Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 223

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03277 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нгазарт холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Баднайнямбуу,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Чинтуяа,

Гуравдагч этгээд: Б.Оюун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1152 тоот шийдвэрээр нэхэмжлэгч 44 404 800 төгрөгийг Д.Оюун-Эрдэнэд төлөхөөр болсон, шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаа дараа хууль зөрчин явуулж байна.

Нэхэмжлэгч Б.Б болон О.Эрдэнэчимэг, Б.Ананд, Б.Анунгоо нарын өмчлөлийн Ү-2205013435 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6Б дугаар байрны 100 тоотод байрлах 6 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч 2012 оноос хойш удаа дараа хурааж үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулсаар ирсэн.

2015 онд шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 170 620 000 төгрөгөөр үнэлсэн ба 2018 онд дахин 154 191 200 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4/11850 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдэж байсан. Үүнээс хойш анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдсан боловч худалдан борлогдоогүй.

Нгазар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг 2019 оны 3 дугаар сард хийхэд төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийн зөрүү үнийг төлж төлбөртөө тооцон авахаас татгалзсан.

Нэгэнт төлбөр төлөгч худалдан борлогдоогүй эд хөрөнгийн үнийн зөрүүг төлж төлбөртөө тооцон авахаас татгалзсан тохиолдолд хуульд зааснаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах ёстой атал эд хөрөнгийг хурааж үнэлүүлэх ажиллагааг дахин эхлүүлж байгаад гомдолтой байна.

Гэтэл Нгазраас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөх тухай мэдэгдэлийг шийдвэр гүйцэтгэгч гардуулж, улмаар 29-ний өдөр эд хөрөнгө хураах тухай 144/19-04 тоот тогтоол үйлдсэн. Орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг хариуцагч ирүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийг урьд нь хурааж, үнэлгээг 130 000 000 төгрөгөөр тогтоосон. Мөн анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдсан, төлбөр төлөгч төлбөртөө тооцон авахаас татгалзсан буюу хуульд заасан бүх ажиллагааг хийгдэж дууссан байхад дээрх бүх ажиллагааг хууль бусаар дахин эхлүүлж байгаа нь үндэслэлгүй.

Гэтэл Нгазраас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуудаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн талаар мэдэгдсэн. \

Өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гүйцэтгэгч солигдож, солигдох бүртээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрсдийн дураар дахин дахин эхлүүлж удаа дараа хураан, шинжээч томилсон тогтоол үйлдэн үнэлүүлсээр байгаад гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэгч солигдсон нь өмнөх гүйцэтгэгчийн хийсэн ажиллагааг дахин эхлүүлэх үндэслэл болохгүй, харин ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн удаа дараа үнэлүүлэх бүрт нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ ханшийг улам бүр бууруулсаар байна.

Нэхэмжлэгчийн орон сууцыг 70 м.кв талбайгаар тооцож гаргасан ба уг орон сууцны талбай нь 105,46 м.кв, 130 000 000 төгрөг буюу хэт багаар үнэлсэн нь сүүлд гаргаж өгсөн үнэлгээнээс харагдана.

Иймд эд хөрөнгө хураах тогтоол болон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1152 дугаар шийдвэрээр Б.Бээс 44 404 800 төгрөгийг гаргуулж Д.Оюун-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Бэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн, арилжааны банкуудаас лавлагаа авч, түүний өмчлөлийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 6Б дугаар байрны 100 тоот орон сууцыг 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 143/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот тогтоолоор хураасан.

Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 76 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4/11850 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 47 тоот тогтоолоор 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот хураах тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосон.

Төлбөр төлөгч Б.Бийн эд хөрөнгөнд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 144/19-4 тоот актаар үзлэг хийж, 144/19-04 тоот Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 66-100 тоот орон сууцыг хураасан.

Талуудаас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул шинжээч томилж үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19997 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Нэхэмжлэгч талаас тухайн орон сууцыг олон удаа дуудлага худалдаанд оруулсан гэх боловч манай зүгээр Б.Б, Д.Оюун-Эрдэнэ нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулсан удаа байхгүй. нэхэмжлэгч өөр материалтай андууран дуудлага худалдааг дахин дахин явуулсан гэж тайлбар гаргадаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбартаа: 2003 онд Б.Бэд мөнгө зээлдүүлсэн, шүүхийн шийдвэрээр Б.Бээс 44 404 800 төгрөгийг авахаар болсон.

Шийдвэрийг гүйцэтгэх газраас энэ хүний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг нь битүүмжилсэн байсан. Б.Бийн үл хөдлөх эд хөрөнгө нь давхар барьцаанд байгаа тул эхний ээлжийн хүмүүс төлбөрөө авсны дараа та төлбөрөө авна гэж хэлсэн.

Б.Б дуудлага худалдаа болсон гэх боловч тэр нь банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой дуудлага худалдаа явагдсан байх, миний авлагатай холбоотой ямар ч дуудлага худалдаа явагдаагүй. Би Б.Бээс 44 404 800 төгрөг авах л хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144/19-04 тоот эд хөрөнгө хураах тогтоол болон Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 66 дугаар байрны 100 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай Б.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1152 тоот шийдвэрээр миний бие 44.404.800 төгрөгийг Д.Оюун-Эрдэнэд төлөхөөр болсон.

Нгазраас дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай гэр бүлийн өмчлөлийн Ү-2205013435 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 66 дугаар байрны 100 тоотод байрлах 6 өрөө орон сууцыг 2012 оноос хойш удаа дараа хурааж, үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулсаар ирсэн. 2015 онд шинжээч томилон үнэлүүлж 170.620.000 төгрөгөөр үнэлгээг тогтоож байсан бол 2018 онд 154 191 200 төгрөгөөр үнэлүүлж тус үнэлгээний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4/11850 тоот албан бичгээр мэдэгдэж байсан ба 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийг төлөх мэдэгдэл гардуулаад 29-ны өдөр эд хөрөнгө хураах тухай 144/19-04 тоот тогтоол үйлдсэн.

Мөн орон сууцыг дуудлага худалдаан оруулахаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг ирүүлсэн ба удалгүй шинжээч томилж 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 130.551.000 төгрөгөөр үнэлүүлсэн талаар дахин мэдэгдсэн.

Өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гүйцэтгэгч солигдож, солигдох бүрдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрсдийн дураар дахин дахин эхлүүлж удаа дараа хураах, шинжээч томилсон тогтоол үйлдэн үнэлүүлсээр байгаад гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураасан тогтоол нь хавтаст хэрэгт хоёр өөр огноотой байгаа нь эд хөрөнгө хураасан үйл ажиллагаа хуульд нийцээгүй болохыг харуулж байна. Хоёр өөр огноотой хоёр тогтоол байгаа шалтгааныг хариуцагч тайлбарлаж чадаагүй бөгөөд “нэхэмжлэгч нь миний 27-ны огноотой тогтоолыг 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр болгон өөрчилж зассан байна” гэж маргасан.

Үнэлгээ хийхээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй” ХХК-ийн захирал О.Бат-Эрдэнэ болон түүний туслах Л.Даваасамбуу нар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон бөгөөд О.Бат-Эрдэнэ “би шинжилгээ хийх тухайн орон сууцанд өөрийн биеэр очиж ажиллаагүй, үзээгүй, өөрийн туслах Л.Даваасамбууг явуулсан, түүний авсан зургийг үндэслэж дүгнэлт гаргасан, манайх орон сууцны талбайн хэмжээг гаргах Барилга, хот байгуулалтын яамны эрхгүй компани” гэж Л.Даваасамбуу “тухайн орон сууцанд би очиж зураг авсан, орон сууцны талбайн хэмжээг хэрхэн яаж хэмжиж гаргасан бэ гэсэн асуултад ерөнхий байдлаар хэмжсэн, тусгай нарийн багажаар нарийвчлан хэмжээгүй” гэж тус тус мэдүүлэг өгсөн.

Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжилгээ хийгдээгүй байна гэж үзэхээр байна.

Энэ үндэслэлүүд нь шинжээч шинжилгээг хуулийн дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа талаарх маргааныг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлж тайлбарлан мэтгэлцсэн бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байхад үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн орон сууцны талбайн хэмжээг буруу тооцож гаргасан явдал юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний “Золач” ХХК-д хүсэлт гарган орон сууцны зах зээлийн бодит үнэ ханшийг тогтоолгосон бөгөөд “Золач” ХХК нь манай орон сууцны өнөөгийн бодит зах зээлийн ханшийг 161.784.700 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Нбайгууллагын томилсон “Виннэр Вэй” ХХК нь орон сууцыг 130.551.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь хэт бага буюу хоёр үнэлгээний үнийн зөрүү хэт их байгаа нь “Виннэр Вэй” ХХК-ны үнэлгээг бодитой гэж үзэх үндэслэл болохгүй буюу дахин шинжээч томилох үндэслэл болж байна.

Мөн “Золач” ХХК нь үнэлгээ гаргахдаа талбайн хэмжээг “Уран Асар” ХХК-ны МЫ86058: 2009 стандартын дагуу гаргасан 105.46 м.кв хэмжээг үндэс болгон үнэлгээг гаргасан бол “Виннэр Вэй” ХХК нь талбайн хэмжээг 120 м.кв гэж тооцсон байна.

Ингэхдээ “Виннэр Вэй” ХХК нь талбайн хэмжээг МХ86058: 2009 стандартын дагуу 120 м.кв гэж гаргасан гэж дүгнэлт дурдсан байх боловч үүнийг хэрхэн хэмжиж гаргасан талаарх асуултад шинжээч “ерөнхий байдлаар туслах хэмжсэн” гэж хариулсан.

Өөрөөр хэлбэл бид тусгай зөвшөөрөл бүхий хэмжилт хийх эрх бүхий этгээдээр зохих стандартын дагуу хэмжээг тогтоолгон тэрхүү хэмжээг үндэслэн хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээдээр хийлгэсэн баримтыг шүүхэд гарган өгч мэтгэлцсэн бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй.

Гэтэл шүүх “Золач”ХХК-ны үнэлгээчин өөрийн биеэр очиж хэмжилт хийгээгүй, мөн хэмжилт хийсэн “Уран-Асар ХХК-г зөвхөн гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах чиглэлтэй байх бөгөөд талбайн хэмжээг тогтоох эрхтэй эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

“Уран-Асар” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 3711/576 тоот тусгай зөвшөөрөлтэй бөгөөд манай байрны талбайн хэмжээг МГЧ86058: 2009 стандартын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцанд ирж хэмжиж гаргасан ба уг дүгнэлтийг үндэслэн Золач ХХК-ны үнэлгээний багийнхан 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцанд биечлэн танилцаж фото зураг авч үнэлгээгээ гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нгазарт холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 144/19-04 тоот эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1152 дугаар шийдвэрээр Б.Бээс 44 404 800 төгрөгийг гаргуулж Д.Оюун-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн а/179 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь 2013 оны 03 дугаар сарын 13, мөн оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг Б.Бэд мэдэгдэж, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 143/02 тоот тогтоолоор түүний өмчлөлийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6Б дугаар байрны 100 тоотод байрлах 6 өрөө бүхий орон сууцыг битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот тогтоолоор хураасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналд тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 76 тоот тогтоолоор шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилсон, шинжээч нь уг орон сууцыг зах зээлийн үнийг 154 191 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Иймд орон сууцыг 2015 онд 170 620 000 төгрөгөөр үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 107 933 840 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4/11850 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Бэд мөн өдрөө гардуулжээ. Ахлан шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 47 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгосон ба 2019 оны 47 дугаар тогтоолд төлбөр төлөгч Б.Б гомдол гаргаагүй, тогтоол хүчинтэй байна.

 

Иймд хариуцагч байгууллага нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Б.Бийн эд хөрөнгөд үзлэг хийж, 144/19-04 тоот тогтоолоор орон сууцыг хураах ажиллагааг явуулсан нь зөв бөгөөд уг ажиллагааг зөвтгөснийг ажиллагааг дахин явуулсан гэж дүгнэхгүй.

 

Хариуцагч байгууллага нь орон сууцны өмчлөгч Б.Бэд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 4/18924 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4/19114 тоот мэдэгдлээр орон сууцыг дуудлага худалдаанд оруулах доод үнийн санал ирүүлэхийг тус тус мэдэгдсэн, хариуцагч байгууллагад төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй тул 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 278 тоот тогтоолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шинжээч “Виннэр Вэй” ХХК уг орон сууцны зах зээлийн үнийг 130 551 000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19997 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Бэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгджээ.

 

Шинжээч “Виннэр Вэй” ХХК нь албадан дуудлага худалдаанд оруулах орон сууцыг үнэлэхдээ өртгийн, орлогын хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагыг харьцуулан үнэлгээг гаргасан байх бөгөөд уг үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргыг ач холбогдолтой гэж үзэж үнэлсэн тогтоолыг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж дүгнэх боломжгүй, мөн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ өөрийн туслах Л.Даваасамбуугийн авсан зургийг үндэслэж дүгнэлт гаргасан нь үнэлгээний үр дүнд нөлөөлөхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг “Уран-Асар” ХХК-аар хэмжилт хийлгэж, “Золач” ХХК-аар үнэлгээг гаргуулсан байх бөгөөд “Уран-Асар” ХХК нь маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг 105.46 м.кв гэж тодорхойлсон бол “Виннэр Вэй” ХХК нь 70 м.кв гэж тодорхойлсон нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан нийцсэн байна.

 

Түүнчлэн “Уран-Асар” ХХК нь барилгын зураг төсөл, төсөв хийх чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг болох нь Барилга хот байгуулалтын сайдаас олгосон ЗТ11-579/17 тоот тусгай зөвшөөрлөөр нотлогдож байх тул үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжилт хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

 Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 180 тоот гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгчийн орон сууцыг энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан дуудлага худалдаанд оруулсан болон төлбөр авагчид үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр тооцоо авахад санал болгосон байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА