Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01248

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02401 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт нийт 146,890,150 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, М.Туул нар нь *******ны Пийс тауэр тооцооны төвөөс 2014.07.21-ний өдрийн ЗГ14/2033 тоот зээлийн шугамын гэрээгээр 75,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 63 дугаар байр 4 тоот 48 м.кв 3 өрөө, Y-2203005136 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 399,857 төгрөг, зээлийн хүүд 13,536,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,970 төгрөг, нийт 13,944,863 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015.07.21-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, олдохгүй алга болсон учир шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан, зээлдэгч М.Туул нь одоог хүртэл хаяг нь тодроогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч *******т холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан. 2018.07.06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 74,600,143 төгрөг, хүү 60,460,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,829,608 төгрөг, нийт 146,890,150 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 962,601 төгрөгийн хамт гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан . гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь эхнэр М.Туулын хамтран зээлдэгчээр *******наас 2014.07.21-ний өдөр 120,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн бөгөөд зээлийг хүүгийн хамт төлсөөр байгаад үндсэн зээлийн үлдэгдэл 74,600,143 төгрөг үлджээ. Гэтэл анхнаасаа 75,000,000 төгрөгийн зээл авсан бол үндсэн зээлд дөнгөж 399,857 төгрөг, зээлийн хүүд 13,536,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,970 төгрөг, нийт 13,944,863 төгрөг төлсөн байна гэжээ. Мөн төлбөр хийх тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу зээлийн хүү, алданги нь үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувь гэвэл 38,300,071 төгрөг, нийт 114,900,214 төгрөг болж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тооцоо нийлсний дараах үндсэн зээлийн үлдэгдлээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийг барьж хэрэгжүүлбэл шударга байх болов уу гэж бодож байна. Миний бие 2014 оноос өнөөдрийг хүртэл *******ны холбогдох албаны хүмүүстэй байнга харьцаа холбоотой байж ирсэн. Зээлийн эдийн засагч Мөнхбат, Гантулга нартай утсаар ярьдаг, *******ны оффист очиж уулздаг, эсхүл манай гэрт ирж уулздаг байсан. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 11 дүгээр сард эрэн сурвалжлуулах захирамж гаргуулсанд гомдолтой байна. Мөн хамтран зээлдэгч *******ын зөвшөөрөл, гарын үсэггүйгээр М.Туулд 2014.10.06-ны өдөр 18,000,000 төгрөгийг, 2014.11.10-ны өдөр дахин 15,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн зээлийг нэмж олгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн *******ын данснаас 2014.10.24-ний өдөр 130,000 төгрөг, 70,000 төгрөг, нэмж 50,000 төгрөг буюу нийт 250,000 төгрөгийг, 2014.11.17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015.06.23-ны өдөр 1,800,000 төгрөг, 2018.05.30-ны өдөр 137,000 төгрөгийг буюу нийтдээ 3,187,000 төгрөгийг ******* суутгаж авсан боловч зээл, түүний хүүгээс хасаж тооцоогүй байгааг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02401 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан *******аас 146,890,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн Ү-2203005136 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 63 дугаар байрны 4 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962,601 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 962,601 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1-д зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.2-т зааснаар зээлийн гэрээг *******тай бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээнд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх дансыг тодорхой тусгасан байдаг. М.Туул, ******* нар нь 2014.07.21-ний өдөр ЗГ14/20ЭЗ тоот зээлийн шугамын гэрээг ******* ХХК-тай байгуулсан. Уг зээлийн шугамын гэрээний 2.2.3-т ...Зээлдэгчийн ******* дахь 5011314781 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байна. Гэтэл ******* дахь 5011230968 тоот М.Туул, М.Тунгалаг нарын хамтран эзэмшигчтэй дансанд 2014.11.10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014.10.06-ны өдөр 18,000,000 төгрөгийг тус тус олгосон байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн шугамын гэрээний 2.2.3-т заасан дансанд шилжүүлэлгүй М.Туул болон М.Тунгалаг хамтран эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн нь уг зээлийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээнд зааснаас огт өөр дансанд шилжүүлсэн зээлийг зээл олгосонд тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зээлдэгч М.Туулын уг зээлийн шугамын гэрээнд зааснаас өөр дансанд зээл шилжүүлэн авах талаар ямар нэгэн хүсэлт хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад байхгүй. Иймээс 2014.11.10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014.10.06-ны өдөр 18,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 451.1-д заасныг баримтлан зээл олгосон гэж тооцох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцогдох ёстой гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дээр дурдсан 33,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардалагаас хасч тооцоогүй нь үндэслэлгүй.

Үүнээс гадна *******ын данснаас 2014.10.24-ний өдөр 130,000 төгрөг, 70,000 төгрөг, 50,000 төгрөг, 2014.11.17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015.06.23-ны өдөр 1,800,000 төгрөг, 2018.05.30-ны өдөр 137,000 төгрөг, нийт 3,187,000 төгрөгийг тус тус ямар нэг харьцсан дансгүй зөвхөн *******ын овог нэр, регистрээр гүйлгээ хийгдсэн байхад анхан шатны шүүхээс ******* ХХК-иас татсан гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр зээл төлөлтөөс хасалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг төлбөрүүдийг *******ын зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргийнхээ хүрээнд ******* ХХК-иас авсан зээлд суутгагдсан дүн юм. Иймээс *******ын данснаас хасагдсан нийт 3,187,000 төгрөгийг мөн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох ёстой байсан. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан дансанд бус өөр дансанд хоёр удаа хуваан олгосон 33,000,000 төгрөгийг зээл болон *******ын данснаас хасагдсан 3,187,000 төгрөг, нийт 36,187,000 төгрөгийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйл 176.2.2-т заасан эрхийнхээ дагуу тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардалагаас 110,703,150 төгрөгийг хангаж, үлдэх төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

******* ХХК *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 146,890,150 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. ******* 2014.07.21-ний өдөр ЗГ14/2033 тоот зээлийн шугамын №ЗГ14/2033, баталгаат ипотекийн №БПҮ-13/1844 дугаартай гэрээнүүдийг ******* ХХК-тай байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий зээл 75,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, *******, М.Туул нарт зээлдүүлэх, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 63 дугаар байрны 4 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогджээ. 

Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгуулагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Зээлийн гэрээний 2.2.3-т зээлдэгчийн ******* дахь 5011314781 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заажээ.

Хэрэгт авагдсан ******* дахь *******, М.Туул нарын хамтран эзэмшдэг 5011333850 дансны хуулгаас гадна, шугамын зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрснийг нэхэмжлэгчээс анхааруулж, хариуцагчтай уулзалт хийсэн тэмдэглэл, *******ын *******ны тусгай активын газарт 2019.03.11-ний өдөр ...эхнэр М.Туултай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2019.04.15-нд 10,000,000 төгрөг, цаашид 2019.12.31-ний дотор үндсэн зээл, хүүгийн хамт төлж барагдуулах шийдвэрт хүрсэн болно гэж зээлийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бичгийн баримт, хариуцагчаас зээлийг 5011314781 тоот дансаар олгохыг шаардаж байгаагүй зэргээс дүгнэвэл нэхэмжлэгчийг гэрээнд заасан зээлийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн гэж үзнэ.  

******* зээлийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байдал, зээлийн шугамын гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасны дагуу ******* ХХК-иас *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасан шаардлага, агуулгад нийцжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн ...******* дахь 5011230968 тоот М.Туул, М.Тунгалаг нарын хамтран эзэмшигчтэй дансанд ...15,000,000 төгрөг, ...18,000,000 төгрөгийг тус тус олгосон, ...гэрээний 2.2.3-т заасан дансанд шилжүүлэлгүй М.Туул, М.Тунгалаг хамтран эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн нь уг зээлийг олгосон гэж үзэх үндэслэлгүй... гэх утгатай гомдол хангагдахгүй. 

3. ******* зээлийн шугамын гэрээний 2.5.1, 2.5.2, 4.2.1-д тус тус заасан зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн байна.  

Түүнчлэн гэрээний 2.1.5, 2.5.3, 7.1, 7.5-д зааснаар зээлдэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.  

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. 

Хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 146,890,150 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа хоёр шатны шүүх Иргэний хуулийн 174, 175, 451, 452 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

******* нь 3,187,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутгаж авсан гэх татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргээс 3,187,000 төгрөгийг хасах үндэслэлгүй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн ...3,187,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох ёстой байсан гэх гомдол үндэслэлгүй болно. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02401 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХТУЯА    

                               ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ  

                                                                               П.ЗОЛЗАЯА 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН