Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02629

 

 

 

 

 

 

 

 

 

2019 12 16 181/ШШ2019/02629

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭПҮ ХХК холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч ЭПҮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, өмгөөлөгч Б.А, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  миний бие Эм Пи Өү" ХХК-д 2015 оны 01 дүгээр сард маркетингийн менежерийн албан тушаалд ажилд орж 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд байнгын ажлын байранд тууштай ажиллаж ирсэн.

Манай байгууллагын удирдлага 2019 оны 4-р сард солигдож О. гэгч захирлын албан тушаалд томилогдон ирснээр ажиллах нөхцөл эрс өөрчлөгдөж ажлын байрны дарамт, цалин хөлс хасах асуудал, хамт олны хоорондын харилцаа үл ойлголцох болох зэрэг олон тэвчишгүй асуудлууд бий болж эхэлсэн.

Тодруулбал, миний 2019 оны 05-р сарын 05-ны өдрийн цалингаас 120 000 төгрөг үндэслэлгүйгээр хасаж, илтээр доромжилж дарамтанд ажлуулах болсон. Мөн шалтгаангүйгээр бүтцээ өөрчлөхөөс өөр арга алга, та нартай цаашид ажиллаж чадахгүй гэх мэтээр ажилчдын сэтгэл санааг үймүүлж дарамталж байсан. Гэсэн хэдий ч миний болон бусад ажилчдын зүгээс тухай бүрт нь ямар нэгэн тайлбар тавилгүй ажил үүргээ гүйцэтгэж аль болох ойлголцож ажиллахыг хичээсэн ч үр дүнд хүрээгүй, харин ямар ч үндэслэлгүйгээр загнуулж, дарамтлууж байсан. Миний бие өөрийн сонирхлын дагуу дуртай ажлаа хийж байсан тул ажлын байрны нөхцөл, дарамт шахалтыг харгалзахгүйгээр байгууллагаа Монголын сэтгүүл зүйн шилдэг байгууллага болгох зорилготой ажиллаж ирсэн. Гэвч 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан буюу тэгж хэлээд хөөж, миний ажлыг хүлээн авах хоёр хүнийг дуудан ирүүлж, ажил хүлээлцүүлсэн.

Үүнээс үзэхэд өнгөрсөн хугацааны дарамт шахалт нь ажлаас өөрийн хүсэлтээр гаргах зорилготой байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн хуульд заасан ажлаас халахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тэтгэмж олгох, тушаал гаргах зэрэг хуульд заасан журмыг биелүүлээгүй.

Ажлаасаа хөөгдөснөөс хойш миний бие удаа дараа ажлаас халагдах тушаал болон авах ёстой санхүүгийн асуудлуудыг гаргаж өгөхийг хүссэн боловч одоохон гаргалаа, маргааш яриарай, би хэлчихсэн байгаа зэрэг шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажлаас чөлөөлсөн тушаалаа авах гээд чадаагүй бөгөөд 2019 оны 07 сард Нийгмийн даатгалын дэвтэрээ хүлээж авахад 2019.05.27-ны өдөр №034 дугаар тушаалаар чөлөөлөв гэж бичсэн байсан.

Иймд ЭПҮ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны өмнө хүлээсэн үүргээ зөрчиж албан шахалтаар үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас халсан тул миний урьд эрхэлж байсан Маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭПҮ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А нь МРО ХХК-ийн www.medee.mn сайтад маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 05 сарын 09-ний өдөр ажлаа хаяж явсан.

Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус сайтын удирдлага солигдсон өдрөөс эхлэн ажилдаа өдөр бүр 3-4 цаг орчим ажлын байрыг эзэнгүй орхиж байсан.

Энэ байдлаас шалтгаалан удирдлагын зүгээс 05 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа тогтмол ирэхийг үүрэг болгоход, Н.А нь өөрийнхөө ажлын цагийг 16.30 минутад дуусгавар болдог, түүнээс хойш ажиллах боломжгүй, биднийг зайлуулах гэж байна уу гэх мэтээр ёс зүйгүй зан авир гаргасан. Мөн 2019 оны 04 сард сайтын өмнөх удирдлага түүний цалинг урьдчилан 135 000 төгрөгийг цалингийн урьдчилгаа хэмээн олгосон байсныг 05 сарын цалингаас суутгахад, шинээр ирсэн удирдлагууд руу цалин албаар хассан мэтээр гүтгэн, зүй бус авирласан болно. Түүний энэ үйлдлийн хариуд цалинг 135 000 төгрөгөөр суутгах үүргийг удирдлагаас өгөөгүй төдийгүй гэдгийг түүнд удаа дараа тайлбарласан хэлсэн ч хүлээн аваагүй болно. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хариуцаж байсан байгууллагын гэрээ, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ гэх мэт холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй. Ажлын байрыг 2019 оны 05 сарын 09-ний өдөр удирдлагын шаардлагыг хүлээн авалгүй ажлаа орхин явсан болно.

Түүнийг ажлаас халлаа хэмээн хэлээгүй төдийгүй ийм байдалтай байвал цаашид ажиллах боломжгүй хэмээн дотоод журмын дагуу шаардлага тавьсан нь үнэн болно.

Нэхэмжлэгч Н.Аын нэхэмжлэлийн дагуу түүнийг ажилд эгүүлэн тавих боломжгүй, түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох ямар ч үндэслэл байхгүй. Учир нь тэрээр www.medee.mn сайтын удирдлага солигдсон цагаас эхлэн хуучин удирдлагын хамтаар www.isee.mn сайтад ажиллан, өнөөдрийг хүртэл тус сайтад ажиллаж байгаа болно. Мөн www.medee.mn сайт нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Н.Аын ажлын байранд Д.Ууганбаатар, М.Тулга нарыг 06 сард авч, үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. 

Бид Н.Аын хүсэлтийн дагуу 16.30 минутад ажил тардаг ажлын байраар хангах ямар ч боломжгүй төдийгүй Н.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Тэрээр ажлаа орхин явсны дараа удирдлагууд руу удаа дараа гар утсаар болон мессенжерээр мессеж бичиж байсан бөгөөд бид хуулийн дагуу түүний амралтын мөнгийг бүрэн бодож олгосон. Н.А нь хамт ажиллаж байсан ажилтнуудын хамтаар шинээр томилогдсон удирдлагыг эсэргүүцэн, шүүхэд 5 ажилтны зүгээс 1 өмгөөлөгч авч, ажлаа хаяж явсан байгууллагынхаа эсрэг зохион байгуулалттайгаар дайрч давшлах, нэр төрийг сэвтүүлэх гэж удаа дараа оролдож байгаа билээ. Бид хүн ёсны дагуу тэдний энэ бүх үйлдэлд огт хариу өгөөгүй, мөн тэдний эсрэг ямар ч гомдол гаргаагүй. Гэтэл www.medee.mn сайтад ажиллаж байсан 5 ажилтан нийлж, ийнхүү байгууллагын эсрэг дайрч буй нь нэгдүгээрт, ёс зүйгүй, хоёрдугаарт, ямар ч үндэслэлгүй, гуравдугаарт, баримтгүй, дөрөвдүгээрт, залуу үеийн сэтгүүлчид ийнхүү хүн чанаргүй худал гүтгэлэгийг хийдэг болсныг нотлон харуулж байна. Иймд МРО ХХК энэ мэт хууль бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй төдийгүй түүний нэхэмжлэлийг бүхэлд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

Нэхэмжлэгч Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажлаас халагдсан гэж тайлбарлаж байгаа тул энэ өдөр ажлаас халагдсанаа мэдсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн ажил тасалсан бөгөөд ажлаа ирж хий гэсэн шаардлагыг тавьсан боловч хийгээгүй хуучин удирдлагаа дагаж явсан. Хөдөлмөрийн дотоод журамд 32 цагаас илүү хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөхөөр зохицуулсан тул Н.Аыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Удирдлагаас өгсөн ажилдаа цагтаа ирэх, ажлын цагаар ажлын байранд байх зэрэг үүрэг даалгаварыг биелүүлээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч ЭПҮ ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ЭПҮ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/010 тоот Н.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Н.Ат гардуулж өгсөн талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Н.Аыг уг тушаалыг гардан аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхи хуулийн зохицуулалтуудаар ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах эрхийн хугацааг ажлаас халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш тоолохоор зохицуулсан тул нэхэмжлэгч Н.Аыг гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

ЭПҮ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/010 тоот Н.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дотоод журмын 1.4 дэх заалтуудыг үндэслэн ЭПҮ ХХК-ийн эрхлэн гаргадаг Medee.mn сайтын Маркетингийн менежер ажилтай Н.Аыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-63/

 

Хариуцагч тал нь нэхэмжлэгч Н.Аыг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг 32 цагаас илүү хугацаагаар ажил тасалж ноцтой зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Н.Аын цалин дутуу олгосон гэх гомдлын улмаас талуудын хооронд маргаан үүсч, хариуцагч ЭПҮ ХХК-ийн удирдлага нь 2019.05.09-ны өдөр Н.Аын ажлыг хүлээж авч ажилуулаагүй болох нь зохигчийн тайлбар, гэрч У.Уранцэцэгийн мэдүүлэг, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-74-75, 78-82х/

Иймд хариуцагч ЭПҮ ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Н.Аыг 2019.05.09-ний өдрөөс ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

Хариуцагч ЭПҮ ХХК-ийн 2017.08.01-ны өдөр нэхэмжлэгч Н.Атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-4-6х/-нд ажил тасалсан, ажлаас хожимдсон хугацаа нэг улиралд 32 цаг хүрсэн бол ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил-д тооцохоор тохиролцоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтаны зөрчлийг илрүүлэн тогтоож сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан бөгөөд хариуцагч ЭПҮ ХХК нь нэхэмжлэгч Н.Аыг ажил тасалсан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэдгийг шалгаж тогтоосон болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч Н.Аыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч ЭПҮ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/010 тоот Н.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Н.Аыг ЭПҮ ХХК-ийн эрхлэн гаргадаг Medee.mn сайтын Маркетингийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Н.Аыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээх аргын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах үндэслэлтэй байна. Учир нь: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч Н.Аыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөний улмаас түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул түүний нийгмийн даатгалын шимтгэлийг өмнө нь төлөгдөж байсан хэмжээгээр нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Н.Аыг ЭПҮ ХХК-ийн эрхлэн гаргадаг Medee.mn сайтын Маркетингийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Н.Аын нийгмийн даатгалын шимтгэлийг өмнө төлөгдөж байсан хэмжээгээр нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ЭПҮ ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭПҮ ХХК-иас 140 400 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА