Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00053

 

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00053

 

 

В.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02322 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х Б ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 2 163 441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Банкны теллерийн хариуцлагагүйгээс хугацаатай хадгаламжаас 2 100 000 төгрөг суутган авч хохироолоо. Нэхэмжлэгч нь банкинд 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэж 32 000 000 төгрөг байршуулсан байсан. Гэтэл нэхэмжлэгчийн дүү 29 000 000 төгрөгийг шилжүүлж, 3 400 000 төгрөг бэлнээр авсан байсан. Хугацаанаас өмнө хадгаламжийг цуцалсан тул хадгаламжийн хүүгийн буцаалт гэж  хүүг суутгасан. Үүнийг мэдээд дүүгээсээ буцаагаад мөнгөө авсан. Теллерийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирлоо. Цагдааад гомдол гаргасан. Н.Ариунбаатар байцаагч Хаан банк бас өргөдөл гаргасан байсан. Цагдаа дүүгээ ирж уулзуул гэсэн. Тэгэхээр нь цагдаад дүүгээ ирээд ч ойлгох хүн биш гэж хэлж сэтгэцийг нь шинжлүүлсэн. Эмнэлэт хэвтүүлж 45 хоног болсон. Хаан банкнаас дүүгийнхээ авсан мөнгийг буцаагаад авсан. Иймд суутгасан хүүгийн буцаалт гэх 2 163 441 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.О-ийн эзэмшлийн Х Б ХХК дахь хадгаламжийн дэвтрийг эх хувиар нь авч ирж, гарын үсгийг дуурайлган зурж, банкны ажилтныг хуурч мэхлэн зарлагын гүйлгээ хийсэн байдаг. Энэ нь банкны ажилтныг залилж, хууран мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон тул хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл энэ асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д заасантай нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Х Б ХХК-аас гэм хорын хохиролд 2 163 441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Б ХХК-аас 49 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.О-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШТ2019/00460 дугаар тогтоолын биелэлт хангагдаагүй, нотлох баримт хэрэгт ирээгүй байхад хэрэг бүртгэлтийг хаах тухай прокурорын тогтоолыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн данснаас зарлагын гүйлгээг хэн хийв, хэний буруутай үйлдэл байсан зэрэг тогтоогдоогүй нөхцөл байдлыг шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтыг зохигчдоос болон холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж болох байсан. В.Алтантуяаг хэрэг хариуцах чадваргүй талаарх шинжээчийн дүгнэлтийг үндэспэж хэргийг хаасан нь В.О-ийг банкнаас өөрөө мөнгөө аваагүйг бүрэн тогтооход хангалтгай баримт болж чадахгүй. Мөн прокурорын тогтоолоос үзвэл Х Б ХХК-аас В.О-ийн данс дахь мөнгөн хөрөнгийг В.О өөрөө биечлэн ирж авсан, эсхүл өөр этгээд авсан гэдэг үйл баримтыг тогтоосон байдлыг харах боломжгүй байгаа. Анхан шатны шүүх В.О-ийн зөвхөн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэл болгосон. Гэтэл уг тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ийнхүү шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Үүнээс гадна В.О-ийн данснаас зарлагын гүйлгээг хэн хийв, хэний буруутай үйлдэл байсан зэрэг тогтоогдоогүй нөхцөл байдлыг шүүх шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу ач холбогдол бүхий нотлох баримтыг зохигчдоос болон холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж болох байсан. Мөн В.Оюунбилэг өөрөө банкинд ирж данснаас зарлага гаргаагүй гэж үзэхээр бол Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор "Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм"-ийг баталсан байдаг. Энэхүү дүрмийн 2.6.-Д "Иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшинэ." 2.7.-Д "Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй", Хугацаатай хадгаламжийн гэрээний 5.1.4-т"... гэрээ болон болон холбогдох баримт бичгийг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол харилцагчид учирсан хохирлыг банк хариуцахгүй" байхаар талууд гэрээнд тохиролцсон. Дээрх дүрэм болон гэрээний зохицуулалтын дагуу В.О нь өөрийнхөө иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтрээ хэн нэгэнд өгч болохгүй, өөр этгээд ашиглах боломж бүрдүүлэхгүй, өөртөө хадгалах үүрэгтэй, энэ үүргээ хэрхэн биелүүлсэн гэдэг нь тодорхойгүй, нотлогдохгүй байгаа тул хохирлыг хариуцагч Х Б ХХК хариуцахгүй, гэм хор учруулсан гэж үзэхээргүй байгааг шүүх анхаараагүй байна. Шүүх банкны буруу гэж үзээд хүүгийн буцаалтад суутгасан гэх 2 163 441 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгаа тохиолдолд тооцооллын асуудпыг шийдвэртээ огт дурдаагүй, энэ талаар нэхэмжлэгчээс тайлбар, нотлох баримт гаргаагүй, улмаар нэхэмжлэлийн шаардлага буюу мөнгөн дүн хэрхэн гарч ирсэн тооцоолол баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: хэдэн төгрөгийн, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй хадгаламж байсныг хэзээ цуцалсан, хүүг хэдэн хувиар, ямар аргачлалыг үндэслэж, хэрхэн тооцсоныг нэхэмжлэгч нотлоогүйгээс гадна шүүх дүгнэлт өгсөнгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч В.О нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 163 441 төгрөгийг Х Б ХХК-аас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч В.О нь Х Б ХХК-нд 5447249544 тоот хугацаатай хадгаламжийн данс эзэмшдэг байсан, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр түүний хадгаламжаас 32 000 000 төгрөгийн гүйлгээг данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээд хийж данс хаагдсан үйл баримт тогтоогдсон ./хх-4,6/ Хадгаламжаас 2 163 441 төгрөгийг Х Б ХХК суутган авсан гэх үйл баримтыг хариуцагч баримтаар няцааж үгүйсгээгүй.

Нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр түүний төрсөн дүү Алтантуяад нэхэмжлэгчийн хадгаламжийг өгч явуулсан, тус банкны ажилтан дотоод журмаа зөрчин, зайлшгүй шалгах зүйлийг шалгаагүй гэх тайлбар нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолоор нотлогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгэж, гэм буруугүй гэдгээ нотлоогүй. /хх4,6/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх юм.

Нэхэмжлэгч В.О-ийн өмнөөс түүний дүү хэрэг хариуцах чадваргүй В.Алтантуяа гүйлгээ хийсэн гэх үйл баримтыг Прокурорын газрын тогтоолоор тогтоосон байх бөгөөд уг тогтоолд гомдол гаргасан, тогтоолыг үгүйсгэсэн, хүчингүй болгуулсан гэх баримтыг хариуцагч талаас гаргаагүй./хх-28/

Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг бүрэн тайлбарлаж, мэтгэлцэх боломжоор хангасан, шүүх нэхэмжлэлийн хувийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Хаан банк ХХК-д гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм. .

 

Анхан шатны шүүхийн Х Б ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар В.О-ийн 5447249544 тоот данснаас В.Алтантуяагийн Голомт банк дахь 2105126318 тоот дансанд 29 000 000 төгрөгийг В.О-ээс гэх утгатай шилжүүлж улмаар хариуцагч нь В.О-ийн 5447249544 тоот дансыг хааж, хадгаламжийн хүүгийн буцаалт 2 163 441 төгрөгийг суутган авсан болох нь тогтоогдсон гэх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД