Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00054

 

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00054

 

Б.М, Д.Г, Д.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М, Д.Г, Д.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Г холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгч Д.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2012.03.20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох 56 м.кв хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр, 224 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 25 000 000 төгрөгөөр, газрыг 9 500 000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд 2012.03.21-ний өдөр дээрх үл хөдлөхүүдийг 10 000 000 төгрөгөөр зарсан гэрээ байгуулагдсан. Худалдагч гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөхүүдийг А.Г-ын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл А.Гөнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. 2012.3.20-ны өдрийн гэрээний дүн бодит, хариуцагч тал 2012.3.21-ний өдөр татвар бага төлөх зорилгоор 10 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан гэдгийг зөвшөөрдөг. Хэлцлийн нийт үнийн дүн 58 000 000 төгрөг. Иймд хариуцагч А.Г-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар, үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр худалдаж авахаар Д.Г-тай тохирсон. Хадгаламж банкнаас 40 000 000 төгрөгийн урьдчилгаа 30 хувийг байршуулах ёстой гэсэн. Тухайн үед 17 400 000 төгрөг байхгүй байсан учраас зээлж, байршуулсан. Татвар өндөр төлөхөөс зайлсхийж, 10 000 000 төгрөгөөр худалдсан гэрээ байгуулсан.2012.3.22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. 2012.4.30-ны өдөр Хас банкнаас 25 000 000 төгрөгийн зээл авч, 5 000 000 төгрөгөөр дэлгүүртээ бараа татаж, 20 000 000 төгрөгийг Д.Г хүнсний 4-т байдаг гэрт аваачиж өгсөн. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 71-14 тоотод манай хашаа байшин байсан. М.Дамбадаржаад хашаа, байшингаа 20 000 000 зарж мөнгөө аваад М.Дамбадаржаагийн хамт Д.Г-д очиж 20 000 000 төгрөг төлсөн. А.Г 2 удаагийн үйлдлээр 20 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А.Г-Аас 20 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М, Д.Г, Д.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 693 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан гэж дүгнэсэн хэдий ч 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн 20 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тус бүр 20 000 000 төгрөгийг М.Нийдэндагва, М.Дамбадаржаа нарын хамт Д.Г-д хүлээлгэж өгсөн. М.Нийдэндагва, М.Дамбадаржаа нар нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгч хэргийн бодит байдлыг нотолсон байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Мөн нэхэмжлэгч талаас 2012 онд үл хөдлөх хөрөнгийг зарсан хэрнээ 2014 оныг хүртэл ямар нэгэн төлбөрийн маргаан үүсгэлгүй явсан үйл баримтад ач холбогдол бүхий дүгнэлт хийх ёстой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.М, Д.Г, Д.Э нар нь хариуцагч А.Г-д холбогдуулан 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоот дахь 700 м.кв газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч гэрээний үнийг бүрэн төлсөн гэж маргажээ. /1хх-1-2, 28-29, 69-70, 2хх-14, 3х-117/

 

Зохигчид 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 23 500 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 224 м.кв 2 давхар орон сууцны барилгыг 25 000 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 700 м.кв газрыг 9 500 000 төгрөгөөр худалдах- худалдан авах гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2 000 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 224 м.кв 2 давхар орон сууцны барилгыг 5 000 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 700 м.кв газрыг 3 000 000 төгрөгөөр тус тус худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

/1 хх 52-57/

Тус 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх А.Гансувд, Н.Пүрэвгарьд нарын өмчлөлд 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжин бүртгэгджээ. /1хх 68, 110, 206-208/

Зохигч улсын бүртгэлд бүртгүүлэхдээ татвар бага төлөхийн тулд гэрээний үнийг багасгаж бүртгүүлсэн гэх үйл баримтад маргахгүй байна.

Нэхэмжлэгч гэрээний нийт үнийн дүн 58 000 000 төгрөг гэж маргаж хариуцагчаас дээрх мөнгийг шаардсан ч анхан шатны шүүхээс 40 000 000 төгрөгөөр гэрээний үнийг тогтоож, 20 000 000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн үнийг худалдан авагч бүрэн төлсөн эсэхэд маргаж байна.

Хариуцагчийн 40.000.000 төгрөгөө 2012 онд 2 хувааж төлсөн бүрэн төлсөн гэх татгалзал бүрэн нотлогдохгүй байна. Нотлох үүргийн хувиарлалтаар 40 000 000 төгрөгийг бүрэн төлсөн гэж баталж буй тал төлснөө нотлох үүрэгтэй юм.

Гэрч М.Дамбадаржаа, Ш.Энхтөр, Б.Байгалмаа нарын мэдүүлгээр 20 000 000 төгрөгийг төлсөн нь нотлогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /1 хавтас 124, 235 / Харин 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөнөөс 20 000 000 төгрөгийг хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Д.Г-д хүлээлгэж өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдийн эргэлзээтэй,зөрүүтэй байдлаас нотлогдохгүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/02363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД