Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 02048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, хариуцагч Э.Цовоо, өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба хариуцагч нь 2018 оны 7 сарын 31-ний өдөр мөнгийг эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Зээлийн гэрээнд хариуцагч зээлийн мөнгийг эргүүлэн төлөх бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр хүү тогтоож өгөөгүй байсан.  Гэтэл өнөөдрийн байдлаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэг ч төгрөг төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д зааснаар алдангийг тооцоход 2018 оны 07 сарын 31-ний өдрөөс 2019 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл тооцоход 14,000,000 төгрөгийн алданги тооцогдож байгаа ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу тооцоход алданги 5,000,000 төгрөг байхаар байна.

Нэхэмжлэгч анх зээлсэн мөнгөө л авах хүсэлтэй байгаа ба хариуцагчаас ямар нэгэн алданги авах хүсэлгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О-тай хамт амьдарч байсан. Энэ хугацаанд Мөнхсүлдэд 50 сая төгрөг зээлсэн байсан, эргүүлж төлөхгүй байсан учир арга сэдэж хоорондоо мөнгө зээлсэн мэт гэрээ хийсэн, мөнгө бол өгөөгүй юм.

Урьд нь мөн хамт амьдарч байгаад салж байсан, тэгэхэд мөн 5 сая төгрөг надаас аваад хувцас авсан л байсан. Тэгэж байгаад дараа нь эргээд хамт амьдарч байгаад одоо салаад мөнгө нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Хэрэгт авагдсан Зээлийн гэрээг 2018 оны 07 сарын 09-нд хийсэн байдаг. Гэтэл гэрээний 2.4.-т 2017 оны 09 сарын 26-нд 2,0 сая төгрөг авсан, үүнээс хойш авсаар 8,0 сая төгрөг болсон гэдэг нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Дүр үзүүлсэн хэлцэл байна.

Нэхэмжлэгч гэрээг нотариатаар батлуулсан тул хүчинтэй гэрээ гэж байна.

Энэ гэрээ бол заавал нотариатаар батлуулах гэрээ биш, Зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Э.Ц-д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэг 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргаж, Э.О, Э.Ц нарын хооронд 2018 оны 07 сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр Э.Оюужин нь Э.Цовоод 2017 оны 09 сарын 26-ны өдрөөс гэрээ байгуулагдах өдөр хүртэл хугацаанд нийт 10,000,000 төгрөгийг зээлсэн, зээлийн хугацааг 2018 оны 07 сарын 31-ний өдөр байхаар гэрээнд зааж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор тохиролцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, гэрээг нотариатаар батлуулсан тул хүчин төгөлдөр гэрээ юм гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч Зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг зээлж аваагүй, энэ гэрээ дүр үзүүлсэн гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.           

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн  өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.

Зохигчдын хооронд 2018 оны 07 сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан  боловч хуульд зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлж өгсөн, мөнгө хүлээж авсан баримт, нотолгоогүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл үгүй, талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул  нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Иймд 10,000,000 төгрөг гаргуулах тухай Э.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 284 дүгээр зүйлийн 284.4.-т дахь заалтыг баримтлан хариуцагч Э.Ц-оос 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай Э.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БААТАР