Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 31

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02098 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энхрийцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ононтамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл болон 55 дугаар зүйлийг үндэслэн “Х” ХХК-ийн төлбөрт хураасан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үнэлгээ хийлгэхдээ илт нэг талд үйлчилсэн. Манай байгууллагаас үнэлгээний санал удаа дараа шаардсан тул орой 20 цагийн орчимд аваачиж өгсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч н.Оюунбилэг нь бидний дэргэд эсрэг талын хүнтэй утсаар яриад “эднийх үнийн саналаа аваад ирлээ, танайх хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариугаа аваад ир" гэж хэлж байсан. Ингээд манай үнийн саналаа өгснөөс хойш ажлын цаг дууссан байхад эсрэг тал нь манай үнийн саналыг үзээгүй байж, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу авч ирсэн. Ингэснээр шинжээч томилох үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл өөрийн танил үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх нөхцөл байдлыг зориуд бий болгосон.

Үнэлгээ хийлгэх компанийг өөрийн танилаасаа сонгож авсан. Тухайн компани нь манай объектыг орж үзээгүй байж үнэлгээг хийсвэрээр гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч н.Оюунбилэг нь манай авах авлагатай 650 000 000 төгрөгийн авлага авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оноос хойш огт хийхгүй атлаа манай компаниас гаргуулах төлбөр дээр улайран хууль тогтоомжийг зөрчин ажилладаг.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар, "Х” ХХК-аас 150 453 975 төгрөгийг гаргуулж "Кингдом инвест ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч "Х” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан "Х” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034774 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Толгойт /18101/, Москвагийн гудамж 486 байр 1 дүгээр давхрын 16 тоот, 167,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгч "Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Жигжиддоржид мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Н газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болгуулах тухай “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай байгууллагын зүгээс үнэлгээ явагдсан процесс дээр нь гомдсон. Үнэлгээ хийлгэхдээ илт нэг талд үйлчилсэн гэсэн үндэслэлийг гаргаж тавьсан. Манай зүгээс үнэлгээний саналаа өг гэж шийдвэр гүйцэтгэгч н.Оюунбилэг удаа дараа нэхсэн тул тухайн өдрийн орой 20 цагийн орчимд аваачиж өгөх үед эсрэг талын хүнтэй утсаар яриад “эднийх үнийн саналаа аваад ирлээ, танайх хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариугаа аваад ир” гэж хэлж байсан. Ингээд манайх үнийн саналаар өгснөөс хойш ажлын цаг дууссан байхад эсрэг тал нь манай үнийн саналыг үзээгүй байж, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу авч ирсэн байсан. Ингэснээр шинжээч томилох үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл өөрийн танил үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх нөхцөл байдлыг зориуд бий болгосон гэсэн үндэслэл заагаад “хувийн сонирхлоор, илт нэг талд үйлчилж” үнэлгээ хийх нөхцөлийг хууль бусаар бүрдүүллээ гэж маргаад байхад шүүх ямар дүгнэлт хийсэнгүй.

Мөн үнэлгээ хийлгэх компанийг өөрийн танилаасаа сонгож авсан. Тухайн компани нь манай объектыг орж, очиж үзээгүй байж үнэлгээг хийсвэрээр гаргасан. Энэ талаар шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэлт өгөөгүй.

Шийдвэр гүйцэтгэгч н.Оюунбилэг нь манай авах авлагатай 650 000 000 төгрөгийн авлага авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оноос хойш огт хийхгүй атлаа манай компаниас гаргуулах төлбөр дээр улайран хууль тогтоомжийг зөрчин ажилладаг.

Манай байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг зөвхөн “хуулийн дагуу явагдаад гараад ирсэн Үнэлгээг эс зөвшөөрч хэт бага үнээр үнэллээ, эсхүл үндэслэлгүй өндрөөр үнэллээ” гэх мэтээр “Үнэлгээний талаар” гомдол гаргавал 7 хоногийн дотор гомдоно шүү гэсэн зохицуулалт гэж үзэж байна. Түүнээс биш “үнэлгээ явагдсан процесст 7 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэж үзэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х" ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02712 дугаар захирамжаар “Х" ХХК-аас 150 000 000 төгрөг гаргуулж “Кингдом инвест ББСБ” ХХК-д олгож, энэхүү шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх бөгөөд төлбөр гаргуулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Н албанд даалгаж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх 47, 48-51/

 

Н газар нь “Х" ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201034774 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, толгойт 1810 Москвагийн гудамж 48Б байрны 1 давхрын 1Б тоот хаягт байрших 167,8 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна./хх 53/

 

Н газар нь “Х" ХХК-д 2018 оны12 дугаар сарын 19-ний өдрийн 4/923 тоот албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэх, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4/1748 тоот албан бичгээр 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор мөн үнийн санал ирүүлэхийг тус тус мэдэгдсэн байна. /хх54, 56/

 

Хэрэгт төлбөр авагч болон төлбөр төлөгч үнийн санал ирүүлсэн талаарх бичгийн баримт авагдаагүй байна. Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоороо үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилжээ. /хх 58/

 

Шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 281 904 000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 197 332 800 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3114 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “Х" ХХК мөн өдрөө баталгаат шуудангаар хүргүүлж, утсаар ярьж тэмдэглэл үйлдэж мэдэгдсэн байна. /хх76/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд дээрх хугацааг төлбөр төлөгч хэтрүүлэн 2 сар 25 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас гомдол гаргах хугацааг заасан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гомдлын үндэслэлийг шүүх хянан шийдвэрлэхгүй. Гомдлын үндэслэл нь ажиллагаатай холбоотой байгаа тул “ажиллагаанд гаргасан гомдолд хугацаа хамаарахгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА