Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 187

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03099 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нгазарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ээ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/11509 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар танилцуулсан ба уг мэдэгдэлд дурдсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 42 м.кв 2 өрөө орон сууцыг 66 000 000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй, орон сууц 80 000 000 төгрөгөөс 85 000 000 төгрөгийн хооронд байх ёстой.

Үнэлгээчин нэхэмжлэгчийг байхгүй хойгуур, мэдэгдэлгүй гэрт ирж үнэлгээ хийсэн. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт ойр, гаднаа зогсоолтой орон сууцыг хэт багаар үнэлсэн.

Үнэлгээг гаргасан дүгнэлт он, сар, өдөр, дугаар байхгүй. Үнэлгээчинд эрх, үүрэг тайлбарлан өгч тухайн мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа мэдлэг туршлагын талаар нь асууж тодруулаагүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11509 дугаар захирамжаар Б.Эээс 29 760 000 төгрөг гаргуулж, “Маргад капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх 19270725/05, 19270725/02, 19270725/03, 19270725/04, 19270725/07, 19270725/10 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023991 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Залуус гудамж, 39 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах, 42 м.кв орон сууцыг битүүмжлэн хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч зах зээлийн үнийг 64 012 000 төгрөгөөр тогтоосон.

Төлбөр төлөгч Б.Ээд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/21387 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээний, тайлантай танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаан бүхий байр нь 2 өрөө биш, нэг өрөө юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлд үнэлгээг хүчингүй болгуулах талаар дурдсан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байрлах, 1 өрөө байрыг байж болох хамгийн дээд үнээр үнэлсэн. Учир нь нэхэмжлэгч үнэлсэн үнэлгээнд бус гүйцэтгэх ажиллагааг саатуулж, цаг хожих зорилготой байна. Нэхэмжлэгч графикийн дагуу төлбөрөө төлөлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан Нгазарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн залуус гудамж 14 дүгээр хороо 39 дүгээр байр 14 тоот үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлээгүй, хувийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, үнэлгээчинд эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, үнэлгээний газраар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх гэж буй талаар хэлж мэдэгдээгүй.

Үнэлгээчийн гаргасан дүгнэлт нь он, сар, өдөр, дугаар байхгүй, үнэлгээчийн байгуулгийн тамга байхгүй унэлгээний мэргэжилтэнд шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн материалтай 2019 оны 10 дугаар сарын 12-ний өдөр танилцахад материалтай танилцуулах хуудас болон маягт нь зөвхөн хоосон юу ч бичиж тэмдэглээгүй, үнэлгээчинд тогтоол болон эрх үүргийг танилцуулсан, хууль сануулсан талаар огт дурдаагүй зөвхөн үнэлгээчний гарын үсэг зурсан байсан харин шүүхэд хандахад хууль зөрчсөн үнэлгээчинд эрх үүргийг тайлбарлаж хожуу хойно материал бүрдүүлж өгсөн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд тус хоосон маягтыг гаргаж өгсөн.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 418 дугаартай албан бичиг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан албан тоот бичгийн он сар өдөр дүгнэлт гаргасан он сар өдөр гэж буруу ойлгож байгаа нь буруу.

Үнэлгээчин орон сууцыг хунд түрээслүүлсэн байсан гэж худал хэлж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад анхан шатны шүүх хурал болохын өмнө “та байраа хүнд түрээслүүлсэн байна, би түрээсийн төлбөр танаас гаргуулж авна” гэж хэлж байсан.

Ийм учраас үнэлгээчин шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлж биелүүлээгүй мөн ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байна.

Үнэлгээний үл хөдлөх эд хөрөнгийг зохих хууль болон дүрэм, журам, стандарт, аргачлалын дагуу зах зээлийн орон сууцнуудтай харилцуулсан судалгаа байхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу явуулаагүй, урьд нь таньдаг найз нөхөд, ах дүү хүмүүсийн харьцаатай байдал зэрэг хуулийг ноцтой зөрчсөн. Орон сууц 80 000 000 төгрөгөөс 85 000 000 төгрөгийн хооронд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын комланнуудийн үнэлгээгээр үнэлүүлэх хүсэлтэй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ээ хариуцагч Нгазарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/11509 дугаартай захирамжаар Б.Ээ нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,745,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт нийт 29 745 000 төгрөгийг “Маргад капитал ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцсон  эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэснийг Нгазар 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШЗ2019/02598 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 00330 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19270725 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Нгазар нь төлбөр төлөгчид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадан гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Б.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, залуус гудамж, 39 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөрөнгийг хураасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Б.Ээд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн саналыг төлбөр авагчтай тохиролцон 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн, тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн санал өгөөгүй тул хариуцагч байгууллага нь төлбөр авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 282 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийг шинжээч томилжээ.

 

Хариуцагч байгууллагаас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчид 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 21.4 дэх хэсэгт заасныг тайлбарлаж, хууль сануулж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримт нь эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангасан байна. Харин нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан хэргийн 118 дахь талд авагдсан баримт нь хуулбар байх бөгөөд бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

 

Түүнчлэн шинжээч нь дүгнэлтээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлсэн байх тул уг өдөр шинжээчийн дүгнэлт гарсан гэж үзнэ. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 64 012 000 төгрөгөөр үнэлсэн талаар хариуцагч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/21387 тоот албан бичгээр Б.Ээд мэдэгдсэн байна.

 

Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тушаалаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ж.Уртнасанд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон нь гэрчилгээгээр тогтоогдож байх тул тус компанийг шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гэж дүгнэнэ. Харин уг компанитай Нгазартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагчтай хамаатан садан, ах дүүсийн холбоотой гэдгийг нотолсон баримтгүй, энэ нөхцөл байдал шинжээчийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь төлбөр төлөгчийн орон сууцыг үнэлэхдээ өртгийн хандлагын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн, үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал анхан шатны шүүх мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасан зохицуулалтыг хэрэглэжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03099 дүгээр шийдвэрийг

1 дэх заалтын “55 дугаар зүйлийн 55.2.2” гэснийг “55 дугаар зүйлийн 55.7” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА