Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Д.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1734002310057 дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн. Төв аймгийн Лүн суманд 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Авдарант хайрхан төрийн өмчит үйлдвэрийн газарт ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр баг Авдрант уул гэх газар оршин суух боловч бичиг баримтаар Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх даваа гудамж 26 тоотод оршин суух гэх хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овгийн Д.А гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх газар Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Зам хөдөлгөөний дүрмийн 2.1а, мөн дүрмийн 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.Алтай нь тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт.

шүүгдэгч Д.А: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн: “ Хохирогч нь шүүгдэгч Алтайд гомдолтой байдаг. Гомдох гурван шалтгаан байдаг. Хүнд гэмтчихээд бөөлжөөд ухаан алдаад унасан байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэхийн оронд согтуу хүн бөөлжиж байна гээд гэр оронд нь байлгаад байсан. Энд их гомдолтой байгаа. Хоёрдугаарт хүнд гэмтсэн байгаа хүнийг архины хордлогонд орсон байна гээд тариа хийгээд хоёр гурав хонуулж өвчнийг хүндрүүлсэн. Гуравдугаарт нь Алтай, А хоёрын очсон газар нь хад чулуу асгатай газар байсан. Автомашинтай хүн битгий хэл явган хүн яваад гэмтэл авмаар газар байсан. Нөхөн үзлэгээр зүгээр л цастай газар байсан юм шиг хэргийн газрын үзлэгээр гаргаж ирсэнд гомдолтой байдаг юм байна лээ. Авто аваарын хэргээр зүйлчилж байгаа нь дутагдалтай. Монгол хүний амны бэлгээр муу байгаа гэж хэлэхгүй.  Одоо бол эмчилгээ үйлчилгээ хийлгэсний улмаас гайгүй. Хот руу ирж эмчилгээ хийлгэж байгаа. Гарсан хохирол нь 11 300 000 төгрөг гарсан гэж ярьдаг. 8 200 000 төгрөг авсан. 3 сая төгрөг нэхэмжилж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа шуурхай бус шударга бус явсан. Тэр алдагдсан учир боломж байхгүй гэдгийг цаашид гарах эмчилгээний зардлыг олгож өгөх талаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөөч гэх хүсэлттэй байна” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Алтайгийн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын газрынхан салхинд гарсан. Тэнд манай ажлын эрхлэгч Оюунцолмон, харилцааны менежер Эрдэнэтунгалаг, үйлчлэгч Оюунчулуун, ахлах теллер Чулуун мөн Лүн сумын иргэн Нансалмаа, Отгондулам нар байсан. Бид хэд Төв аймгийн Лүн сумын Туул голын том гүүрний хойд талд голын эрэг дээр бургасны хойно сууж байсан. Бид  нар 2 шил архи болон 10-аад лааз пиво ууцгаасан. Миний зүрх өвдөөд би огт уугаагүй. Тэгээд орой 18 цаг 49 минутанд манай 10 жилийн ангийн хүүхэд А над руу залгаад хаана байна гэж асуусан, түүний дараа мөн манай 10 жилийн ангийн хүүхэд Ариунсүрэн над руу залгаад хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би гол дээр ажлынхантайгаа байна гэж хэлсэн. Тэгтэл Ариунсүрэн яваад очих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Ариунсүрэн 20-30 минутын дараа Аын хамт мөн 1 танихгүй залуутай хамт 3-уулаа ирсэн. Тэр 3 ирэхдээ 1 шил архитай ирсэн. Тэр архийг ууж дуусаагүй байхад манай ажлын Оюунцолмон, Эрдэнэтунгалаг, Нансалмаа, Оюунчулуун нар харилаа гээд явцгаасан. Чулуун бид хоёр А, Ариунсүрэн, Учка нартай тэндээ үлдсэн. Тэгээд бид нар майханаа хураачихаад сумын төв ороод Учка гэх залууг гэрт нь хүргэж өгчихөөд бид 4 сумын төвийн урд голын эрэг дээр очсон. Тэнд үлдсэн архи тойруулж уусан ба Чулууныг гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь Ариунсүрэнг хүргэж өгсөн. Намайг хүргэж өгөх байтал А шал өөр газар руу явсан. Нэг газарт очоод зогсохоор нь энд чинь их эвгүй газар байна гэж хэлээд Баясаа гэх айлын байшингаас ойролцоогоор 20 метр зайд очоод зогссон. Тэгтэл А найз нь эхнэрээсээ салаад 2 сар болж байна, хагсарч үхлээ гэж хэлсэн. Тэгээд тэнд юм ярьж байгаад А архи ууж байсан. Тэрнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Би архи амсах төдий л байсан болохоор эрүүл гэж бодож байна. Миний нуруунд зулгаралт, баруун чихний ар талд хөхөрсөн, эрүү өвдөж байна. Мөн толгой өвдөж байна. Одоо би өвчин намдаах эм ууж байгаа... ...Тухайн үед А бид хоёр хоорондоо маргалдсан асуудал огт байхгүй. Би өөрөө машинаас унаагүй, тухайн үед А машин дотор архийг шилээр нь ууж байхдаа энэ архийг би уучихаад яаж ч магадгүй шүү, би өөр хүн болно гэж хэлсэн болохоор би санаа зовоод айгаад аав руугаа залгах гэтэл миний хажуу талаас А цохисон. Эмч надад хэлэхдээ тархины яс цууралт, цус хуралттай гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод ГССҮТ-д 11 хоног хэвтэж эмчлүүлсэн, одоо миний толгой их өвддөг, үнэртэх, үнэрлэх чадваргүй болсон, баруун талын эрүү хөндүүртэй байна...” /хх-ийн 10-12, 24-25 дугаар хуудас/,

 

            Мөн хохирогч Х.Алтай дахин хохирогчоор мэдүүлэхдээ:

“...Би бодохдоо намайг машин дотор байхад Д.А нь намайг цохисон гэж бодож байна. Яг юугаар хэдэн удаа хашаа яаж цохисон гэдгийг би санахгүй байна. Бид 2-ын хооронд өс хонзон, өр авлагатай асуудал байхгүй. Бид 2 Төв аймгийн Лүн сумын 10 жилийн сургуульд байхдаа найзалж явсан найзууд байгаа юм. Өмнө нь хоорондоо маргалдаж байсан асуудал байхгүй. Найз нөхдийн харилцаа хамааралтай хүмүүс байгаа юм. Одоо миний толгой их өвдөж байна. Үнэрлэх чадвар бас муудаж байна. Одоо тархины өвчний эсрэг курс эмчилгээ хийлгэж байна. Мөн нүдний хараа бага зэрэг муудсан. Намайг өмнө хэрэглэж байсан нүдний шилээ солих шаардлагатай гэж эмч хэлсэн. Би энэ хэрэгт одоогоор нийтдээ 4.000.000 төгрөгний хохирол гаргуулж авсан бөгөөд цаашдаа дахин биедээ курс эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Тиймээс би цаашид эмчилгээнд гаргах зардлыг гаргуулж авмаар байна. Нэг удаагийн эмчилгээгээр тодорхой үр дүнд хүрэхгүй гэдгийг эмч хэлсэн. Тиймээс би цаашид эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. 1 удаагийн курс эмчилгээнд 5.000.000 төгрөг ордог гэсэн. Д.Ат үнэхээр их гомдолтой байна...” /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Оюунчимэгийн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэг дээр байж байтал үүрийн 05 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын иргэн Ариунсүрэн, орж ирээд дуудлага өгөх гэсэн юм манай гэрт машинаас унасан хүн таталт өгөөд, хамраас нь ус гараад байна гэсэн. Тэгэхээр нь жижүүр эмч Мандахсолонго эмчийг дуулуулаад би Ариунсүрэнгийн гэрт нь яваад очтол Ариунсүрэнгийн баруун талын орон дээр нэг эмэгтэй хэвтэж байсан ба орныхоо хажуу талаар бөөлжсөн байсан. Тэгээд би тэр эмэгтэй хүний амин үзүүлэлтийг хэмжээд байж байтал Мандахсолонго эмч орж ирсэн. Тэгээд Мандахсолонго эмч эмчилсэн. Тэр эмэгтэй хүнийг эмнэлэг дээр авчирсан ба эмнэлэг дээр ирэхэд нь би тухайн эмэгтэйг Лүн сумын иргэн Алтай байна гэдгийг мэдсэн. Алтай их хэмжээний согтолттой байсан. Орчиндоо харьцаагүй байсан. Баруун бөөрний хэсэгт нь зулгарсан, мөн хүзүү нь хүрэндчихсэн байсан...” /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Чулууны:

“...Би Төв аймгийн Лүн сумын төрийн банкинд 6 дахь жилдээ ажиллаж байгаа ба манай ажлын хамт олон 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр салхинд гарна гээд Туул голын эрэг дээр очсон юм. Ойролцоогоор 17 цагаас 00 цаг хүртэл голын эрэг дээр байсан юм. Голын эрэг дээр 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 10 ширхэгийг, 0.75 литрийн 2 шил архи уусан. Теллер Алтай бид хоёр пиво уусан. Голын эрэг дээр байж байтал Алтайгийн ангийн залуу ирсэн ба тэр хоёр жолоотойгоо гурвуулаа ирсэн. Тэр гурав ирэхдээ 1 шил архитай ирсэн ба тэр архийг бид нар уучихаад 00 цагийн орчим манай ажлын Оюунцолмон, Эрдэнэтунгалаг, Оюунчулуун, Нансалмаа нар гэртээ харина гээд явсан ба тэнд Алтай мөн Алтайгийн 10 жилийн ангийн хүүхэд болох А, Ариунсүрэн бид нар үлдсэн. Бид нар тэндээ байсан хогнуудыг цэвэрлэчихээд тэндээсээ хөдөлсөн ба Ариунсүрэн гэх залуу Хулагуу дэлгүүр орж 1 шил архи авчирсан. Тэгээд тэндээсээ шууд машин барьж ирсэн залууг гэрт нь хүргэж өгчихөөд Ариунсүрэн, А, Алтай бид нар сумын төвийн урд хээр очиж зогсоод машин дотроо Ариунсүрэнгийн авсан архийг уусан ба талд нь оруулаад уухаа больцгоосон. Тэр архийг А, аягалж өгсөн, маргааш ажилтай гээд бид нар тарцгаая гээд би хамгийн түрүүнд гэртээ хүргүүлсэн ба А машинаа бариад Алтай, Ариунсүрэн нар явцгаасан. А тухайн үед дунд зэргийн согтолттой байсан...”/хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ариунсүрэнгийн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн орой 23 цагийн орчим өөрийн найз Аын хамт гэрийнхээ гадаа юм яриад сууж байтал манай 10 жилийн найз Төв аймгийн Лүн сумын Төрийн банкинд ажилладаг Алтай миний 95527422 дугаарын утас руу 88029105 гэсэн дугаараас залгаад манай Төрийн банкныхан өнөөдөр нийлсэн юм ууж байсан юм дуусчихлаа, чи ганц хоёр юм олоод ирээч гэхээр нь би зөвшөөрөөд Амаржаргал гэх айлын дэлгүүр орж 0.75 литрийн ОХЬ нэртэй архи, мөн Хулагуу гэх дэлгүүр орж 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авсан. Тэгээд би Лүн сумын Туул голын том гүүрнээс ертөнцийн зүгээр чанх хойд зүгт голын эрэг дээр иртэл манай 10 жилийн ангийн хүүхэд Алтай, мөн Лүн сумын төрийн банкны теллер Чулуунаа, эдийн засагч Тунгаа, эрхлэгч Улаамаа, мөн үйлчлэгч Бор эгч нар байсан. Тэгээд тэд нартай авчирсан 2 шил архиа хувааж уусан ба архийг ууж дуусгаад Тунгаа, Улаамаа, Бор эгч нар явчихсан. Харин Чулуунаа, Алтай, А бид нар гол дээр үлдсэн. Тэгээд дахин Хулагуу дэлгүүр ороод 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад замын хажууд зогсож байгаад архиа уусан ба талд нь оруулаад барахгүй болохоор нь талыг нь машин дотор тавьчихсан байтал асгарчихсан байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд Чулуунааг гэрт нь хүргэж өгөөд би гэртээ хүргүүлсэн. А, Алтайг хүргэж өгнө гээд явсан. Би гэртээ ороход ойролцоогоор 03 цаг өнгөрч байсан байх. Би гэртээ унтаж байтал 03 цаг 50 минутын орчим А манай гэрт орж ирээд Алтай ухаан алдчихлаа машинаас уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гараад Аын машинд ортол арын суудал дээр Алтай хэвтэж байсан ба тасарчихсан юм шиг байхаар нь Аын хамт гэрт өргөж оруулсан. Гэрт оруулсны дараа Алтай бөөлжиж байгаад таталт өгсөн. Тэгэхээр нь би эмнэлэг орж дуудлага өгсөн. Эмч нар ирж үзээд тариа хийгээд даралтыг нь үзэж байгаад эмнэлэг рүү аваад явъя гээд Лүн сумын эмнэлэг рүү аваад явсан. Би Алтайгийн аав Хүрэлбатад очиж Алтайг ухаан алдаад эмнэлэгт хүргэгдчихлээ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр Алтайгийн хамаатан садангууд нь цугларцгаасан. Тээврийн хэрэгслийг манай найз А барьж явсан, Алтай бол их хэмжээний согтолттой байсан. Ил харагдах шарх байгаагүй, ямар ч байсан хувцас нь шороо болчихсон байсан...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Мөн гэрч Н.Ариунсүрэнгийн:

“...А 03 цаг 50 минутын үед манай гэрт орж ирээд Алтай машинаас ойччихлоо чи гараад аваад ирээч гэсэн. Тэгээд гараад хартал машины арын суудал дээр хажуу тийшээ хараад суудал налаад хэвтэж байсан. Ааас чи яасан юм бэ гэхэд машинаас бөөлжих гэж байгаад ойчсон гэж хэлсэн. Би согтоод унтсан байна гэж бодоод гэр рүүгээ оруулсан. Тэгээд байж байтал Алтай таталт өгөөд бие нь сонин болоод байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Алтайгийн  нуруу нь зулгарч шалбарсан байсан...” /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Э.Дэлгэрхүүгийн:

“...Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 526 тоот дүгнэлтийг үндэслэн ГССҮТ-н №17490 тоот өвчний түүхийг үндэслэн гаргасан. Үзүүлэгч Х.Алтайгийн баруун талын лямба заадас дагасан дистал хугаралтай ба уг хугарал нь дээш зулай яс зөрөөгүй, шугаман доош баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны их бие, зүүн суурь хөндийн ар хана дайрсан шугаман хугарал болж үргэжилсэн, тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эпидурал цус хуралт, зүүн талд дэлбэнгийн урд тархи эдэд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр толгойн баруун дагз хэсэгт нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ирмэггүй, гадаргуйгаас механик гэмтэл учруулдаг, бага зэвсэг, эд зүйл, газар, чулууг, хамааруулж ойлгож болно. Алтайгийн биед учирсан гэмтэл нь хүний гараар цохигдох үед үүсэх боломжгүй. Учир нь баруун талын лямба заадас дагасан дистал хугаралтай ба уг хугарал нь дээш зулай яс руу зөрөөгүй шугаман, доош баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны их бие, зүүн суурь хөндийн ар хана дайрсан шугаман болж үргэжилсэн, тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эпидурал цус хуралт, зүүн талд дэлбэнгийн урд тархи эдэд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал тархи доргилт гэмтэл учирсан байна...” /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 526 дугаартай дүгнэлтэд:

“...Х.Алтайгийн баруун талын лямба заадас дагасан дистал хугаралтай ба уг хугарал нь дээш зулай яс зөрөөгүй, шугаман доош баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны их бие, зүүн суурь хөндийн ар хана дайрсан шугаман хугарал болж үргэжилсэн, тархины баруун тал бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эпидурал цус хуралт, зүүн талд дэлбэнгийн урд тархи эдэд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон.

Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

Тухайн хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь хөх өнгийн Samsung Galaxy S7 edge маркийн IMEI:355649071417625/01 дугаартай гар утас байна.

Шинжилгээнд ирүүлсэн Samsung Galaxy S7 edge маркийн гар утас нь хэвийн ажиллаж байх бөгөөд дотоод санах ойгоос мэдээлэл сэргээх зорилгоор тусгай зориулалтын программ уншуулахад нийт 3.22GB хэмжээтэй нийт 11 хавтаст 1.279 ширхэг хадгалагдаж байгаа болон устгагдсан зураг сэргээгдэж байна.

Эдгээр хадгалагдаж байгаа болон сэргээгдсэн зургуудыг DVD дискэнд хуулбарлан хүргүүлэв.../хх-ийн 75-77 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаартай дүгнэлтэд:

“...Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Х.Алтайгийн баруун лямбда заадсаар доош чамархайн хөхлөг сэртэн, суурь их ясны их далавч дайрсан, дээш баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман сэлтэрсэн хугарал, баруун тал бөмбөлөгийн дагзны хэсгийн хатуу хальсанд дээрх цусан хураа, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөгийн цус хуралт, тархи доргилт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Т.Чимэд-Очирын:

“...Миний бие шинжээч эмч М.Золжаргал, Б.Ганзориг нарын хамт 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны хооронд хэрэг бүртгэлтийн 173400231 дугаартай хэрэгт 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан бөгөөд өмнө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх хэрэгт гаргасан шинжээч эмчийн 526 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байсан. Х.Алтайгийн баруун лямбда заадсаар доош чамархайн хөхлөг сэртэн, суурь их ясны их далавч дайрсан, дээш баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман сэлтэрсэн хугарал, баруун тал бөмбөлөгийн дагзны хэсгийн хатуу хальсанд дээрх цусан хураа, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөгийн цус хуралт, тархи доргилт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 107 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Болортуяагийн:

“...89-34 УНБ улсын дугаартай Тоёота Ланд крузер-80 маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгслийг миний төрсөн дүү А нь 2017 оны хавар Шагдарын Батсайхан гэдэг хүнээс худалдаж авсан. Тухайн үед манай дүү хөдөө орон нутгийн хаягтай байсан тул миний бие өмнөөс нь иргэний цахим үнэмлэхээ ашиглаад тухайн машины эзэнтэй 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж нэр дээрээ авсан байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан. Дээрх тээврийн хэрэгсэл нь манай дүү Аын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тэр үедээ 10.000.000 төгрөгөөр дээрх тээврийн хэрэгслийг худалдан авсан талаар гэрээнд тусгасан. Миний өөрийн хаан банкны данснаас 9.500.000 төгрөгийг Батсайхан гэдэг хүн рүү шилжүүлсэн. Тухайн хүн нь 2017 оны 06 дугаар 03-ны өдөр Англи улс руу явна гээд яараад байсан тул би дээрх тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлээд худалдах, худалдан авах гэрээ хийж авсан байсан...” /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

 

Техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00000019 дугаартай дүгнэлтэд:

“...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Алтай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөлгүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2 дугаар бүлгийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалт зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв...”/ хх-ийн 124-125 дугаар хуудас/,

 

Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00000030 дугаартай дүгнэлтэд:

“...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шинжээч цагдаагийн дэслэгч Б.Бат-Очирын гаргасан 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №19 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

89-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх мөн дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд буюу хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх мөн дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд буюу хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

Зам тээврийн осолд нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв...” /хх-ийн 135-137 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.А-ын:

“...Би 2017 оны 08-р сарын 13-ны өдөр найз Ариунсүрэн, Мөнх-Учрал нарын хамт өөрийн хашаагаа янзалсан юм. Хашаагаа янзлаж дуусаад орой гадаа гэгээ тасарцан байхад Ариунсүрэн рүү манай 10 жилийн ангийн Алтай утсаар залгасан. Яг юу гэж ярьсныг нь бол би мэдэхгүй байна. Тэгээд Ариунсүрэн утсаар ярьж дуусаад надад Алтай голын эрэг дээр нэг шил архи аваад хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд Ариунсүрэн бид хоёр Лүн-Уул нэртэй хүнсний дэлгүүр орж 0.75 гр-ийн Охь нэртэй архи нэг шилийг авсан. Тэгээд Лүн сумын нутаг Туул голын гүүрний хойд талд туул голын эрэг дээр очсон ба тэнд очиход Алтай ажлынхаа газрын хүмүүстэй байсан. Тэгээд бид гурав очоод архиа гаргаж өгсөн. Тэгээд бид нарын авчирсан архийг тойруулаад байж байтал бороо орсон юм. Бид нарын авчирсан архи талдаа орж байтал Алтайгийн газрынхан бороо ороод байна явлаа гээд явсан ба тэнд Алтай, Ариунсүрэн, Мөнх-Учрал, Чулуун бид тав үлдсэн. Бид хэд үлдсэн архиа уугаад дуустал Мөнх-Учрал тасраад унасан байсан ба за явцгаая гээд явсан. Явах замдаа Хулагуу дэлгүүр орж нэг шил Соёрхол нэртэй архи авсан ба тэгээд сумын төв ороод Мөнх- Учралыг гэрт нь хүргэж өгчихөөд бид хэд сумын төвийн урд голын эрэг дээр очоод авсан архиа уусан. Тэр архинаас нэг нэг аягыг л ууцгаасан байх. Тэгээд талыг нь үлдээсэн ба тэндээ 30 орчим минут байж байгаад маргааш өглөө ажилтай гээд харьцгаая гээд Чулууныг хамгийн түрүүнд хүргэж өгөөд дараа нь Ариунсүрэнг хүргэж өгсөн. Тэгээд Алтай бид хоёр үлдсэн ба би Алтайг хүргэж өгөх гээд явж байтал Алтай байж бай би хүнтэй утсаар яриадхая гээд нэг хүн рүү залгаад байсан ба нөгөө нь хүн утсаа авахгүй байх шиг байсан тэгэхээр нь би Алтайд үлдсэн тал шил архиа уух уу гэсэн чинь Алтай за тэгье гэсэн. Тэгэхээр нь би хоёулаа хүнгүй газар очиж ууя гээд Лүн сумын малын бой хийдэг Баясаа гэх айлын ертөнцийн зүгээр баруун талаар нь гараад Баясаа гэх айлын хойд талд очоод зогсох гээд машиныхаа үрүүлийг дарахад Алтай машинаас унасан. Тэгээд би буугаад Алтай дээр яваад очиход Алтай ёолоод байсан ба тэгэхээр нь би машиндаа өргөж суулгаад шууд Ариунсүрэнгийн гэрт очсон. Тэгээд Ариунсүрэнд болсон явдлын талаар хэлсэн. Ариунсүрэнгийн гэрт Алтайг оруулаад орон дээр нь хэвтүүлсэн. Тэгтэл гэнэт Алтайгийн хамарнаас цус гарсан тэгэхээр нь Ариунсүрэн эмч дуудах гээд гараад явсан ба Ариунсүрэнг гаргасны Алтайгийн гар нь татаад байсан. Тэгээд би Алтайд дээр тавьж өгөөд хэвтүүлсэн ба татаад байсан гарт нь иллэг хийж өгсөн. Ингээд байж байтал эмч нар ирсэн. Тэгээд эмнэлэг рүү Алтайг аваад явсан. Тэгээд Алтайгийн аав Хүрэлбат ахад болсон явдлын талаар мэдэгдсэн. Би Алтайг зодоогүй, хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй. Би архи уучихсан байсан ба бага зэргийн согтолттой байсан... ...Тухайн үед машинаас унагаагаад Ариунсүрэнгийн гэрт ирээд оруулж орон дээр тавиад гадаа гарсан. Тэгээд тамхи татаад ортол Алтайгийн бие нь сонин болоод таталт өгөөд байхаар нь эмнэлэг дуудсан. Эмч ирээд үзлэг хийж тариа хийгээд эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр үед 05 цаг 30 минутын үед эмнэлэг хүрэгж өгсөн. Ариунсүрэнг дууддага өгсний дараа 20 минутын дараа эмч ирсэн... ...Би энэ хэрэгт болсон асуудлыг анхнаасаа үнэнээр нь мэдүүлэг өгсөн байгаа. Би Алтайг цохиогүй. Харин би тэр үед Х.Алтайг машины арын суудалд бүрэн суучихлаа гэж бодоод хөдлөөд явтал машины арын хаалгаар унаад хаалга савагдаад хаагдах чимээ гарсан. Энэ үед би Алтайг машинаас унаж байгааг мэдээд зогсоод очоод машинд суулгах гэтэл газар руу хараад хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед Алтай суудлынхаа бүсийг бүслээгүй байсан. Би Алтайг хойд хаалгаар ороод бүрэн суучихлаа гэж бодоод сайн шалгалгүй хөдөлтөл хаалгаар уначихсан. Би өөрөө бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ийм асуудал болно гэж бодолгүй хөдөлчихсөн байна лээ. Би машин жолоодож яваад тээврийн хэрэгслийнхээ бүх хаалгыг бүрэн хаалгаж суудлын бүсийг нь бүслүүлээгүй явж байгаад дээрх ослыг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би 2009 онд жолооч болсон ВС ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би Алтайд эмчилгээний зардалд нийтдээ 4.000.000 төгрөг өгсөн. Эхлээд 1.000.000 төгрөг өгөөд сүүлд 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр 3.000.000 төгрөг шилжүүлсэн...”/ хх-ийн 14-15, 65-66, 109-110 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 113-117 дугаар хуудас/,

Зам тээврийн осол дээрх тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

С.Оюунчимэгээс гар утас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-81 дүгээр хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас, хохирогч Х.Алтайгийн хохирлын баримтууд, өвчний түүх, /хх-ийн 32-33, 34-43, 95-106 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Аын ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 53, 54 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Гэм буруугийн талаар:

Төв аймгийн Лүн сумын нутагт 2017 оны 8 сарын 13-ны Алтай, Чулуунаа, Тунгаа, Улаамаа, Бор Ариунсүрэн, А нар хамт архи ууж байгаад хохирогч Алтай, шүүгдэгч Ариунбаяр О.Чулуун, Н.Ариунсүрэн нар үлдэж улмаар О.Чулууныг гэрт нь хүргэж өгөөд дараа нь Ариунсүрэнг шүүгдэгч А, хохирогч Алтай шөнийн 03 цагийн орчим гэрт хүргэж өгч шүүгдэгч хохирогч нар 2 лаа салж явсан байна.

Тэр үед хохирогчийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирол учраагүй байсан нь хэрэгт авагдсан гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

Харин гэрч Н.Ариунсүрэнгийн мэдүүлэгт тусгагдсанаар “шөнийн 03 цаг 50 минутын орчим “А гэрт нь орж Алтай ухаан алдчихлаа гэж хэлсэн, тэгээд Аын машинд ортол Алтай хэвтэж байсан ба тасарчихсан юм шиг болохоор нь гэртээ Ариунбаяр бид 2 өргөж оруулсан, Алтай бөөлжиж байгаад таталж өгсөн..нуруу нь зулгарсан байсан.” гэснээр

Хохирогч Алтай нь гэрч Н.Ааас салж шүүгдэгч Атай явснаас хойш 50 орчим минутын  дараа шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 сарын 2-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт болон өвчтөний түүхэнд тусгагдсан “Х.Алтайгийн баруун талын лямба заадас дагасан дистал хугаралтай ба уг хугарал нь дээш зулай яс зөрөөгүй, шугаман доош баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны их бие, зүүн суурь хөндийн ар хана дайрсан шугаман хугарал болж үргэжилсэн, тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эпидурал цус хуралт, зүүн талд дэлбэнгийн урд тархи эдэд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хүнд гэмтэл “хохирол учирсан нь нотлогджээ.

 Хохирогч Х.Алтайгийн биед учирсан хүнд хохирлыг Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх газар Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Зам хөдөлгөөний дүрмийн 2.1а-д”тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх.” мөн дүрмийн 7.6-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчины байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.Алтай тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Алтайгийн:

байшингаас ойролцоогоор 20 метр зайд очоод зогссон. Тэгтэл А найз нь эхнэрээсээ салаад 2 сар болж байна, хагсарч үхлээ гэж хэлсэн. Тэгээд тэнд юм ярьж байгаад А архи ууж байсан. Тэрнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Би өөрөө машинаас унаагүй, тухайн үед А машин дотор архийг шилээр нь ууж байхдаа энэ архийг би уучихаад яаж ч магадгүй шүү, би өөр хүн болно гэж хэлсэн болохоор би санаа зовоод айгаад аав руугаа залгах гэтэл миний хажуу талаас А цохисон. Эмч надад хэлэхдээ тархины яс цууралт, цус хуралттай гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод ГССҮТ-д 11 хоног хэвтэж эмчлүүлсэн, одоо миний толгой их өвддөг, үнэртэж, чадахгүй мөн баруун талын эрүү хөндүүртэй байна...” /хх-ийн 10-12, 24-25 дугаар хуудас/гэх мэдүүлэг,

гэрч С.Оюунчимэгийн “...Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэг дээр байж байтал үүрийн 05 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын иргэн Ариунсүрэн, орж ирээд дуудлага өгөх гэсэн юм манай гэрт машинаас унасан хүн таталт өгөөд, хамраас нь ус гараад байна гэсэн. Тэгэхээр нь жижүүр эмч Мандахсолонго эмчийг дуулуулаад би Ариунсүрэнгийн гэрт нь яваад очтол Ариунсүрэнгийн баруун талын орон дээр нэг эмэгтэй хэвтэж байсан ба орныхоо хажуу талаар бөөлжсөн байсан. Тэгээд би тэр эмэгтэй хүний амин үзүүлэлтийг хэмжээд байж байтал Мандахсолонго эмч орж ирсэн. Тэгээд Мандахсолонго эмч эмчилсэн. Тэр эмэгтэй хүнийг эмнэлэг дээр авчирсан ба эмнэлэг дээр ирэхэд нь би тухайн эмэгтэйг Лүн сумын иргэн Алтай байна гэдгийг мэдсэн. Алтай их хэмжээний согтолттой байсан. Орчиндоо харьцаагүй байсан. Баруун бөөрний хэсэгт нь зулгарсан, мөн хүзүү нь хүрэндчихсэн байсан...” /хх-ийн 16 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

гэрч О.Чулууны “А, Алтайг хүргэж өгнө гээд явсан. Би гэртээ ороход ойролцоогоор 03 цаг өнгөрч байсан байх. Би гэртээ унтаж байтал 03 цаг 50 минутын орчим А манай гэрт орж ирээд Алтай ухаан алдчихлаа машинаас уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гараад Аын машинд ортол арын суудал дээр Алтай хэвтэж байсан ба тасарчихсан юм шиг байхаар нь Аын хамт гэрт өргөж оруулсан. Гэрт оруулсны дараа Алтай бөөлжиж байгаад таталт өгсөн. Тэгэхээр нь би эмнэлэг орж дуудлага өгсөн. Эмч нар ирж үзээд тариа хийгээд даралтыг нь үзэж байгаад эмнэлэг рүү аваад явъя гээд Лүн сумын эмнэлэг рүү аваад явсан. Би Алтайгийн аав Хүрэлбатад очиж Алтайг ухаан алдаад эмнэлэгт хүргэгдчихлээ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр Алтайгийн хамаатан садангууд нь цугларцгаасан. Тээврийн хэрэгслийг манай найз А барьж явсан, Алтай бол их хэмжээний согтолттой байсан. Ил харагдах шарх байгаагүй, ямар ч байсан хувцас нь шороо болчихсон байсан...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 шинжээч Э.Дэлгэрхүүгийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 526 тоот дүгнэлтийг үндэслэн ГССҮТ-н №17490 тоот өвчний түүхийг үндэслэн гаргасан. Үзүүлэгч Х.Алтайгийн баруун талын лямба заадас дагасан дистал хугаралтай ба уг хугарал нь дээш зулай яс зөрөөгүй, шугаман доош баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны их бие, зүүн суурь хөндийн ар хана дайрсан шугаман хугарал болж үргэжилсэн, тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эпидурал цус хуралт, зүүн талд дэлбэнгийн урд тархи эдэд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр толгойн баруун дагз хэсэгт нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ирмэггүй, гадаргуйгаас механик гэмтэл учруулдаг, бага зэвсэг, эд зүйл, газар, чулууг, хамааруулж ойлгож болно. Алтайгийн биед учирсан гэмтэл нь хүний гараар цохигдох үед үүсэх боломжгүй. Учир нь баруун талын лямба заадас дагасан дистал хугаралтай ба уг хугарал нь дээш зулай яс руу зөрөөгүй шугаман, доош баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны их бие, зүүн суурь хөндийн ар хана дайрсан шугаман болж үргэжилсэн, тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эпидурал цус хуралт, зүүн талд дэлбэнгийн урд тархи эдэд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал тархи доргилт гэмтэл учирсан байна...” /хх-ийн 21 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

шинжээч Т.Чимэд-Очирын: “...Миний бие шинжээч эмч М.Золжаргал, Б.Ганзориг нарын хамт 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны хооронд хэрэг бүртгэлтийн 173400231 дугаартай хэрэгт 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан бөгөөд өмнө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх хэрэгт гаргасан шинжээч эмчийн 526 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байсан. Х.Алтайгийн баруун лямбда заадсаар доош чамархайн хөхлөг сэртэн, суурь их ясны их далавч дайрсан, дээш баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман сэлтэрсэн хугарал, баруун тал бөмбөлөгийн дагзны хэсгийн хатуу хальсанд дээрх цусан хураа, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөгийн цус хуралт, тархи доргилт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 107 дугаар хуудас/, гэх мэдүүлгүүд болон хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 526 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, 

Техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00000019 дугаартай дүгнэлт”/ хх-ийн 124-125 дугаар хуудас/, Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00000030 дугаартай дүгнэлт /хх-ийн 135-137 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 113-117 дугаар хуудас/, Зам тээврийн осол дээрх тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,Яаралтай тусламжийн хуудас, хохирогч Х.Алтайгийн хохирлын баримтууд, өвчний түүх, /хх-ийн 32-33, 34-43, 95-106 дугаар хуудас/-ээр нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

          

        Харин шүүх Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-т “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэсний дагуу тухайн зүйл, хэсэг заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж” гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Д.А-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд нэмж оногдуулсан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээг хорих ялыг эдэлж дууссанаас хойш эрх хасах албадлагын арга хэмжээг тоолохыг дурдах нь зүйтэй.

 

         Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Д.А-т ял оногдуулахдаа  “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзан үзнэ үү” гэх хүсэлтийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршиг арилаагүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн байна.

        

Тав: Бусад асуудлаар.

           Шүүгдэгч Д.А нь 2017 оны 7 сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх-126 тал/ тул бичгийн баримтаар түүний жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй боловч шийтгэх тогтоолыг зохих байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.А-д даалгах нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь “3000000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж,

 хохирогч Х.Алтай нь 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.А нь хохирогч Х.Алтайд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос үүссэн хор уршигт 8200000 төгрөг төлсөн байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. 

Эрүүгийн 1734002310057 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Д.А-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар Б овгийн Д.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах ялын хугацааг тоолохыг дурдсугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 8200000 төгрөг төлсөн, хохирогч Х.Алтай нь 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсрагсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ц.ОТГОНЖАРГАЛ