Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

          -Улсын яллагч Б.Ганбулган,

          -Шүүгдэгч Г.Цогтдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цогтдэлгэрт  холбогдох эрүүгийн 1734000000137 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Чансаа Хан Хөхий Холдинг" ХХК-н аж ахуйн албаны дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо. Зүүнбаян-Уулын 8-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ядамжавынхан овогт Гансүхын Цогтдэлгэр, /РД:ПН88012516 гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Цогтдэлгэр нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Замт 3 дугаар багийн нутаг Цэргийн ангийн 7 тоотод иргэн Чагнаадоржийн Ариунсаныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Г.Цогтдэлгэр мэдүүлэхдээ:  "...Би чи ямар уддаг юм бэ хүмүүс өвс буулгаад дуусах гэж байхад гарч ирэх юм гэж хэлэхэд нохой хооллосон юм гэж хэлсэн. Тэгэхээр би чи өвс хурдан буулгаадах оройтлоо гэж хэлсэн чинь би наадахыг чинь буулгах шаардлага байхгүй гахай ямар өвс иддэг биш гэж хэлээд над руу уурласан тэгэхээр нь би Ариунсаныг юу яриад юу хуцаад байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гэж надад хэлэхээр нь би уурлаад гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон тэгээд цаашаа явангуут нь араас нь очиж заамдаж аваад хавсарч унагаасан. Би өөрийн гэм буруугаа ойлгож ухаарсан, хүлээн зөвшөөрч байна..., "...Би эмчилгээний зардалд компьютер томографт харуулах төлбөрийг төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/.

 

Хохирогч Ч.Ариунсаны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Чи намайг Цогтоо гэж дууддаг хэн бэ? гээд машин дээрээс бууж ирээд наад-муу пиздааг чинь гүйцээгээд хаячихъя гээд бууж ирээд намайг цохиж аваад чамайг гахай алсан тоогоор чинь цохино, чамайг нохойн гөлөг шиг зодно гээд намайг унахаар дээрээс дэвсээд энэ муу гөлөгийг зодож байгаад ажил хийлгэнэ гээд зодоод миний нүүрэнд гараараа 2 удаа цохиж унагаагаад, дээрээс зүүн нүдэнд 2-3 удаа дэвссэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/. "...Д.Цогтдэлгэр нь миний эмчилгээний зардал томографт үзүүлэх мөнгө, хохирлыг бүрэн төлж барагдуулсан..., "...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/.

  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар

сарын 12-ны өдрийн 12910 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • Ч.Ариунсаны биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд цус хуралт, зулгаралт тогтоогдов.

    -  Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

    - Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    - Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 8-р  хуудас/,

    - “Натур Эмнэлэг” компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 9-р  хуудас/,

            - Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-н 1-р хуудас/ зэрэг болно.

     Шүүгдэгч Г.Цогтдэлгэр нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Замт 3 дугаар багийн нутаг Цэргийн ангийн 7 тоотод иргэн Чагнаадоржийн Ариунсаныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Г.Цогтдэлгэрийн “..Би Ч.Ариунсаныг .. юу яриад, юу хуцаад байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гэж надад хэлэхээр нь би уурлаад гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон тэгээд цаашаа явангуут нь араас нь очиж заамдаж аваад хавсарч унагаасан. Би өөрийн гэм буруугаа ойлгож ухаарсан, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

 Хохирогч Ч.Ариунсаны ... машин дээрээс бууж ирээд наад муу пиздааг чинь гүйцээгээд хаячихъя гээд бууж ирээд намайг цохиж аваад чамайг гахай алсан тоогоор чинь цохино, чамайг нохойн гөлөг шиг зодно гээд намайг унахаар дээрээс дэвсээд энэ муу гөлөгийг зодож байгаад ажил хийлгэнэ гээд зодоод миний нүүрэнд гараараа 2 удаа цохиж унагаагаад, дээрээс зүүн нүдэнд 2-3 удаа дэвссэн ..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуудас/, мөн 2017 оны 10 сарын 14-ний өдөр гэмтлийн хохирлыг  төлж барагдуулсан тул гомдолгүй, Г.Цогтдэлгэрийн хэргийг хөнгөлж өгнө үү ..” гэх тайлбар /хх-ийн 27-р хуудас/,

  Шүүх шинжилгээний албаны ... Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 8-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

 Аймгийн Прокурорын газраас Г.Цогтдэлгэрийн үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Хохирогч Ч.Ариунсан нь Д.Цогтдэлгэр миний эмчилгээний зардал томографт үзүүлэх мөнгө, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэж байх тул шүүгдэгч Г.Цогтдэлгэр нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Д.Цогтдэлгэрийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй  байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Ядамжавынхан овогт Гансүхын Цогтдэлгэрийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цогтдэлгэрийг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Цогтдэлгэрийг Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 451 000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Цогтдэлгэр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Цогтдэлгэрээс хохирогч Ч.Ариунсан нь төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цогтдэлгэрт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийтгэх тогтоол гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ядамжавынхан овогт Гансүхын Цогтдэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ