Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.О-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Ц-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба хариуцагч нь 2018 оны 7 сарын 31-ний өдөр мөнгийг эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээнд хариуцагч зээлийн мөнгийг эргүүлэн төлөх бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр хүү тогтоож өгөөгүй байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэг ч төгрөг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д зааснаар алдангийг тооцоход 2018 оны 7 сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 сарын 07-ны өдрийг хүртэл тооцоход 14 000 000 төгрөгийн алданги тооцогдож байгаа ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу тооцоход алданги 5 000 000 төгрөг байхаар байна. Нэхэмжлэгч анх зээлсэн мөнгөө л авах хүсэлтэй байгаа ба хариуцагчаас ямар нэгэн алданги авах хүсэлгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О-тай хамт амьдарч байсан. Энэ хугацаанд Мөнхсүлдэд 50 000 000 төгрөг зээлсэн байсан, эргүүлж төлөхгүй байсан учир арга сэдэж, хоорондоо мөнгө зээлсэн мэт гэрээ хийсэн, мөнгө бол өгөөгүй юм. Урьд нь мөн хамт амьдарч байгаад салж байсан, тэгэхэд мөн 5 000 000 төгрөг надаас аваад хувцас авсан  байсан. Тэгж байгаад дараа нь эргээд хамт амьдарч байгаад одоо салаад мөнгө нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.4 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Зохигчдын хооронд 2018 оны 7 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч хуульд зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлж өгсөн, мөнгө хүлээж авсан баримт, нотолгоогүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна хэмээн дүгнэсэн нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримттай уялдаагүй буюу хуульд үндэслэгдээгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр зээлийн гэрээний зээл олгосон хэлбэрийг дараах байдлаар тайлбарладаг “... тухайн үед нэхэмжлэгч хариуцагч нар нь хамтран амьдарч байсан учир тухай бүр нь мөнгө өгсөн шүү одоо гарын үсгээ зур, бэлнээр өглөө гарын үсгээ зур хэмээн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу мөнгө өгснөө баримтжуулах боломжгүй байсан” ямар ч хүн хамтран амьдарч байгаа хүндээ мөнгө өгөөч дараа нь өгье гэхэд шууд өгчихөөд гарын үсгээ зур гэдэг зүйл монгол ёсонд байхгүй билээ. Энэ ч утгаараа хүмүүс хоорондоо итгэлцлийн хүрээнд өмнө мөнгө төгрөг өгсөн гэдгээ мэдэж байсан ба үүнийгээ өгөхгүй болоод ирэхээр нь одоо зээлсэн мөнгө чинь 10 000 000 гараад байна. Тийм учраас зээлийн гэрээ байгуулъя хэмээн санал гаргахад уг саналыг үнэхээр зээлсэн учраас хэрэгт авагдсан нотлох баримт буюу зээлийн нотариатаар баталгаажсан гэрээг байгуулсан байдаг. Гэтэл шүүх зээлийн гэрээний Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан чөлөөт байдлыг харгалзан үзэлгүй зээлийн гэрээг үнэн худал нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэх эрхгүй хэмээн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч нь өмнөх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь гадаад явах гээд надтай зээлийн гэрээ хийсэн юм шиг болъё гэж байгуулсан ...” гэх утгатай тайлбарыг хэлсэн байдаг. Хэргийг дахин хэлэлцэх шүүх хуралдаан дээр хариуцагч нь “Мөнхсүлд хэмээх хүнээс мөнгө авах гэж байгуулсан” гэх мэтчилэн нэг хэрэгт олон төрлийн тайлбар хийж нөхцөл байдлыг өөртөө ашигтай байлгах оролдлогыг хийсээр байтал хариуцагчийн тайлбарыг хууль зүйн хувьд үнэлэлгүй хэт нэг талд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээл олгосон хэлбэр, хугацааг тодорхойлсон байхад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмаар зээлийн гэрээний мөнгийг хэзээ олгосон яаж олгосон асуудлыг талууд харилцан тохиролцож гэрээнд тусгасаар байтал Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг шууд баримталж шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээг зөрчсөн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг мөн зөрчсөнд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч нь зээлийн гэрээг хуулбар үнэн байна тиймээс нотариатаар баталгаажсан эсэх нь тодорхойгүй хэмээн тайлбарласан. Хэрэв хэргийн гол нотлох баримт нь учир дутагдалтай гэж үзвэл нотлох баримтыг гаргуулах хууль зүйн боломж байдаг билээ. Шүүх энэ утга агуулгаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэх боломжгүй гэж үндэслэж хэргийг үнэн зөв шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Шүүх хуралдааны дэс дарааллын дагуу явуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчаас тодорхойгүй байгаа тайлбар авах буюу асуулт асуух эрхээр хангаагүй. Шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагч нь нэхэмжлэгчээс дээр дурдсан зээлийн гэрээ хуулбар үнэн эсвэл нотариатаар баталгаажуулсан эсэх талаар л асуулт асуусан ба үүний дараа нэхэмжлэгч, хариуцагчаас нэмэлт тайлбар байгаа эсэхийг асууж тодруулан тайлбаруудыг  авч  шүүх  хуралдааныг  түр  завсарлаж  шийдвэрээ  гаргасан. Энэ  нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох, тодруулах, хариу тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдлын хүрээнд мэтгэлцэх зарчмыг зөрчсөн үүнээс үүдэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн буюу шийдвэр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.    

 

Нэхэмжлэгч Э.О- нь хариуцагч Э.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.О- нь хариуцагч Э.Ц-той 2018 оны 7 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Э.О- нь 10 000 000 төгрөгийг хүүгүй, 2017 оны 9 сарын 26-ны өдрөөс 2018 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Э.Ц-д зээлдүүлэх, хариуцагч Э.Ц- нь зээлийн төлбөрийг 2018 оны 7 сарын 31-ний өдрийн дотор эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-р тал/

 

Гэвч хариуцагч Э.Ц- нь татгалзалдаа зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх зорилго байгаагүй, бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор арга сэдэж, хоорондоо мөнгө зээлсэн мэт гэрээ хийсэн, 10 000 000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хэдийгээр зээлийн гэрээний үүрэг гэх 10 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч хариуцагч Э.Ц- нь үүнийг зөвшөөрөөгүй тул нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл талууд хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх боловч нэхэмжлэгч Э.О- нь 10 000 000 төгрөгийг хариуцагч Э.Ц-д өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагчийн зөрүүтэй тайлбаруудыг үнэлээгүй, шүүх хэт нэг талыг барьсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал гомдолдоо шүүх хуралдааны явцад асуулт асуух эрхээр хангаагүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх боловч 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 2048 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4 гэж хуульд байхгүй зүйл, заалт баримталсныг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 284 дүгээр зүйлийн 284.4 ...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                

                        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                М.НАРАНЦЭЦЭГ                                                                                        

                                                                                                Г.ДАВААДОРЖ