Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2019/02401

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х Б ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 146.890.150 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

          Зээлдэгч Б.Г М.Т нар нь Х Б ХХК Пийс тауэр тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн шугамын гэрээгээр 75,000,000 /Далан таван сая төгрөг/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалуулсан.

          Зээлдэгч үндсэн зээлд 399 857 төгрөг, зээлийн хүүнд 13 536 036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 970 төгрөг, нийт 13 944 863 төгрөг төлсөн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Манайх зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг нь биелүүлэх шаардлагыг тавьж байсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олдохгүй алга болсон учир шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан, зээлдэгч М.Т нь одоог хүртэл хаяг нь тодроогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан.

Иймээс дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаархи зээлийн төлбөр гаргуулах: -Үндсэн зээлийн үлдэгдэл  74,600,143 төгрөг

           -Зээлийн хүү 60,460,399 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү 11,829,608 төгрөг, нийт 146,890,150 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 962,601 төгрөгийн хамт гаргуулах.

Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г нь эхнэр М.Т хамтран зээлдэгчээр Х Б ХХК-иас 2014-07-21-ний өдөр 120 000 000 төгрөгийг жилийн 20,4% хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн бөгөөд зээлийг хүүгийн хамт төлсөөр байгаад үндсэн зээлийн үлдэгдэл 74 600 143 төгрөг үлджээ. Гэтэл анхнаасаа 75 000 000 төгрөгний зээл авсан бол үндсэн зээлд дөнгөж 399 857 төгрөг, зээлийн хүүд 13,536,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 970 төгрөг нийт 13 944 863 төгрөг төлсөн байна гэжээ. Мөн төлбөр хийх тохиолдолд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу зээлийн хүү алданги нь үндсэн зээлийн үлдэгдлийн 50% гэвэл 38 300 071 төгрөг, нийт 114 900 214 төгрөг болж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тооцоо нийлсний дараах үндсэн зээлийн үлдэгдлээс Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг барьж хэрэгжүүлвэл шударга байх боловуу гэж бодож байна. Мөн эрхэм шүүгчээс хүсэхэд миний бие 2014 оноос өнөөдрийг хүртэл Хаан банкны холбогдох албаны хүмүүстэй байнга харьцаа холбоотой байж ирсэн. (зээлийн эдийн засагч М Г нартай) Утсаар ярьдаг, Х Б ХХК оффист очиж уулздаг, эсвэл манай гэрт ирж уулздаг байсан. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 11 сард Хан-уул дүүргийн шүүгч Хулангаар эрэн сурвалжлуулах захирамж гаргуулсанд туйлын гомдолтой байна. Тэд миний гар утас болон оршин суугаа хаяг, гэрийг маань мэддэг, ирж уулздаг байсан мөртлөө яагаад эрэн сурвалжилсныг бодоод бодоод ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Г нь эхнэр М.Т хамтаар шугамын зээлийн гэрээг хийж, зээлийг авсан байдаг. Гэтэл хамтран зээлдэгч Б.Г зөвшөөрөл, гарын үсэггүйгээр М.Т 2014 оны 10 сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөгийг, мөн 2014 оны 11 сарын 10-ны өдөр дахин 15 000 000 төгрөгийг буюу нийт 33 000 000 төгрөгийн зээлийг нэмж олгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч Б.Г данснаас 2014 оны 10 сарын 24-ний өдөр 130 000 төгрөг, мөн 70 000 төгрөг, нэмж 50 000 төгрөг буюу нийт 250 000 төгрөгийг, 2014 оны 11 сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 06 сарын 23-ны өдөр 1 800 000 төгрөг, 2018 оны 05 сарын 30-ны өдөр 137 000 төгрөгийг буюу нийтдээ 3 187 000 төгрөгийг Х Б ХХК суутгаж авсан боловч зээл, түүний хүүгээс хасаж тооцоогүй байгааг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй гэв.

            Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч Б.Г холбогдуулан, үндсэн зээлийн үлдэгдэл 74 600 143 төгрөг, зээлийн хүү 60 460 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 829 608 төгрөг, нийт 146 890 150 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал данснаас суутгасан 3 187 000 төгрөгийг зээл төлөлтөөс хасаж тооцоогүй нэхэмжилсэн ба зээлдэгч М.Т нэмэлтээр олгосон 18 000 000 төгрөг +15 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөгийг хамтран үүрэг хүлээгч Б.Г зөвшөөрөл, гарын үсэггүй олгосныг төлөх үндэсгүй гэж маргасан.

           Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзэв.

          1. Зохигч талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ14/2033 тоот Зээлийн шугамын гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр тоот Баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулагдаж, 75 000 000 төгрөгийн зээлийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах зорилгоор, зээлийн жилийн хүү 20.4 хувь жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцох, коммитмент хүү жилийн 4 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь, гэрээний хугацаа 12 сар болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан тоот Зээлийн шугамын гэрээ болон тоот Баталгаат ипотекийн гэрээнүүдийн хуулбар /х.х-ийн 9-12 дахь тал/-аар тогтоогдож байна.

Эдгээр гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна. Тус гэрээнүүд нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна. Эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч банк нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээний дагуу төлбөр гаргуулахаар хариуцагчаас шаардсан.

Дээр дурдсан баримтаар зээлдэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 2.5 дахь хэсэгт “Зээлийн эргэн төлөлт”, 2.5.1-т “Зээлийн хүү, тооцогдсон бол коммитмент хүүг сар бүрийн 10-ны өдөр төлнө”, 2.5.2-т “Зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох огноо буюу 2015 оны 07-р сарын 10-ны өдөр бүрэн төлсөн байна”, 2.5.3-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаагаар зээлийн хүү, коммитмент хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж зохицуулсны дагуу зээлдүүлэгч тал шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Шугамын зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар талууд тохиролцжээ. Гэрээний нэг тал буюу хариуцагч нар үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал буюу зээлдүүлэгч тал нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцнэ гэж үзлээ.

           Хариуцагчид нэхэмжлэгч нь Шугамын зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрснийг анхааруулж, уулзалт хийж тэмдэглэл үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан уулзалт хийсэн 2018/10/18-ны өдрийн тэмдэглэл, Б.Ганбаатарын ХААН банкны тусгай активын газарт хандаж 2019.03.11-ний өдөр “...эхнэр М.Туултай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 04-р сарын 15-нд 10,0 сая төгрөг, цаашид 2019 оны 12-р сарын 31-ний дотор үндсэн зээл, хүүгийн хамт төлж барагдуулах шийдвэрт хүрсэн болно” гэж гараар бичиж өгсөн тайлбар, хүсэлт зэргээр хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулан, шаардаж байсан ба хариуцагч тал зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь хэрэгт баримтаар авагджээ.\хх-ийн 44-45 дахь талд\

            Нэхэмжлэгч нь зээлдэгч нараас гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 74 600 134 төгрөг, зээлийн хүү 60 460 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 829 608 төгрөг тус тус гаргуулна гэжээ. Талууд гэрээгээр зээлийг хүүтэй олгохоор, мөн зээлийн гэрээний 2.5.1, 2.5.2-т заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах ба зээлээ төлөөгүй тохиолдолд гэрээний 2.5.3-т зааснаар зээлийн хүү, коммитмент хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

            Гэрээнд заасан үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол нь гэрээгээр тохиролцсон зээлийн болон нэмэгдүүлсэн хүүний хэмжээгээр тооцоологдсон, үнэн зөв гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан зохицуулалтууд болон гэрээний үүргийн дагуу гаргасан дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

            Хариуцагч болон түүний төлөөлөгч нар “тухайн зээлийг үндсэн зээлдэгч М.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нар хамтран эзэмшигчээр оролцож гэрээг хийж, зээлийг авсан байхад нэг зээлдэгч болох М.Т 2014 оны 10 сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөгийг, мөн 2014 оны 11 сарын 10-ны өдөр дахин 15 000 000 төгрөгийн буюу нийт 33 000 000 төгрөгийн зээлийг нэмж олгохдоо хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г зөвшөөрөлгүй, түүний гарын үсэггүй олгосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа боловч энэхүү маргаж буй үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь Б.Г данснаас 2014 оны 10 сарын 24-ний өдөр 130 000 төгрөг, мөн 70 000 төгрөг, нэмж 50 000 төгрөг буюу нийт 250 000 төгрөгийг, 2014 оны 11 сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 06 сарын 23-ны өдөр 1 800 000 төгрөг, 2018 оны 05 сарын 30-ны өдөр 137 000 төгрөгийг буюу нийтдээ 3 187 000 төгрөгийг Х Б ХХК суутгаж авсан боловч зээл, түүний хүүгээс хасаж тооцоогүйг хасуулж тооцуулна гэсэн хүсэлт, тайлбарыг гаргаж маргасан боловч хариуцагч Б.Г данснаас гарсан, банкийг авсан гэж маргаж буй үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй байх тул шүүх түүний татгалзлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагаас 3 187 000 төгрөгийг хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна./хх-ийн 50-53 дахь талд/

Иймээс, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үүрэгт хамаарах нийт 146 890 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

           2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар буюу 2013 оны 9 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Баталгаат ипотекийн тоот гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Зохигч талуудын хооронд дугаар бүхий Баталгаат ипотекийн гэрээ байгуулагдаж, Б.Г /нэг хүний/-ын өмчлөлийн  тоот гэрчилгээтэй, Ү- тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь баталгаат ипотекийн гэрээний хуулбар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-13 дахь тал/-аар тогтоогдож байна.

Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар нотлогдож байна.

Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Ипотекийн гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагаваргүй, өмчлөгч нь зээлийн үндсэн гэрээний хувьд үүрэг хүлээж байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар холбогдох нотлох баримтыг гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч Б.Г холбогдуулан тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Г нийт 146 890 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Б.Г үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч Б.Г /нэг хүний/-ын өмчлөлийн гурван өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962 601 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б.Г улсын тэмдэгтийн хураамжийн 962 601 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ