| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2019/03492/и |
| Дугаар | 494 |
| Огноо | 2020-03-04 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 494
Б.О-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/00056 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Д-од холбогдох
Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ-ын 24а байрны 1 тоот орон сууцыг Г.Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.О-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О- би өөрийн төрсөн эцэг Г.Батсайхан, эх Б.Чогжмаа нарын хамтран амьдарч байх хугацаанд 2000 оны 6 сарын 13-ны өдөр төрсөн. Энэ хугацаанд ШШГЕГ-аас Баянзүрх дүүрэг, 16 хороонд байршилтай 24 дүгээр байрны 01 тоот орон сууцыг 2003 онд аавд маань эзэмшүүлж бид энэ байранд хамт амьдарч байсан. Гэтэл аав, ээж хоёрын хоорондын харилцаа тохиромжгүй болж, 2007 онд амьдралаа тусгаарлахад аав намайг асрамждаа үлдээн, бид 2 дээрх байранд амьдарч байгаад аав Г.Батсайхан 2018 оны 8 сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Аав бид хоёрт тухайн орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 5 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор өмчлүүлж, өмчлөх эрхээ бүртгэлийн Ү-2204042510 дугаарт бүртгүүлж баталгаажуулсан. Аав маань удаан хугацаагаар өвчилж, бусдын асаргаанд байсан тул би ганцаараа асарч чадахгүй, өөрийнх нь төрсөн эгч болох Г.Шоовдор гэдэг хүн асралцдаг байсан. Гэтэл аавыг маань нас барснаас хойш байрыг маань чөлөөлж өгөхгүй эгч Г.Шоовдор нь хүргэнийхийгээ оруулаад миний бие аавтайгаа хамтран өмчилсөн өөрийн орон сууцандаа амьдрах боломжгүй болж, ээжийнхээ дүүгийн гэрт ээжтэйгээ хамт амьдарч байна. Авга эгч Г.Шоовдорт аавыгаа нас барсан цагаас хойш хүүхдүүдээ байрнаас маань гаргаж байрыг чөлөөлж өгөөч, би өөрийн гэртээ амьдрах шаардлагатай байна гэж олон удаа гуйсан боловч чөлөөлж өгөхгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Иймд миний өмчлөлийн орон сууц болох Баянзүрх дүүрэг, 16 хороонд байршилтай ШШГЕГ-ын 24 дүгээр байрны 01 тоот орон сууцыг Г.Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Шоовдор нь Г.Батсайханыг асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан боловч асран хамгаалагч нь нэг дүүрэгт амьдардаг хүн байх ёстой гээд түүнийг асран хамгаалагчаар тогтоогоогүй. Г.Баярсайхан гэдэг хүн бол Г.Батсайхантай нэг дүүрэгт амьдардаг учраас асран хамгаалагчаар нь тогтоогдсон. Би гэрчийн мэдүүлэг дээр та нэг дүүрэгт амьдарч байсан учраас асран хамгаалагч болсон уу гэж асуухад гэрч тийм гэж хариулсан байгаа. Б.Батсайханы ээж нь 160 000 төгрөгийн тэтгэвэртэй байсан. Тэр хүн цагаан сараар 6 сарын хугацаанд зээл авч цагаан сараа хийдэг. Тэр үлдэх тэтгэврээр хоол, хүнсээ авдаг байсан. Б.Батсайханыг өвчтэй болсны дараа н.Ганцэцэг нь хаяж явсан. Тус орон сууцны өмчлөгч Б.О- мөн. Би байрыг авна гэж маргаагүй. Би Б.О-т байрыг эгүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байрны эзэмшигчээс нь банкинд төлсөн мөнгөө авахаар нэхэмжилж байгаа. Би банкинд төлсөн мөнгөө авчихвал өнөөдөр ч байрнаас гарахад татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ-ын 24 дүгээр байрны 01 тоот орон сууцыг Г.Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.О-аас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-оос 70 200 төгрөг гаргуулж, Б.О-т олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 16 хороо, 16-р хороолол ШШГЕГ-ын 24-р байрны 01 тоот орон сууцыг Г.Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэжээ. Хариуцагч Г.Д- миний бие нь Б.О-ын байрыг нь суллаж өгөхгүй гээгүй, Баянзүрх дүүрэг 16-р хороолол ШШГЕГ-ын 24-р байрны 01 тоот орон сууцыг Б.О-ын аав талийгаач Г.Батсайхан амьд сэрүүн байхдаа банкны зээлийн барьцаанд тавьсан байхад нь миний ээж Г.Шоовдор төрсөн дүү Г.Батсайханыг хүнд өвчтэй байхад нь асран халамжилж, зээлийн үлдэгдэл нийт 10 000 000 гаруй төгрөг төлж, банкны зээлээс чөлөөлж өгсөн юм. Банкны зээлэнд төлөгдсөн мөнгөний асуудал шийдэгдтэл, мөн өвлийн хүйтэн улиралд байрнаас гаргахгүйгээр хавар 4 сар хүртэл хугацаанд байрандаа байлгаж өгөөчээ гэснийг шүүх нааштайгаар хүлээж авах боломжтой байсан. Иймд миний хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо 16 дугаар хороолол ШШГЕГ-ын 24 дүгээр байрны 01 тоот орон сууцыг 2020 оны 4 сарын 01-ний өдөр чөлөөлсүгэй гэж өөрчилж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Г.Д-од холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ-ын 24а байрны 1 тоот орон сууцыг Г.Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 5 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ-ын 24а байрны 1 тоот, 48.6 м.кв орон сууцыг Г.Батсайханд өмчлүүлэхээр шийдвэрлэж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүнээр Б.О-ыг бүртгэсэн байна. /хх-ийн 8-р тал/
Иргэн Г.Батсайхан нь 2018 оны 8 сарын 04-ний өдөр нас барсан байх бөгөөд дээрх орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.О- болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон ба хариуцагч Г.Д- нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 7-9-р тал/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.О- нь орон сууцаа хариуцагч Г.Д-ын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа миний ээж Г.Шоовдор нь талийгаач Г.Батсайханы зээлд 10 000 000 гаруй төгрөг төлсөн, уг мөнгийг буцаан төлсөн тохиолдолд орон сууцнаас гарна гэх боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэгч Б.О-ын орон сууцыг хууль бусаар эзэмших үндэслэл болохгүй бөгөөд тухайн зээлийн харилцаа нь нэхэмжлэгч Б.О-т хамааралгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.
Хариуцагч нь давж заалдах гомдолдоо өвлийн хүйтэн улиралд байрнаас гаргахгүйгээр, хавар 4 сар хүртэл байранд байлгах буюу 2020 оны 4 сарын 01-ний өдөр чөлөөлөхөөр өөрчилж өгнө үү гэх боловч энэхүү гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй юм.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад орон сууцны хаягийг буруу бичсэн, мөн найруулгын шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/00056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “... 24 дүгээр ...” гэснийг, “24а” гэж, “ ... Г.Д- ...” гэснийг “Г.Д-ын” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ