Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/58

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр                         

    2018/ДШМ/58                                                            Зуунмод

                                Д.А-т холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаар цагаатгах тогтоолтой шүүгдэгч Д.А-т холбогдох 1734002310057 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.А , Төв аймгийн Лүн суманд 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа “......” төрийн өмчит үйлдвэрийн газарт ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв ....... гэх газар оршин суух боловч “бичиг баримтаар Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Төв хөх даваа гудамж 26 тоот” гэх хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: 12/

 

Д.А  нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх газар Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Зам хөдөлгөөний дүрмийн 2.1а, мөн дүрмийн 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.Алтай нь тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаар цагаатгах тогтоолоор: 

Төв аймгийн прокуророос шүүгдэгч Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Цагаатгагдсан этгээд Д.А т холбогдох эрүүгийн 1734002310057 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

            Цагаатгагдсан этгээд Д.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Цагаатгагдсан этгээд Д.А  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хэрэгт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД-ийг хэргийн хамт Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлж тус тус шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ: “Д.А  нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг "Бойны цэг" гэх газар Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, мөн дүрмийн 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.Алтай нь тээврийн хэрэгслээс унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "Цагдаагийн шинжээчийн 19, 30 дугаартай дүгнэлтүүд нь хэрэг учрал гарснаас хойш 6 сарын дараа Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг "Бойны цэг" гэх газарт нөхөн үзлэг хийж, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг үйлдэн түүнийгээ гэрэл зургаар бэхжүүлж, дээрх нотлох баримтыг үндэслэн гаргасан нь үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 02 сарын 15-ны өдрийн 15-ны өдрийн "хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, 114 дүгээр хуудас "гэрэл зургийн үзүүлэлт" хавтаст хэргийн 118 дугаар хуудас "Зам тээврийн осол дээр тогтоосон акт" зэргийг шинжлэн судлахад "...Зам тээврийн осол болсон гэх газар нь уулын жалга дагуу хатуу уулархаг хөрстэй газарт болсон байв..." гэж бичигдсэн. Замьн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас хамаарна" гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд "Замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг" гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд " зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж мөн Монгол улсын Дээд шүүхийн шүүхийн 2006 оны 05 сарын 29-ний өдрийн тогтоолын дугаар 37-д "...Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно" гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Д.А ын зам тээврийн осол гаргасан гэх газар нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг "Бойны цэг" гэх уулын жалга дагуу хатуу уулархаг хөрстэй газарт буюу Замын хөдөлгөөний дүрэм болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан нийтийн хэрэгцээний зам дээр үйлдэгдээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэж, шүүгдэгч Д.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, эрүүгийн 1734002310057 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь: Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийг "Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас..." хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

            Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Замын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд "Жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас хамаарна" гэж заасан боловч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинэчлэн найруулсан "Авто замын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "авто зам" гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг ойлгохоор заасан байна.

            Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд "Замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг" гэж заасан ба нийтийн хэрэгцээний зам гэдгийг ямар нэгэн хууль дүрмээр тодорхойлоогүй боловч Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор "...Уурхай, үйлдвэрлэлийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайгаас бусад талбайг..." нийтийн эзэмшлийн талбай буюу замд тооцож ойлгохоор тайлбарласан зэргээс үзэхэд яллагдагч Д.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжтэй байх ба шүүгдэгч Д.А ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч Х.Алтайгийн биед хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрч нарын мэдүүлэг болон хохирогч Х.Алтайгийн биед гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, тухайн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч эмч нарын мэдүүлэг, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хууль ёсны бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Мөн шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт "шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл"-ийг тодорхой тусгахаар хуульчилсан байхад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Д.А-т холбогдох хэргийг аль хуулийн ямар зүйл хэсэг, үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэнийг цагаатгасан талаараа тодорхой тусгаагүй байна.

            Иймд Д.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтэдээ: Д.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх Д.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна. Мөн шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Д.А-т холбогдох хэргийг аль хуулийн ямар зүйл хэсэг, үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэнийг цагаатгасан талаараа тодорхой тусгаагүй. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 16-ны өдрийн 136 дугаартай Цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж  өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ тайлбартаа: Мөрдөн байцаалтын ажиллагаа маш их хугацаа алдсан, хангалттай хийгдээгүй зэргээс болж хэргийн бодит байдал тогтоогдох боломжгүй болсон. Энэ хэргээс болж хохирогч Х.Алтай нь эрүүл мэндээрээ их хохирсон, хүнд гэмтэл авч үнэрлэх мэдрэмж алдагдсан, цаашлаад хүүхэд төрүүлэх ч боломжгүй болох эрсдэлтэй байгаа. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байгаа, мөрдөн байцаалтад буцаасан ч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэдгийг батлах ямар ч нотлох баримтгүй болсон байгааг харгалзаад хохирогчийн зүгээс прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байгаа юм. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Д.А-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж,  хохирогч хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Д.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

            Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.

Д.А-т холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг учрал гарснаас хойш 6 сарын дараа нөхөн үзлэг хийж, бүдүүвч зураг үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлсэн нотлох баримтандаа үндэслэн Цагдаагийн шинжээчийн 19, 30 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан нь үндэсгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа уг нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.А ын зам тээврийн осол гаргасан гэх газар нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх уулын жалга дагуу хатуу уулархаг хөрстэй газарт буюу Замын хөдөлгөөний дүрэм болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан нийтийн хэрэгцээний зам дээр үйлдэгдээгүй байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “авто зам” гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Д.А ын зам тээврийн осол гаргасан гэх газар болох Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Бойны цэг” гэх уулын жалга дагуу хатуу уулархаг хөрстэй газар нь Авто замын тухай хуульд заасан “ердийн хөрсөн зам” гэсэн ойлголтод хамаарахаар байна.

 

            Хэрэг учрал гарснаас хойш 6 сарын дараа хэргийн газар үзлэг, хэмжилтийг нөхөн хийсэн нь учир дутагдалтай байх боловч дээрх хэргийн газрын нөхөн үзлэг, хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гаргасан шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №19, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №30 дугаар дүгнэлтүүд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтууд бөгөөд хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Мөн прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг болох “2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ... хэнийг цагаатгасан талаараа тодорхой тусгаагүй байна.” гэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1-р заалт “1. Төв аймгийн прокуророос шүүгдэгч Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаж чадахгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан тул шүүхээс хэргийн үйл баримтын тогтоосон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн хувьд хуульд заасан зарчим, үндэслэл, журамд хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийгээгүй болно.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. “Д.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр” гаргасан улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар 1734002310057 тоот эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул шүүгдэгч Д.А ыг дуудан ирүүлж, хувийн баталгааг бичгээр гаргуулан, гарын үсэг зуруулахыг шүүгчийн туслах Ц.Эрдэнэчимэгт даалгасугай.
  4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

                 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

                                        ШҮҮГЧИД                              Т.ЭНХМАА

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ