| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2019/01515/И |
| Дугаар | 210/МА2020/00008 |
| Огноо | 2019-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2020/00008
| 2019 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2020/00008 |
Э П П ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02207 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э П П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г М ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 212 918 852 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Огилбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э П П ХХК нь 2014 онд Талын харгуй ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2018.7.30-ны өдөр оноосон нэрийг ЭЭ П П ХХК болгон өөрчилсөн. Г М ХХК-тай 2018.7.10-ны өдөр ХО2018/13 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. УБ2018/13-01 дугаартай гэрээний 3.2-т ...худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор Хас банк дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө гэж заасан. Э П П ХХК гэрээгээр 2018.7.14-ний өдрөөс 2018.10.31-ний өдөр хүртэл нийт 703 154 000 төгрөгийн бүтээгдхүүнийг нийлүүлсэн. Хариуцагч нь төлбөрийг дараа сарын 5-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 50 799 756 төгрөгийг төлөөгүй. УБ2018/13-01 тоот гэрээний 3.3-т зааснаар нийт 21 488 297 төгрөгийн алданги төлөхөөр байна. Гэрээний 10.1-т зааснаар худалдан авагчийн гэрээний төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүйгээс дээрх гэрээг цуцалж, гэрээний нийт үнийн дүн 703 154 000 төгрөгийн 20% буюу 140 630 800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.Төлбөр гүйцэтгэх дараалал тогтоосон. Алданги, торгууль, үндсэн төлбөр гэсэн дарааллаар гүйцэтгэнэ гэж тохиролцсон. Тухайлбал: 2018.08.05-ны өдөр 7-р сарын төлбөр 140 400 000 төгрөгөөс 2018.08.08-ны өдөр 140 400 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 3 хоногийн алданги 1 263 600 төгрөг болон үндсэн төлбөрөөс 139 136 400 төгрөг хасагдсан үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 263 600 төгрөг үлдсэн. 2018 оны 08 сарын төлбөр болох 359 156 000 төгрөг дээр өмнөх сарын үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 263 600 төгрөг, нийт 360 419 600 төгрөгийг 2019.09.05-ны өдөр төлөх ёстойгоос 9 сарын 14-ний өдөр 100 000 000 төгрөг, 2018.9.21-ний өдөр 190 000 000 төгрөг, 2018.10.02-ны өдөр 69 156 000 төгрөг буюу нийт 359 156 000 төгрөг, хэтрүүлсэн хугацааны алдангийг хасч 19 612 242 төгрөгийн үндсэн төлбөр үлдсэн. 2018.9 сарын төлбөр болох 181 598 000 төгрөгийг 2018.10.05-ны өдөр төлж барагдуулах шаардлагатай бөгөөд өмнөх сарын үлдэгдэл болох 19 612 242 төгрөг, нийт 201 210 242 төгрөгийн үлдэгдэлтэй атал энэ сард огт төлөлт хийгдээгүй тул гэрээнд заасан журмын дагуу 18 889 063 төгрөгийн алданги тооцогдсон. 2018.10 сарын төлбөр болох 22 000 000 төгрөгийг 2018.11.05-нд төлөх ёстой. Хариуцагч нь 2018.11.06-нд 100 000 000 төгрөг, 11 сарын 20-нд 23 598 000 төгрөг, 12 сарын 05-нд 80 000 000 төгрөг төлж барагдуулсан. Хариуцагчаас нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 21 183 498 төгрөгийн алданги,гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар 20%-ийн торгууль 140 630 800 төгрөг, үндсэн төлбөрт 50 799 756 төгрөг нийт 212 918 852 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э П П ХХК-тай 2018.7.10-ны өдөр ХО2018/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Хамтран ажиллах хугацаандаа нийт 703 154 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээ цуцлах талаар санал гаргаагүй. Мөн Э П П ХХК-ийн нягтлан бодогч Г.Болоршүр манай компанийн нягтлан бодогч Н.Мөнхтуяа нар утсаар ярин тооцоо нийлсэн бөгөөд 2018.11.15-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 103 598 000 төгрөг байсан. Манай компани тооцоо нийлсэнээс хойш 2018.11.19-нд 23 598 000 төгрөг, 2018.12.04-нд 80 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн манай компани 2018.11.20-ны өдөр албан бичиг хүргүүлсэн ба Э П П ХХК албан бичгийн хариуг 2018.11.23-ны өдөр [email protected] хаягаар манай компанид ирүүлэхдээ үлдэгдэл 80 000 000 төгрөгийг 2018.11.30-ны дотор төлж барагдуулах талаар мэдэгдсэн. Э П П ХХК-ийн 2018.11.23-ны өдрийн 2018/365 тоот албан бичгийн хариуг хүлээн авч манай компани 2018.12.04-нд 80 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г М ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 72 288 053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140 630 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 222 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 519 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын гэрээнд шатахууныг зах зээлийн ханшаас өндөр үнээр, тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардлагыг хангадаг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан байхад гэрээний үүргийг хэвээр гэж үзэж анз төлүүлэхээр шийдвэр гаргасан. Мөн шүүгчийн захирамжаар тооцооны үлдэгдлийн баталгаа, баримтын жагсаалтыг гаргаж өгөхөөр шийдвэрлэснийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс татгалзсан зэрэгт гомдолтой гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Э П П ХХК нь хариуцагч Г М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50 799 756 төгрөг, алданги 21 488 297 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 140 630 800 төгрөг, нийт 212 918 852 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэрээг цуцлаагүй тул торгууль шаардах эрхгүй гэж маргажээ. /хх-1-2, 29, 56/
Талууд 2018 оны 07 сарын 10-ны өдөр ХО2018/13 тоот гэрээ байгуулж нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-6-12/ Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж тодорхойлсон боловч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан-худалдан авах гэрээний харилцаа үүссэн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь бэлтгэн нийлүүлсэн барааны үнийг худалдан авагчаас шаардах, худалдагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг хүлээнэ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оноосон нэрээ өөрчилж Э П П ХХК нэртэй болсон нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 4-5 тал/
Уг гэрээний дагуу хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 703 154 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсан, гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөрийн үлдэгдэл 50 799 756 төгрөг болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, бараа нийлүүлсэн баримт, тооцооны баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн гэх өөрийн тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. /хх-1-2, 16, 29, 45-53, 56/
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.8 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэх дараалал: Худалдан авагч нь төлбөрийг гүйцэтгэхдээ гэрээний дагуух алданги, торгууль, үндсэн төлбөр гэсэн дарааллаар гүйцэтгэнэ гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх-7/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.
Мөн талууд гэрээг бичгээр байгуулж, анзын талаар гэрээний 3.3 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз төлөхийг шаардах эрхтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн хариуцагч нар нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар анз төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй нийт үүргээс 0.3 хувиар алданги тооцож 21 488 297 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Алданги нь гэрээний үндсэн үүргийн биелэлтийн хугацааг хэтрүүлэхтэй холбоотой үүссэн шаардах эрх, гүйцэтгэх ёстой үүрэгт төлөх ёстой мөнгөн төлбөрт тооцдог хариуцлагын зохицуулалт учир гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалснаар хойш алданги тооцох эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 50 799 756 төгрөг, алданги 21 488 297 төгрөг нийт 72 288 053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД.