| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 182/2019/01869/И |
| Дугаар | 210/МА2020/00056 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2020/00056
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01710 дугаар шийдвэртэй
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Э“” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төрболд, Ч.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төрболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02/017 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр захиалагч нь Налайх дүүрэгт төлөвлөж байгаа авто замын трасст орсон дулааны ил шугамын өөрчлөлтийн ажлыг манай компани гүйцэтгэх, уг ажлыг гэрээний 2.4-т зааснаар манай компани 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба энэ хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээ дүгнэсэн протокол үйлдэн ажлыг зохих ёсоор гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэх нийт төсөвт өртгийг 300 000 000 төгрөг байхаар талууд гэрээний 2.1-д заасан ба манай компани ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөс хойш мөн гэрээний 2.2.4-т зааснаар авах ёстой төлбөрөөс 15 000 000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны барьцаа болгон үлдээж, баталгаат нэг жилийн хугацаа өнгөрмөгц нөхөж авахаар суутгуулсан. Ажлыг хийж гүйцэтгэснээс хойших нэг жилийн хугацаанд бидний хийсэн ажилд ямар нэг доголдол илрээгүй, “Э” ХХК-ийн зүгээс дээрх хугацаанд гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн, доголдол, зөрчлийг арилгуулах талаар мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй тул “Э” ХХК гэрээнд зааснаар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өнгөрмөгц барьцаа 15 000 000 төгрөгийг манай компанид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Барьцаа төлбөрийг шаардаж удаа дараа холбогдсон боловч санхүүгийн боломж муу байна гэсэн шалтгаан хэлж хугацаа өнгөрөөж байгаа нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний 3.2.2-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг олгохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хариуцагчаас 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Компанийн хооронд байгуулсан 2017 оны 02/017 тоот гэрээний 6.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь хариуцлага хүлээхээр тохиролцсон ба мөн гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн буюу “Э” ХХК нь 15 000 000 төгрөгийн хэмжээгээр тооцож алданги төлөх үүрэгтэй байна. Барьцаа 15 000 000 төгрөгийг олгохыг хариуцагчаас шаардах эрх үүссэн 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2019 оны 8 дугаар дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 395 хоногийн алдангийг төлөөгүй 15 000 000 төгрөгийн 0.3 хувиар тооцоход 7 500 000 төгрөгийн алдангийг гаргуулахаар мөн шаардлага гаргаж байна. Иймд хариуцагч “Э” ХХК-аас 2017 оны 02/017 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт суутгасан барьцаа 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Э.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь “М” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 02/17 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай байгууллага гэрээний дагуу төлбөрөө шилжүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүнгийн 5 хувийг чанарын баталгааны хугацаанд барьцаа болгон авч үлдсэн. Дээрх ажлын үндсэн гэрээний хугацаа 3 жил бөгөөд “М” ХХК нь манай байгууллагад үндсэн гэрээний үлдэж буй хугацаанд чанарын баталгааг хариуцах тухай албан бичиг гарган өгсөн тохиолдолд бидний зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 22 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.З дахь хэсэгт “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна”, 14.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэсэн заалтыг авч нягтлалгүй шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тухайн ажлын чанарын баталгаат хугацаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох бөгөөд "Мөнхийн эрчим" ХХК нь тухайн хугацаанд чанарын баталгаа гаргасан тохиолдолд манай байгууллагаас барьцаа төлбөрийг төлөхөд бэлэн гэдгээ өмнө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 14/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлын чанарын баталгаатай хугацааны барьцаа болгон үлдээсэн 15 000 000 төгрөгийг өгөхгүй байх тул алдангийн хамт гаргуулна” гэж тайлбарласан байна.
Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 02/017 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч буюу захиалагч “Э” ХХК нь нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “М” ХХК-аар Налайх дүүрэгт төлөвлөж байгаа авто замын трасст орсон дулааны ил шугамын өөрчлөлтийн ажил гүйцэтгэх, угсралтын ажил, газар шорооны ажлыг гүйцэтгэх, захиалагч тал “Э” ХХК нь гэрээт ажлын нийт төлбөрт 300 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон байна.
Дээрх гэрээгээр хариуцагч “Э” ХХК нь “М” ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 285 000 000 төгрөг төлсөн байх бөгөөд ажил гүйцэтгэгч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй байна. /хх.14/
Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо “...Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тухайн ажлын баталгаат хугацаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болох бөгөөд уг хугацаагаар баталгаа гаргасан тохиолдолд барьцаа төлбөрийг төлнө” гэсэн үндэслэл заажээ.
Гэрээний 2.2-т захиалагч “Э” ХХК нь чанарын баталгаат хугацааны барьцаа болгон төлбөрийн 5 хувь болох 15 000 000 төгрөгийг авч үлдэж, 1 жилийн дараа талууд харилцан зөвшилцөж олгоно” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд тохиролцсон 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх хариуцагч тал гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон хугацаанд барьцаа болох 15 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Мөн гэрээний 6.2 “...гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Анхан шатны шүүх хариуцагч “Э” ХХК-иас 22 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.