Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/03099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/11509 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Л шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Миний бие өр төлбөрийг зохих графикийн дагуу төлж барагдуулж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Л үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг танилцуулсан. Миний бие уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мэдэгдэлд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 42 метр квадрат 2 өрөө миний өмчлөлийн байрыг үнэлгээчин 66,000,000 төгрөг гэж үнэлсэн байсан. Миний бодлоор манай байрыг 80,000,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийн хооронд байх ёстой. Үнэлгээчин намайг байхгүй хойгуур, надад мэдэгдэлгүй гэрт ирж үнэлгээ хийсэн байсан. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газартай ойр, гаднаа зогсоолтой тул хэт багаар үнэлсэн, мөн өмгөөлөгчийн гаргасан үндэслэлтэй санал нэг байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн үнэлгээнээс бусад асуудлаар гомдол гаргаагүй. Үнэлгээг гаргасан дүгнэлт он, сар, өдөр, дугаар байхгүй. Үнэлгээчинд эрх, үүрэг тайлбарлан өгч тухайн мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа мэдлэг туршлагын талаар нь асууж тодруулаагүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11509 дугаар захирамжаар Б.Э-ээс 29,760,000 төгрөг гаргуулж, М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх 19270725/05, 19270725/02, 19270725/03, 19270725/04, 19270725/07, 19270725/10 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023991 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Залуус гудамж, 39 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах, 42 метр квадрат талбай бүхий орон сууцыг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч зах зээлийн үнийг 64,012,000 төгрөгөөр тогтоосон.

Төлбөр төлөгч Б.Э-д 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/21387 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг, тайлантай танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн маргаан бүхий байр нь 2 өрөө биш, нэг өрөө юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлд үнэлгээг хүчингүй болгуулах талаар дурдсан байна. Үнэлгээчин тус байрыг үнэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байрлах, 1 өрөө байрыг байж болох хамгийн дээд үнээр үнэлсэн. Учир нь нэхэмжлэгч үнэлсэн үнэлгээнд бус гүйцэтгэх ажиллагааг саатуулж, цаг хожих зорилготой байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байна. Нэхэмжлэгч графикийн дагуу төлбөрөө төлсөн гэж худал хэлж байна. Нэхэмжлэгч шүүхэд хандсан учир нь гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой үнэлгээтэй холбогдох асуудлаар гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, шинжээчийн дүгнэлт огноо, дугааргүй, шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй, шинжээчийн мэргэжил, чадварыг урьдчилан тодруулаагүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/11509 дугаартай захирамжаар өргөдөл гаргагч М ХХК-ийн Б.Э-д холбогдуулан гаргасан 29,745,500 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 376 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар ирүүлсэн материалыг хянаад өргөдөл гаргагч М ХХК-ийн 29,745,000 төгрөг гаргуулах тухай өргөдлийн шаардлагыг уригдсан тал Б.Э зөвшөөрч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,745,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ./хх-4-5/

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШЗ2019/02598 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00330 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГ-ын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 19270725 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-28/

НШШГГ нь төлбөр төлөгчид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадан гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Б.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, залуус гудамж, 39 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөрөнгийг хураасан болох нь НШШГГ-ын 19270546/08, 19270546/135, 19270546/09 дугаар тогтоолуудаар тогтоогдож байна. /хх-59, 62, 65-66/

Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, залуус гудамж, 39 дүгээр байр, 14 тоот хаяг оршин суух, Б.Э-д 4/19808 дугаартай мэдэгдлээр 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлбөр авагчтай зөвшилцөн хураасан эд хөрөнгийн үнийг тогтоож шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг, хэрэв тохиролцож чадаагүй бол үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгон, үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулна гэжээ. /хх-68/

Үүнтэй холбоотойгоор төлбөр авагч М ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19/50 дугаартай албан бичгээр өмчлөгчийн зүгээс ирүүлсэн үнэлгээтэй санал нийлэхгүй гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. /хх-69/

НШШГГ-аас хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, тухайн хэрэгт хувийн сонирхолтой эсэхийг тодруулан, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан байна. /хх-70-71/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 418 тоот хөрөнгө үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, залуус гудамж, 39 дүгээр байр, 14 тоот хаяг байрлах, 42 метр квадрат талбай бүхий, 1 өрөө орон сууцыг 64,012,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-75-86/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4/21386 дугаартай мэдэгдлээр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, залуус гудамж, 39 дүгээр байр, 14 тоот хаяг оршин суух, Б.Э-д, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4/21387 дугаартай мэдэгдлээр М ХХК нарт гардуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-90/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж, мөн зүйлийн 55.2.2-т Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн талаар үнийн санал авах, шинжээч томилох, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Хөрөнгийн үнэлгээний ХХК нь үнэлгээг хөрөнгө нэг бүрээр олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зардлын хандлага, суурийн үнийн хандлага зэрэг тохирох аргуудыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийсэн нь үнэлгээ хийсэн тайлан, хариуцагч байгууллагаас хөтөлсөн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, ашиг сонирхлын зөрчилгүй болох тухай тэмдэглэл, түүнчлэн үнэлгээчин Ж.У-аас авсан гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх-70-71, 84-86/

Нэхэмжлэгч хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН