Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/02728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М,

Хариуцагч: Ю.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 61,040,216.05 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Э.Н, хариуцагч Б.М, Ю.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь орон сууцны зээл хүсэх хүсэлт гаргасны дагуу Орон сууцны зээлийн хорооны 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 66.08 дугаартай шийдвэрийн дагуу 52,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.35%, жилийн 16.20%, нэмэгдүүлсэн хүү сарын 0.27% жилийн 3.24% хүүтэй зээлийг 180 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн орон сууцны эргэн төлөлтийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс нийт 908 хоног хэтрэлтийн зөрчил үүсгэж 2019 оны 7 дугаар 01-ний өдрийн байдлаар 61,040,216.05 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Т ХХК-н зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн зөрчлийг арилгах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч шаардлагыг үл хүндэтгэж, шаардлагыг биелүүлэхгүй компанид их хэмжээний хохирол учруулсан. Б.М нь орон сууцны үндсэн зээлдэгчээр Ю.Ц нь хамтран зээлдэгчээр өөрсдөө хүсэлт гаргаад зээл гаргуулсан. Зээлийн гэрээний 1.3-т гэрээний хугацаа, 3.1.10-т ноцтой зөрчлийн талаар заасан байгаа. Үүнийг ойлгохдоо хавсралт 1-д заасан графикийг хоёроос дээш зөрчвөл ноцтой зөрчил гэж үзнэ. Гэрээний 7-д зааснаар хариуцагч нарын ярьж байгаа өвчний улмаас гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Төрийн банк өмнө нь нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх татгалзах үндэслэлд дүгнэлт хийгээд шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймээс бид дахин нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 42,549,215.39 төгрөг, хүү 18,436,155.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,844.99 төгрөг, нийт 61,040,216.05 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид зээл авсан нь үнэн ба хуваарийн дагуу төлж байсан боловч бид хоёулаа өвчин тусаж төлж чадахгүй болсон. Энэ зээлийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан өгөхийг их хүссэн боловч бүтээгүй. Бид мөнгө төлөхөд үндсэн зээлээс хасагдахгүй байгаа тул төлөөд төлөөд барахгүй байгаа гэв.

Хариуцагч Ю.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-аас байр авахын тулд байраа барьцаанд тавьж зээл авсан нь үнэн. Гэвч бид зээлийг төлж чадахгүй байх нөхцөл үүссэн. Манай нөхөр осолд орж, би хавдар өвчин туссан тул хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Тухайн үед зээлийг маш өндөр хүүтэй авсан. Зээлийг ипотекийн жилийн 8 хувийн зээлд хамруулах хүсэлт гаргасан боловч банк бүтээж өгөөгүй. 2018 онд Т ХХК нэхэмжлэл гаргаад гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Ингэж шийдэгдэхдээ Т ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахин дахин шүүхэд өгөөд биднээс мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Ер нь банкны хүү тооцож байгаа аргачлал буруу гэж үзэж байна. Мөнгө төлөөд байхад төлбөрөөс хасагдахгүй байхад насаараа төлөөд ч энэ өрийг барахгүй гэсэн тооцоолол гаргасан. Иймд нэгэнт өмнө шийдсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар Т ХХК урьд өмнө нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6559 дугаартай тогтоол гарсан. Зээлийн шаардлагын тухайд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш төлж байсан эсвэл төлөөгүй гэх баримт өгөөгүй. 908 хоногийн хэтрэлтийн тухайд 52,000,000 төгрөгийн зээл аваад бодит байдалд 138,000,000 төгрөг төлсөн, төлөөгүй 13,000,000 төгрөг нь үнэхээр ноцтой асуудал уу, төлөх боломж олгосон уу гэдэг асуудал яригдана. Т ХХК-д хэд хэдэн удаа эвлэрэх санал тавьж байсан, өвчний нөхцөл байдлаа хэлж байсан, 8 хувийн зээлд оруулж өгөхийг ч хүсэж байсан. Гэтэл эвлэрэх санал нь хүлээн авах боломжгүй нөхцөл байдаг. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг битүүмжилж, зээлд суутгасан. Үүнийг улмаас хариуцагч Ю.Ц-ын хавдар улам хүндэрсэн. Гаргаж болохгүй хөрөнгөөс гаргуулсан. Бид энэ байдлыг Хүний эрхийн үндэсний комисст хүртэл хандан шийдвэрлүүлсэн. Иймээс нэгэнт энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК /цаашид нэхэмжлэгч, зээлдүүлэгч гэх/ нь хариуцагч Б.М, Ю.Ц /цаашид хариуцагч, зээлдэгч гэх/ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,040,216.05 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Т ХХК болон Б.М, Ю.Ц нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 369 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч 52,000,000 төгрөгийг сарын 1,35 хувь, жилийн 16,20 хувийн хүүтэй 180 сар буюу 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар, орон сууц авах зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч нар төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцжээ. /хх-10-15/

Мөн талуудын хооронд тус өдөр 369 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлийн Ү-2201004798 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна. /хх-16-17/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, оролцогчдын эрх зүйн байдал, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригоос үзэхэд, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр олгогдсон зээлийн хэмжээ, буцаан төлөгдсөн төлбөрийн хэмжээ, огнооны талаар маргаагүйн зэрэгцээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зөрчсөн, нийт 908 хоногийн хугацаа хэтрэлттэй тул гэрээнээс татгалзан үлдэх төлбөрийг шаардсан бол хариуцагч нар уг маргааныг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй хэмээн маргажээ.

Т ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.М, Ю.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 55,557,182 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2712 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 659 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-56-66/

Шүүхийн шийдвэрт хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн байхад нэхэмжлэгч талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, гэрээг цуцлах, татгалзах талаар хуульд заасан журам баримтлаагүй нь гэрээнээс татгалзсантай холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэжээ. /хх-61-66/

Шүүхийн шийдвэрээс үзэхэд талуудын гэрээнээс үүдэлтэй маргааныг эцэслэн шийдвэрлээгүй буюу талуудын үүргийг дуусгавар болгоогүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээний үйлчлэл буюу үүрэг хэвээр үлджээ. Шүүх үүрэг зөрчсөнөөс нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, татгалзах журам хуулийн дагуу явагдсан эсэх, татгалзсантай холбоотой үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй эсэх үйл баримтыг 2018 оны 9 дүгээр сарын байдлаар шийдвэрлэжээ. Нэгэнт гэрээний үйлчлэл хэвээр байх тул талууд үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх байжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу Т ХХК нь хариуцагч Б.М, Ю.Ц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар зээл, түүний хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, банкнаас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, 6 дугаар сарын 07-ны өдөр, 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрээний үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдлийг явуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба зохигчид уг үйл баримтад маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрээний үүрэг биелүүлэх, цуцлах тухай удаа дараа уулзаж байсан гэж тайлбарласныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. /хх-21-25, 77/

Нэхэмжлэгч гэрээ цуцлах тухайгаа мэдэгдсэн, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг сануулсаар байхад ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагагүй гэж үзэн, гэрээнээс татгалзсан нь гэрээнээс татгалзах журмын талаарх зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасантай нийцсэн, хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар зээлийг хуваарийн дагуу биш боловч 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 12 удаагийн төлөлтөөр 9,035,590 төгрөгийг төлснийг зээлдэгч нь хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлбөрт суутган авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэж үзлээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-216.3-т үүрэг гүйцэтгэгч хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байхаар, хэрэв сонгоогүй бол үүргийн хугацаа, шинж чанарыг харгалзан алийг тэргүүн ээлжид гүйцэтгэх талаар зохицуулжээ. Дээрх нөхцөл мөн хангагдаагүй тохиолдолд хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр заажээ.

Хариуцагч нар 9,035,590 төгрөг төлөхдөө нэхэмжлэгчийн суутган авсан дарааллаар сонголт хийгээгүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллаар суутгах нь зүйтэй.

Хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 772,900 төгрөг төлснөөс тус өдрийн байдлаар зээлийн хуваарийн дагуу төлбөл зохих үндсэн төлбөрөөс 144,643.29 төгрөг, хүүнээс 628,038.44 төгрөг[1], 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 649,900 төгрөг төлснөөс төлбөл зохих үндсэн төлбөрөөс 126,460.31 төгрөг, хүүнээс 523,248.86 төгрөг[2], 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 99,800 төгрөг төлснөөс бүгдийг нь үндсэн төлбөрөөс[3], 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг төлснөөс үндсэн төлбөрөөс 108,924.34 төгрөг, хүүнээс 40,777.59 төгрөг[4], 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 775,000 төгрөг төлснөөс үндсэн төлбөрөөс 171,269.55 төгрөг, хүүнээс 603,365.57 төгрөг[5], 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 649,800 төгрөг төлснөөс үндсэн төлбөрөөс 287,622.92 төгрөг, хүүнээс 362,177.08 төгрөг[6], 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,719,390 төгрөг[7], 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 774,800 төгрөг[8], 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,545,200 төгрөг[9], 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 699,200 төгрөг[10], 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 599,600 төгрөг[11], үндсэн хүүгээс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 600,000 төгрөгийг[12] төлснөөс тус тус үндсэн төлбөрөөс хасаж тооцсон.

Ийнхүү тооцоолоход хариуцагчийн төлбөл зохих үүргийн хэмжээг үндсэн төлбөрт 38,719,504.98 төгрөг, хүү 16,283,764.92 төгрөг, нийт 55,003,269.89 төгрөг гэж үзлээ.

Барьцааны гэрээг барьцааны зүйлийн өмчлөгч Б.М, хамтран зээлдэгч Ю.Ц нар гарын үсэг зурж нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-16-17/ Барьцааны гэрээ нь хуулиар тавигдсан хэлбэр, агуулга, бүртгэлийн шаардлага хангасан хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан, 166 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу Т ХХК тус хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.М, Ю.Ц нараас 55,003,269.89 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201004798 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас хангаж, үлдэх 6,036,946.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М, Ю.Ц нараас 55,003,269.89 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201004798 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас хангуулж, 6,036,946.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 432,966.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

 

 

 

 

 

[1] Хуваарь ёсоор 2017.01.05-ны өдөр төлбөл зохих үндсэн зээл 144,643.29 төгрөг, хүү 323,797.01 төгрөг, 2017.01.22-ны байдлаар хуримтлагдсан хүү 344,034,32 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 45,596,415.39 төгрөг болно.

[2] Хуваарь ёсоор 2017.02.06-ны өдөр төлбөл зохих үндсэн зээл 126,460.31 төгрөг, хүү 302,596.73 төгрөг, 2017.02.23-ны байдлаар хуримтлагдсан хүү 342,942.92 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 45,325,311.79 төгрөг болно.

[3] Хуваарь ёсоор 2017.03.06-ны өдөр төлбөл зохих үндсэн зээл 208,724.34 төгрөг, хүү 221,286.86 төгрөг байх ба 217.03.20-ны өдөр төлсөн 99,800.00 төгрөг нь тухайн хугацаа дахь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тул үндсэн төлбөрөөс хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 45,225,511.79 төгрөг болно.

[4] Хуваарь ёсоор 2017.03.06-ны өдөр төлбөл зохих үндсэн зээл 208,724.34 төгрөг, хүү 221,286.86 төгрөг байх ба үндсэн төлбөрийн үлдэгдэл 108,924.34 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 40,777.59 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 45,116,587.45 төгрөг болно.

[5] Хуваарь ёсоор 2017.04.05-ны өдөр төлбөл зохих үндсэн зээл 171,269.55 төгрөг, хуримтлагдсан хүү 603,365.57 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 44,945,317.90 төгрөг болно.

[6] 2017.05.02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 287,622.92 төгрөг, хуримтлагдсан хүү 362,177.08 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 44,657,694.98 төгрөг болно.

[7] 2017.05.18-ны өдөр 1,719,390 төгрөгийн илүү төлөлт болж, зээлийн үлдэгдэл 42,938,304.98 төгрөг болно.

[8] 2017.06.25-ны өдөр 774,800 төгрөгийн илүү төлөлт болж, зээлийн үлдэгдэл 42,163,504.98 төгрөг болно.

[9] 2017.10.13-ны өдөр 1,545,200 төгрөгийн илүү төлөлт болж, зээлийн үлдэгдэл 40,618,304.98 төгрөг болно.

[10] 2018.02.08-ны өдөр 699,200 төгрөгийн илүү төлөлт болж, зээлийн үлдэгдэл 39,919,104.98 төгрөг болно.

[11] 2018.04.06-ны өдөр 599,600 төгрөгийн илүү төлөлт болж, зээлийн үлдэгдэл 39,319,504.98 төгрөг болно.

[12] 2018.07.04-ний өдөр 600,000 төгрөгийн илүү төлөлт болж, зээлийн үлдэгдэл 38,719,504.98 төгрөг болно.