Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 03277

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/03277

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Б.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:НШШГГ-т холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О, түүний өмгөөлөгч Н.Батбаатар, гэрч О.Бат-Эрдэнэ, Л.Даваасамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1152 тоот шийдвэрээр би 44 404 800 төгрөгийг Д.Од төлөхөөр болсон, энэ шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар удаа дараа хууль зөрчин явуулж байна.Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр төлбөр төлөгч миний болон манай гэр бүлийн гишүүд болох О.Эрдэнэчимэг, Б.Ананд, Б.Анунгоо нарын өмчлөлийн Ү-2205013435 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6Б дугаар байрны 100 тоотод байрлах 6 өрөө орон сууцыг 2012 оноос хойш удаа дараа хурааж үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулсаар ирсэн.Тухайлбал 2015 онд шинжээч томилон үнэлүүлж 170 620 000 төгрөгөөр үнэлгээг тогтоож байсан бол 2018 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх орон сууцыг дахин 154 191 200 төгрөгөөр үнэлүүлж байсан бөгөөд тус үнэлгээг болон үнэлгээний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4/11850 тоот албан бичгээр мэдэгдэж байсан билээ.Үүнээс хойш анхны болон хоёр дахь дуудлага худалдаа тус тус явагдсан боловч худалдан борлогдоогүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно.Хэрэв төлбөр авагч татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана, мөн хуулийн 73.3-т Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно.Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж тус тус заасан.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар худалдан борлогдоогүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг 2019 оны 3 дугаар сард хийхэд төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийн зөрүү үнийг төлж төлбөртөө тооцон авахаас татгалзсан.Нэгэнт төлбөр төлөгч худалдан борлогдоогүй эд хөрөнгийн үнийн зөрүүг төлж төлбөртөө тооцон авахаас татгалзсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах ёстой атал эд хөрөнгийг хурааж үнэлүүлэх ажиллагааг дахин дахин эхлүүлж байгаад гомдолтой байна.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ц.Чинтуяа гэдэг шийдвэр гүйцэтгэгч манайд ирж зураг хөрөг авч төлбөрийг төлөх тухай мэдэгдэл гардуулаад явсан ба улмаар 29-ний өдөр эд хөрөнгө хураах тухай 144/19-04 тоот тогтоол үйлдсэн.Мөн миний өмчлөлийн дээр дурдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 66 дугаар байрны 100 тоотод байрлах 6 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг ирүүлсэн.Үл хөдлөх эд хөрөнгийг урьд нь хурааж битүүмжлэн үнэлгээг 154 191 200 төгрөгөөр тогтоосон, мөн анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдсан, төлбөр төлөгч төлбөртөө тооцон авахаас татгалзсан буюу хуульд заасан бүх ажиллагааг хийгдэж дууссан байхад дээрх бүх ажиллагааг хууль бусаар дахин эхлүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж шийдвэр гүйцэтгэгчийн хураасан тогтоол болон шинжээч томилсон тогтоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гээд мөн хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана.Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж тус тус заасны дагуу шат шатанд нь гомдол гаргаад байна.Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуудаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн талаар мэдэгдлээ.Өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гүйцэтгэгч солигдож, солигдох бүртээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрсдийн дураар дахин дахии эхлүүлж удаа дараа хураан, шинжээч томилсон тогтоол үйлдэн үнэлүүлсээр байгаад гомдолтой байна.Шийдвэр гүйцэтгэгч солигдсон нь өмнөх гүйцэтгэгчийн хийсэн ажиллагааг дахин эхлүүлэх үндэслэл болохгүй, харин ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа учраас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцыг үнэлсэн үнэлгээг хууль зөрчин үнэлүүлсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.Мөн удаа дараа үнэлүүлэх бүрт миний өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ ханшийг улам бүр бууруулсаар байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хөрөнгө үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн аваад хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, манай орон сууцыг 2012 оноос хойш битүүмжилж, дуудлага худалдаанд оруулж байна.Би энэ тухай хуулийн зөвлөгөө авахад тус ажиллагаа нь хууль бус гэж хэлсэн тул нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож, эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гэж томъёолж байгаа боловч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хөрөнгийн үнэлгээнээс өмнө явагддаг эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай 2 шаардлага гаргасан юм.Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргана гэж заасны дагуу түрүүлж уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хоёрдох шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилсан шийдвэр ажиллагаа явуулсан байх ёстой бөгөөд бидний зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж, хариу ирүүлсэний үндсэн дээр сүүлд шүүхэд хандсан, бид шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагыг хангасан байна.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа.Төлбөр төлөгч Б.Бийн бусад 3 иргэний хамт маргаан бүхий орон сууцыг өмчилж байгаа, тухайн орон сууцыг өмнө нь хэд хэдэн удаа үнэлүүлж, хурааж авсан тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа.Нэг ажиллагааг олон дахин явуулж буй нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай байна.Нэгэнт тухайн тогтоол хүчингүй болсон тохиолдолд дараачийн ажиллагаа болох хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагаанууд хүчингүй болох байх.Учир нь хөрөнгийн үнэлгээ хуульд нийцэхгүй байгаа.Тухайн хөрөнгийг 70 м.кв талбайгаар тооцож гаргасан ба уг маргаан бүхий орон сууцны талбай нь 105,46 м.кв юм, 130.000.000 төгрөг буюу хэт багаар үнэлсэн нь сүүлд гаргаж өгсөн үнэлгээнээс харагдана.Бид хөрөнгийн үнэлгээний Золач ХХК-иар тухайн орон сууцыг үнэлүүлэхэд 161.784.700 төгрөгөөр үнэлсэн нь хоёр үнэлгээний зөрүү хэт өндөр гэж харагдахаар байна.Иймд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө үнэлсэн тухай тогтоолыг хүчингүй болгож, тус хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1152 дугаар шийдвэрээр Б.Бээс 44 404 800 төгрөгийг гаргуулж Д.Од олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Бэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тул данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг тохиолдолд дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай арилжааны банкуудад мэдэгдэл хүргүүлэхэд данс эзэмшдэггүй талаар хариу ирүүлсэн бөгөөд холбогдох газруудаас лавлагаа авч, түүний өмчлөлийн Баянгол дуүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 6Б дугаар байрны 100 тоот орон сууцыг 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 143/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот тогтоолоор хураасан.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шинжээч томилох тухай 2018 оны 3 дугаар 15-ны өдрийн 76 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4/11850 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 47 тоот тогтоолоор 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот хураах тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосон.Төлбөр төлөгч Б.Бийн эд хөрөнгөнд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 144/19-4 тоот актаар үзлэг хийж, 144/19-04 тоот Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 66-100 тоот орон сууцыг хураасан.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул шинжээч томилж үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19997 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1152 дугаар шүүхийн шийдвэрээр 44 404 800 төгрөгийг Б.Бээс Д.Од олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, 2012 оноос 2019 он хүртэл төлбөр төлөгч нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй ба төлбөрийг төлөхгүй гэж ярьдаг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлс хийж байна гэж үзэж байна. Манайхаас төлбөр төлөгч данс эзэмшдэг эсэх, хэрэв эзэмшдэг бол зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг банкинд хүргүүлсэн боловч данс эзэмшдэггүй талаар хариу ирүүлсэн.Бусад холбогдох газруудаас лавлагаа авахад Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6Б дугаар байрны 100 тоотод байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоогдсон учир 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 143/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот тогтоолоор хураасан.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 76 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4/11850 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.Нэхэмжлэгч талаас тухайн орон сууцыг олон удаа дуудлага худалдаанд оруулсан гэх боловч манай зүгээр Б.Б, Д.О нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулсан удаа байхгүй.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг холбогдох шийдвэр гүйцэтгэгчид даалгасан байна.Үүний дагуу Б.Бийн хамтран өмчлөлийн орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 144/19-04 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад үнийн саналаа өгөөгүй тул шинжээч томилж үнэлэгдсэн үнэлгээг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19997 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна.Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, нэхэмжлэгч өөр материалтай андууран дуудлага худалдааг дахин дахин явуулсан гэж хэлээд байна, өөр шүүхийн шийдвэртэй Б.Б төлбөр төлөгчөөр явж байгаа.Эднийд үнэлгээчин үнэлгээ хийхээр очиход нь оруулдаггүй байсан тул би хамт очиж байсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2009 онд Б.Бэд мөнгө зээлдүүлсэн ба мөнгөө өгөхийг шаардаж, хүлээсэн ч өгөхгүй байсан тул 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нийт 3 шатны шүүхээр явж 44 404 800 төгрөгийг Б.Бээс авахаар болсон.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газраас энэ хүний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг нь битүүмжилсэн байсан.Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Дээд шүүхийн тогтоол аваачиж өгөхөд хөрөнгө нь давхар барьцаанд байгаа тул эхний ээлжийн хүмүүс төлбөрөө авсны дараа та төлбөрөө авна гэж хэлсэн.Б.Б дуудлага худалдаа болсон гэх боловч тэр нь банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой дуудлага худалдаа явагдсан байх, миний авлагатай холбоотой ямар ч дуудлага худалдаа явагдаагүй.Би Б.Бээс 44 404 800 төгрөг авах л хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144/19-04 тоот эд хөрөнгө хураах тогтоол болон үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1152 дугаар шийдвэрээр Б.Бээс 44 404 800 төгрөгийг гаргуулан Д.Од олгож шийдвэрлэсэн байна./хх 6-7/

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1528 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрх 1152 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 180 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх 32/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай а/179 дугаартай тогтоол гарган ажиллагаа хийж, 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 144/04 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 47 тоот тогтоолоор дээрх хөрөнгө хураасан 144/04 тоот тогтоолыг хүчингүй болгосон байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 144/19-04 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6Б дугаар байрны 100 тоотод байрлах, 6 өрөө бүхий орон сууцыг хурааж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна./хх 85/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Б.Бийн эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б.Б, О.Эрдэнэчимэг, Ө.Анунгоо нарт 4/18924 дугаартай, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 4/19114 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд ...Төлбөр төлөгч Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6Б дугаар байрны 100 тоот орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 144/19-04 тоот тогтоолоор хурааж авсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн саналыг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 9:00 цагт, 2019 оны 9 дүгээр арын 7-ны өдрийн 9:00 цагт тус газрын 304 тоот өрөөнд ирүүлэнэ үү, тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тохиолдолд мэргэжлийн үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгож, албадан дуудлагад оруулахыг мэдэгдье гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч томилох тухай 278 дугаартай тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тэмдэглэл үйлдсэн байна.

 

Виннэр Вэй ХХКомпани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан журмын дагуу хөрөнгийг үнэлсэн бөгөөд тухайн хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Виннэр Вэй ХХКомпанийн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нь өөрөө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6Б дугаар байрны 100 тоот орон сууцанд очиж хэмжилт хийгээгүй, туслахаараа хэмжилт хийлгэсэн гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн өөрөө сонгож үнэлгээ хийлгэсэн Золач ХХК-ийн Д.Алтанцэцэг нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 66 дугаар байрны 100 тоот орон сууцанд өөрөө очиж хэмжилт хийгээгүй, хэмжилтийг Уран-Асар ХХК-иар хийлгэсэн байх бөгөөд Уран-Асар ХХК нь гадаад худалдаа эрхлэх чиглэлтэй байх ба үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжилт хийх эрхтэй эсэх нь тодорхой бус байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Y-2205013435 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6Б дугаар байрны 100 тоотод байршилтай орон сууцны гэрчилгээнд талбайн хэмжээг 70 метр квадрат гэж бичигдсэн байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасан байх тул дээрх үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3-т заасан үндэслэл үүсэхгүй юм.

 

Иймд Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144/19-04 тоот эд хөрөнгө хураах тогтоол болон Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 66 дугаар байрны 100 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн Виннэр Вэй ХХКомпанийн үнэлгээг хүчингүй болгох тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ДОРЖНАМЖИН