Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00831

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02629 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 554 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.А-

          Хариуцагч: ...Өү ХХК

        Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатарын гомдлыг үндэслэн

               Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Эрхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатар, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...Өү ХХК-д 2015-01 сард маркетингийн менежерийн албан тушаалд ажилд томилогдож, ажиллаж ирсэн. 2019-04 сард О.Батханд захирлаар томилогдон ирснээр ажиллах нөхцөл эрс өөрчлөгдөж ажлын байрны дарамт, цалин хөлс хасах асуудал, хамт олны хоорондын харилцаа үл ойлголцох зэрэг олон тэвчишгүй асуудлууд бий болж эхэлсэн. Тодруулбал, миний 2019-05-05-ны өдрийн цалингаас 120,000 төгрөг үндэслэлгүйгээр хасаж, илтээр доромжилж дарамтанд ажлуулах болсон. Гэвч миний болон бусад ажилчдын зүгээс тухай бүрт нь ямар нэгэн тайлбар тавилгүй ажил үүргээ гүйцэтгэж аль болох ойлголцож ажиллахыг хичээсэн ч үр дүнд хүрээгүй, харин ямар ч үндэслэлгүйгээр загнуулж, дарамтлуулж байсан. 2019-05-09-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан буюу тэгж хэлээд хөөж, тэр даруй өөр хүмүүс ажилд авсан. Үүнээс үзэхэд өнгөрсөн хугацааны дарамт шахалт нь ажлаас өөрийн хүсэлтээр гаргах зорилготой байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн хуульд заасан ажлаас халахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тэтгэмж олгох, тушаал гаргах зэрэг хуульд заасан журмыг биелүүлээгүй. Ажлаасаа хөөгдсөнөөс хойш миний бие удаа дараа ажлаас халагдах тушаал болон авах ёстой санхүүгийн асуудлуудыг гаргаж өгөхийг хүссэн боловч одоохон гаргалаа, маргааш яриарай, би хэлчихсэн байгаа зэрэг шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна. Иймд ...Өү ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны өмнө хүлээсэн үүргээ зөрчиж албан шахалтаар үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас халсан тул миний урьд эрхэлж байсан маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: Н.А- нь www.medee.mn сайтад маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд 2019-05-09-ний өдөр ажлаа хаяж явсан. Тэрээр 2019-04-12-ны өдөр тус сайтын удирдлага солигдсон өдрөөс эхлэн ажилдаа өдөр бүр 3-4 цаг орчим ажлын байрыг эзэнгүй орхиж байсан. Энэ байдлаас шалтгаалан удирдлагын зүгээс ...2019-05-09-ний өдөр ажилдаа тогтмол ирэхийг үүрэг болгоход, Н.А- нь өөрийнхөө ажлын цагийг 16 цаг 30 минутад дуусгавар болдог, түүнээс хойш ажиллах боломжгүй, биднийг зайлуулах гэж байна уу гэх мэтээр ёс зүйгүй зан авир гаргасан. Мөн 2019-04 сард сайтын өмнөх удирдлага түүний цалинг урьдчилан 135,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа хэмээн олгосон байсныг 05 сарын цалингаас суутгахад, шинээр ирсэн удирдлагууд руу цалин албаар хассан мэтээр гүтгэн, зүй бус авирласан болно. Түүний энэ үйлдлийн хариуд цалинг 135,000 төгрөгөөр суутгах үүргийг удирдлагаас өгөөгүй төдийгүй гэдгийг түүнд удаа дараа тайлбарласан хэлсэн ч хүлээн аваагүй болно. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хариуцаж байсан байгууллагын гэрээ, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ гэх мэт холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй. Ажлын байрыг 2019-05-09-ний өдөр удирдлагын шаардлагыг хүлээн авалгүй ажлаа орхин явсан болно. Түүнийг ажлаас халлаа хэмээн хэлээгүй төдийгүй ийм байдалтай байвал цаашид ажиллах боломжгүй хэмээн дотоод журмын дагуу шаардлага тавьсан нь үнэн болно. Нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийн дагуу түүнийг ажилд эгүүлэн тавих боломжгүй, түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох ямар ч үндэслэл байхгүй. Учир нь тэрээр www.medee.mn сайтын удирдлага солигдсон цагаас эхлэн хуучин удирдлагын хамтаар www.isee.mn сайтад ажиллан, өнөөдрийг хүртэл тус сайтад ажиллаж байгаа болно. Мөн www.medee.mn сайт нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Н.А-ын ажлын байранд Д.Ууганбаатар, М.Тулга нарыг 06 сард авч, үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. Бид Н.А-ын хүсэлтийн дагуу 16 цаг 30 минутад ажил тардаг ажлын байраар хангах ямар ч боломжгүй төдийгүй Н.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Тэрээр ажлаа орхин явсны дараа удирдлагууд руу удаа дараа гар утсаар болон мессенжерээр мессеж бичиж байсан бөгөөд бид хуулийн дагуу түүний амралтын мөнгийг бүрэн бодож олгосон. Н.А- нь хамт ажиллаж байсан ажилтнуудын хамтаар шинээр томилогдсон удирдлагыг эсэргүүцэн, шүүхэд 5 ажилтны зүгээс 1 өмгөөлөгч авч, ажлаа хаяж явсан байгууллагынхаа эсрэг зохион байгуулалттайгаар дайрч давшлах, нэр төрийг сэвтүүлэх гэж удаа дараа оролдож байгаа билээ. Бид хүн ёсны дагуу тэдний энэ бүх үйлдэлд огт хариу өгөөгүй, мөн тэдний эсрэг ямар ч гомдол гаргаагүй. Гэтэл www.medee.mn сайтад ажиллаж байсан 5 ажилтан нийлж, ийнхүү байгууллагын эсрэг дайрч буй нь нэгдүгээрт, ёс зүйгүй, хоёрдугаарт, ямар ч үндэслэлгүй, гуравдугаарт, баримтгүй, дөрөвдүгээрт, залуу үеийн сэтгүүлчид ийнхүү хүн чанаргүй худал гүтгэлгийг хийдэг болсныг нотлон харуулж байна. Иймд МРО ХХК энэ мэт хууль бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй төдийгүй түүний нэхэмжлэлийг бүхэлд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02629 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Н.А-ыг ...Өү ХХК-ийн эрхлэн гаргадаг Medee.mn сайтын Маркетингийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Н.А-ын нийгмийн даатгалын шимтгэлийг өмнө төлөгдөж байсан хэмжээгээр нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар ...Өү ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна. 

 

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 554 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.А-ыг ...Өү ХХК-ийн эрхлэн гаргадаг Мэдээ.мн сайтын маркетингийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 6,316,431 төгрөгийг гаргуулж Н.А-т олгосугай” гэж өөрчлөн, найруулж, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна. 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага “Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай гаргасан. ХХША-ны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.А-ын 05-р сарын дутуу бодогдсон цалин 160,000 төгрөг, Маркетингийн орлого оруулсан гэрээний хувь 400,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 571,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтэл 3 сар өөрөө төлж байсан 129,000 төгрөг нийт 1,260,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулахаар нэмэгдүүлсэн. Шүүх 2019-11-07-ны өдөр 181/Ш32019/12487 дугаар шүүгчийн захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. ИХШХШТХ-н 65.1.11 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж хуулийн шаардлага хангуулж дахин шүүхэд өг гэсэн боловч дахин шүүхэд гаргаж өгөөгүй учир шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас гадуурх зүйл болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Н.А- 2019-07-24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, ...Өү ХХК-ийн medee.mn сайтын  маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна. 

          Анхан шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож ажилтны нийгмийн даатгалыг өмнө төлж байсан хэмжээгээр тооцон гаргуулахыг ажил олгогчид даалгасан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагчаас олговор гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэрийн бусад заалтуудыг найруулан өөрчилжээ. 

          Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

          1. ...Өү ХХК-ийн гүйцэтгэх захирал 2019-06-05-ны өдөр Б/010 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2., 40.1.4, компанийн дотоод журмын 1.4-г үндэслэн Н.А-ыг ...Өү ХХК-ийн эрхлэн гаргадаг Medee.mn сайтын Маркетингийн менежер ажлаас чөлөөлсөн байна. 

           Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно.

           Ажил олгогчийн 2019-06-05-ны өдрийн Б/010 дугаар тушаалд Н.А- “...ноцтой..” эсхүл “..давтан..” зөрчил гаргасан эсэх талаар тодорхой дурдаагүй боловч хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажилтан ноцтой зөрчил гаргасан...” гэж маргасан, шүүх хариуцагчийн тайлбарын хэмжээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцжээ. 

          Ажил олгогч, ажилтан нар ямар зөрчлийг “ноцтой” -д тооцох, уг зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан шаардлага байна.

          Зохигч нар 2017-08-01-ний өдөр 03 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан   бөгөөд уг гэрээний ноцтой зөрчлийн талаарх 4.2.1 дэх хэсэгт “...ажил таслах.. ажлаас хожимдсон хугацаа нэг улиралд 32 цаг хүрсэн..”-г хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамааруулахаар тохиролцоогүй байна.

          Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад  байхад ажил олгогч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар  цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй тул Б.А-ыг ажил олгогч нь үндэслэлгүй халсан гэж үзнэ. 

          2. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, /хх 10-11, 54-55, 60-62, 115/ нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахыг хүссэн боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-г зөрчөөгүй байна.

          Зохигч мэтгэлцсэн байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцжээ. 

         Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч олговор шаардсан гэж дүгнэн, ажилтны урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговорыг  тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.

         3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

        Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 116,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ