Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02082 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ц-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 504 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,                          

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж

Хариуцагч: Х.Ц-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.А

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Ц 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 01 сарын 05-ны өдрийн 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ юм. Нэхэмжлэгч Ц.Т-, Х.Ц- нар харилцан тохиролцож, 2014 оны 01 сарын 05-ны өдөр 200 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 жил 5 сарын хугацаатай зээлдүүлэхээр болсон. 2014 оны 01 сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар батлуулсан. Ц.Т- нь гэрээний үүргээ биелүүлж, 2014 оны 01 сарын 05-ны өдөр нөхөр Д.Г-той хамтран эзэмшдэг Хаан банкны 5062059376 тоот данснаас Хаан банк ХХК дахь Х.Ц-гийн 5024422769 тоот данс руу 200 000 000 төгрөг шилжүүлсэн. Зээл олгосны дараа Х.Ц-тай харилцан тохиролцож, 2014 оны 10 сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. 2014 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Х.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, мэдэгдсэн боловч тодорхой үр дүн гарахгүй байсаар өдийг хүрч байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь нэг өдөр байгуулагдаагүй ч гэсэн талууд харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах аргаа, хожим нь харилцан тохиролцож, барьцааны гэрээ байгуулсан. Х.Ц- нь 2014 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон 200 000 000 төгрөгөөс ямар нэгэн байдлаар эргэн төлөлт хийгдээгүй. Тийм учраас олгосон зээлээ буцаан авах, 1 жил 5 сарын хугацааны зээлийн хүү, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй учир гэрээнд зааснаар алданги тус тус шаардаж байгаа. Х.Ц- нь зээлийн гэрээнд заасан хугацаанд буюу зээлийг эгүүлэн төлж барагдуулаагүй учир үндсэн зээлийн төлбөр 200 000 000 төгрөг, хүү 204 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг, нийт 504 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож зээлдүүлэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан. Алдангийн хэмжээг тооцоолохдоо зээлдэгчийн хугацаа хэтрүүлсэн хоног нь зээлийг эгүүлж төлөх эцсийн хугацаа болох 2015 оны 6 сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2018 оны 4 сарын 09-ний өдрийг хүртэл Иргэний хуулийн хугацаа тоолох зарчмын дагуу тоолоход 2 жил 308 хоног буюу 1038 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасны дагуу алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, үндсэн зээл 200 000 000 төгрөгийн 50 хувь болох 100 000 000 төгрөг байхаар тооцож нэхэмжилж байна. Иймд хариуцагч Х.Ц-гаас нийт 504 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 200 000 000 төгрөг авсан дээр маргахгүй. Үндсэн мөнгөө өгөөд үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зохих хэмжээгээр бага багаар мөнгө өгч байсан. Түүнийг хүү алдангид тооцож хасаад үлдсэнийг төлөх боломжтой гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа баримтууд болох 2014 оны 01 сарын 05-ны өдрийн огноотой боловч, 2014 оны 10 сарын 31-ний өдөр нөхөж үйлдэгдсэн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах арга барьцааны гэрээ нь дүр үзүүлэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлүүд байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д заасан шинжийг хангасан, хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байна. Ц.Т- нь Д.Б-д дамжуулан өгөх мөнгийг бодит зээл болгох гэж хичээж байгаа увайгүй үйлдэл нь баримтаар няцаагдана. Зээлийн гэрээ нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж маргаж байна. Яагаад ноцтой төөрөгдөл болсон бэ гэхээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь нөлөөлсөн гэж үзэж байна. Хувийн шинж байдал гэдэгт юуг хамруулан тайлбарлаж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч Х.Ц-гийн үеэл дүү, маш ойрын харилцаатай үеэл эгч дүүс юм. Тэд үеэл эгч дүүсийн хувьд хоорондоо олон өглөг авлагатай байдаг. Д.Б- гэдэг хүнээс мөнгө зээлсэн гэдэг нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримт 2013 оны 12 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хэлж байгаа юм. Тухайн зээлийн гэрээгээр Х.Ц-д Д.Б-гаас Ц.Т-аар дамжуулан өгөх ёстой байсан мөнгийг Ц.Т- аваад дамжуулж өгөөгүй, 200 000 000 төгрөгийн гүйлгээг зээлийн гэрээ мэт болгосон байдаг. Нотариатаар гэрчлэгдсэн хэлцэл гээд байгаа нь Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Таванбаяр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн гэрээнүүд байдаг. Нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль тогтоомж, нотариатын үйлдэл эрхлэх заавар зөрчсөн нь харагддаг. Садан төрлийн хүмүүсийн хоорондын хэлцэл хийгдсэн, Ц.Т-ын хүсэлтээр түүнд туслах зорилгоор 2014 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийж, нөгөө тал болох этгээдийн хувийн шинж, үеэл дүүгийн харилцаандаа, үеэл дүү Ц.Т-ын хувьд Х.Ц-д Д.Б-гаас 250 000 000 төгрөг дамжуулан өгөх үүрэгтэй байсныг үндэслэн, зээлийн гэрээг төөрөгдөж хийсэн нь харагдана. 2014 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 1-т зааснаар 200 000 000 төгрөгийг 2014 оны 01 сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сар тутмын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохоос гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөлжлөгийн чанартай, бодит бус хүү тогтоосон болохыг харуулж байна. Тухайлбал, зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү байгаа. 17 сарын хугацаанд /17х6%/ 102% хүү, жилээр тооцвол /6%х12сар/ 72% хүү төлүүлэхээр тогтоосон байгаа юм. 102,72 хувийн хүү төлүүлэхээр гэрээний нэг талд үүрэг ногдуулж байгаа нь тухайн зах зээлд тогтсон нийтлэг хэм хэмжээг зөрчиж байна. Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү сард 1.8-2.3 хувь, ББСБ-ын орон сууц барьцаалсан зээлийн дундаж хүү сард 2.5-38 хувь байдаг нь зах зээлийн нийтлэг зүй тогтол байна. Энэ зүй тогтлоос даруй 2 дахин их хэмжээгээр зээлийн хүү тогтоосон байдал нь уг шаардлагын үндэслэлтэйг нотолдог. Зээлийн хүүгээ тогтоож хийсэн байдал нь өөрөө дүр үзүүлсэн хийсэн хэлцлийг илэрхийлэхээс гадна зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэт мөлжлөгийн шинж чанар зүйлийг тогтоосон гэдэг нь харуулж байна. Ц.Т- нь өөрийн үеэл эгч Х.Ц-гаас өөрөө гуйж, энэ гэрээ хийсэн байдал дээр үндэслэж ердийн нөхцөлд байхгүй хэмжээний хүү шаардаж байгаа нь хууль зүйн утгаараа, зан суртахууны хэм хэмжээнд ч нийцэхгүй байна гэж үзэж байна. Зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг шилжүүлсэн гэдэг нь дансаар тогтоогдох боломжгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн өдөр 2014 оны 10 сарын 31-ний өдөр, 2014 оны 01 сарын 05-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн талаар ямар нэгэн баримт байхгүй. Нөхөж үйлдсэн гэдэг нь баримтаас маш тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн гэрээний заалтыг үндэслэн 6 хувийн хүү, алданги нэхэмжилж байгаа нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, үндэслэлгүй шаардлага гаргасан. Х.Ц- нь 168 400 000 төгрөгийг Ц.Т- болон түүний хамаарал бүхий хүний данс руу шилжүүлсэн нь дансны гүйлгээгээр тогтоогддог. Ц.Т-ын дэвтэрт бичигдсэн, бичилтээс харахад Х.Ц- нь Ц.Т-д 151 750 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. 2014 оны 10 сарын 31-ний өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ гудамж, 39 байрны 10 тоотод байрлах, 140,06 м.кв талбай бүхий орон сууц нь Х.Ц-гийн /нэг хүний/ өмч биш, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Тус орон сууцны өмлөх эрхийн бүртгэлд Х.Ц-гийн нэр дангаар бүртгэгдсэн боловч энэхүү бүртгэл нь буруу ташаа бөгөөд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг үеэл дүүгийн хувьд Ц.Т- мэддэг байсан, тэдний зөвшөөрөлгүйгээр барьцааны гэрээ хийсэн болохыг мэдэж байсан. Ц.Т-, Х.Ц- нарын хооронд үйлдсэн 2014 оны 10 сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу бодитоор ямар нэгэн мөнгөн төлбөр зээлдэж аваагүй, үеэл дүү Ц.Т-ын гуйлт, ятгалгаар хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд юм. Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Ц-гаас 284 814 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-д олгож, нэхэмжлэлээс 219 186 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Х.Ц- нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39-10 тоотод байрлах 140,06 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 748 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид 1 582 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 219 186 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасанчлан, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1. 216.2. 216.4 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэж, хариуцагч Х.Ц-гийн төлсөн гэх 98 400 000 төгрөгийг үндсэн зээл болох 200 000 000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 101 600 000 төгрөгөөс зээлийн хүүг зээл ашигласан хугацаагаар тооцож, зээлийн хүү 132 414 000 төгрөг гэж гаргуулсан тохиолдолд зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу 17 сарын хүү шаардан аван зээлдүүлэгч Ц.Т-ын эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Шүүх дээрх тохиолдолд талуудын зээлийн гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээг багасгаж болохгүй. Ингэснээр зээлдүүлэгчийн хууль болон гэрээгээр эдлэх эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Тодруулбал, зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ц.Т-д 17 сарын хүү шаардан авах эрх үүссэн. Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтаас үзэхэд нэгэнт зээлийн гэрээгээр хүү тохиролцсон бол зээлийг ямар хугацаанд ашигласнаас үл хамааран зээлийг хугацаанаас нь өмнө төлөхөөр болбол төлөх болоогүй байгаа хугацааны хүүг заавал хамтад нь төлөх ёстой болох нь харагдаж байна. Энэхүү заалт нь зээлдүүлэгчийн хүү шаардах эрхийг хамгаалсан заалт юм. Мөн хариуцагч Х.Ц- өөрөө үндсэн зээлийг эргэн төлөх талаараа маргадаггүй, харин зээл авснаас хойш нэхэмжлэгчид өгч байсан мөнгөнүүдээ зээлийн хүүд төлж байсан гэдэг боловч үүнийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг. Учир нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 2-т “Зээлийг бүхлээр нь буюу хэсэгчлэн төлсөн үйлдэл нь хоёр талын гарын үсгээр баталгаажна” гэж заасан тул хариуцагч Х.Ц-г уг зээлийн эргэн төлөлт хийсэн гэж үзэх боломжгүй гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хэд хэдэн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд хариуцагчийн шилжүүлсэн 98 000 000 төгрөгийн гүйлгээний утга тодорхойгүй, дээр дурдсанчлан талууд харилцан тохиролцож гарын үсгээр баталгаажуулаагүй тул нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээний эргэн төлөлтөд дээрх мөнгөнүүдийг тооцож хасах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ц.Т-ын зүгээс хариуцагч Х.Ц-д олгосон 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг, үр дагаврыг бүхэлд нь шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 219 186 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нотлох баримт шүүхийн журмаар цуглуулах хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар зохигчид шүүхэд бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тус тус тооцох үндэслэл зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй гэж үнэлэлт өгсөн байгаа нь уг хэргийн бодит үнэнийг шүүх тусгай зарчмыг шүүх хангаж ажиллаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой хязгаарласан болохыг бэлхнээ илтгэдэг. Хариуцагч талаас дээр тайлбараа нотлох зорилгоор Д.Б-гийн дансны хуулгыг мөн Ц.Т-ын нөхөр Д.Г- тухайн цаг үед хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан эсэх тухай лавлагааг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй атлаа шийдвэртээ хариуцагчийг татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Товчхондоо, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримтаар үгүйсгэх боломжийг шүүх өөрөө хязгаарласан. Хариуцагч талын татгалзлыг нотолсон баримтуудыг шүүх үнэлэхгүй орхигдуулсан. Тухайлбал Ц.Т-ын хөтөлдөг хар дэвтэрт X.Цэцэгмаагаас шилжүүлж байсан 151 750 000 төгрөгийг шүүх бүхэлд нь үнэлэхгүй орхисон. Гэтэл уг дэвтэрт бичигдсэн зарим тооцоо болон Цэцэгмаагаас Туул болон түүний нөхрийн данс руу нь шилжүүлсэн мөнгөн дүн хоорондоо тохирдог. Мөн Х.Ц-гаас Д.Б- руу дамжуулан өгүүлэхээр Ц.Т- руу шилжүүлж байсан мөнгийг Туул өөрөө уг дэвтэртээ тэмдэглэж дурдсан байдаг. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой энэхүү нөхцөл байдлыг шүүгч огт тодруулаагүй. Ц.Нямбаярын гэрчийн мэдүүлгийг шүүх ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр бүхэлд нь үнэлэхгүй орхисон. Гэрчээр Д.Б- ирж байсныг Ц.Т- утсаар ярьж болиулсан, мөн шүүхийн журмаар гаргуулан авч чадаагүй гүйлгээний хуулгын тухай хариуцагч талаас энэ хэргийн бодит үнэнийг Д.Б-гийн мэдүүлэг, түүний дансаар хийгдсэн тодорхой гүйлгээний талаар үнэн зөв мэдээллийг авч тодруулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үздэг. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг Д.Б-гаас хувийн гуйлтаар гаргуулан авсан. Энэ нь хариуцагч тал шүүхэд үнэн зөв тайлбар өгсөөр ирсэн гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл, Д.Б- нь Х.Ц-д өгөх ёстой байсан 250 000 000 төгрөгийг Х.Ц-д өгөхөөр Ц.Т-ын дансаар шилжүүлэн өгсөн байдаг. Ц.Т- нь уг мөнгөнөөс 200 000 000 төгрөгийг 1 сарын дараа удаа дараа шаардуулж байж Х.Ц- руу шилжүүлсэн нь уг маргаж буй 200 000 000 төгрөг нь зээлийн гэрээний зээл биш Д.Б-гаас зээлэн авсан Х.Ц-гийн мөнгө болох нь ийнхүү нотлогдож байна. Гэтэл шүүхээс Д.Б-г гэрчээр дуудан ирүүлэх ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй. Ц.Т- өөрийн үеэл эгч X.Цэцэгмаад гуйлт тавьж, өөрийн нөхөр Д.Г- нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тул бидэнд бусдаас авлагатай гэх баримтууд хэрэгтэй байгаа, иймд Д.Б-гаас танд зээлдүүлсэн 250 000 000 төгрөгийн 200 000 000 төгрөгийг зээл хэлбэрээр дамжуулж шилжүүлэх гуйлт тавьсныг Х.Ц- зөвшөөрсөн. Энэ талаар мэдэж байсан гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй орхигдуулж, хэрэгт хамааралтай баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүйн зэрэгцээ гомдолтой байгаа юм. Үеэл дүү Ц.Т-ын гуйлт, ятгалгад автан үеэл эгч X.Цэцэгмаа нэг өдөр нэг нотариатчаар он сарыг ухраан нөхөж бичүүлэх замаар дарааллан гэрчлүүлсэн нь 2014 оны 10 сарын 31-ний өдөр гэрчлэгдсэн бодит бус гэрээнүүд №335 тамганы дугаартай, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4009 дүгээрт бүртгэж, 2014 оны 10 сарын 31 өдөр гэрчилсэн, 2014 оны 9 сарын 09-ний өдрийн огноотой зээлийн гэрээ 23 000 000 төгрөгийг 2014 оны 9 сарын 09-ний өдрөөс 2015 оны 6 сарын 09-ний өдрийг хүртэл сар тутмын 8%-ийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай хийсвэр зээл №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4010 дугаарт бүртгэж, 2014 оны 10 сарын 31 өдөр гэрчилсэн, 2014 оны 10 сарын 15 өдрийн огноотой зээлийн гэрээ 31 450 000 төгрөгийг 2014 оны 10 сарын 15 өдрөөс 2015 оны 6 сарын 15 өдрийг хүртэл сар тутмын 6%-ийн хуүтэй, 0.5 хувийн алдангитай хийсвэр зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4011 дүгээрт бүртгэж, 2014 оны 10 сарын 31 өдөр гэрчилсэн, 2014 оны 9 сарын 08-ны өдрийн огноотой зээлийн гэрээ 31 000 000 төгрөгийг 2014 оны 9 сарын 08-ны өдрөөс 2015 оны 6 сарын 08-ны өдрийг хүртэл сар тутмын 8%-ийн хуутэй, 0.5 хувийн алдангитай хийсвэр зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4012 дугаарт бүртгэж, 2014 оны 10 сарын 31 өдөр гэрчилсэн, 2013 оны 4 сарын 12-ны өдрийн огноотой зээлийн гэрээ 176 875 000 төгрөгийг 2013 оны 4 сарын 12-ны өдрөөс 2015 оны 4 сарын 12-ны өдрийг хүртэл сар тутмын 5%-ийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай хийсвэр зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4013 дугаарт бүртгэж, 2014 оны 10 сарын 31 өдөр гэрчилсэн, 2014 оны 01 сарын 05-ны өдрийн огноотой зээлийн гэрээ, 200 000 000 төгрөгийг 2014 оны 04 сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл сар тутмын 6%-ийн хуүтэй, 0.5 хувийн алдангитай хийсвэр зээл иргэн Д.Б-гаас авах ёстой байсан зээлийг дахин шилжүүлэг хийж данс дамжуулах замаар төөрөгдөл үүсгэсэн, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4014 дүгээрт бүртгэж, 2014 оны 10 сарын 31-ний өдөр гэрчилсэн, 2013 оны 6 сарын 01-ний өдрийн огноотой зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 83 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаагаар сунгасан хийсвэр зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 594 дугаарт бүртгэж, 2018 оны 6 сарын 15 өдөр гэрчилсэн 2018 оны 6 сарын 15 өдрийн огноотой тооцоо нийлсэн хэлцэл, дээрх гэрээний үнэн зөвийн 4009-4014 дүгээрт бүртгэгдсэн хийсвэр гэрээнүүдийг тооцоо нийлсэн гэх хэлцэл, дээрх хэлцлүүдтэй холбоотой үйлдэл нь үеэл дүү Ц.Т-ын гуйлт, ятгалгад автсан үеэл эгчийн итгэлийг буруугаар ашигласан залилан мэхлэх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа болно. Иймд дээрх хийсвэр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх төлбөрийн чадваргүй байдлыг үл харгалзан бас л хүлээн авахаас татгалзсан. Төлбөр зээлдэж, хүлээн аваагүй, бүгд зохиомлоор байгуулагдаж гэрчлэгдсэнээс гадна нэхэмжлэгч талаас энэ талаар огт маргаж байгаагүй нь онцлог. Тэгтэл энэ талаар өгч буй шүүхийн үнэлэлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс олж үзэх боломжгүй байна. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээрт “... хариуцагч X.Цэцэгмаагаас 284 814 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц. Туулд олгох”, тогтоох хэсгийн 2 дугаарт X.Цэцэгмаа нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн ... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч Х.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 504 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 01 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Т- нь 1,5 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор 200 000 000 төгрөгийг хариуцагч Х.Ц-д зээлдүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эгүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 200 000 000 төгрөгийг 2014 оны 01 сарын 05-ны өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6, 10-р тал/

 

Мөн талууд 2014 оны 10 сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Х.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байршилтай, 140,06 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 9-13-р тал/  

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар хүчин төгөлдөр гэрээ болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч Х.Ц- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Т- нь хууль буюу гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч Х.Ц- нь 2014 оны 01 сарын 07-ны өдөр 45 000 000 төгрөг, 2014 оны 3 сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг, 2014 оны 3 сарын 07-ны өдөр 6 500 000 төгрөг, 2014 оны 3 сары 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 5 сарын 31-ний өдөр 200 000 төгрөг, 2015 оны 02 сарын 03-ны өдөр 42 000 000 төгрөг, 2015 оны 02 сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 200 000 төгрөг, нийт 98 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Т-ын данс руу шилжүүлсэн болох нь талуудын тайлбар “Голомт банк” ХХК-ийн орлогын мэдүүлэг, дансны хуулга, “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 37-40, 98, 115-р тал/

 

Иймд дээрх 98 400 000 төгрөгийг үндсэн зээл 200 000 000 төгрөгөөс хасаж, хариуцагч Х.Ц-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 101 600 000 төгрөг, 2014 оны 01 сарын 07-ны өдрөөс 2015 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдсөн төлбөрөөс тооцсон хүү 132 414 000 төгрөг, алданги 50 800 000 төгрөг, нийт 284 814 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-д олгож, үлдэх 219 186 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагч Х.Ц-гийн төлсөн гэх 98 400 000 төгрөг нь өөр зээлийн гэрээний төлөлт тул үндсэн зээлээс хасаж тооцсон нь үндэслэлгүй гэх боловч дээрх 98 400 000 төгрөг нь өөр зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

                                                                                                                        

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “нэхэмжлэгч Ц.Т-ын гуйлтаар, өөр байгууллагад зээлийн баримт хэрэгтэй байсан тул 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, дээрх мөнгө нь Д.Б-гаас авсан зээлийг дамжуулан шилжүүлсэн” гэх боловч энэхүү тайлбараа хариуцагч нь эргэлзээгүйгээр нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Т-ын хөтөлдөг тооцооллын дэвтэр болон гэрч Ц.Нямбаярын мэдүүлгийг үнэлээгүй гэх боловч нэхэмжлэгч Ц.Т-ын хөтөлсөн гэх тооцооллын дэвтэр дэх бичвэр, үнийн дүн ойлгомжгүй, гарын үсэггүй, мөн гэрч Ц.Нямбаярын мэдүүлгийн эх сурвалж тодорхой бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Г-, Д.Б- нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 7 сарын 09-ний өдрийн 5774 тоот захирамжаар хангаж, шүүхээс гэрч нарыг дуудах ажиллагааг хийсэн байх бөгөөд гэрч Д.Г-, Д.Б- нь хариуцагчийн дурдсан хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Иймд гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн, “гэрч Д.Б-г ирж явсныг нэхэмжлэгч Ц.Т- утсаар ярьж болиулсан” гэх хариуцагчийн тайлбар нь хэргийн баримтаар нотлогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн зээлийн гэрээг нөхөн байгуулж нотариатаар батлуулсан, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, хариуцагчийн шүүхэд гаргасан гэх сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн хариу тайлбарын шинжтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагаа зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 253 880 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1 652 220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                     

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                                        

                                         ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ