Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00024

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр         Дугаар 101/ШШ2020/00024             Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Д.Батцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж,0 байр, 0 тоотод оршин суух 0 овогт Д.С /РД:0/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 0 тоот хаягт байршилтай үйлчилгээний төвийн 0 давхар, “А М Ц” боловсрол, сургалтын байгууллага /РД:0/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний төлбөрт 35.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Д.С-д холбогдох 17.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Цайз /13291/ да хүрээ гудамж, 0 тоот хаягт байршилтай 290 м.кв үйлчилгээний зориулалттай, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Ажлын байр түрээслэх” гэрээ байгуулан “А М” БСБ-д 5 жилийн хугацаатай нэг сарын 5,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээслэгч “А М” БСБ нь 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 17 сарын түрээсийн төлбөрт 85.000.000 төгрөг төлөх байсан боловч 84.166.000 төгрөгийг төлж 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 сарын 01-ний хоорондох 7 сарын түрээсийн төлбөр 35.000.000 төгрөгийг төлөхгүй түрээслүүлэгчийг хохироож байх тул шүүхийн байгууллагад хандаж байна. Иймд хариуцагч “А М Ц” БСБ-с түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35.000.000 төгрөгийг гаргуулж, Д.С-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.С Баянзүрх дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн 290 м.кв талбайг “А М” цэцэрлэгт 5 жилийн хугацаатайгаар, сарын 5,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2019 оны 02 дугаар сар хүртэл “А м” цэцэрлэг түрээсийг тогтмол төлдөг байсан. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 35,000,000 төгрөгийг “А м” цэцэрлэгээс гаргуулахаар шаардсан. Ингэж шаардахдаа 2017 оны 9 дүгээр сарын 01-ний түрээсийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Талууд харилцан тохиролцон болон нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан зүйл өнөөдрийг хүртэл байхгүй. Гэрээ нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Хүчин төгөлдөр гэрээ байгаа. Түрээсийн төлбөр болох 35,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгч төрийн болон хувийн байгууллагад хөдөлмөр эрхэлдэггүй. Зөвхөн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээсэлж орлого олдог. Тус цэцэрлэгт 50 хүүхэд явдаг талаарх баримт хэрэгт байхгүй байна. Тус цэцэрлэгт тогтмол хэдэн хүүхэд явдаг талаарх баримт ч хэрэгт байхгүй байна. 50 хүүхдийг сарын төлбөр 200,000 төгрөгөөр тооцоод хохирол нэг сарын төлбөр 10,000,000 төгрөгийг хохиролд нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. 50 хүүхэд цэцэрлэгт явж байгаад, хаалга цоожилсны улмаас гэнэт явахаа больсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хаалга цоожлогдсоны улмаас хэний хэн гэдэг хүүхэд явахаа больсон гэх үйл баримт тодорхойгүй байна. Хаалга цоожилсны улмаас цэцэрлэгтэй тэр хүүхдүүд явахаа больсон уу эсхүл өөр шалтгааны улмаас явахаа больсон уу, эсхүл өмнө нь явах больсон байсан уу зэрэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойгүй байна. 50  хүүхдийн сарын төлбөр 200,000 төгрөгөөр тооцоод 10,000,000 төгрөгийг хохиролд нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилчдын цалин 4,400,000 төгрөг гээд байна. Ажилчдын цалинг яагаад Ш.С хариуцах болсон гэдэг тодорхойгүй байна. Хаалганы гол сольсон болон хаалга цоожилсны улмаас сар үйл ажиллагаа явуулаагүй учраас ажилчид сарын цалин төлсөн гэдэг. Нэг сарын хугацаанд тус цэцэрлэг ажилласан болон ажлаагүй талаарх үйл баримт тодорхойгүй байна. Мөн тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийг сар хаалга цоожилж үйл ажиллагаа явуулаагүй мэтээр тайлбарлаж, ажилчдын цалинг Ш.С нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт тус байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа хийгээд цалингаа авах ёстой. Ажилчдаараа ажлыг нь хийлгүүлчихээд тэдэн өгсөн цалингаа Ш.С-с нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас бид хохирлыг хариуцах нь үндэслэлгүй байна. Түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрийг ямар үндэслэлээр нэхэж байгаа нь тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хаалга үүдийг цоожилсон ийм үйлдэл хийгээгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “А М Ц” боловсрол, сургалтын байгууллагын төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э нь Д.Стай 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлын байр түрээслэх гэрээ байгуулж уг түрээсийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан ба тус цэцэрлэг уг түрээсийн байранд 2018 оны 10 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад уг байрны 2 дугаар давхарт өөр түрээслэгчтэй гэрээ байгуулж нүүж орсон. Тус байрны 1 дүгээр давхрыг Д.С эзэмшдэг бөгөөд 2 дугаар давхар нь П.Б-гийн эзэмшлийн байр юм. Э.Э нь Д.С-д 2018 оны 10 дугаар сард манайх түрээсийн гэрээ цуцлах талаар албан бичгээр мэдэгдэж гэрээгээ цуцалсан.

Д.С гэгч манайх 2 дугаар давхрыг түрээсэлж байх хугацаанд нийтийн эзэмшлийн гадаах хаалга, орц, гарцыг манай цэцэрлэгт мэдэгдээгүй хааж түгжсэний улмаас манай цэцэрлэгт их хэмжээний хохирол учирсан. Тус байр нь гаднаас орох нэг хаалгатай ба уг хаалгыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийтийн эзэмшлийн орц гарц, хаалганы цоожны голыг сольж явсны улмаас манай цэцэрлэгийн үйл ажиллагаа 1 сарын хугацаанд саатаж бид цэцэрлэг рүү орох боломжгүй болсон ба тэр хугацаанд Ж.Э нэг удаа хаалгыг нээж орсон боловч Д.С нь миний өмчид дур мэдэн халдлаа гэж Э.Э-ыг хэл амаар доромжилж дарамталсан ба дахин нийтийн эзэмшлийн хаалгыг гинжилж түгжиж явсан. Ингээд Э.Э нь 1 сарын дараа аргагүйн эрхэнд цоожийг эвдэлж өөр цоожны голыг сольж орсон. Түүний улмаас манай цэцэрлэгт явж байсан 50 хүүхэд 1 сар цэцэрлэгт яваагүй цэцэрлэгийн үйл ажиллагаа саатсан. Манай цэцэрлэгийн нэг сарын төлбөр 200.000 төгрөг ба С цэцэрлэгийн хаалгыг түгжиж явснаар хүүхдийн төлбөр төлөгдөөгүй, манай байгууллага хүүхдийн цэцэрлэгийн төлбөрөөс үйл ажиллагааны зардлаа олдог тул их хэмжээний хохирол учирсан. Үүнд: Цэцэрлэгийн байрны 1 сарын түрээсийн төлбөрийн өр 3.000.000 төгрөг ажилчдын цалин 4.400.000 төгрөг, цэцэрлэгийн 50 хүүхдийн 1 сарын төлбөрийн алдагдал 10,000,000 төгрөг, нийт 17.400.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Д.С нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дур мэдэн нийтийн эзэмшлийн хаалгыг түгжиж гинжилж явсны улмаас цэцэрлэгт учирсан хохирол болох Цэцэрлэгийн байрны 1 сарын түрээсийн төлбөрийн өр 3.000.000 төгрөг, ажилчдын цалин 4.400.000 төгрөг, цэцэрлэгийн 50 хүүхдийн 1 сарын төлбөрийн алдагдал 10.000.000 төгрөг, нийт 17.400.000 төгрөгийг Д.С-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу төлбөрийг шаардсан байгаа. Тус гэрээ нь н.Э болон Ш.С гэх хувь хүмүүсийн хооронд байгуулагдсан гэрээ байгаа. Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа хариуцагчаар А цэцэрлэгийг хариуцагчаар татсан. Түрээсийн гэрээ нь н.Э болон Ш.С гэх хувь хүмүүсийн хооронд байгуулагдсан тул түрээсийн төлбөрийг “А М” цэцэрлэгээс түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. “Алтан М” цэцэрлэг нь хэргийн оролцог биш учраас түрээсийн төлбөрийг хариуцахгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 оны 10 сард А М цэцэрлэгээс Ш.С-д түрээсийн гэрээг цуцлахаар мэдэгдэл өгсөн. Уг албан тоот хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс н.Э нь н.Б-тай түрээсийн гэрээ байгуулж, маргаан бүхий ажлын байрныхаа хоёр давхрыг түрээсэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн н.Б-д түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг шилжүүлж эхэлсэн баримтууд байгаа. Дансны хуулга болон түрээсийн гэрээг хэрэгт өгсөн. 2018 оны 10 сараас Ш.С нь өөрийн эзэмшлийн ажлын байрыг н.Н-д түрээслүүлж, н.Н нь “Hot pot” ресторан ажиллуулсан. н.Насантогтох нь түрээсийн төлбөрийг н.Э-ын дансаар дамжуулж Ш.С-д төлдөг байсан талаарх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч төл “ТҮЦ” машинаас авсан Улсын бүртгэлийн лавлагаа байна. Тус лавлагаа нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийнх байна. Тус лавлагаа нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй тул нотлох баримтын шаардлага хангахгүй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн гэх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Д.С “А М Ц” БСБ-аас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 7 сарын түрээсийн төлбөр 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “А М Ц” БСБ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2018 оны 10 дугаар сараас тухайн байрны 2 дугаар давхарт өөр түрээсийн байранд орж, Д.С түрээслэгч олж өг гэсний дагуу өөрийн найз Н-д байрыг санал болгож, тэрээр халуун тогооны ресторан ажиллуулж байсан гэж маргаж байна.

 

Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу БЗД-ийн 0 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж 0 тоот үйлчилгээний 290 м.кв талбайтай ажлын байрыг “А М Ц” БСБ-д зориулалтаар түрээслэхээр тохирч, нэг сарын түрээсийн төлбөр 5,000,000 төгрөгөөр тохирчээ. /хх-ийн 4-6 дугаар тал/

 

Уг түрээсийн гэрээний дагуу “А М Ц” БСБ 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д.Сд мэдэгдсэн, мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БЗД-ийн 0 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж 0 тоот /2 давхарт/ 290 м.кв үйлчилгээний зориулалттай талбай түрээслэх түрээсийн гэрээг иргэн М.Б-тай байгуулсан байна. /хх-ийн 74-80 дугаар тал/

Хариуцагч Алтан М Ц БСБ 2018 оны 10 дугаар сараас Д.С-гийн өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулаагүй болох нь Д.С-гийн Хаан банкны дансны хуулга, М.Б, А М Ц нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, уг гэрээний дагуу төлбөр төлсөн баримт зэрэгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдааны явцад тайлбараараа нотолж чадаагүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Э “...Д.С түрээслэгч олж өг гэснээр өөрийн найз н.Н-д байрыг санал болгосны дагуу 2018 оны 10 дугаар сараас н.Н халуун тогооны рестораны чиглэлээр ажиллуулсан” гэх тайлбар үндэслэлтэй, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4-т нийцсэн байх тул талууд хоорондоо байгуулсан түрээсийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түрээслэгч нь түрээсийн гэрээнд заасны дагуу хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг авах эрхтэй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “А М Ц” БСБ нь Д.С-гийн өмчлөлийн байрыг зориулалтын дагуу ашиглаж байсан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул 35,000,000 төгрөг гаргуулах тухай Д.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Хариуцагч “А М Ц” БСБ Д.С-гийн буруутай үйлдлийн улмаас цэцэрлэгт 17,400,000 төгрөгийн хохирол учирсан тул түүнээс гаргуулахаар шаарджээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.С 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийтийн эзэмшлийн орц, гарц, хаалганы цоожны голыг сольж явсны улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа нэг сарын хугацаанд саатсан гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй” гэх Иргэний хуулийн дагуу шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар Д.С “А М Ц” БСБ-ын үйл ажиллагаанд саад учруулсан, хаалгыг түгжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул “А М Ц” БСБ-ын 17,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар “Алтан М Ц” боловсрол, сургалтын байгууллагаас түрээсийн төлбөр 35,000,000 төгрөг гаргуулах тухай Д.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар Д.С-гаас 17,400,000 төгрөг гаргуулах тухай “Алтан М Ц” боловсрол, сургалтын байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 333,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО

 

                                          ШҮҮГЧИД                                             Д.БАТЦЭЦЭГ

 

                                                                                                            Э.ЭНЭБИШ