргадаг Medee.mn сайтын Маркетингийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Н.А нийгмийн даатгалын шимтгэлийг өмнө төлөгдөж байсан хэмжээгээр нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Э ХХК -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК -иас 140 400 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Н.А нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх" гэсэн үндсэн шаардлага бүхий нэхэмжпэлийг тус шүүхэд гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч Н.А ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, Н.А нийгмийн дзатгалын шимтгэлийг өмнө төлөгдөж байсан хэмжээгээр нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг орхигдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, “Эм Пи Өү”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/010 тоот “Н.А ажлаас чөлөөлөх тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Н.А Э ХХК- иас эрхлэн гаргадаг мэдээ.мн сайтын маркетингийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна” гээд харин Н.А нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговорыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй байна” гэжээ.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан түшаалд нь эгуулэн тогтоосон бол туунд ажилгуй байсан бух хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөруутэй тэнцэх олговрыг олгоно." гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд ажилгүй байсан хугацааны цалинг хамтад нь шийдвэрлэхээр байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Дээд шүүхийн 33-р тогтоолын 27-р хэсэгт “Ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжуулсэнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шуух хянан шийдвэрлэхдээ тухайн ажилтны эрх зуйн байдлаас хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зуйлийн 128.1.2., 69 дугээр зуйлийн 69.1, болон бусад хуулийн холбогдох заалтуудыг баримталж байвал зохино” гэж заажээ.

2. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны дундаж цалин хөлс тодорхойлох 55 дугаар тушаалын 7-р хэсэгт ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо:

а/Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажпаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заажээ.

3. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 15-р хэсэгт “ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ”. гэж заажээ. Дээрх байдлаар ажил олгогч ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр халсаныг тогтоосон тохиолдолд шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын тооцоог заавал хийхээр хуульчилсан. Гэвч анхан шатны шүүхээс дээрх тооцоог орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг дурьдах зүйтэй" гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Н.А нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахад хэдэн сарын хэдний өдрөөс хэдний өдөр хүртэлх нийт хэдэг төгрөгийг гаргуулахыг тусгаагүй байна” гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргахад мөн л гомдлыг хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан боловч ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хэсэгт “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна. Учир нь хариуцагчийн тоогоор нэхэмжлэлийг хувилж ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна гэж” хүлээн авахаас татгалзсан. Шүүхэд маргаан хэр хугацаанд хянан шийдвэрлэгдэхийг нэхэмжлэл гаргах үед мэдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны нийт цалинг нэхэмжлэл гаргах үед тодорхойлох боломжгүйн дээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шүүх хурал дээр танилцуулсан бөгөөд хариуцагч танилцаж тайлбараа хэлсний дараа бүрдүүлбэр хангаагүй буюу хариуцагчийн тоогоор хувилж ирүүлээгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг шаардахад, мөн хэрэг үүссэний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж улмаар ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах шаардлага гаргаагүй гэж зайлшгүй хамт шийдвэрлэхээр хуульчилсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчиж цалин олговрыг орхигдуулж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 55-р зүйлийн 55.1, 55.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 15-р хэсэгт “Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Н.А ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговрыгхариуцагч байгууллагаас гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.А нь Э ХХК-д маркетингийн менежерээр 2015 оны 01 дүгээр сараас эхлэн ажилласан ба 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/010 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дотоод журмын 1.4 дэх заалтыг баримтлан Н.А 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тасалбар болгон маркетингийн менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-65/

 

Хариуцагч нь “Н.А 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаа орхиж явсан, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажилдаа 3-4 цаг орчим ажлын байрыг эзэнгүй орхиж явсан, 32 цагаас илүү хугацаагаар ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Н.А байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг тусгагдаагүйгээс гадна гэрч У.Уранцэцэгийн “...Н.А нь ноцтой зөрчил гаргаж байгаагүй, гэрийнхээ компьютероос бүх мэдээгээ оруулаад ажилдаа ирдэг, шинэ удирдлагатай ажлын цагаа өөрчлөх талаар яриагүй байсан” гэх мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Н.А 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хугацаанд ажиллуулаагүй болох нь тогтоогдож байна. /хх76-77, 80-82/

 

Иймд Н.А ажлаас чөлөөлсөн Э ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/010 тоот захирлын тушаал үндэслэлгүй тул Н.А Мэдээ.мн сайтын маркетингийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн атлаа ажилд эгүүлэн тогтоосны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговрыг шийдвэрлэлгүй орхигдуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан нь ойлгомжгүй болжээ.

 

Хэргийн 10-11, 54-55, 60-62, 115 дугаар тал дах баримтаас үзвэл нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар хүсэл зоригоо илэрхийлж байсан нь шүүхийн удаа дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нь ажлаас үндэслэлгүй халсан хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгах заалт бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан шийдвэрийг өөрчлөх боломжтой.

 

Иймээс Н.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын буруутай ажиллагаанаас хамаарч цалин хөлс авч чадаагүй хохирсон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны 7 сар 05 хоногийн цалинтай тэнцэх олговорт 6 316 431  төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.А Э ХХК-ийн эрхлэн гаргадаг Мэдээ.мн сайтын маркетингийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 6 316 431 төгрөгийг гаргуулж Н.А т олгосугай” гэж өөрчлөн, найруулж,

2. “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж нэмж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

           

                             ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ