Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 02098

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл болон 55 дугаар зүйлийг үндэслэн “ХХ” ХХК-ийн төлбөрт хураасан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.Үнэлгээ хийлгэхдээ илт нэг талд үйлчилсэн. Манай зүгээс үнэлгээний санал удаа дараа нэхсэн тул орой 20 цагийн орчимд аваачиж өгсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Оюунбилэг нь бидний дэргэд эсрэг талын хүнтэй утсаар яриад “эднийх үнийн саналаа аваад ирлээ, танайх хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариугаа аваад ир" гэж хэлж байсан. Ингээд манай үнийн саналаа өгснөөс хойш ажлын цаг дууссан байхад эсрэг тал нь манай үнийн саналыг үзээгүй байж, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу авч ирсэн байсан. Ингэснээр шинжээч томилох үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл өөрийн танил үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх нөхцөл байдлыг зориуд бий болгосон.

2.Үнэлгээ хийлгэх компанийг өөрийн танилаасаа сонгож авсан. Тухайн компани нь манай объектыг орж үзээгүй байж үнэлгээг хийсвэрээр гаргасан.

3.Энэхүү шийдвэр гүйцэтгэлийг хариуцаж байгаа шийдвэр гүйцэтгэгч Оюунбилэг нь манай авах авлагатай 650 сая төгрөгийн шийдвэрийг 2015 оноос хойш огт биелүүлэхгүй нэг мянган төгрөг ч төлүүлээгүй, гэсэн атал манай компаниас гаргуулах төлбөр дээр улайран Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин ажилладаг.

Нэхэмжлэгчид үнэлгээ хийх гэж байгаа тухай, үнэлгээчин очих тухай огт мэдэгдээгүй эс нь албадан дуудлага худалдааг хийхээр улайран зүтгэж тогтоол гаргасан байсан зэргээс энэ нь харагдана.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явуулаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар, "ХХ” ХХК-иас 150.453.975 төгрөгийг гаргуулж ”КИ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч "ХХ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан "ХХ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжпэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгч "ХХ” ХХК-ны үүсгэн байгуулагч Ж-д мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-т заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар “ХХ” ХХК-иас 150,000,000 төгрөгийг гаргуулж “КИ ББСБ” ХХК-д  олгохоор шийдвэрлэжээ.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилжээ.

            “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгийг 281,904,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн төлөөлөгч Ц.Ж-д 2019 оны 01 сарын 25-ны өдөр хуульд заасны дагуу мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч энэ тухай тэмдэглэл үйлдэж баримтжуулжээ.

            Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн захирал Ц.Ж-д үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 01 сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2019 оны 04 сарын 19-ний өдөр гаргасан байгаа нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 1561.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болгуулах тухай “ХХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР