Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01171

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02728 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Мөнхбат, Ю.Цэрэндолгор нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 61,040,216.05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагч Ю.Цэрэндолгор, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь орон сууцны зээл хүсэх хүсэлт гаргасны дагуу Орон сууцны зээлийн хорооны 2011.10.31-ний өдрийн 66.08 дугаартай шийдвэрийн дагуу 52,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.35%, жилийн 16.20%, нэмэгдүүлсэн хүү сарын 0.27% жилийн 3.24% хүүтэй зээлийг 180 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн орон сууцны эргэн төлөлтийг 2017.01.04-ний өдрөөс нийт 908 хоног хэтрэлтийн зөрчил үүсгэж 2019.7.01-ний өдрийн байдлаар 61,040,216.05 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Төрийн банкны зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн зөрчлийг арилгах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч шаардлагыг үл хүндэтгэж, шаардлагыг биелүүлэхгүй компанид их хэмжээний хохирол учруулсан. Б.Мөнхбат нь орон сууцны үндсэн зээлдэгчээр Ю.Цэрэндолгор нь хамтран зээлдэгчээр өөрсдөө хүсэлт гаргаад зээл гаргуулсан. Зээлийн гэрээний 1.3-т гэрээний хугацаа, 3.1.10-т ноцтой зөрчлийн талаар заасан байгаа. Үүнийг ойлгохдоо хавсралт 1-д заасан графикийг хоёроос дээш зөрчвөл ноцтой зөрчил гэж үзнэ. Гэрээний 7-д зааснаар хариуцагч нарын ярьж байгаа өвчний улмаас гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Төрийн банк өмнө нь нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх татгалзах үндэслэлд дүгнэлт хийгээд шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймээс бид дахин нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 42,549,215.39 төгрөг, хүү 18,436,155.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,844.99 төгрөг, нийт 61,040,216.05 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр 02 тоот хаягт байрлах, 30 метр квадрат 2 өрөө орон сууцаар хангуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнхбат, Ю.Цэрэндолгор нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид зээл авсан нь үнэн ба хуваарийн дагуу төлж байсан боловч бид хоёулаа өвчин тусаж төлж чадахгүй болсон. Энэ зээлийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан өгөхийг их хүссэн боловч бүтээгүй. Бид мөнгө төлөхөд үндсэн зээлээс хасагдахгүй байгаа тул төлөөд төлөөд барахгүй байгаа...

...Төрийн банкнаас байр авахын тулд байраа барьцаанд тавьж зээл авсан нь үнэн. Гэвч бид зээлийг төлж чадахгүй байх нөхцөл үүссэн. Манай нөхөр осолд орж, би хавдар өвчин туссан тул хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Тухайн үед зээлийг маш өндөр хүүтэй авсан. Зээлийг ипотекийн жилийн 8 хувийн зээлд хамруулах хүсэлт гаргасан боловч банк бүтээж өгөөгүй. 2018 онд Төрийн банк нэхэмжлэл гаргаад гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Ингэж шийдэгдэхдээ Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахин дахин шүүхэд өгөөд биднээс мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Ер нь банкны хүү тооцож байгаа аргачлал буруу гэж үзэж байна. Мөнгө төлөөд байхад төлбөрөөс хасагдахгүй байхад насаараа төлөөд ч энэ өрийг барахгүй гэсэн тооцоолол гаргасан. Иймд нэгэнт өмнө шийдсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02728 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхбат, Ю.Цэрэндолгор нараас 55,003,269.89 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 2 тоот 2 өрөө орон сууцаар хангуулах, 6,036,946.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагчаас 432,966.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Тус иргэний хэргийг өмнө 3 шатны шүүх шийдвэрлэсэн тухайд: Тус иргэний хэргийг өмнө нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байсан. Гэтэл Төрийн банкны зүгээс удаа дараа шүүхэд хандаж мөн адил дахин шийдвэрлүүлсэн. Энэ хэргийн тухайд өмнө нь нэхэмжлэгчийн зүгээс Зээлийн гэрээний үүрэгт 55,557,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.11.05-ны өдрийн №2712 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх 2018.12.24-ний өдрийн 21 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2019.5.09-ний өдрийн №001/ХТ2019/00659 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын тухайд өмнө шийдвэрлэсэн байхад дахин яг тэрхүү нэхэмжлэлийн шаардлагаар шүүхэд хандаж шүүх иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь зохигчдын үйл ажиллагааны тухайд: Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа цаг хугацааны хувьд багагүй цаг хугацааг хамарсан бөгөөд энэ хугацаанд зохигчид хоорондоо холбоотой байж ирсэн. Шүүхэд маргаан хэдэн сарын турш хянан хэлэлцэгдсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр 2019.5.09-ний өдөр гарсан. Энэхүү шийдвэр гарсны дараа Төрийн банк-тай уулзах хүсэлт гаргаж уулзаж байсан. Тэгэхэд Төрийн банк-ны зүгээс шүүхийн шийдвэр хамаагүй, хэдэн шүүгчийн сэтгэлийн хөөрлөөр шийдвэрлэсэн асуудал манай байгууллагад хамаагүй гээд ярилцах, зөвшилцөх тал дээр боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Хариуцагч нарын зүгээс боломжтой байдлаар зээлээ үргэлжлүүлэн төлье гэсэн боловч харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй. Төрийн банкны зүгээс ямар ч боломжгүй нөхцөл саналыг тавьж байсан. Энэ мэт байдлууд нь дан ганц хариуцагч нараас шалтгаалсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй асуудал биш юм. Мөн энэхүү асуудал даамжирч улмаар Төрийн банк өөрийн эрх мэдлийн хүрээнд хариуцагч нарын төрийн банкинд банкны дансанд байрших мөнгөнөөс дур мэдэн татан авалтыг хэд хэдэн удаа хийсэн. Энэхүү мөнгө нь хариуцагч нарын эмчилгээнд зориулах гэсэн өөр бусад хүмүүсээс дэмжлэг, туслалцаа үзүүлэх мөнгө байсан. Гол ноцтой асуудал нь хариуцагч Ю.Цэрэндолгорын группийн мөнгө буюу нийгмийн даатгалын сангаас олгодог мөнгийг захиран зарцуулах эрхэд халдаж бүтэн 4 сарын хугацаанд битүүмжилж, банк дахь дансны гүйлгээнд хязгаарлалт тавьсан асуудал байдаг. Энэ нь хуулиар хориглосон үйлдэл юм. Үүний улмаас Ю.Цэрэндолгорын эмчийн заалттай тогтмол уух эм тариа тасалдаж биеийн эрүүл мэндийн байдал огцом муудаж бие махбодийн маш их хохирол амссан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Энэхүү иргэний хэргийн өмнө гурван шатны шүүх шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн зүгээс дахин шүүхэд хандсан. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 61,040,216.05 төгрөгийг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгч яг юу хүсэж буйгаар тодорхойлогддог. Шүүх хоёр удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамж ёсчлогдсон байдаг. Захирамжийн үндэслэл нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын дагуу өмнө шүүх шийдвэрлэсэн байна. Ингэхдээ цаг хугацааны хувьд 2018 оны 09 дүгээр сарын байдлаар шийдвэрлэжээ. Иймд тус цаг хугацаанаас хойшхи зээлдэгчийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй агуулгаар илэрхийлэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх байдлыг үл ойшоон 2017 оны 01 сараас хойш зээлийн хугацаа хэтрэлтийн зөрчил үүсгэсэн гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл өмнө шүүх шийдвэрлэсэн цаг хугацааг хамааруулсан. Харамсалтай нь шүүгчийн захирамжийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ өмнө гурван шатны шүүх шийдвэрлэсэн цаг хугацаанд хамаарах үйл баримт буюу нэгэнт энэ хэргийн талаар урьд шийдвэрлэснийг дахин татан авч шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл өмнөх гурван шатны шүүхийн шийдвэр 2018 оны 09 дүгээр сар хүртэл цаг хугацаанд хамааруулан шийдвэрлэсэн байхад 2019.10.24-ний өдрийн 2728 дугаар шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн шаардлагын дагуу буюу 2017.01.04-ний өдрөөс эхлэн хариуцагч нар зээлийн хугацаа хэтрэлтийн зөрчил үүсгэсэн гэсэн цаг хугацааг хамааруулан шийдвэрлэсэн. Мөн зээлийн эргэн төлөлтийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч нар 2017.01.04-ний өдрөөс 908 хоногийн хугацаа хэтрэлтийн зөрчил үүсгэсэн гэж тайлбарладаг. Гэтэл шүүх 2017.01.22-ны өдрөөс нийт 12 удаагийн төлөлтөөр 9,035,590 төгрөгийг төлсөн талаар дурдсан боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг яг ямар хугацаанд, ямар хэмжээний зөрчил гаргасан талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.24-ний өдрийн №184/ШШ2019/02728 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Төрийн банк ХХК нь Б.Мөнхбат, Ю.Цэрэндолгор нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,040,216.05 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас 55,003,269.89 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нэхэмжлэлээс үлдэх 6,036,946.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч Б.Мөнхбатын ...нэхэмжлэлд урьд нь шүүх шийдвэрлэсэн цаг хугацааг хамааруулсан. ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өмнөх гурван шатны шүүх шийдвэрлэсэн цаг хугацаанд хамаарах үйл баримтыг буюу нэгэнт энэ хэргийн талаар урьд шийдвэрлэсэн байхад дахин татан авч шийдвэрлэсэн... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, банк өмнө буюу 2018.09.26-ны өдөр Б.Мөнхбат, Ю.Цэрэндолгор нараас зээлийн гэрээний үүрэгт 55,557,182 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.11.05-ны өдрийн 2712 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, хяналтын шатны шүүх 2019.05.09-ний өдрийн 659 дүгээр тогтоолоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн ба эдгээр шийдвэр, тогтоолд ...зээлдэгч үүргийг ялимгүй зөрчсөн байхад зээлдүүлэгч өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, гэрээг цуцлах, татгалзах талаар хуульд заасан журам баримтлаагүй нь гэрээнээс татгалзсантай холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан... гэж дүгнэжээ.

 

Хяналтын шатны шүүхийн 2019 оны 659 дүгээр тогтоол гарснаас хойш Төрийн банк ХХК нь 2019.06.07-ны өдөр Б.Мөнхбат, Ю.Цэрэндолгор нарт ...эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлэхгүй бол гэрээ цуцлах... тухай мэдэгдэж, эдгээр баримтыг үндэслэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоос хойш бий болсон үйл баримт /хх21-25, 77/-ыг үндэслэн шүүхэд хандсан байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Төрийн банк ХХК нь Б.Мөнхбат, Ю.Цэрэндолгор нартай 2011.11.03-ны өдөр 369 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 52,000,000 төгрөгийг нэг сарын 1.35 хувь, жилийн 16.20 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлсэн, уг гэрээний дагуу зээлдэгч нар төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байх боловч 2017.01.04-ний өдрөөс зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй, мөн 2018.07.04-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, банк гэрээний үүргээ биелүүлэхийг 2019.06.07-ны өдөр мэдэгдсэн зэрэг нь нотлогдсон байна.

 

Зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч нь ...гэрээний үүргээ биелүүлэх, биелүүлэхгүй бол гэрээ цуцлах... талаар 2019.06.07-ны өдөр мэдэгдсэн байхад төлбөр төлөгдөөгүй тул Төрийн банк ХХК нь зээлийн үлдэгдэл төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 38,719,504 төгрөг, зээлийн хүү 16,283,764 төгрөг, нийт 55,003,269.89 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй... гэж анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан, хоёр шатны шүүх барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02728 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ