Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01159

 

2021         10            05                                          001/ХТ2021/01159

 

 

 

.........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02048 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр магадлалтай,

 

.........гийн нэхэмжлэлтэй

.........д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, хариуцагч ........., түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба хариуцагч нь 2018.07.31-ний өдөр мөнгийг эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээнд хариуцагч зээлийн мөнгийг эргүүлэн төлөх бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр хүү тогтоож өгөөгүй байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэг ч төгрөг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д зааснаар алдангийг тооцоход 2018.07.31-ний өдрөөс 2019.05.07-ны өдрийг хүртэл тооцоход 14,000,000 төгрөгийн алданги тооцогдож байгаа ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу тооцоход алданги 5,000,000 төгрөг байхаар байна. Нэхэмжлэгч анх зээлсэн мөнгөө л авах хүсэлтэй байгаа ба хариуцагчаас ямар нэгэн алданги авах хүсэлгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч .........тай хамт амьдарч байсан. Энэ хугацаанд Мөнхсүлдэд 50,000,000 төгрөг зээлсэн байсан, эргүүлж төлөхгүй байсан учир арга сэдэж, хоорондоо мөнгө зээлсэн мэт гэрээ хийсэн, мөнгө бол өгөөгүй юм. Урьд нь мөн хамт амьдарч байгаад салж байсан, тэгэхэд мөн 5,000,000 төгрөг надаас аваад хувцас авсан байсан. Тэгж байгаад дараа нь эргээд хамт амьдарч байгаад одоо салаад мөнгө нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02048 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.4 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 284 дүгээр зүйлийн 284.4 ... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тухайд: 1. Магадлалын хянавал хэсэгт /4-р талд/: “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хэдийгээр зээлийн гэрээний үүрэг гэх 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч хариуцагч ......... нь үүнийг зөвшөөрөөгүй тул нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл талууд хэдийгээр гэрээг бичгээр байгуулсан боловч нэхэмжлэгч ......... нь 10,000,000 төгрөгийг хариуцагч .........д өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул...” хэмээн дүгнэсэн нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй дээр дурдсан хуулийн хэрэглээг буруу тайлбарласан нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг хангаагүй байна. Учир нь: а/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Зээл олгосон хэлбэр, хугацаа: Зээлдүүлэгч нь зээлдэгчид 2017.09.26-ны өдөр 2,000,000 төгрөг, үүнээс хойш энэхүү гэрээ байгуулах өдөр хүртэлх хугацаанд цувуулан 8,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн. Зээлийн нийт хэмжээ 10,000,000 төгрөг” гэж тодорхой заасаар байтал буюу зээл олгосон хэлбэрийг дараах байдлаар тайлбарладаг “тухайн үед нэхэмжлэгч хариуцагч нар нь хамтран амьдарч байсан учир тухай бүр нь мөнгө өгсөн шүү одоо гарын үсгээ зур, бэлнээр өглөө гарын үсгээ зур хэмээн ИХ-ийн 282.4-т заасны дагуу мөнгө өгснөө баримтжуулах боломжгүй байсан” ямар ч хүн хамтран амьдарч байгаа хүндээ мөнгө өгөөч дараа нь өгий гэхэд шууд өгчихөөд гарын үсгээ зур гэдэг зүйл Монгол ёсонд байхгүй билээ. Энэ ч утгаараа хүмүүс хоорондоо итгэлцлийн хүрээнд өмнө мөнгө төгрөг өгсөн гэдгээ мэдэж байсан ба үүнийгээ өгөхгүй болоод удаа ирэхээр нь одоо зээлсэн мөнгө чинь 10 сая гараад байна аа. Тийм учраас зээлийн гэрээ байгуулъя хэмээн санал гаргахад уг саналыг үнэхээр зээлсэн учраас хэрэгт авагдсан нотлох баримт буюу Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулан байгуулсан байдаг. Гэтэл шүүх зээлийн гэрээний ИХ-ийн 189.1-д заасан чөлөөт байдлыг харгалзан үзэлгүй Зээлийн гэрээг үнэн худал нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэх эрхгүй хэмээн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. б/ Хариуцагчийн тайлбарууд хоорондоо зөрүүтэй байсаар байтал түүнийг дүгнэж үзээгүйд гомдолтой байна. Учир нь хариуцагч нь өмнө анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа “Нэхэмжлэгч нь гадаад явах гээд надтай Зээлийн гэрээ хийсэн юм шиг болъё гэж байгуулсан...” гэх утгатай тайлбарыг хэлсэн байдаг ба давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй гэх буюу гомдлын холбогдох хэсгээр анхан шатлуу дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Гэтэл дахин хэлэлцүүлэх шүүх хуралдаан дээр хариуцагч нь “Мөнхсулд хэмээх хүнээс мөнгө авах гэж байгуулсан” гэх мэтчилэн нэг хэрэгт олон төрлийн тайлбар хийж нөхцөл байдлыг өөртэй ашигтай байлгах оролдлогыг хийсээр байтал хариуцагчийн тайлбарыг хууль зүйн хувьд үнэлэлгүй хэт нэг талд шийдвэрлэсэнд гомдолтой байна. в/ Нотлох баримтын хувьд: Талуудын хооронд байгуулсан 2018.07.09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний 2.4-т “Зээл олгосон хэлбэр, хугацаа:...”-г тодорхойлсон байхад ИХ189-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмаар зээлийн гэрээний мөнгийг хэзээ олгосон яаж олгосон асуудлыг талууд харилцан тохиролцож гэрээнд тусгасаар байтал ИХ282.4-Т заасныг шууд баримталж шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээг зөрчсөн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг мөн зөрчсөнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн аль нэг үндэслэлд хамаараагүй байх тул нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч .........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасныг  анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлт оруулжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба анхан шатны шүүх хуульд байхгүй зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2018.07.09-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй хэдий ч уг гэрээгээр ......... нь 10,000,000 төгрөгийг .........д шилжүүлсэн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, шүүхийн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Зээлийн гэрээний 2.4-т “...зээлдүүлэгч нь зээлдэгчид 2017.09.26-ны өдөр 2,000,000 төгрөг, үүнээс хойш энэхүү гэрээ байгуулах өдөр хүртэлх хугацаанд цувуулан 8,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн. Зээлийн нийт хэмжээ 10,000,000 төгрөг.” гэж тусгасан байх боловч мөнгийг аваагүй гэж хариуцагч маргасан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ  өөр баримтаар нотолж чадаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хэрэгт гэрээнээс өөр баримт авагдаагүй, зохигч нь хамтран амьдрах хугацаанд бие биедээ мөнгө зээлэх болсон үндэслэл, мөнгийг шилжүүлсэн гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд “зээлийн гэрээний 2.4-т мөнгө олгосон агуулга тодорхой тусгагдсан байхад шүүх үнэлж чадаагүй, хариуцагч  зөрүүтэй тайлбар хийсэн байдалд дүгнэлт өгч чадаагүй” гэж нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХТУЯА

 

                           ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                          Х.СОНИНБАЯР

 

                                                                                                          Б.УНДРАХ