Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00554

 

“... холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02098 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... холдинг” ХХК

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

                Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ШШГТХ-н 122, 55-р зүйлийг үндэслэн ... холдинг ХХК-ийн төлбөрт хураасан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үнэлгээ хийлгэхдээ илт нэг талд үйлчилсэн. Манай байгууллагаас үнэлгээний санал удаа дараа шаардсан тул орой 20 цагийн орчимд аваачиж өгсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч н.Оюунбилэг нь бидний дэргэд эсрэг талын хүнтэй утсаар яриад эднийх үнийн саналаа аваад ирлээ, танайх хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариугаа аваад ир” гэж хэлж байсан. Ингээд манай үнийн саналаа өгснөөс хойш ажлын цаг дууссан байхад эсрэг тал нь манай үнийн саналыг үзээгүй байж, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу авч ирсэн. Ингэснээр шинжээч томилох үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл өөрийн танил үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх нөхцөл байдлыг зориуд бий болгосон. Үнэлгээ хийлгэх компанийг өөрийн танилаасаа сонгож авсан. Тухайн компани нь манай объектыг үзээгүй байж үнэлгээг хийсвэрээр гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч нь манай 650 сая төгрөгийн авлагатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оноос хойш огт хийхгүй байгаа атлаа манайхаас гаргуулах төлбөр дээр улайран хууль тогтоомжийг зөрчин ажилладаг. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: 2017-11-01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар, ... холдинг ХХК-аас 150,453,975 төгрөгийг гаргуулж Кингдом инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ... холдинг ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... холдинг ХХК-ийн өмчлөлийн СХД-н ..-р хороо, ... гудамж, ... байр, ... тоот, 167,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж ИХ-н 177.1, ШШГТХ-н 55.3-т заасны дагуу 2019-01-25-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгч ... Холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Ж-д мэдэгдсэн. ШШГТХ-д заасан гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 181/ШШ2019/02098 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг болгуулах тухай “... холдинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-Д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Материаллаг харилцааг зохицуулсан органик хууль болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хоёр шатны шүүх  манай гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй. Манай зүгээс үндсэн 2 агуулгаар гомдсон. Үнэлгээ явагдсан процессыг нэг бүрчлэн бичсэн. Үнэлгээ явагдсан процесс дээр нь гомдсон. Үнэлгээ хийсэн процессын хувьд : “Үнэлгээ хийлгэх компанийг өөрийн танилаасаа сонгож авсан. Тухайн компани нь манай обьектыг орж, очиж үзээгүй, хараа ч үгүй, үзээгүй байж үнэлгээг хийсвэрээр гаргасан” гэсэн дараагийн үндэслэлийг нэхэмжлэлдээ дурьдсан. Гэтэл шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй. Мөн “ шийдвэр гүйцэтгэгч Оюунбилэг нь манай авах авлагатай 650 сая төгрөгийн шийдвэрийг 2015 оноос хойш огт биелүүлэхгүй 1 мянган төгрөг ч төлүүлээгүй, санаатай дардаг атлаа манай компаниас гаргуулах төлбөр дээр улайран хууль тогтоомжийг зөрчин ажилладаг. Манайд үнэлгээ хийх гэж байгаа тухай, үнэлгээчин очих тухай огт мэдэгдээгүй.... албадан дуудлага худалдааг хийхээр улайран зүтгэж тогтоол гаргасан байсан зэргээс энэ нь харагдана” гэсэн үндэслэлийг заасан. Энэ талаар ямар ч дүгнэлт шүүх хийгээгүй. Иймд шийдвэр, магадлалыг үндэслэлтэй зөв болж чадаагүй гэж үзэж байна. Манай зүгээс ШШГТХ-н 55.7-г зөвхөн “хуулийн дагуу явагдаад гараад ирсэн Үнэлгээг эс зөвшөөрч хэт бага үнээр үнэллээ, эсхүл үндэслэлгүй өндөрөөр үнэллээ” гэх мэтээр “Үнэлгээний талаар” гомдол гаргавал 7 хоногийн дотор гомдоно шүү гэсэн зохицуулалт гэж үзэж байна. Түүнээс биш “үнэлгээ явагдсан процесст 7 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэж үзэхгүй байгаа болно. Учир нь Үнэлгээ хууль бусаар явагдсан болохыг манай зүгээс мэдсэн даруйдаа 7 хоногийн хугацааг ч хүлээлгүй нэн даруй гомдол нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж манай зүгээс үзэхгүй байна. Монгол улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар аливаа эрх зүйн этгээд нь “эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо үндэсний бүрэн эрх бүхий шүүхээр хамгаалуулах”, шүүхэд мэдүүлэх”, “шударга шүүхээр шүүлгэх” эрхтэй. Манай зүгээс Үнэлгээ хууль бусаар явагдсан болохыг мэдсэн даруйдаа өөрөөр хэлбэл эрх зөрчигдсөнийг мэдсэн даруйдаа гомдол, нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзэж байна. Мөн өөр нэг үндэслэл байгаа нь давж заалдах шатны шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан ШШГТХ-н 55.1, 55.3-г буруу ойлгож хэрэглэсэн. Учир нь ШШГТХ-н 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн. барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заажээ. Гэтэл эсрэгээрээ магадлалын 4 дэх талын дороосоо 2 дахь догол мөр “Хэрэгт төлбөр авагч болон төлбөр төлөгчийн үнийн санал ирүүлсэн талаарх бичгийн баримт авагдаагүй байна” гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь ойлгомжгүй, зөрчилтэй болсон байна. Түүнчлэн ШШГТХ-н 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэсэн байна. Гэтэл манай тал огт мэдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт огт байхгүй Мэдэгдэл гэдэг зүйл сүүлд шүүх хурлын өмнө гэнэт гарч ирсэн байхад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Мөн үнэлгээг шинжээч гаргасан бол санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн үүргийг шийдвэр гүйцэтгэгч хүлээсэн байгаа ч санал хүсэлт авсан гэх баримт огт байхгүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүх мэдээд магадлалдаа олж хараад бичээд байгаа атал хууль бус зүйлийг өмөөрч байгаа нь мэт шийдсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        ... холдинг ХХК 2019-04-19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, ... гудамж, .. байр, .. тоот 167,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... холдинг ХХК 150 сая төгрөгийг Кингдом Инвест ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-11-01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар баталсан байна.  

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 181/ШШ2017/02712 дугаар захирамжийг төлбөр төлөгч эс биелүүлсэн тул гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагаа явуулсан, эд хөрөнгийн үнийн талаар санал өгөхийг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар мэдэгдсэн, хариуцагчийн тогтоолоор шинжээч томилогдсон, шинжээч-Сэлэнгэ эстимейт ХХК үнэлгээг хийсэн, албадан дуудлага худалдаа явуулах талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн үйл баримтууд тогтоогджээ. 

       Хариуцагч дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх байдал нотлогдоогүй тул хяналтын гомдлыг хангах боломжгүй болно. 

       2. Нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгохыг шаардахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэх боловч энэ нь хэргийн баримтаар нотлогдоогүйгээс гадна нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

       Шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 18-21,44,49,54,55 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.              

       Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах, хөрөнгө үнэлэх, хөрөнгийг албадан худалдан борлуулахаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана. Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ.    

       3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019-01-04-ний өдөр 27 дугаартай тогтоол гаргаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 167,8 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх шинжээч томилсон,томилсон талаараа /хх54-55/ мэдэгдсэн, үнэлгээний тайлангийн 1.2-т 2019-01-25-ны өдөр биет үзлэг /ерөнхий зураг авсан/ хийсэн, эд хөрөнгө ашиглагдаагүй байгаа зэргийн талаар дурдсан /хх 61-62/ байх тул “...үнэлгээ хийхдээ очиж үзээгүй..” гэх   гомдлоор нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчинө.  

       Шүүх үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       4. “..төлбөр авагчийн бусдаас авах авлагыг барагдуулаагүй атлаа ... холдинг ХХК-с төлбөр гаргуулах ажиллагааг хийж байна..” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

       Гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд харилцан үүрэг бүхий ижил төрлийн шаардлагыг гүйцэтгүүлэхээр нэхэмжилсэн тохиолдолд аль бага шаардлагыг их шаардлагаас нь хасаж суутган, уг хэмжээгээр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелэгдсэнд тооцно. Энэ шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргана.

       Хэрэгт авагдсан баримтаар ... холдинг ХХК, Кингдом инвест ББСБ ХХК-ийн өр авлагын талаарх мэдээлэл хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийн заасан үндэслэлээр хяналтын гомдлыг хангах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн агуулгад нийцэхгүй юм. 

       5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч талын гомдолд заасан нөхцөл байдлууд үндэслэлгүй байх тул хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02098 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ