Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02401 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 146 890 150 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Г-, М.Туул нар нь Х-ны “Пийс тауэр” тооцооны төвөөс 2014 оны 7 сарын 21-ний өдрийн ЗГ14/2033 тоот зээлийн шугамын гэрээгээр 75 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 63 дугаар байр 4 тоот 48 м.кв 3 өрөө, Y-2203005136 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 399 857 төгрөг, зээлийн хүүд 13 536 036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 970 төгрөг, нийт 13 944 863 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 сарын 21-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олдохгүй алга болсон учир шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан, зээлдэгч М.Туул нь одоог хүртэл хаяг нь тодроогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г-т холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан. Иймээс дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. 2018 оны 7 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 74 600 143 төгрөг, хүү 60 460 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 829 608 төгрөг, нийт 146 890 150 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 962 601 төгрөгийн хамт гаргуулах. Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г- нь эхнэр М.Туулын хамтран зээлдэгчээр Х-наас 2014 оны 7 сарын 21-ний өдөр 120 000 000 төгрөгийг жилийн 20,4% хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн бөгөөд зээлийг хүүгийн хамт төлсөөр байгаад үндсэн зээлийн үлдэгдэл 74 600 143 төгрөг үлджээ. Гэтэл анхнаасаа 75 000 000 төгрөгийн зээл авсан бол үндсэн зээлд дөнгөж 399 857 төгрөг, зээлийн хүүд 13 536 036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 970 төгрөг, нийт 13 944 863 төгрөг төлсөн байна гэжээ. Мөн төлбөр хийх тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүү, алданги нь үндсэн зээлийн үлдэгдлийн 50% гэвэл 38 300 071 төгрөг, нийт 114 900 214 төгрөг болж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тооцоо нийлсний дараах үндсэн зээлийн үлдэгдлээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг барьж хэрэгжүүлбэл шударга байх болов уу гэж бодож байна. Мөн эрхэм шүүгчээс хүсэхэд миний бие 2014 оноос өнөөдрийг хүртэл Х-ны холбогдох албаны хүмүүстэй байнга харьцаа холбоотой байж ирсэн. (зээлийн эдийн засагч Мөнхбат, Гантулга нартай) утсаар ярьдаг, Х-ны оффист очиж уулздаг, эсвэл манай гэрт ирж уулздаг байсан. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 11 сард эрэн сурвалжлуулах захирамж гаргуулсанд туйлын гомдолтой байна. Мөн хамтран зээлдэгч Б.Г-ын зөвшөөрөл, гарын үсэггүйгээр М.Туулд 2014 оны 10 сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөгийг, 2014 оны 11 сарын 10-ны өдөр дахин 15 000 000 төгрөгийг буюу нийт 33 000 000 төгрөгийн зээлийг нэмж олгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч Б.Г-ын данснаас 2014 оны 10 сарын 24-ний өдөр 130 000 төгрөг, 70 000 төгрөг, нэмж 50 000 төгрөг буюу нийт 250 000 төгрөгийг, 2014 оны 11 сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 6 сарын 23-ны өдөр 1 800 000 төгрөг, 2018 оны 5 сарын 30-ны өдөр 137 000 төгрөгийг буюу нийтдээ 3 187 000 төгрөгийг Х- суутгаж авсан боловч зээл, түүний хүүгээс хасаж тооцоогүй байгааг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас нийт 146 890 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.Г-ын өмчлөлийн Ү-2203005136 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 63 дугаар байрны 4 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962 601 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 962 601 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Зээлийн шугамын гэрээний 2.2.3 дахь хэсэгт “... зээлдэгчийн Х- дахь 5011314781 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан байна. Гэтэл Х- дахь 5011230968 тоот М.Туул,   М.Тунгалаг  нарын  хамтран  эзэмшигчтэй дансанд 2014 оны 11 сарын 10-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөгийг тус тус олгосон байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн шугамын гэрээний 2.2.3 дахь хэсэгт заасан дансанд шилжүүлэлгүй өөр дансанд шилжүүлсэн нь уг зээлийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээнд зааснаас огт өөр дансанд шилжүүлсэн зээлийг зээл олгосонд тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зээлдэгч М.Туулын уг зээлийн шугамын гэрээнд зааснаас өөр дансанд зээл шилжүүлэн авах талаар ямар нэгэн хүсэлт хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад байхгүй. Иймээс 2014 оны 11 сарын 10-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөгийг зээл олгосон гэж тооцох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцогдох ёстой гэж үзэж байна. Үүнээс гадна хариуцагч Б.Г-ын данснаас 2014 оны 10 сарын 24-ний өдөр 130 000 төгрөг, 70 000 төгрөг, 50 000 төгрөг, 2014 оны 11 сарын 17-ны өдөр 1 000 000, 2015 оны 6 сарын 23-ны өдөр 1 800 000 төгрөг, 2018 оны 5 сарын 30-ны өдөр 137 000 төгрөг нийт 3 187 000 төгрөгийг тус тус ямар нэг харьцсан дансгүй зөвхөн хариуцагч Б.Г-ын овог нэр, регистрээр гүйлгээ хийгдсэн байхад анхан шатны шүүх Х-наас татсан гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр зээл төлөлтөөс хасалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс Б.Г-ын данснаас хасагдсан нийт 3 187 000 төгрөгийг мөн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох ёстой байсан. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан дансанд бус өөр дансанд 2 удаа хуваан олгосон 33 000 000 төгрөгийн зээл болон Б.Г-ын данснаас хасагдсан 3 187 000 төгрөг нийт 36 187 000 төгрөгийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 110 703 150 төгрөгийг хангаж, үлдэх 36 187 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 146 890 150 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. 

 

Зохигчид 2014 оны 7 сарын 21-ний өдөр ЗГ14/2033 тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х-” ХХК нь 75 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч Б.Г-, М.Туул нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг сар бүрийн 10-ны дотор, зээлийн төлбөрийг 2015 оны 7 сарын 10-ны өдрийн дотор тус тус бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 7 сарын 21-ний өдөр зээлдэгч Б.Г-, М.Туул нарын дансанд 75 000 000 төгрөгийг шилжүүлсэн  байна. /хх-ийн 45-р тал/

Мөн талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005136 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 63 дугаар байрны 4 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 9-13-р тал/ 

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх тул нэхэмжлэгч “Х-” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Тодруулбал, зээлдэгч Б.Г-, М.Туул нар нь 2014 оны 7 сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 399 857 төгрөг, хүүнд 13 536 036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8 970 төгрөг, нийт 13 944 863 төгрөг төлсөн байх бөгөөд 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, Х-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 14, 59-63-р тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн шугамын гэрээний 2.1.3, 2.1.5-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлэх үүрэгтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Г-аас үндсэн зээлийн үлдэгдэл 74 600 143 төгрөг, хүү 60 460 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 829 608 төгрөг, нийт 146 890 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгуулж, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нийт 33 000 000 төгрөгийг М.Туул, М.Тунгалаг нарын хамтран эзэмшдэг дансанд олгосон, дээрх мөнгийг зээлээс хасаж тооцох ёстой гэх боловч 33 000 000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч “Х-” ХХК нь зээлдэгч Б.Г-, М.Туул нарын хамтран эзэмшдэг дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон Х-ны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. Нөгөө талаар нэхэмжлэгч “Х-” ХХК нь 33 000 000 төгрөг шилжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, дээрх мөнгийг М.Туул төлж барагдуулсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  /хх-ийн 45, 71-72-р тал/

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо хариуцагч Б.Г-ын данснаас гарсан 3 187 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэх боловч уг мөнгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

              1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

   ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ