Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 30

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М,

Хариуцагч: В.Ц нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 61 040 216 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Жамъяндагва,

Хариуцагч: Б.М,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Ц.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 52 000 000 төгрөгийг сарын 1,35 хувь, жилийн 16.20 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0,27 хувь, жилийн 3,24 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс нийт 908 хоног хэтрүүлсэн ба 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 61 040 216 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. “Т” ХХК-ийн зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн зөрчлийг арилгах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч шаардлагыг үл хүндэтгэж, компанид их хэмжээний хохирол учруулсан.

Зээлийн гэрээний 1.3-т гэрээний хугацаа, 3.1.10-т ноцтой зөрчлийн талаар заасан ба хавсралт 1-д заасан графикийг хоёроос дээш зөрчвөл ноцтой зөрчил гэж тооцохоор байгаа. Гэрээний 7-д зааснаар өвчний улмаас гэрээг цуцлах үндэслэл байхгүй.

“Т” ХХК өмнө нь нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул дахин нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 42 549 215 төгрөг, хүү 18 436 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 844 төгрөг, нийт 61 040 216 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр 02 тоот хаягт байрлах, 30 метр квадрат 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид зээл авсан нь үнэн, хуваарийн дагуу төлж байсан боловч бид хоёулаа өвчин тусаж төлж чадахгүй болсон. Энэ зээлийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан өгөхийг удаа дараа хүссэн боловч бүтээгүй. Бид мөнгө төлөхөд үндсэн зээлээс хасагдахгүй байгаа тул төлөөд төлөөд барахгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч В.Ц шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тнаас байр авахын тулд байраа барьцаанд тавьж зээл авсан нь үнэн. Манай нөхөр осолд орж, би хавдар өвчин туссан тул хуваарийн дагуу зээлийг төлж чадахгүйд хүрсэн.

Тухайн үед зээлийг маш өндөр хүүтэй авсан. Зээлийг ипотекийн жилийн 8 хувийн зээлд хамруулах хүсэлт гаргасан боловч банк бүтээж өгөөгүй. 2018 онд “Т” ХХК Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6559 дугаартай тогтоол гарсан. Гэтэл дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж биднээс мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Ер нь банкны хүү тооцож байгаа аргачлал буруу гэж үзэж байна.

Банкнаас 52 000 000 төгрөгийн зээл аваад бодит байдал дээр бид 138 000 000 төгрөг төлсөн. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг битүүмжилж, зээлд суутгасан. Үүнийг улмаас хариуцагч В.Цын хавдар улам хүндэрсэн.

Иймд нэгэнт өмнө шийдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М, В.Ц нараас 55 003 269 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201004798 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас хангуулж, 6 036 946 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 432 966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмнө нь нэхэмжлэгчийн зүгээс “Зээлийн гэрээний үүрэгт 55 557 182 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх тогтоолоор гарч шийдвэр гарсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх маргааны талаар дахин шийдвэр гаргахдаа гэрээний талууд аль нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, татгалзах журам хуулийн дагуу явагдсан эсэх, татгалзсантай холбоотой үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй эсэхийг дүгнэсэн.

Хариуцагч нарын зүгээс боломжтой байдлаар зээлээ үргэлжлүүлэн төлье гэсэн боловч харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ өмнө гурван шатны шүүх шийдвэрлэсэн цаг хугацаанд хамаарах үйл баримт буюу нэгэнт энэ хэргийн талаар урьд шийдвэрлэснийг дахин татан авч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хариуцагч нар зээлийн хугацаа хэтрэлтийн зөрчил үүсгэсэн гэсэн цаг хугацааг хамааруулан шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдлыг зөрүүтэй дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.М, В.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61 040 216 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

“Т” ХХК нь Б.М, В.Ц нартай 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 369 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 52 000 000 төгрөгийг сарын 1,35 хувь, жилийн 16,20 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн /хх-10-15/ талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн мөн өдөр 369 тоот барьцааны гэрээ байгуулж Б.Мын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004798 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-16-17/

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2712 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр магадлал,  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 659 дүгээр тогтоолоор “Т” ХХК-ийн Б.М, В.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 55 557 182 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх-56-66/

 

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч гэрээг цуцлах, татгалзах талаар хуульд заасан журам баримтлаагүй тул гэрээнээс татгалзсантай холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч гэрээнээс татгалзах журмыг 2018 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлээгүй байгаа нь тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. /хх-61-66/

Харин уг хугацаанаас хойш болсон үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт өгч нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

“Т” ХХК нь Б.М, В.Ц нарт 2019 оны 3 дугаар сарын 19, мөн оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлэхгүй бол гэрээ цуцлах тухайгаа мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Харин гэрээнээс татгалзахад нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй тохиолдлыг зохицуулсан Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардаагүй байхад мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Уг алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх “хариуцагч зээлийг хуваарийн дагуу биш боловч 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 12 удаагийн төлөлтөөр 9 035 590 төгрөг төлснийг хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар суутган авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллыг зөрчсөн, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар суутгах нь зүйтэй” гэж дүгнэж үндсэн зээлд 38 719 504 төгрөг, зээлийн хүү 16 283 764 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

“Т” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА