Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128

 

 “Ба ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ба ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 115 493 932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Жамъяандорж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Ба ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байрны 5 тоотын 85,19 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5-р хороолол 33 дугаар байрны 0 тоот 12 м.кв талбайтай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалж, 12 сарын хугацаатай 50 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд Ж.Баас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 49 745 219 төгрөг, зээлийн хүүнд 56 018 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9 730 164 төгрөг, нийт 115 493 932 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 863 369 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Г.Д “Ба ББСБ” ХХК-аас 50 000 000 төгрөгийн зээлийг миний өмчлөлийн 2 байрыг барьцаалуулан авахуулсан. Зээл авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би уг 50 000 000 төгрөгийг Г.Дгийн Хаан банкны 5037561967 тоот дансанд шилжүүлсэн.

Гэтэл Г.Д нь намайг төдийгүй олон хүнийг залилсан байсан ба бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож, уг гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, одоо шүүхийн шатанд байгаа. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хохирогчдын хохирлыг барагдуулаагүй байна.

Би зээлийн 50 000 000 төгрөгөөс нэг ч төгрөгийг өөртөө авч хэрэглээгүй бүгдийг Г.Дд өгсөн хэдий ч нэхэмжлэгч компанид би 14 319 000 төгрөгийг төлчихөөд байгаа.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлд дурдсан 115 493 932 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлийн гэрээний хугацааны хүүг төлөх үндэслэл байхгүй бусад шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Баас 115 493 932.57 гаргуулан нэхэмжлэгч “Ба ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үүргийг хариуцагч Ж.Б биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байрны 5 тоотын 85,19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5-р хороолол 33 дугаар байрны 0 тоот 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 793 169.66 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 805 620 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ба ББСБ” ХХК-аас 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад дурдсанаар 1 жилийн хугацаанд 18 325 090 төгрөгийн хүү төлөхөөс 13 291 698 төгрөгийг, үндсэн зээл 50 000 000 төгрөг төлөхөөс 254 780 төгрөгийг тус тус төлсөн.

“Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж гэрээнд заасны дагуу 3 665 018 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх ёстойгоос 1 032 521 төгрөгийг төлсөн. Иймд Ж.Б нь үндсэн зээлийн үлдэгдэл 49 745 220 төгрөг, төлөгдөөгүй хүү 5 033 392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 632 497 төгрөг, нийт 57 411 109 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 58 082 823 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх хуулийн заалтыг буруу ойлгож, тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үндсэн зээл болон гэрээний хүчинтэй байх хугацаанд бодогдох хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалт болохоос гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцож шаардах эрхийг олгосон заалт биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ба ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 115 493 932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Б нь “Ба ББСБ” ХХК-аас 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Ж.Б нь өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан, Ар Зайсан гудамжны 97 байр 5 тоот, 85,19 м.кв талбайтай орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 33 дугаар байрны 0 тоот 12 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Ж.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 14 319 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний 3.1.1-д зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж төлөх үүрэг хүлээсэн байх боловч уг үүргийг 2017 оны 07 дугаар сараас эхлэн зөрчсөн талаар талууд маргаагүй байна.

 

Харин хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

Зээлийн гэрээний 2.5-д: “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хуваар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж

гэрээний 2.6-д: “зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тус тус тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 49 745 219 төгрөг, зээлийн хүү 56 018 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 730 164 төгрөг, нийт 115 493 932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ба ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дүгээр зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА