Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 63

 

Д.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, А.Золжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дүгээр магадлалтай, Д.А-т холбогдох 1734002310057 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-гийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар Д.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “1.Шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас зорчигч Х.А нь тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдэгт өмгөөлөх талын байр сууринаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх дүрмийн 2.1а-д зааснаар жолооч нь тухайн үед жолоодох эрхийн үнэмлэхгүй байснаас осол гарсан гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн гэмт хэрэг гарах болсон шууд шалтгаант нөхцөл биш юм. Мөн тус дүрмийн 7.6-д заасан үндэслэлээр Д.А-г буруутгаж байгаа боловч замын хөдөлгөөнд Д.А нь оролцоогүй, зорчигч өөрөө хаалга онгойлгосны улмаас бэртэж гэмтсэн нь Д.А-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас хүнд гэмтэл учруулсан гэж шууд буруутгах үндэслэл болохгүй юм. Үүнээс дүгнэвэл, Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тухайн хэрэг болсон өдрөөс хойш 6 сарын дараа шинжээчийн дүгнэлт гарсан нь эргэлзээтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заасан байна. Үүнээс үзэхэд Д.А-т холбогдох хэргийг зам тээврийн осол гэж үзэх боломжгүй байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл нь эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал хэлсэн саналдаа “...Миний хувьд болон шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байгаа юм. Шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж, тэнсэх бүрэн боломжтой. 2015 оны Эрүүгийн хууль нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг аль болох нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах гол зорилготой гэж үзэж байна. Ийм учраас Д.А-г тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Д.А нь зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял нь тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлыг үндэслэн Д.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх газар “Ланд Круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.А тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс Д.А-т оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзнэ.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН