Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00707

 

2021           06            16                                          001/ХТ2021/00707

 

 

 

...................ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03277дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223 дугаар магадлалтай,

 

...................ийн нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Эд хөрөнгө хураах тогтоол, дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн  үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ..................., түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2012.06.13-ны өдрийн 1152 тоот шийдвэрээр нэхэмжлэгч 44,404,800 төгрөгийг Д.Оюун- Эрдэнэд төлөхөөр болсон, шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаа дараа хууль зөрчин явуулж байна. Нэхэмжлэгч ................... болон О.Эрдэнэчимэг, Б.Ананд, Б.Анунгоо нарын өмчлөлийн ...................дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6Б дугаар байрны 100 тоотод байрлах 6 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч 2012 оноос хойш удаа дараа хурааж үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулсаар ирсэн. 2015 онд шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 170,620,000 төгрөгөөр үнэлсэн ба 2018 онд дахин 154,191,200 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018.07.30-ны өдрийн 4/11850 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдэж байсан. Үүнээс хойш анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдсан боловч худалдан борлогдоогүй. ................... худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг 2019 оны 3 дугаар сард хийхэд төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийн зөрүү үнийг төлж төлбөртөө тооцон авахаас татгалзсан. Нэгэнт төлбөр төлөгч худалдан борлогдоогүй эд хөрөнгийн үнийн зөрүүг төлж төлбөртөө тооцон авахаас татгалзсан тохиолдолд хуульд зааснаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах ёстой атал эд хөрөнгийг хурааж үнэлүүлэх ажиллагааг дахин эхлүүлж байгаад гомдолтой байна. Гэтэл ...................аас 2019.08.27- ны өдөр төлбөр төлөх тухай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч гардуулж, улмаар 29-ний өдөр эд хөрөнгө хураах тухай 144/19-04 тоот тогтоол үйлдсэн. Орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг хариуцагч ирүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг урьд нь хурааж, үнэлгээг 130,000,000 төгрөгөөр тогтоосон. Мөн анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдсан, төлбөр төлөгч төлбөртөө тооцон авахаас татгалзсан буюу хуульд заасан бүх ажиллагааг хийгдэж дууссан байхад дээрх бүх ажиллагааг хууль бусаар дахин эхлүүлж байгаа нь үндэслэлгүй. Гэтэл ...................аас 2019.09.18-ны өдөр дуудаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн талаар мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гүйцэтгэгч солигдож, солигдох бүртээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрсдийн дураар дахин дахин эхлүүлж удаа дараа хураан, шинжээч томилсон тогтоол үйлдэн үнэлүүлсээр байгаад гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч солигдсон нь өмнөх гүйцэтгэгчийн хийсэн ажиллагааг дахин эхлүүлэх үндэслэл болохгүй, харин ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн удаа дараа үнэлүүлэх бүрт нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ ханшийг улам бүр бууруулсаар байна. Нэхэмжлэгчийн орон сууцыг 70 м.кв талбайгаар тооцож гаргасан ба уг орон сууцны талбай нь 105,46 м.кв, 130,000,000 төгрөг буюу хэт багаар үнэлсэн нь сүүлд гаргаж өгсөн үнэлгээнээс харагдана. Иймд эд хөрөнгө хураах тогтоол болон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2012.06.13-ны өдрийн 1152 дугаар шийдвэрээр ...................ээс 44,404,800 төгрөгийг гаргуулж Д.Оюун- Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ...................эд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн, арилжааны банкуудаас лавлагаа авч, түүний өмчлөлийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 6Б дугаар байрны 100 тоот орон сууцыг 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 143/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017.04.29-ний өдрийн 144/04 тоот тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2018.03.15-ны өдрийн 76 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2018.07.30-ны өдрийн 4/11850 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.04.22-ны өдрийн 47 тоот тогтоолоор 2017.04.29-ний өдрийн 144/04 тоот хураах тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосон. Төлбөр төлөгч ...................ийн эд хөрөнгөнд 2019.08.27-ны өдрийн 144/19-4 тоот актаар үзлэг хийж, 144/19-04 тоот Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 66-100 тоот орон сууцыг хураасан. Талуудаас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул шинжээч томилж үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2019.09.17-ны өдрийн 4/19997 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч талаас тухайн орон сууцыг олон удаа дуудлага худалдаанд оруулсан гэх боловч манай зүгээр ..................., Д.Оюун-Эрдэнэ нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулсан удаа байхгүй. Нэхэмжлэгч өөр материалтай андууран дуудлага худалдааг дахин дахин явуулсан гэж тайлбар гаргадаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбартаа: 2003 онд ...................эд мөнгө зээлдүүлсэн, шүүхийн шийдвэрээр ...................ээс 44,404,800 төгрөгийг авахаар болсон. Шийдвэрийг гүйцэтгэх газраас энэ хүний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг нь битүүмжилсэн байсан. ...................ийн үл хөдлөх эд хөрөнгө нь давхар барьцаанд байгаа тул эхний ээлжийн хүмүүс төлбөрөө авсны дараа та төлбөрөө авна гэж хэлсэн. ................... дуудлага худалдаа болсон гэх боловч тэр нь банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой дуудлага худалдаа явагдсан байх, миний авлагатай холбоотой ямар ч дуудлага худалдаа явагдаагүй. Би ...................ээс 44,404,800 төгрөг авах л хүсэлтэй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03277дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29- ний өдрийн 144/19-04 тоот эд хөрөнгө хураах тогтоол болон Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 66 дугаар байрны 100 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай ...................ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ...................ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

Нэхэмжлэгч ..................., түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй байна. ................... миний бие Баянгол дүүргийн шүүхийн 2012.06.13-ны өдрийн 1152 тоот шийдвэрээр Д.Оюун-Эрдэнэд 44,404,800 төгрөгийг төлөхөөр болсон билээ. Дээрх шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ................... явуулж байгаа бөгөөд ...................ын 2019.08.29-ний өдрийн 144/19-04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол болон манай гэр бүлийн дундын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 66-р байрны 100 тоотод байрлах 6 өрөө орон сууцыг үнэлүүлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд байна. 1....................аас дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг 2012 оноос хойш удаа дараа хурааж, үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулсаар ирсэн. Тухайлбал 2015 онд шинжээч томилон үнэлүүлж 170,620,000 төгрөгөөр үнэлгээг тогтоож байсан бол 2018 онд ...................аас дээрх орон сууцыг дахин 154,191,200 төгрөгөөр үнэлүүлж байсан бөгөөд тус үнэлгээг болон үнэлгээний 70%-р тооцон анхны дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018.07.30-ны өдрийн 4/11850 тоот албан бичгээр мэдэгдэж байсан билээ. Гэтэл ...................аас 2019.08.27-ны өдөр Ц.Чинтуяа гэдэг шийдвэр гүйцэтгэгч манайд ирж зураг хөрөг авч төлбөрийг төлөх тухай мэдэгдэл гардуулаад явсан ба улмаар 29-ний өдөр эд хөрөнгө хураах тухай 144/19-04 тоот тогтоол үйлдсэн. Мөн миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаан; оруулахаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг мөн ирүүлсэн ба удалгүй шинжээч томилж 2019.09.18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 130,551,000 төгрөгөөр үнэлүүлсэн талаар мэдэгдсэн билээ. Өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гүйцэтгэгч солигдож, солигдох бүртээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрсдийн дураар дахин дахин эхлүүлж удаа дараа хураах, шинжээч томилсон тогтоол үйлдэн үнэлүүлсээр байгаад гомдолтой байна. Энэ нь хөрөнгийн үнэ цэнийг улам бүр санаатайгаар зориуд үнэгүйдүүлж байна гэж байна. Шийдвэр гүйцэтгэгч солигдсон нь өмнөх гүйцэтгэгчийн хийсэн ажиллагааг дахин эхлүүлэх үндэслэл болохгүй, харин ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа учраас орон сууцыг үнэлсэн үнэлгээг хууль зөрчин үнэлүүлсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураасан тогтоол нь хоёр өөр огноотой байгаа нь эд хөрөнгө хураасан үйл ажиллагаа хуульд нийцээгүй болохыг харуулж байна. Төлбөр төлөгч ...................эд шийдвэр гүйцэтгэгч нь 2019.08.29-ний өдрийн огноотой 144/19-04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг гардуулж өгсөн байдаг бөгөөд үүнийг шүүхэд нотлох баримтаар эх хуваар нь гаргаж өгсөн билээ. Гэтэл хариуцагч ...................аас нотлох баримтаар 2019.08.27-ны өдрийн огноотой 144/19-04 тоот эд хөрөнгө хураах тогтоол гаргаж өгсөн ба хоёр өөр огноотой хоёр тогтоол байгаа шалтгааныг хариуцагч тайлбарлаж чадаагүй бөгөөд “нэхэмжлэгч нь миний 27-ны огноотой тогтоолыг 2019.08.29-ний өдөр болгон өөрчилж зассан байна” гэж маргасан юм. Мөн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь үнэлүүлж буй эд хөрөнгийг хураахдаа хоёр өөр огноотой хоёр тогтоол гаргасан байхаас гадна үнэлгээ өөрөө бодит байдалд нийцэхгүй буюу үнэлгээг үндэслэлгүйгээр хэт багаар үнэлсэн, мөн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй тухай үндэслэл юм. Учир нь үнэлгээ хийхээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй” ХХК-ны захирал О.Бат-Эрдэнэ болон түүний туслах Л.Даваасамбуу нар нь шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон бөгөөд шинжилгээ хийх эрх бүхий этгээд буюу шинжээч О.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ “би шинжилгээ хийх тухайн орон сууцанд өөрийн биеэр очиж ажиллаагүй, үзээгүй, өөрийн туслах Л.Даваасамбууг явуулсан, түүний авсан зургийг үндэслэж дүгнэлт гаргасан, манайх орон сууцны талбайн хэмжээг гаргах Барилга, хот байгуулалтын яамны эрхгүй компани” гэж мэдүүлсэн бол туслах ажилтан Л.Даваасамбуу мэдүүлэхдээ “тухайн орон сууцанд би очиж зураг авсан, орон сууцны талбайн хэмжээг хэрхэн яаж хэмжиж гаргасан бэ гэсэн асуултанд ерөнхий байдлаар хэмжсэн, тусгай нарийн багажаар нарийвчлан хэмжээгүй” гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн юм. Өөрөөр хэлбэл шинжилгээ хийх эрх бүхий этгээд буюу шинжээч О.Бат-Эрдэнэ нь шинжилгээний обьектод өөрөө ажиллаж шинжлээгүй, талбайн хэмжээг нарийвчлан хэмжиж тогтоогоогүй зөвхөн туслахын ерөнхий байдлаар хэмжсэн хэмжээс болон шийдвэр гүйцэтгэгчийн авсан гэрэл зургуудыг үндэслэн дүгнэлт гаргаж байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжилгээ хийгдээгүй байна гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” гэж заасан бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу шинжээч нь О.Бат-Эрдэнэ байна. Шинжээч О.Бат-Эрдэнэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 17.2-д заасны дагуу түүний гаргасан дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байхыг шаардах юм. Гэтэл шинжээч шинжилгээний дүгнэлтийн 7-дах хэсэг буюу Нийцэлтийн тухай мэдэгдэл хэсгийн 3-д “Барилгын бодит байдалтай газар дээр нь очиж танилцан судалгаа хийсэн” гэж дурдсан байх боловч шинжилгээний обьектыг өөрөө шинжлээгүй байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байхаас гадна шинжилгээ өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй гэж үзэх үндэслэл болох юм. Учир нь шинжээч шинжилгээний обьектыг өөрөө шинжилж өөрөө биечлэн ажиллах үүрэгтэй болох нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийх байгууллага, шинжээчид хүргүүлэх боломжгүй бол шинжээчийг шинжилгээний объектод чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүрэгтэй” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна, 17.4 Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” зэрэг заалтуудаас харагдаж байна. Тийм ч учраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана” гээд 18.1.6-д “шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц” 18.1.7-д “шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаархи мэдээлэл” зэргийг заавал тусгахаар заасан байна. Энэ нь шинжээч шинжлэх үйл ажиллагааг өөрөө биечлэн гардан гүйцэтгэх үүрэгтэй болохыг, мөн байлцсан оролцогчийн мэдээллийг тусгахаар заасан байхад Виннэр Вэй ХХК-ийн дүгнэлт хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна. Дээрх үндэслэлүүд нь шинжээч шинжилгээг хуулийн дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа талаарх маргааныг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлж тайлбарлан мэтгэлцсэн бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байхад үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй, улмаар давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй туслахын авсан зургаар дүгнэлт гаргах нь үнэлгээний үр дүнд нөлөөлөхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн үнэлгээг хүчингүй болгуулах тухай бас нэг үндэслэл нь орон сууцны метр квадратын хэмжээг буруу тооцож гаргасан явдал юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний “Золач” ХХК-д хүсэлт гарган орон сууцны зах зээлийн бодит үнэ ханшийг тогтоолгосон бөгөөд “Золач” ХХК нь манай орон сууцны өнөөгийн бодит зах зээлийн ханшийг 161,784,700 төгрөгөөр тогтоосон юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын томилсон “Виннэр Вэй” ХХК нь орон сууцыг 130,551,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь хэт бага буюу хоёр үнэлгээний үнийн зөрүү хэт их байгаа нь “Виннэр Вэй” ХХК-ны үнэлгээг бодитой гэж үзэх үндэслэл болохгүй буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу дахин шинжээч томилох үндэслэл болж байна. Мөн “Золач” ХХК нь үнэлгээ гаргахдаа талбайн хэмжээг “Уран Асар” ХХК-ийн MNS6058: 2009 стандартын дагуу гаргасан 105.46 м.кв хэмжээг үндэс болгон үнэлгээг гаргасан бол “Виннэр Вэй” ХХК нь талбайн хэмжээг 120 м.кв гэж тооцсон байна. Ингэхдээ “Виннэр Вэй” ХХК нь талбайн хэмжээг MNS6058: 2009 стандартын дагуу 120 м.кв гэж гаргасан гэж дүгнэлтийнхээ 5 дах хэсэгт дурдсан байх боловч үүнийг хэрхэн хэмжиж гаргасан талаарх асуултад шинжээч О.Бат-Эрдэнэ нь “ерөнхий байдлаар туслах хэмжсэн” гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл бид тусгай зөвшөөрөл бүхий хэмжилт хийх эрх бүхий этгээдээр зохих стандартын дагуу хэмжээг тогтоолгон тэрхүү хэмжээг үндэслэн хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээдээр хийлгэсэн баримтыг шүүхэд гарган өгч мэтгэлцсэн бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй. Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ “Золач” ХХК-ийн үнэлгээчин Д.Алтанцэцэгийг өөрийн биеэр очиж хэмжилт хийгээгүй, мөн хэмжилт хийсэн “Уран-Асар ХХК-г зөвхөн гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах чиглэлтэй байх бөгөөд талбайн хэмжээг тогтоох эрхтэй эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх үнэлгээчин О.Бат-Эрдэнийг шинжилгээний обьект дээр биечлэн ажиллаж шинжлээгүйг тогтоогдсоор байхад нэхэмжлэгчийн хүсэлтээр дүгнэлт гаргасан Д.Алтанцэцэгийг мөн өөрөө хэмжээгүй байна гэж үндэслэлээр шинжээч О.Бат-Эрдэнийн гаргасан дүгнэлтийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй үлдээсэн нь ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх мөн энэ нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. Үнэлгээчин Д.Алтанцэцэг нь хэмжилт хийх эрх бүхий этгээдийн хийсэн хэмжилтийг үндэс болгосон байхад О.Бат-Эрдэнэ нь өөрийн туслахын ерөнхий байдлаар хэмжиж 120 м.кв гэж тогтоосон хэмжээг үндэс болгон дүгнэлт гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх “Виннэр Вэй” ХХК нь 70 м.кв гэж тодорхойлсон нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл уг орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 м.кв хэмжээтэй биш бөгөөд харин 105.46 м.кв хэмжээтэй орон сууц юм. “Уран-Асар” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 3711/576 тоот тусгай зөвшөөрөлтэй бөгөөд манай байрны талбайн хэмжээг MNS6058: 2009 стандартын дагуу 2019.11.02-ны өдөр орон сууцанд ирж хэмжиж гаргасан ба уг дүгнэлтийг үндэслэн Золач ХХК-ийн үнэлгээний багийнхан 2019.11.10-ны өдөр орон сууцанд биечлэн танилцаж фото зураг авч үнэлгээгээ гаргасан. Энэхүү төлбөрийг миний бие төлөхгүй гэж маргадаг учир нь анх миний бусадтай хамт байгуулсан компанийн 20,000,000 төгрөгний зээл байсан бөгөөд компанийн авсан зээлийг намайг авсан мэтээр намайг дарамталж миний нэр дээр зээлийн гэрээг байгуулж шийдвэр гаргуулсан бөгөөд уг төлбөрийг миний бие дангаараа хариуцах ёсгүй гэж үзсээр өдийг хүрсэн билээ. Шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрах нь намайг 2019.03.06-ны өдөр дуудсан бөгөөд тухайн үед очиход төлбөр авагч Д.Оюун-Эрдэнэ байсан. Тэгэхэд төлбөр авагч нь “Анхнаасаа хуурч зээлийн гэрээ хийж хүүг нь өсгөн байрыг чинь авах зорилготой байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд миний орон сууцыг ББСБ-д барьцаанд тавьж 90,000,000 төгрөг авна” гэж хэлсэн юм. Мөн ................... надад ...................аас 2017.04.29-ний өдрийн 144/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгосон талаарх ямар нэгэн шийдвэр, тогтоол, мэдэгдэл огт ирж байгаагүй бөгөөд бөгөөд надад танилцуулж байгаагүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж ...................ын 2019.08.29-ний өдрийн 144/19-04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол болон Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 66-р байрны 100 тоотод байрлах 6 өрөө орон сууцыг үнэлүүлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

1.Нэхэмжлэгч ..................., хариуцагч ...................т холбогдуулан 2019.08.29-ний өдрийн 144/19-04 тоот эд хөрөнгө хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Оюун-Эрдэнэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, төлбөрөө аваагүй, одоо хүртэл хохирсон хэвээр байна гэсэн тайлбар гаргажээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2012.06.13-ны өдрийн 1152 дугаар шийдвэрийн дагуу  ................... нь 44,404,800 төгрөгийг Д.Оюун-Эрдэнэд төлөх үүрэгтэй, хариуцагч нь шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2013.02.25-ны өдрийн а/179 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг олж тогтоох, битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан, хураах ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон тул эд хөрөнгө хураасан, үнэлүүлсэн, албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаа бүхэлдээ хүчингүй болж, хариуцагч нь 2019.08.27-ны өдөр эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан байна.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах, шинжээчээр үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагааг хариуцагч хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Эд хөрөнгө хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан, 2019.08.27-ны өдрийн 144/04 тоот тогтоолын “өдөр” засвартай байгаа нь техникийн шинжтэй алдаа, хураах ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад, ...................ийн гэр бүлийн хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р хороолол, 6Б байрны 100 тоот, 6 өрөө орон сууцыг 2015 онд 170,620,000 төгрөгөөр, 2018 онд Хөрөнгө эстимэйт” ХХК 154,191,200 төгрөгөөр, шинжээч “Виннэр Вэй” ХХК-ийн 2019.09.10-ны өдрийн дүгнэлтээр 130,551,000 төгрөгөөр, нэхэмжлэгч өөрөө 2019.11.15-ны өдөр Золач ХХК-иар үнэлүүлэхэд 161,784,700 төгрөгөөр тус тус үнэлсэн баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжээч “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээний талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Орон сууцны үнэлгээний зөрүүтэй байдал нь тухайн үеийн зах зээлийн ханштай холбоотой байх ба хэт бага үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

“Виннэр Вэй” ХХК орон сууцны талбайн хэмжээг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичсэн 70м.кв-аар үнэлгээний тайланд тусгасан боловч 1м.кв-ын үнийг бус ижил төрлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг харгалзан үзсэн тул талбайн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, шинжилгээний обьектэд биечлэн очоогүйгээс хамаарч үнэлгээ доогуур тогтоогдсон гэх үндэслэлгүй юм.

 

Харин дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийг 4 хүн хамтран өмчилдөг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба ................... нь тухайн хөрөнгөөс эсвэл төлбөр төлөгчийн ногдох хэсгээс үүргийг хангуулах, ямар ажиллагаа явагдахыг тодорхой болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр шатны шүүх Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03277 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.СОНИНБАЯР

 

                 ШҮҮГЧИД                                                               П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                  Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД