Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 115/2017/0014/З |
Дугаар | 221/МА2017/0591 |
Огноо | 2017-08-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2017/0591
|
Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3.182.460 /гурван сая нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч нь давж заалдах гомдолдоо: “Д.М-ыг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажил мэргэжил, ур чадвараар ажилдаа тэнцэхгүй болсон” Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг тус тус үндэслэл болгосон.
Нэхэмжлэгч Д.М нь талбайгаас их хэмжээний мод гаргаж үхүүлэн байгууллагад хохирол учруулсан, үүрэг даалгавар биелүүлдэггүй, судалгаа мэдээлэл хангалтгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг даалгаврын биелэлтээр ажил дүгнэж хангалтгүй үнэлгээ авсан, ажилтнуудын дунд хов ярьж, мессеж бичиж хутган үймүүлж хамт олны эв нэгдлийг алдагдуулж байсан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажиллаж дараах дүгнэлт гаргасан.
Шүүх хурлыг өөр хугацаа байхгүй гэж шахаж 1 дэх өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт хийхээр зарласан нь зохион байгуулалттай байсан. Аймгийн Төрийн албаны зөвлөлөөс шаардаж ирүүлсэн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангийн цахим мэдээллийг шүүх хуралдааныг завсарлуулж байгаад дараа нь оруулж ирсэн нь хууль зөрчсөн. Гэрч н.Буяннэмэх нь манай байгууллагын хүний нөөцийн ажилтан бөгөөд намайг 2016 оны 02 дугаар сард ажлаас халагдсаны дараа байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, миний бие шүүхийн шийдвэрээр 2016 оны 10 дугаар сард ажилд орсон 2017 оны 01 дүгээр сард хамт олны заримыг нэхэмжлэгч Д.М болон манаач сахиулыг ятгаж зээл олгохгүй байгаа тул намайг өөрчлөх талаар өргөдөл бичиж ажил хийхэд саад болж байсан, ажлаас чөлөөлөх тушаалд миний оруулаарай гэсэн хуулийн заалтыг оруулж гаргаагүй ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг оролцуулж миний эсрэг мэдүүлэг өгч хуйвалдсан. Хүний нөөцийн ажилтан Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний цахим мэдээллийг шивж өөрчлөлтийг хийдэг гэтэл Хүний нөөцийн ажилтан санаатайгаар өөрчлөлтийг хийгээгүй байсныг нотлох баримт болгон мөн гэрчээр оролцуулсан нь хууль зөрчсөн. Ёс зүйн зөрчлийн талаар Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасныг хавсаргав.
Шүүх хуралдаан хийх явцад илт нэхэмжлэгчийн талд асуултууд асууж байсан, төрийн захиргааны албан хаагчийн баталгааг мэдэх үү ажлаас халахгүй байх заалттай, та хуульч атлаа ...төрийн захиргааны албан хаагчийн зохицуулсан хууль байтал Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн зэргээр асуусан. Миний бие хариу тайлбартаа ажилдаа хариуцлагагүй хандаж мод үхүүлсэн тул үр дүнгийн үнэлгээгээр F буюу хангалтгүй үнэлгээ авсан, мөн хамт олныг үймүүлж хов ярьж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж байсан тул цаашид ажиллуулах боломжгүй байсан. Хяналт шинжилгээний багаас мэргэжлийн хүнийг ажиллуулах дүгнэлт гарсан мөн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журманд хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авах журмыг уншиж сонсгохыг санал болгож ажлаа хийж чадахгүй хүнийг ажиллуулаад байх хууль байхгүй гэсэн тайлбар өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх хэргийг шийдвэрлэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байсан. Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус байгууллагын даргын 2017 оны Б/06 дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн. Ажлын хариуцлага, ёс зүйн талаар хамт олны хурал болон өөрт нь анхааруулж байсан хурлын тэмдэглэл бий. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т сахилгын шийтгэлийг заавал шат дараалан хэрэглэх шаардлагагүй гэсэн заалттай.
Д.М-ыг анх ажилд авахдаа байгууллага хамт олон бид бүгд сайхан сэтгэлээр хүлээн авч, төрийн албанд сургаж дадлагажуулахад анхаарч байсан. Ажлаас халахдаа ч 2016 оны сүүлчээр ажил дүгнэсний дараа халчхаагүй хувь хүний амьдралыг бодож нэлээд ажиллуулсан, Солонгосын визэнд орох хүсэлтэд тодорхойлолт гарган өгч байсан бөгөөд их хэмжээний мод үхүүлсэнд төлбөр ногдуулаагүй хариуцсан ажилтай нь холбоотой 2016 оны мод нийлүүлсэн Буянт үйлс компанийн төлөөлөгч удаа дараа ирж модны мөнгө 2.500.000 төгрөгийг нэхэж байсан гомдлыг барагдуулахад байгууллагаас анхаарч гэрээгээр зохицуулсан, уг нь Д.М өөрөө төлөх ёстой байсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч халагдах үедээ ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халахгүй байхыг хүсэлт болгож байсан. Ажлын хариуцлагын асуудлаар өөртэй нь уулзаж анхааруулж байсан хурлын тэмдэглэл бий зэргийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.М Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.М-ыг ой, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байх бөгөөд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/496 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөжээ.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шаардлагыг тухайн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заахаар зохицуулсан байна.
Д.М нь Ойн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн ойн инженер, байгаль хамгаалал судлаач, ургамал хамгаалал экологич байх шаардлагыг хангаагүй нь 2013 онд Засагт хан дээд сургуулийг “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр суралцаж төгссөн №D201312128 дугаар бүхий бакалаврын дипломоор нотлогдож байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн боловч уг нөхцөлд Төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдах эрхтэй хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч Д.М нь Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ой, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан болзол шаардлагыг хангасан бол түүний уг албан тушаалыг эрхлэх эрх хамгаалагдах бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд томилохыг даалгах, энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасан эрхийнхээ дагуу хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/30 дугаар тушаалаар 2016 оны жилийн эцсийн байдлаар байгууллагын албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн биелэлтийг үнэлж, дүгнэсэн ба уг тушаалын хавсралтаар Д.М F буюу хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд нэхэмжлэгч уг үнэлгээтэй танилцсан гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.М-ын 2016 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаар тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.М-ын Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан Д.М-ын Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА