Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00576

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03099 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 187 дугаар магадлалтай,

Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Г-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/11509 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар танилцуулсан ба уг мэдэгдэлд дурдсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 42 м.кв 2 өрөө орон сууцыг 66.000.000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй, орон сууц 80.000.000 төгрөгөөс 85.000.000 төгрөгийн хооронд байх ёстой. Үнэлгээчин нэхэмжлэгчийг байхгүй хойгуур, мэдэгдэлгүй гэрт ирж үнэлгээ хийсэн. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт ойр, гаднаа зогсоолтой орон сууцыг хэт багаар үнэлсэн. Үнэлгээг гаргасан дүгнэлт он, сар, өдөр, дугаар байхгүй. Үнэлгээчинд эрх, үүрэг тайлбарлан өгч тухайн мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа мэдлэг туршлагын талаар тодруулаагүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11509 дугаар захирамжаар Б.Э-ээс 29.760.000 төгрөг гаргуулж, МК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх 19270725/05, 19270725/02, 19270725/03, 19270725/04, 19270725/07, 19270725/10 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023991 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Залуус гудамж, 39 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах, 42 м.кв орон сууцыг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч зах зээлийн үнийг 64.012.000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч Б.Э-эд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/21387 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээний, тайлантай танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тухайн маргаан бүхий байр нь 2 өрөө биш, нэг өрөө юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлд үнэлгээг хүчингүй болгуулах талаар дурдсан. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байрлах, 1 өрөө байрыг байж болох хамгийн дээд үнээр үнэлсэн. Учир нь нэхэмжлэгч үнэлсэн үнэлгээнд бус гүйцэтгэх ажиллагааг саатуулж, цаг хожих зорилготой байна. Нэхэмжлэгч графикийн дагуу төлбөрөө төлөлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03099 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 187 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03099 дүгээр шийдвэрийг 1 дэх заалтын 55 дугаар зүйлийн 55.2.2 гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний өмчлөлийн орон сууцийг 60 сая төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Тус орон сууц нь зах зээлийн үнээр 80-85 сая төгрөгөөр үнэлж байхад ямар ч үндэслэлгүй үнэлж байгаад гомдолтой байна. Манай орон сууцны байршил нэгдүгээр зэрэглэлтэй авто машины гражтай, дулаахан, гаднаа зогсоолтой, хүүхдийн тоглоомын тапбайтай, зэрэг байдлуудыг үнэлгээнд хамруулаагүй ямар нэгэн хорооллын байрнуудын байхгүй стандартын журам зөрчин дутуу дулимаг дүгнэлт гаргасан ба уг шинжээчийн дүгнэлт нь он, сар, өдөр, дугаар байхгүй мөн шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин, шинжээч үнэлгээчин Ж.Уртнасанд эрх үүргийг тайлбарлаж, хуулийн дагуу явагдаагүй хуулийг ноцтой зөрчсөн. Үнэлгээчин Ж.Уртнасан Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад холбогдох хууль мбн стандарт ажиллагааны дагуу харьцуулсан судалгаа, үнэлгээ, мэдээлэл, байхгүй зэрэг нь хууль бусаар дүгнэлт гаргасан байгаад гомдолтой байна. Шинжээчийн хууль бус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлт нь 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 418 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирал Р.Зоригтын албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч уг үнэлгээчний дүгнэлтийн он, сар, өдөр, дугаар байхгүй байсан. Би 2019 оны 10 сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн биеэр очиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж буй материалтай танилцахад хариуцагч байгууллагаас шинжээч Ж.Уртнасанд 2019 оны 09 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийг тайлбарласан хууль сануулж гарын үсэг зуруулаагүй, баримт байхгүй, зөвхөн албан бланкан дээр шинжээч Ж.Уртнасан гарын үсэг зурсан хоосон бланк материал байсныг би анхан шатны шүүхэд гаргаж өгсөн харин шийдвэр гүйцэтгэгч Б.Лочин хууль бусаар хууль зөрчин шинжээчид хууль сануулсан албан бичиг нөхөж хийж өгч хуулийг зөрчсөн хууль бус зөрчил гаргасан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах Б.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн холбогдох хэсгийг оновчтой сонгон хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байх бөгөөд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Э-э хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “төлбөрт хураагдсан орон сууцыг шинжээч хэт багаар үнэлсэн, дүгнэлт гаргахдаа нөхцөл байдлыг дутуу үнэлсэн, дүгнэлт огноогүй, шинжээчид хууль сануулаагүй, эдгээр нь Шүүхийн шинжилгээний болон бусад хуулийг зөрчсөн...” гэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Э-ээс 29.745.000 төгрөг гаргуулж МК ББСБ-д олгох шүүгчийн захирамжийг биелүүлэх явцдаа уг захирамжийн дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Залуус гудамж 39 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах 42.м.кв талбай бүхий орон сууцыг шинжээч томилж үнэлүүлжээ. Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 64.012.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Тухайлбал, томилогдсон шинжээчид шийдвэр гүйцэтгэгч Эрүүгийн хуульд заасан шинжээч үнэн зөв дүгнэлт гаргах, хэрэв дүгнэлтээ худал гаргавал хуульд заасан хариуцлага хүлээхийг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

Үүнээс гадна шинжээч дүгнэлт гаргахдаа хөрөнгийг олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу хандлагын, орлогын, зах зээлийн аргуудыг харьцуулан, үнэлэгдэж буй объектын байршил, үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсон, бусад нийтэд зар гаргаж худалдаалагдаж байгаа ижил төстэй орон сууцны үнийн харьцуулалт хийсэн байна. Шинжээч дүгнэлт гаргасан он, сар, өдрөө тайландаа тодорхой заасан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдон дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 187 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.Э-э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ